2019
Хүнд хэцүү үед өөрийгөө болон бусдыг амар амгалан болгох нь
2019 оны 4-р сар


Хүнд хэцүү үед өөрийгөө болон бусдыг амар амгалан болгох нь

Өөртөө болон бусдад амар амгаланг мэдрэхэд туслах найман арга замыг доор дурдав.

Зураг
hands letting birds go

Арын болон дээд талын гэрэл зургийг Getty Images авав

Заримдаа амьдрал биднийг орвонгоор маань эргүүлдэг. Та гэр бүлийн болон эрүүл мэндийн мөн сургууль дээрх аливаа асуудлуудад, түүнчлэн дэлхий дахинд болж буй ярвигтай асуудлуудад санаа зовж байж магадгүй. Ийм түгшүүртэй дэлхийд бид хэрхэн амар амгаланг олж болох вэ? Таны амар тайван байдал нөлөөллийн тань хүрээнээс хэтэрсэн үйл явдлаас болж эсвэл нөлөөлж, өөрчилж чадах зүйлээс тань болж байгаа эсэхээс үл хамааран Есүс Христээр дамжуулан сэтгэлээ амар амгалан болгох хэдэн санааг өгье.

Өөрийгөө амар амгалан болгох 4 арга зам

  1. Мөнхийн зүйлсэд анхаарлаа төвлөрүүлэх

    Зөвхөн түр зуурын асуудалд анхаарлаа төвлөрүүлэх юм бол амар амгаланг мэдрэх хэцүү. Гэхдээ та илүү өргөн цар хүрээтэй зүйлд буюу Бурханы аз жаргалын төлөвлөгөөнд анхаарлаа төвлөрүүлэх юм бол сэтгэлийг тань зовоож байгаа зүйл мөнхөд үргэлжлэхгүй гэдгийг мэдсэнээр амар амгалан болох боломжтой. Жишээлбэл, ариун сүм бидэнд мөнхийн зүйлсэд анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) ариун сүмд “та өөр хаана ч мэдэрч чадахгүй амар амгаланг мэдэж авах болно”1 гэж хэлсэн.

  2. Та хянаж чадахгүй зүйлээ зүгээр л орхих

    Таны нөлөөлж чадахааргүй ямар нэгэн зүйл амар амгаланг тань булаан авах үед найдвараа алдах эсвэл уурлах хүсэл төрдөг. Гэвч өөрчилж чадахгүй зүйлдээ төвлөрсөөр байх нь тус болохгүй. Үүний оронд амьдралд азгүй зүйл тохиолдвол сэтгэлдээ амар амгаланг олохын тулд Аврагчид илүү ойртох хэрэгтэй. Тэрээр танд Тайтгаруулагч буюу Ариун Сүнсийг илгээхээ амласан (Иохан 14:26–27-г үзнэ үү).

  3. Бусдыг уучлах

    Ихэвчлэн хэн нэгний танд таагүй хандсанаас болж төрсөн сөрөг мэдрэмжийг мартах хамгийн хэцүү байдаг. Гэхдээ Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф “Бид бусдад энэхүү баяр баясгаланг өгөөмрөөр өгөх хүсэлтэй байснаар өөрсдийн амьдралд өршөөлийн баяр баясгаланг хүлээн авах болно. … Үр дүнд нь Их Эзэний Сүнс бидний бодгалийг ухамсрын бурханлаг амар амгаланг авчирдаг тэрхүү баяр баясгалангаар дүүргэнэ (Мозая 4:2–3-ыг үзнэ үү)” гэж заасан.2 Аврагчид хандах нь танд сэтгэлийн дарамтаасаа салж, амар амгалангаар дүүрэхэд тусална.

  4. Наманчилж, Христэд итгэж найдах

    Таны амьдралд сайн сайхан юу ч болж бай, нүглийнхээ ачааг үүрэх нь таны амар амгалангаас үргэлж хумслах болно. Заримдаа бидэнд нүглээ бүрэн наманчлахад бишопын тусламж хэрэгтэй болдог. Гэвч бид тогтмол наманчилж, Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан Түүнтэй адилхан болоход саад болох бүхий л зүйлээс өөрсдийгөө цэвэршүүлсэн байх ёстой.

Бусдад амар амгалан болоход туслах 4 арга зам

  1. Есүс Христийн сайн мэдээг хуваалцах

    Аврагчид анхаарлаа төвлөрүүлснээр өөрийн амар амгаланг олж болохтой адил бид Тэрээр “амар амгаланг үндэслэгч” (Мозая 15:18) болохыг бусдад зааж өгч болно. Жишээлбэл, Есүс Христийн талаар илүү ихийг олж мэдэхэд тань тусалсан судрын буюу Ерөнхий чуулганы эшлэлийг та хуваалцаж болно.

  2. Амар тайванг тогтоогч байх

    Найз нөхөд, ах эгч дүү нарынхаа хоорондын зөрчлийг шийдвэрлэхэд тусал. Алма номонд гардаг Антай-Нифай-Лихайн хүмүүсийн адил бид хов жив хөөцөлдөх, өшөө авахыг эрэлхийлэх, амин хувиа хичээх гэх мэт дайн тулааныхаа зэвсгийг булж, тэдгээрийг эелдгээр ярих, Бурханы зарлигуудыг дуулгавартай дагах, бусдыг уучлах зэрэг энх амгалангийн зэмсгүүдээр сольж чадна (Алма 24:19-ийг үзнэ үү).

  3. Сайн сонсогч байх

    Зовж зүдэрч байгаа хүмүүс бодол санаа, мэдрэмжээ дотроо хадгалахынхаа оронд заримдаа нээлттэй ярих хэрэгтэй. Бид тэдний асуудлыг өмнөөс нь шийдэх хэрэггүй ч асуудлыг нь сонсож, тусламж дэмжлэг үзүүлэн, Христтэй адил хайрлаж, ойлгож чадна.

  4. Тойргийнхоо болон орон нутгийнхаа хүмүүст тохинуулах

    Та орон гэргүй хүмүүсийн толгой хоргодох газарт сайн дураараа ажиллаж, гэрийн багшаар үйлчилж, хөрш болсон шинэ гэр бүлийг амттанаар дайлж болно. Хүмүүст жижигхэн зүйлээс амар амгаланг олоход туслаарай. Идэж уух, унтах газартай, найдвартай сайн гэрийн багштай байх, хэн нэг нь бага ч атугай санаа тавьдаг болохыг мэдрэх нь гайхамшгийг бүтээнэ.

Есүс амар амгаланг олж чадахгүй байгаа бүх хүнийг “Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг Би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай” (Иoхан 14:27) хэмээн тайвшруулсан. Хэрэв бид өөрсдийгөө болон бусдыг Есүс Христэд илүү ойртуулах юм бол амьдрал хэцүүдэхэд ч гэсэн амар амгалан байж чадна.

Эшлэлүүд

  1. Gordon B. Hinckley, in “Rejoice in the Blessings of the Temple,” Liahona, Dec. 2002, 33.

  2. Dieter F. Uchtdorf, “Point of Safe Return,” Liahona, May 2007, 101.

Хэвлэх