2019
Тэнгэрээс удирдуулсан шавь байх нь
2019 оны 6-р сар


Тэнгэрээс удирдуулсан шавь байх нь

2015 оны 11-р сарын 3-нд Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт дээр хэлсэн “God Will Use You, God Will Bless You” үгээс авав.

Хэрэв та бидний хайрт Аврагчийн жинхэнэ шавь байхыг эрэлхийлбэл тэнгэрийн Бурхан Их Эзэн замыг тань зааж чиглүүлэх болно.

meeting with family in El Salvador

Зураг чимэглэлийг Кэллий Моррис

Би залуудаа хариултуудыг нь олж мэдэхийг хүсдэг байсан хоёр асуултаа энд тавимаар байна.

Нэгдүгээрт, хэрэв та амьдралаа Бурханы үйлчлэлд зориулбал Тэр таны алхмыг удирдан чиглүүлж, Өөрийн зөв шударга зорилгод таныг ашиглах болов уу? Хоёрдугаарт, хэрэв та Аврагчийг даган, шавийн замаар алхахыг сонгох юм бол Их Эзэн Өөрийн зорилгыг биелүүлэхийн тулд ашиглахдаа таныг харж хандан, удирдан чиглүүлж, адисалж, баяр баясгалан болон сэтгэл ханамжийн сүнсээр дүүргэх болов уу?

Хайрт ах, эгч нар аа, хэрэв та зүрх сэтгэлээ Аврагчид өгч, Түүний зарлигласан зам дээр итгэлтэйгээр, нинжин сэтгэлээр алхахыг хичээвэл Их Эзэн таны төсөөлж ч байгаагүй арга замаар таныг ашиглана гэдгийг би мэднэ.

“Би онцгой хүн биш л дээ. Би байдаг л нэг жирийн хүн. Би тийм ч ухаалаг, уран үгтэй, сайхан хувцасласан эсвэл сайхан ааш зантай хүн биш. Бурхан намайг яаж ашиглах юм бэ?” гэж та хэлж болох юм.

Цаг хугацааны эхлэлээс бидний Тэнгэрлэг Эцэг энгийн хүмүүст хандаж, Өөрийн зорилгод тэднийг ашигладаг байв. Төлөөлөгч Паул эртний коринтчуудад хандан бичихдээ та нарт ч бас хандсан.

“Бурхан цэцдийг ичээхийн тулд ертөнцийн мунхгийг сонгож, хүчтэйг ичээхийн тулд ертөнцийн мөхсийг сонгожээ.

Байгсдыг хүчингүй болгохын тулд энэ ертөнцийн дордсыг мөн гологдогсдыг буюу юу ч бишийг Бурхан сонгосон ажээ.

Ингэх нь Бурханы өмнө ямар ч махбодыг сайрхуулахгүйн тулд болой” (1 Коринт 1:27–29).

Аврагчийг Сүмээ дэлхий дээр сэргээх болоход Тэр яагаад бага сургуулийн боловсролтой эгэл даруу хүүг сонгосон гэж та бодож байна вэ?

Бурхан яагаад тариачин Гидеонд тоо томшгүй олон дайсантай тулалдах гурван зуухан эрийг үлдтэл цэргүүдийг гэр рүү нь явуул гэж хэлсэн гэж та бодож байна вэ? (Шүүгчид 7:1–25-ыг үзнэ үү).

Аврагч яагаад загасчныг ахлах төлөөлөгчөө болгон, явсныхаа дараа Сүмээ удирдуулахаар сонгосон гэж та бодож байна вэ? (Матай 16:18-ыг үзнэ үү).

Нэгд, “Учир нь, Бурхан мөхөс нэгэнтэй адил хүний гаднах төрхийг хардаггүй. ЭЗЭН зүрхийг нь хардаг” (1 Самуел 16:7).

Хоёрт, учир нь Бурхан хамгийн энгийн шаврыг авч, урлагийн бүтээл хийх чадвартай. Үнэндээ, “Хэрэв Бурхан бидний талд юм бол, хэн биднийг эсэргүүцэх вэ?” (Ром 8:31).

Гуравт, Бурхан хэнийг ч сайрхан мөн “Би үүнийг өөрийн хүчээр хийсэн” гэж хэлүүлэхгүйн тулд сул дорой хүмүүсийг сонгодог.

Даруухан загасчин Петрийг итгэгчдийн жижиг бүлэг дагуулан, тэднийг хүчирхэг Сүм болгон өсгөн бойжуулах үед хүмүүс Бурханд дуу хоолойгоо өргөн, талархсан.

Олон мянган хүнтэй их цэргийг 300 хүнтэй бүлэг бут цохиход хүмүүс Бурханыг магтан алдаршуулсан.

Зах хязгаарын нэгэн хүү газар тариалангаа орхин, Библиэс хойш бичигдсэн хамгийн сүнслэг, амьдралыг өөрчлөх хүчтэй эх бичвэрийг орчуулахад хүмүүс хүний оюун ухааныг бус, харин Бурханы хүчийг магтан алдаршуулсан.

Та Тэнгэрлэг Эцэгийн хувьд хүчтэй, оюунлаг эсвэл уран цэцэн ярьдаг байх шаардлагагүй. Тэрээр Өөрт нь зүрх сэтгэлээ хандуулж мөн Өөрт нь үйлчлэн, эргэн тойрныхондоо өр нимгэн өрөвч сэтгэлээр тусламжийн гараа сунган, хүндлэл үзүүлээсэй хэмээн та нараас хүсдэг.

Ариун Сүнсний тохинуулал

Миний та нарт онцлон дурдах гэсэн хоёр дахь зүйл бол хэрэв та Бурханыг үнэнээсээ, хүчтэйгээр дагах юм бол Тэрээр таныг төсөөлөхийн аргагүй арга замаар адислах болно.

2006 онд ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) болон Тэргүүн Зөвлөл Эль Сальвадорын Сан-Сальвадорт ариун сүм барих хэрэгтэй гэсэн шийдвэр гаргасан. Бид хэд хэдэн барилга байгууламж явж үзсэний дотор хотын хуучны төв хэсгийн бүхэл бүтэн гудам орсон байв. Биднийг машинаараа нэг газраас нөгөө газар луу явах үед ямар ч мэдрэмж төрөхгүй байлаа.

Хамгийн сүүлд бид хотын баруун хэсэгт шинээр байгуулагдаж байгаа дүүргийн хажуугаар өнгөрөв. Тэр хэсэгт очиж, нэлээн хэдэн гудмаар алхах үед надад ямар нэгэн зүйл мэдрэгдэв. Хэрмээр хүрээлэгдсэн нэгэн байгууламж миний анхаарлыг ихэд татаж байлаа. Эзэдтэй нь холбогдоход үл хөдлөх хөрөнгөө зарахгүй гэсэн хариу тэднээс авсан тул би гэртээ харив.

Гэвч бошиглогч ариун сүм Сан-Сальвадорт баригдана гэсэн учраас би өөр үл хөдлөх хөрөнгө харахаар эргэж гарлаа. Тэр хэрэмтэй үл хөдлөх хөрөнгө миний санаанаас салахгүй байсан тул би дахин холбоо барив. Тэд үл хөдлөх хөрөнгөө зарахгүй гэдгээ дахин хэллээ.

Бид гэртээ эргэж ирсэн ч тэнд л ариун сүм баригдах ёстой гэсэн бодол салахгүй байв. Би тэр гэр бүлтэй холбогдож, ядаж уулзах боломж олгохыг тэднээс хүслээ. Тэднийг уулзахыг зөвшөөрөхөд би Сүмийн үл хөдлөх хөрөнгө хариуцсан албаны ажилтан, өөрийн найз Робэрт Фокстой хамт Сан-Сальвадор руу дахин явав. Тэр өглөө бид шинэ өдрийг эхлүүлэхийнхээ өмнө өрөөндөө өвдөг сөгдөн залбирч, Их Эзэнээс тусламж гуйсан юм.

Машинтайгаа хаалгаар орж, гэр рүү нь чиглэн явахад яг л ариун нандин цэцэрлэг рүү орж байгаа мэт санагдсан. Тэнд мод, цэцэгс байсан ба гаднын үл тасрах дуу чимээ хаалганы босгоноос цааш сонсдохгүй байв. Ноён Мигиэл Дьюнас өөрийн ах болон хоёр хүүтэйгээ хамт биднийг угтан авлаа. Тэд бидэнтэй мэндчилж, өвөг дээдсийнхээ уужим, цэлгэр гэрт дагуулан оров.

Бид энд Сүмийн ерөнхийлөгчийнхөө даалгавраар явж байгаа бөгөөд тэр энд ариун сүм барьж, энэ улсын болон Сүмийн гишүүдийг адислахыг хүсэж байгааг хэллээ. Би өөр ариун сүмийн зургууд үзүүлэв. Тэдний үл хөдлөх хөрөнгө буюу өвөг дээдсийнх нь орон гэр хамгийн тохиромжтой газар гэж бодож байгаагаа би тэдэнд хэлсэн юм.

Тэднийг дахин татгалзахад бид гайхсангүй. Бид ядаж үзээд алдах хэрэгтэй байлаа. Тиймээс бид бараг нэг цагийн турш шууд худалдан авалт хийх, өөр үл хөдлөх хөрөнгөөр солих гэх мэт бодож болох бүхий л аргыг хэрэглэн, тэднийг ятгах гэж оролдов. Гэвч тэд санаагаа өөрчлөөгүй бөгөөд бидний тавьсан санал болгоноос татгалзлаа.

Бид ч чадах бүхнээ хийсэн байв. Бид бэлтгэлтэй байсан, бас чадлынхаа хэрээр хичээсэн. Гэвч энэ бүхэн хангалтгүй байв.

Би зүрх сэтгэлдээ “Аав аа, бидэнд юу хэлж эсвэл хийхийг мэдэхэд туслаач” хэмээн хурдан гэгч залбирлаа.

Эцэст нь бидний аялал үр дүнгүй байсан нь тодорхой болов. Тэдний бодлыг юу ч өөрчлөхгүй мэт санагдсан юм. Харин биднийг явахаар бэлтгэж эхлэхэд нэг зүйл болов. Эзэний Сүнс өрөөнд орж ирсэн ба бараг барьж болмоор мэдэгдэж байлаа. Өрөөнд байсан хүн бүр үүнийг мэдэрсэн юм. Энэ миний амьдралдаа мэдэрч байсан хамгийн хүчтэй сүнслэг туршлагуудын нэг байлаа.

Сүмийн гишүүн байгаагүй Мигиэл Дьюнас уйлж эхлэв. Ноён Дьюнас ах руугаа хараад, ”Хэрэв бид өвөг дээдсийнхээ гэрийг зарж болохгүй юм бол гудамжны эсрэг талд байгаа хамгийн сайн үл хөдлөх хөрөнгөө зарж болохгүй гэж үү?” гэж асуулаа.

Ах нь зөвшөөрөхөд бид нөгөө үл хөдлөх хөрөнгийнх нь талаар ярилцав. Тэд өвөг дээдсийнх нь гэрийн хажуугаар өнгөрдөг гол замын дагуу хэдэн зуун акр газар эзэмшдэг байсан ба тэр газар голоороо бага зэрэг товойж байсан нь замаар явж байгаа машин бүрд ариун сүмийг харах боломжийг олгож байлаа.

Тэд энэ газраа Их Эзэний ариун сүмд зориулан санал болгосон юм. Энэ үнэхээр гайхамшиг байв. Энэ мөчөөс эхлэн өрнөсөн үйл явцыг Их Эзэн адисалж байсан. 2011 оны 8-р сарын 21-нд тухайн үед Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөр үйлчилж байсан ерөнхийлөгч Хэнри Б.Айринг ариун сүмийг Их Эзэний үйлчлэлд зориулан онцгойлон адисалсан билээ.

El Salvador San Salvador Temple

Үзэсгэлэнт ариун сүм Сан-Сальвадорын толгодыг чимж байгаа нь Фокс ах бид хоёрын хэлсэн эсвэл хийсэн зүйлийн үр дүнд биш гэдгийг би гэрчилж байна. Ариун сүм бидний Хүчит Бурханы Ариун Сүнсний хүчирхэг тохинууллын ачаар өнөөдөр тэнд сүндэрлэж байгаа.

Бидний нигүүлсэнгүй Эцэг

Хэрэв Их Эзэн ариун сүм барих газрыг авахад санаа тавьж, Өөрийн Сүнсийг илгээсэн юм бол Тэрээр таны зүрх сэтгэлийг бэлдэж, хийх алхмуудыг тань удирдан чиглүүлэхээр Өөрийн Сүнсийг илгээхгүй гэж үү?

Та хэсэг газартай зүйрлэшгүй үнэ цэнтэй билээ. Та бол Мөнхийн Эцэгийнхээ хайртай хүүхэд мөн. Та бол дэлхий ертөнцийн Бурханы үр хүүхэд шүү дээ!

Тэр таныг бодохгүй гэж үү? Тэр таны төсөөлж чадахаас ч илүү алдар суу бүхий арга замаар таныг ашиглаж мөн адислахгүй гэж үү?

Хэрэв бид “бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ[н], [өөрийн] ойлголтод түшиглэ[лгүй],” өөрийн бүх замаар “Түүнийг таньж мэд[вэл] Тэр [бидний] замыг шулуун болгоно” (Сургаалт үгс 3:5–6) хэмээн судар бидэнд хэлдэг.

Хаан Бенжамин миний та нарт үлдээхийг хүсэж буй захиасыг ийн нүдийг нь олж, хураангуйлан хэлсэн байдаг. Тэрээр “Мөн үүнээс гадна, Бурханы зарлигуудыг дагадаг тэдний адислагдсан мөн баярт байдлыг та нар тунгаагаасай хэмээн хүснэ би. Учир нь болгоогтун, тэд бүх зүйлд, биеийн мөн сүнсний аль алинд нь адислагдсан болой; мөн хэрэв тэд төгсгөл хүртэл итгэлтэйгээр тэвчвээс, тэгвэл тэд Бурхантай хамт хэзээ ч төгсөшгүй аз жаргалын байдалд оршиж болохын тулд тэд тэнгэрт хүлээн авагдах болно” (Мозая 2:41) хэмээн хэлсэн.

Би энэ үнэнийг магтан дуулж, гэрчлэн, дуу хоолойгоо өргөж байна. Би өөрийн болон олон хүний амьдралд Бурханы амласан адислалууд ахин дахин биелж байхыг харснаа гэрчилж байна.

Хэрэв та нар зүрх сэтгэлээ Тэнгэр дэх Эцэгтээ хандуулан, өдөр бүр Есүс Христийг илүү төгс хайрлан, дагахыг хичээж, эргэн тойрныхоо зовж шаналж буй хүмүүсийн ачаанаас энэрэнгүй, сайхан сэтгэлээр үүрэлцэж, гарыг нь дээш өргөн, хайрт Аврагчийнхаа жинхэнэ дагалдагч болохыг эрэлхийлэх юм бол тэнгэрийн Эзэн Бурхан замыг тань удирдан чиглүүлэх болно гэдгийг би амлаж байна. Тэрээр та нарыг Өөрийн агуу зорилгын төлөө ашиглах болно. Тэр бас та нарыг таны төсөөлж ч байгаагүй арга замаар адислах болно.