Өсвөр үеийнхэн болон залуучуудад заах нь
Шашныг өсвөр үе, залуучуудад заах нь - Нээлтийн үг


Шашныг өсвөр үе, залуучуудад заах нь - Нээлтийн үг

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

1-р хэсэг

Хүндэт ах, эгч нар минь,

Их сургууль, коллежийн шашны болон семинар, институтийн багш нарын энэхүү цугларалт дээр байгаадаа бид тун баяртай байна. Заах ариун нандин үүрэг хариуцлагад тань чухал дэмжлэг үзүүлдэг эхнэр, нөхрийн хамт ирсэнд та бүхэнд бид талархаж байна. Дэлхий даяарх цар тахлын энэ хүнд хэцүү, өвөрмөц цаг үед бид та бүхэнд хандан үг хэлэхээр уригдлаа.

Намайг нээлтийн богино үг хэлсний дараа бүрэн эрхт төлөөлөгч Пол В.Жонсоны зөвлөсний дагуу бид хөтөлбөрийн үлдсэн цагт хоёр өөр ярилцлага өрнүүлнэ.

Би хайрын хүчний талаар яриагаа эхлүүлэх юм. Бурханаа хайрлах нь яагаад хамгийн агуу тушаал вэ? Учир нь энэ бол Бурханы төлөвлөгөө, хүүхдүүддээ өгсөн Түүний зарлигуудыг ойлгож, мөн дагаж мөрдөх үндэс суурь юм. Бурханыг хайрлах бидний хайр, биднийг хайрлах Түүний хайр нь бидэнд нөлөөлдөг, санах ёстой зүйлд маань чухал ач холбогдол үзүүлдэг сайн мэдээний гол зарчим юм. Бурхан таныг Өөрийн багшийн хувиар хайрладаг. Түүний удирдагчид таныг Түүний үг, Түүний төлөвлөгөөний багшийн хувиар хайрладаг. Харин та нар суралцагчиддаа хайртай. Ахлагч Гордон Б.Хинкли олон жилийн өмнө багш нарт хандсан үгэндээ үүнийг ганц өгүүлбэрт багтаан “Бурханы хүүхдүүдэд, ялангуяа суралцахаар ирсэн Түүний хүүхдүүдэд хайраа үзүүлэхээс илүү Бурханд хайраа үзүүлэх арга зам гэж үгүй”1 хэмээн хэлсэн байдаг.

Аав маань 80 гаруй жилийн өмнө өөд болсон. Түүнтэй харилцах харилцаанаасаа би юуг хамгийн сайн санадаг вэ? Түүний сургаалуудыг уу? Намайг сахилгажуулдаг байсныг нь уу? Үгүй ээ, тэр надад хайртай байсан гэдгийг нь би хамгийн тодоор санадаг.

Үүнтэй адилаар, танай суралцагчид таны тэдэнд хэрхэн ханддаг байснаас мэдэрсэн мэдрэмжээ хамгийн ихээр санах болно гэдэгт би итгэж байна. Тэд таны тэдэнд сайн мэдээг сурах, Сүнсний өдөөлтийг ялган таних, сайн мэдээг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь хайраар хэрхэн тусалдаг байсныг санах болно. Хайр бол заахад урам зориг өгдөг хүч юм.

Намайг семинарын суралцагч байснаас хойш 70 гаруй жил өнгөрчээ. Би Ютагийн Вэрнал дахь хоёр семинарын багшийнхаа талаар юуг хамгийн их санадаг гээч? Тэдний заасан хичээлийн нэрийг нь ч санахгүй байгаа хэдий ч тэд хоёулаа намайг байгаагаар минь хайрлаж, халамжилдаг байсныг би санадаг.

Хайранд Есүс Христийн цагаатгалыг ойлгох, авралын төлөвлөгөөг ойлгох, Бурханы зарлигуудыг тайлбарлах хүч оршдог.

Хэрэв бид хайрыг ойлгохгүй бол дайсны уруу таталтууд, дэлхийн үнэт зүйлсийн хүч, бидний эргэн тойрон дахь дэлхийн зүйлст автсан хүмүүс сайн мэдээний талаарх бүх зүйлийг зөрчилдүүлж, үнэ цэнгүй болгоно.

Миний хуваалцах хоёр дахь сэдэв бол таны заадаг сайн мэдээний сэдвүүдтэй холбогдох таны холбоо хамаарал юм.

Шашнаас ангид хичээлүүдэд багш нар тухайн чиглэлээр мэргэжилтэн гэж өөрсдийгөө үзэх нь энгийн зүйл бөгөөд ихэвчлэн тийн хүлээн зөвшөөрөгддөг. Энэ нь шашны зарчмуудыг заахад байж болохгүй зүйл юм. Бид Есүс Христийн сайн мэдээний тухайд эрх мэдэлтнүүд биш. Жинхэнэ эрх мэдэлтэн бол биднийг үнэн рүү хөтлөхдөө Эцэг мөн Хүүг гэрчлэх үүрэгтэй, Бурхан Тэргүүтний гишүүн болох Ариун Сүнс юм. Тэр бидний заадаг зүйлсийг гэрэлтүүлж, ойлгуулж өгдөг. Тиймээс шашнаас гадуурх хичээлийн багш нартай адилгүй нь бид сайн мэдээний агуу үнэнийг нотлон өгдөг санааг хэзээ ч өөрсдөө гаргасан мэтээр магтаал хүртэж болохгүй. Бид ангидаа эсвэл хаана ч байлаа гэсэн бидний итгэл эсвэл Аврагч Есүс Христийн сургаалтай харшлах ямар ч үйлдэл гаргах ёсгүй. Бид заадаг аливаа сэдэвтээ хувийн ашиг сонирхлын сүүдэр хэзээ ч оруулах ёсгүй.

Бид Тэнгэр дэх Эцэг болон Түүний Хүүг хайрлах хайр, Түүний хүүхдүүд болох өөрсдийн суралцагчдаа хайрлах хайраар заадаг. Бид тэднийг Өөрсдийн Аврагч болох Түүнийг сонсож, анхаарлаа хандуулах чадварыг нь нэмэгдүүлэх өөрсдийн шийдэмгий байдлаасаа урам зориг авдаг.

Би бидний Аврагч, Есүс Христийг гэрчилж байна. Биднийг цааш үргэлжлүүлэн явах үед Түүний адислалууд бидэнтэй хамт байх болтугай хэмээн залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэл

  1. Gordon B. Hinckley, Teachings of Gordon B. Hinckley [1975], 53)

Хэвлэх