СБС-ийн шашны сурган хүмүүжүүлэгчдийн чуулган
Шашныг өсвөр үе, залуучуудад заах нь - Хаалтын ярилцлага


Mampianatra filazantsara ny Zatovo sy ny Tanora - Resadresaka famaranana

3-р хэсэг: Хэлэлцүүлэг—ДХӨ/КМӨ

ЕРӨНХИЙЛӨГЧ ӨҮКС: Кристэнийг бидний сүүлчийн хэлэлцүүлэгт оролцож байгаад би баяртай байна. Тэр бол буцаж ирсэн номлогч, эхнэр, эмээ төдийгүй БЯИС-д нэг жил багшилсан гээд маш туршлагатай мэргэжлийн багш юм. Тэр тэдгээр туршлагаасаа болон Их Эзэний үйлчлэгчийн эхнэрийн хувиар ярих болно. Бидний энд байгаа зорилго бол шашны багш нар та бүхэнд болон эхнэр, нөхрүүдийн тань дэмжлэг үзүүлэх агуу үүрэгт туслах явдал юм.

ӨҮКС ЭГЧ: Ерөнхийлөгч Өүкс, би өнөө орой тантай хамт байгаадаа маш их талархаж байна. Бас багш нартай хамт байгаадаа талархаж байна. Та нар бол сайн мэдээг зааж, гэр бүлийг маань адисалсан бүх багш нарын төлөөлөл болсон багш нар билээ. Бид та бүгдийг үнэхээр онцгой гэж боддог. Та нарынхтай адил ажилтай байсан ч болоосой гэж хүсдэг, ийм боломж олдоогүй найз нөхөд, гэр бүлийнхэн олон бий. Үнэн хэрэгтээ бид та нарыг Их Эзэний хүүхдүүдэд заахаар Түүгээр сонгогдсон багш нар гэж хардаг. Элсэлтийн талаарх санаа зовнил, нийгмийн асуудал, зөв зарчмууд хийгээд үнэний эсрэг бодит эсэргүүцэл зэрэг шалтгааны улмаас энэ цаг үе бол заахад хэцүү цаг гэдгийг бид мэднэ.

ЕРӨНХИЙЛӨГЧ ӨҮКС: Бидний Бурханыг хайрлах хайр, Түүний хүүхдүүдээ хайрлах болон бидний нэг нэгнээ хайрлах хайр, уг зорилгын төлөө юу юунаас илүү суралцагчдаа хайрлах хайр зэрэг бидний харилцаан дахь хайрын хүчний талаар яриагаа эхлүүлснийг маань та бүхэн санах байх. Эхний хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсэгт бид “Би хэрхэн хамгийн үнэ цэнтэй зүйлсийг заах вэ?”, “Дүрмүүдээс илүүтэйгээр зарчмуудыг заах нь яагаад илүү чухал бэ?”, “Бид суралцагчиддаа дэлхийн үзэл санаа, үнэт зүйлсийг удирдахад нь хэрхэн тусалж чадах вэ?” мөн энэ бүхний дунд хүн бүрийг хайрлах хайраа хуваалцах гэх мэт зүйлсийн талаар ярилцсан.

ӨҮКС ЭГЧ: Та бүхэн байж болох хамгийн шилдэг багш нар болохын тулд өнөө орой энд цугларсан гэдгийг би мэднэ. Энд миний бэлгэнд авсан түлхүүрийн оосорны зураг байна. Үүн дээр “Өөрөөрөө бай. Бусад нь бүгд эзэнтэй” гэж бичсэн байгаа. Энэ бол Оскар Вайлдын хэлсэн үг юм. Үүнийг аваад, би эхэндээ магтаал гэж хүлээж аваагүй. Үнэндээ энэ бол миний сонсож байсан хамгийн сайхан магтаалуудын нэг бөгөөд та нарт ч бас би ингэж хэлье.

Сайн мэдээг заахаар болох үед Их Эзэн та нарыг сонгосон байна. Та бол дахин давтагдашгүй. Таныг онцгой болгодог шинж чанар, хүч чадал, авьяас чадвар танд бий. Мөн та бүхэн дэлхийн эсэргүүцлийг даван туулж, мөнхийн үнэнийг заах өвөрмөц нөхцөл байдалд байна. Би та нарт ээж, эмээ, бүр элэнц эмээгийн хувиар итгэдэг. Гэр бүлийг маань тойрон хүрээлэх харанхуйн эсрэг тэднийг дархлаажуулах зөв зарчмуудыг тэдэнд заахад би та нарт үнэхээр их найддаг. Та нар жинхнээсээ хилэнцийн эсрэг бамбайгаар хангаад зогсохгүй бидний гэр бүлийн залбирлын хариулт болдог.

ЕРӨНХИЙЛӨГЧ ӨҮКС: Бид та бүхнийг бидний гэр бүлд болон Сүмийн өсвөр үеийнхэнд хайрт Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд болох жинхэнэ мөн чанараа ойлгож, хүлээж авахад туслах бүрд чинь маш их баярладаг шүү. Та бүхний бидэнд өгч болох хамгийн агуу бэлэг бол өсвөр үеийнхэн болоод залуу хүмүүст амьдралыг нь адислах зөв зарчмууд болон мөнхийн үнэнүүдийг, тухайлбал тэднийг ганцаарчлан шийдвэр гаргах болоход зууран барьж болох үнэнүүдийг заах явдал юм. Энэ нь тэднийг дэлхийтэй нүүр тулахад хамгийн сайн зэвсэглэж чадна гэдэгт бид итгэдэг.

ӨҮКС ЭГЧ: Манай гэр Солт Лэйк ариун сүмийн яг эсрэг талд байдаг. Одоо тэнд их засвар хийж байгаа. Хаа сайгүй барилгын шат, ачааны машин, кранууд. Ариун сүм бүр халхлагдчихсан мэт санагддаг. Энэ нь яг л КОВИД-19-ийн үеэр биднийхтэй адил ажиллаж байна. Ариун сүмийг далдалчихсан байгаа ч илүү хүчтэй, үзэсгэлэнтэй болгож байгаа. Ажилчид ариун сүмийг илүү хүчирхэг болгож, бэхжүүлэхийн тулд өдөр бүр бага багаар ажилладаг. Гурван жилийн дараа ариун сүм илүү үзэсгэлэнтэй, төгс төгөлдөр, ямар ч нөхцөл байдалд бат зогсож чадахуйц болсон байх болно.

ЕРӨНХИЙЛӨГЧ ӨҮКС: Бид болон бидний суралцагчид яг л ариун сүмтэй адил, хүнд хэцүү нөхцөлд ч илүү хүчирхэг, хичээнгүй, итгэлтэй болохын тулд өдөр бүр өөрчлөгдөн, сайжирч байдаг. Амлагдсан адислалтай хамт дахин засварлагдах үедээ бид ч мөн Их Эзэний өргөөтэй адил болж чадна.

Үүнийг заах үед Кристинийг дэргэдээ байгаад нь баярлаж байгаа нэг шалтгаан бол тэр гэр орныг маань Сүнстэй байлгахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг учраас юм. Ерөнхийлөгч Нэлсон 4-р сарын Ерөнхий чуулган дээр “Дэлхий дээрх хамгийн цэвэр ариун газруудын нэг бол гэр орон юм” гэж хэлсэн. Бид бүгдээрээ гэр орноо жинхэнэ ариун газар болгохын тулд илүү ихийг хийх хэрэгтэй. “Хэрэв та гэрлэсэн бол энэ чухал ажлын эрх тэгш хамтрагч болох эхнэртэйгээ [эсвэл нөхөртэйгөө] зөвлөлдөөрэй. Одооноос Их Эзэнийг дахин ирэх хүртэл бид бүгд гэр орноо амар тайван, аюулгүй газар болгох хэрэгтэй.”1 Үүнийг хийхэд эхнэр болон нөхрүүд маань амин чухал үүрэг гүйцэтгэдэг.

ӨҮКС ЭГЧ: Дуудлага болон ажлаа гүйцэтгэхэд Сүнсний тусламж хэрэгтэй байгаа хэн нэгний эхнэр, нөхрийн хувьд та нарын хүн нэг бүртэй адил би гэр орноо ариун бөгөөд хайрын газар болгохын тулд бүх чадлаараа хичээдэг. Ариун Сүнс гэрт эсвэл ангид маань байх шаардлагатай үе хэзээ ч байгаагүй. КОВИД-19 үнэндээ бидэнд тус болсон юм. Бидэнд хамтдаа байх илүү их цаг зав гарсан. Та бүхний эхнэр, нөхрийн адилаар манай нөхөр сүнслэг уур амьсгалтай орчинд хамгийн сайнаараа ажилладаг. Миний хувьд юу үзэж, юу уншиж, юуг гэр орондоо авчирдаг маань тун чухал. Бас гэр оронд ямар нэгэн зөрчилдөөн байх ёсгүй ба би өөдрөг, дэмжлэг үзүүлдэг нэгэн байх гэж хичээдэг. Гэр бүл, нөхрийнхөө төлөө юмсийг хамтад нь байлгахад миний дэмжлэг чухал гэдгийн би мэддэг. Бас би үнэхээр их хичээж байгаа. Би өдөр бүр л хичээдэг.

ЕРӨНХИЙЛӨГЧ ӨҮКС: Баярлалаа, хайрт минь. Танай суралцагчид дэлхийн үнэт зүйлс болон уруу таталтаас ирдэг ноцтой эсэргүүцэлтэй тулгардаг. Мормоны Номд энэ тухай бошиглосон. Бид бүгд “дэлхийн бүх нутгууд дээр … алдсуудад мөн бүх төрлийн жигшүүрт хэргүүдэд согтуурах”2 цаг үед амьдарч байна. Энэ нь өнөө үед бидэнд Сатаны арга мэхийн талаар анхааруулдаг.

Жишээлбэл, бид 2 Нифай 28:20-оос Сатан “хүмүүний үрсийн зүрхэнд улангасч, мөн сайн болох түүний эсрэг тэднийг уурлуулан өдөөх болно” гэж уншдаг. Уур хилэн, эсэргүүцэгчид, гэр бүлийн маргаан гээд бүх зүйл улам даамжирч байгаа мэт санагдаж байна. Танай анги үүнээс хамгаалах хамгаалалт, амар амгалангийн хоргодох байр болж чадна. Энэ нь танай суралцагчдын мэдрэмжийг сэргээх соёл иргэншлийн загварыг бий болгож чадна.

ӨҮКС ЭГЧ: Танай анги тэдний аюулгүй газар нь байж чадна. Ангид заагддаг зарчим, ялангуяа бий болдог гэрчлэлүүд болон мэдрэгддэг Сүнс суралцагчдыг тань тэтгэж, хамгаалж чадна.

ЕРӨНХИЙЛӨГЧ ӨҮКС: 21-р шүлэг дээр Сатан тэдний заримыг “тайтгаруулж,” “Сионд бүх юм зүгээр” гэх бодлоор “тайвшруулах”3 болно гэсэн байдаг.

ӨҮКС ЭГЧ: Энэ өмнө нь яригдаж байсан ч гэсэн орчин үеийн технологийн аль ч хэлбэр гар утас шиг биднийг тайвшруулж, бидний анхаарлыг татаж байсангүй. Би та нартай хоёр жилийн турш хөгжлийн бэрхшээлтэй байсан нэг институтийн багшын талаарх түүхийг хуваалцмаар байна. Тэр буцаж ирэхдээ цочирдсон байсан гэдгээ хэлсэн. Утсанд зогсоо зайгүй ирэх мэдэгдэл, зурвасууд суралцагчийг анги дээрээ бодож, суралцахад анхаарлыг нь сарниулдаг. Хамгийн тоогүй нь энэ нь тэднийг бие биеэсээ болон Сүнснээс тусгаарлаж байна гэж тэр хэлсэн. Гэхдээ би найдвар байдагт, энэ нь утаснаасаа холдохыг эргэн тойрны хүмүүсээсээ хүсэхээс эхэлдэг гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг. Боломжтой үед бид хайрладаг, заадаг хүмүүстэйгээ гар утасны ашиг тус, хор хөнөөлийн талаар яриа өрнүүлж, суралцагчдаа санаа зовниж буй зүйлс болон гар утасныхаа асуудлыг хэрхэн шийдэх талаар хуваалцахад тэднийг урамшуулж болно. Эцэг эхчүүд бидэнд энэ нь маш их таалагдаж байна. Тэгнэ ээ.

ЕРӨНХИЙЛӨГЧ ӨҮКС: 2 Нифай 28:22 дээрх сүүлийн жишээнд Сатан “там гэж үгүй … Би бол чөтгөр биш, учир нь тийм юм гэж үгүй” гэж хэлэн, бусдыг зусардах болно гэсэн байдаг. Таны заадаг зүйлс суралцагчдад тань Сатаны зусармаг байдал, Бурханы зарлигуудтай зөрчилдөх худал хуурмаг зэргийг ялган танихад туслах болно. Сатанаар өдөөн хатгагдсан зан байдалд үр дагаврууд байдаг ба таны заадаг зүйлс наманчлалын нигүүлсэл, тэнгэрлэг өршөөлөөс ирдэг найдварыг тэдэнд өгөх болно.

ӨҮКС ЭГЧ: Үнэхээр сайхан. Би төлөөлөгчтэй гэрлэсэн бас бусад төлөөлөгчдийг ойрхноос ажиглаж байсан. Их Эзэний үйлчлэгчид чин сэтгэлээсээ дуулгавартай байж, өөрсдийг нь удирдах Их Эзэний Сүнсийг эрэлхийлдэг гэдгийг би мэднэ. Сүнслэг удирдамж бидний хүн нэг бүрд боломжтой гэдгийг бас та бүхэн суралцагчиддаа үүнийг олж, дуулгавартай байхыг зааж чадна гэдгийг би мэднэ.

ЕРӨНХИЙЛӨГЧ ӨҮКС: Эцэст нь 2 Нифай 28:32-т Их Эзэн “наманчилж [Түүнд] хандах” бүгдэд “нигүүлсэнгүй” байх болно гэж тунхагласан. Тэр биднийг өргөж, аврахын тулд гараа үргэлж сунгаастай байдаг. Та нар уг баталгаа, тэрхүү найдварыг суралцагчдадаа заадаг хүмүүс шүү. Наманчлал бол бид бүхэнд байгаа хамгийн агуу бэлгүүдийн нэг гэдгийг тэдэнд ойлгуул. Та нар тэдэнд Бурханы хүүхдүүдийн хувиар өөрсдийн бүхий л чадавх, хувь заяанд хүрэхэд нь туслах үүрэг хариуцлагатай.

ӨҮКС ЭГЧ: Ийм хилэнцийг ялан дийлэх хамгийн агуу зэвсэг бидэнд бэлэн байдгийг бүү мартаарай. Алма 31:5-аас бид “шударга байсан түүнийг хийхэд хүмүүсийг удирдахад [Бурханы] үгийг номлох нь их нөлөө болж байсан учир—тийм ээ, энэ нь хүмүүсийн оюун ухаанд илднээс” эсвэл нэмээд гар утаснаас “илүү хүчтэйгээр нөлөө үзүүлж бай[сан]” гэдгийг сурдаг. Та нар уг үгсийг заах багш нар бөгөөд та нарт ийм хүч чадал, амлалт бий.

ЕРӨНХИЙЛӨГЧ ӨҮКС: Суралцагчдадаа заахдаа Аврагч дээр төвлөрөх юм бол танд тийм хүч чадал суух болно. Сайн мэдээний багш нарын хувьд та нар Ариун Сүнсний удирдамжаар үүнийг үйлдэх үедээ илүү үр өгөөжтэй байж чадна. Таныг Христтэй илүү ойртох үед таны суралцагчид тантай болоод Түүнтэй илүү ойртох болно. Тэдэнд хэрэгтэй үнэнийг заах чадвар тань нэмэгдэж, тэднийг хайрлах, хэрэгцээг нь олж мэдэх чадвар тань өсөх болно.

Ах, эгч нар аа, түрүүн хэлсэн зүйл дээрээ нэмээд би бидний Аврагч, Гэтэлгэгч, энэ Сүмийн Тэргүүн болох Есүс Христийг гэрчилж байна. Та нар бол Түүний үйлчлэгчид юм. Бид Есүс Христийн сайн мэдээний үнэн зарчмуудыг заахад нэгдсэн. Би та бүхнийг Түүний үйлчлэгч, Түүний багш, Сионы аав, ээж, Их Эзэн Есүс Христийн зөв зохистой үйлчлэгчийн хувиар өөрсдийн үүрэг хариуцлагаа биелүүлж, Түүний зарлигуудыг сахиж, зөв шударгын агуу жишиг болж, үнэний зарчмуудыг заахаар адисалж байна. Би та бүхнийг тэдгээр зорилгын төлөө адисалж мөн та нарын өнөөдөр заалгасан зүйлийн үнэнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.

Эх сурвалж

  1. Рассэлл М.Нэлсон, “Бидний сурч буй хэзээ ч үл мартах зүйлс,” 2021 оны 4-р сарын чуулган.

  2. 2 Нифай 27:1

  3. 2 Нифай 28:21

Хэвлэх