Дэлхий даяарх онцгой цугларалтууд
Бид аз жаргалынхаа уран барилгачид


2:3

Бид аз жаргалынхаа уран барилгачид

Хайрт ах, эгч нар аа, өнөө орой би та нарт хандаж үг хэлэх агуу хүндэтгэл хийгээд онцгой боломж байгаад туйлын баяртай байна. Би Сүмийн залуучуудаар бахархдаг бөгөөд өнөө оройг та нартай хамт өнгөрүүлж байгаадаа баяртай байна.

Энэхүү үзэсгэлэнт табернеклд та бүхэн хэдэн мянгаараа цуглаад байна. Мөн дэлхий даяар байх хэдэн мянган цуглааны байранд мянга мянгаараа цуглаад байгаа залуучуудыг би эндээс харж чадахгүй хэдий ч та бүгдийн анхаарал сонор сэргэг, сурч мэдэхийн төлөө чин хүсэлтэй хүмүүс гэдгийг мэднэ. Биднийг асар уудам зайг зааглаж байгаа ч, бидний байгаа газар бүр Ариун Сүнс байдгийг би мэднэ. Бүр хиймэл дагуулын нэвтрүүлгээс ч илүү Ариун Сүнс бид бүгдийн хооронд өвөрмөц хэлхээ холбоог бий болгодог билээ. Би Ариун Сүнс өнөө орой бидэнтэй хамт байж, бидэнд сүнслэгээр нөлөөлөн зааж, биднийг удирдах болтугай хэмээн залбирч байна.

Амьдрал санамсаргүй явдлаар дүүрэн байдаг

Бид эдүгээ Солт Лейк хотыг үндэслэн байгуулсан анхдагчуудын агуу итгэл хийгээд шаргуу хөдөлмөрч зан чанарт хүндэтгэл үзүүлэн түүхэн дурсгал болгон босгосон энэхүү табернеклд цуглаад байна. Би 16-тай байхдаа Америкийн Нэгдсэн Улсад анх удаа ирэх үедээ энэхүү Табернеклд орж үзэж билээ. Аав маань Калифорни руу ажлаар явахдаа намайг дагуулж явах санал тавьсан юм. Өмнөд Францад өссөн залуу хүүгийн хувьд би энэ боломжийг хүлээж аваад баярласандаа цовхчин үсэрч билээ. Ийнхүү Америк орныг үзэх аз завшаан надад тохиосон юм! Долоо хоногийн амралтын үеэр Солт Лейк хотод очиж, ерөнхий чуулганд оролцох нь бидний аяллын төлөвлөгөөнд орсон болохоор би бүр ч их сэтгэл догдлон хөл газарт хүрэхгүй баярлаж билээ.

Аав бид хоёр Ютад өөрсдийн хөлсөлсөн Форд Мустангаараа ирж байснаа санадаг юм. Бид нүдний хараа үл хүрэх тэнгэрийн хаяан дахь цөл, улбар шаргал өнгөтэй гайхамшигт хадан хавцлууд, сүрлэг өндөр уулсыг нүд хужирлан харж, цасанд дарагдсан замаар олон цаг давхиж билээ Америкийн Өрнөд нутгийн байгалийн сайхнаар нүд хужирлахын зэрэгцээ их замын дагуу морьтой малчид эсвэл, индианчууд харагдах болов уу хэмээн нүд цавчилгүй ширтсээр явж билээ.

Маргааш нь бидэнд нэгэн найзынхаа ачаар энэхүү Табернеклийн эхний эгнээний баруунтаа сууж чуулганы хуралдаанд оролцох боломж тохиосон юм. Би маш өндөр сэтгэгдэлтэй байж билээ. Цуглаануудын туршид ойлгосон хэдэн англи үгээ сайн тогтоох гэж би ихэд хичээж байж билээ. Би Ерөнхийлөгч Эзра Тафт Бенсонгийн хэлсэн үгийг өдий хүртэл санасаар явдаг юм. Гэхдээ түүний хэлсэн бүх үгсийг биш, харин залуу хүний хувьд миний зүрх сэтгэлд нөлөөлсөн тэрхүү гүнзгий сэтгэгдэл төрүүлэхүйц үгсийг санадаг. Надад сайхан зүүд зүүдэлж байгаа мэт, гайхамшигтай адал явдлын гэрч болсон юм шиг санагдаж билээ.

Тэр үедээ би өнөө оройны энд болж байгаа үйл явдлыг хэрхэн төсөөлж чадах билээ? Ийм олон хүн цугларсан энэ табернеклд үг хэлээд зогсож байхын чинээ би хэрхэн төсөөлж чадах билээ? Хэзээд ийм юм зүйл болно гэдгийг төсөөлж байсангүй.

Амьдралд олон гайхамшигтай зүйл тохиолддог шүү дээ? Бүр таван жилийн өмнө ч гэсэн өнөөдөр энд болж буй үйл явдлыг би төсөөлж үзээгүй юм байна. Тэр үед би гэр бүлийнхээ хамт Парист амьдарч байсан бөгөөд бидний амьдрал хэзээ ч өөрчлөгдөхгүй юм шиг л санадаг байлаа. Манай таван хүүхэд бүгдээрээ гэрийн ойролцоох төрөх газар төрсөн. Бид Парисын захын нам гүмхэн дүүрэгт хүүхдүүдтэйгээ амьдардаг байсан бөгөөд анхныхаа ач зээ нарын зулайг үнэрлэхээр баярлан хүлээж байлаа. Энэхүү амар амгалан амьдрал маань гэнэт өөрчлөгдөх юм гэж бид огт төсөөлөөгүй юм. Тэгтэл нэг орой Ерөнхийлөгч Монсон утасдсан бөгөөд ийнхүү бидний амьдралд нэгэн эргэлт гарч билээ.

Тэр цагаас хойш манайхан Сүмийн түүхэнд онцгой байр эзэлдэг тэрхүү нутаг болох Ютад амьдарч, ууланд явганаар аялан, нар жаргах үеэр хашаандаа шорлог шарж, хавчуургатай талхыг төрөл төрлөөр нь (хамгийн сайхан амттайг ч, хамгийн амтгүйг ч ) амтархан идэж, Каугар болон Ютесд хөл бөмбөгийн тоглолт үзэн, энд амьдрахын баяр баяслыг мэдэрч байгаа билээ. Маргааш их замын хажууд тааралдах малчин эр би ч байж мэдэх юм!

Ирээдүйг таахын аргагүй

Тэргүүлэх Бишопын Зөвлөлийн гишүүний үүрэгт ажил миний хувьд сэтгэл догдлом хийгээд агуу сүнслэг нөлөө үзүүлдэг. Гэвч энэхүү туршлага миний идэр залуу насандаа төлөвлөсөн төлөвлөгөөнөөс маань тэс өөр юм. Би хүүхэд байхдаа археологч болохыг хүсдэг байв. Эмээ минь намайг сайн боловсролтой болгох үүрэг хариуцлагыг хүлээсэн хүн байлаа. Эмээ надад залуу фараон Тут хааны тухай нэгэн ном өгснийг нь уншсаны дараа би эртний соёл иргэншлүүдийг ихэд сонирхох болсон юм. Тэгээд хагас бүтэн сайн өдрийг эртний цэрэг эрсийн тулалдаануудын тухай олон зураг зурж өнгөрүүлдэг байв. Тэдгээр зургуудыг би өрөөнийхөө ханануудаар дүүрэн өлгөдөг байсан. Би хэзээ нэгэн цагт Египетэд очиж, эртний Египетийн сүм дуганууд, фараонуудын булшнуудад археологийн малталт хийнэ гэж мөрөөддөг байлаа.

Дөчин жил өнгөрөхөд би археологч болсонгүй, ерөөсөө археологч болох нь өнгөрөв бололтой. Египет рүү ч явж чадсангүй. Ерөнхий эрх мэдэлтэн болохоосоо өмнө би хүнсний салбарт ажиллаж байлаа. Хүүхэд ахуй үеийн мөрөөдлөөс минь нилээд хол байгаа биз!

Ерөнхийдөө залуу нас бол хувийн төлөвлөгөө гаргахад хамгийн тохиромжтой үе юм. Бид бүгдээрээ хүүхэд ахуй үедээ янз бүрийн зүйл мөрөөддөг. Залуучууд та нар ирээдүйнхээ төлөө мөрөөдөлтэй бай! Энэхүү мөрөөдөл нь спортод амжилт гаргах, урлагийн шилдэг бүтээл туурвих, ажилч хичээнгүй, шаргуу хөдөлмөрөөрөө нарийн мэргэжил, өндөр боловсрол эзэмших найдвартай байж болно. Ирээдүйд сайн нөхөр, сайн эхнэр болох, гадаад төрх байдалдаа болон биеэ авч явахад анхаарах, зан төлөвийн шилдэг чанаруудыг эзэмших, гэр бүлийг тань адислах сайхан хүүхдүүдтэй болох гээд олон сайхан зүйлийг та нар оюун ухаандаа төсөөлөн бодож болно.

Та нарын мөрөөдлөөс хэд нь биелэгдэх бол? Амьдрал тодорхой бус зүйлээр дүүрэн байдаг. Амьдралын замд санаандгүй явдал өдий төдийгөөрөө гарч ирэх болно. Маргааш юу болохыг, эсвээс таныг хэдэн жилийн дараа хаана, юу хийж байхыг хэн мэдэх юм бэ? Амьдрал бол үйл явдлын өрнөл нь хаашаа эргэхийг таахад хэцүү, түгшүүртэй үйл явдлын тухай роман зохиолтой адил юм.

Амьдралын тань замналыг агшин зуур өөрчилж мэдэх онцгой хором танд тохиолдож болно. Ийм хором нь нүдний харц, хоёр хүний хооронд болсон яриа, эсвэл төлөвлөөгүй ямар нэг үйл явдал байж болно. Валери бид хоёр Парист залуучуудын тойргийн хоор дууны дадлага хийж байх үеэр бие биендээ хайр сэтгэлтэй болсон тэрхүү агшныг би санадаг юм. Энэ явдал огт санаандгүй болсон юм! Бид хоёр бүр багаасаа бие биеэ мэддэг байсан ч, тийм их сэтгэл догдлуулсан хоромтой хэзээ ч учирч байсангүй. Тэр үдэш би төгөлдөр хуурын дэргэд зогсож харин Валери найрал дуунд дуулж байлаа. Бид хоёрын харц мөргөлдөхөд ямар нэг сонин мэдрэмж надад төрж билээ. Үүрд мөнхийн учрал ганцхан секундын дотор гээд бод доо!

Номлолын үйлчлэлийн насны талаар Ерөнхийлөгч Монсонгийн хийсэн саяхны мэдэгдэл шиг шинэ боломжууд та нарын амьдралд гарч ирэх болно. Бошиглогчийн энэхүү мэдэгдлийн дараа Сүмийн мянга мянган залуу эрэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүд эдүгээ номлолд явах төлөвлөгөөгөө шинэчилж байгаа нь лавтай.1

Зарим үед хүсэн хүлээгээгүй сорилт бэрхшээл буюу урам хугаралтаас үүдэлтэйгээр бидний амьдралд өөрчлөлт гардаг. Бид амьдралынхаа нөхцөл байдлын зөвхөн заримд нь л хяналт тавьж чаддагийг би өөрийн туршлагаас ойлгосон юм.

Ихэнх хүмүүс тодорхой бус зүйлд дургүй байдаг. Итгэл дутагдах, янз бүрийн байдлаар ирээдүйгээс айх нь тодорхой бус байдлыг бий болгодог. Зарим хүмүүс нэг удаа бүтэлгүйтээд түүнээсээ айж, шинэ сайхан боломж олдсон үед ч гэсэн эргэлздэг. Жишээ нь, ийм хүмүүс гэрлэж, гал голомтоо бадраан, өрх гэрээ төвхнүүлэх болон боловсролтой болохыг хойшлуулдаг эсвэл тогтвортой ажил мэргэжилтэй болж бие даан амьдрахын оронд “зүгээр сууж, цаг нөгцөөн,” эцэг эхийнхээ гэр орны ая тухтай байдалд сэтгэл нь хоргоддог.

Биднийг хазаарладаг өөр нэг үзэл баримтлал бол: “Ид, уу, нарги, учир нь маргааш бид үхнэ” (2 Нифай 28:7) гэсэн “дэлхийн мэргэн” ухаан юм. Энэхүү үзэл баримтлал нь маргааш юу болохыг бид мэдэхгүй, бид нэгэн цагт үхэж л таарна, тэгэхээр өнөөдөр наргиж, цэнгэх хэрэгтэй гэсэн санаа юм. Энэ үзэл баримтлал нь ирээдүйн үр дагаврыг нь огтхон ч бодохгүйгээр тэр даруй наргиж, цэнгэхийг өөгшүүлэн дэвэргэдэг.

Аз жаргалд хүргэх замыг дага

Хайрт ах, эгч нар минь, өнөөдөр та нарт хандан миний захих үг бол айдас, эргэлзээ, амин хувиа бодсон зугаа цэнгэлийн зам нь амьдрал дахь амар амгалан байдал, итгэл найдварын замаас өөр юм. Та нар амьдралынхаа бүх нөхцөл байдлыг хянаж чадахгүй. Сайн ба саар зүйлс аль аль нь хүсэн хүлээгээгүй байхад чинь ирэх болно. Гэвч, та нар аз жаргалдаа хяналт тавьж чадна гэдгийг, та нар бол аз жаргалынхаа уран барилгачин гэдгийг би хэлж чадна.

Хамгийн сүүлчийн чуулган дээр Ерөнхийлөгч Диетер Ф.Угдорфын хэлсэн дараах ухаалаг үгсийг би үргэлж санаж явдаг:

“Бид нас ахих тусам, өнгөрсөн үеэ эргэж харах тусам гадаад нөхцөл байдлын хүчин зүйлс бидний аз жаргалд хамаагүй буюу үүнийг тодорхойлдоггүй болохыг ойлгодог.

Бид аз жаргалаа өөрсдөө л тодорхойлдог.”2

Тийм ээ, та нарын аз жаргал үнэхээр амьдралын чинь нөхцөл байдлын үр дагавар биш. Энэ нь ихэнхдээ таны сүнслэг байдал, амьдралаа дээр нь суурилуулдаг зарчмуудын үр дүн мөн. Хүсэн хүлээгээгүй сорилт бэрхшээлүүд дэлхий дээрх аялалуудын тань үед гарцаагүй тохиолдох хэдий ч, эдгээр зарчмууд та нарт аз жаргалыг авчрах болно.

Өнөө орой би эдгээр нэн чухал зарчмуудаас заримынх нь талаар та бүхэнтэй ярилцахыг хүсч байна.

1. Өөрийнхөө үнэ цэнийг ойлгодог бай

Нэг дэх зарчим: Өөрийнхөө үнэ цэнийг ойлгодог бай

Энэ зун би гэр бүлийнхээ хамт өмнөд Францын үзэсгэлэнт сайхан нутаг Провенсэд хэд хоног амарлаа. Нэг орой нар жаргаж, хөдөө нутгийг харанхуй нөмөрсөн үед би байшингийнхаа гаднах сандал дээр хэсэг тайван хэвтэж амрахаар шийдэв. Орчныг харанхуй нэлд нь нөмөрсөн учраас эргэн тойрондоо байгаа юмсыг ялган таних аргагүй байлаа. Тэнгэр өөд хараа бэлчээн ширтлээ. Эхлээд харахад тэнгэр түнэр харанхуй байлаа. Тэнгэрт гэнэт гэрэл гялсхийв, дараа нь хоёр тэгээд гурван удаа гэрэл гарлаа. Аажимдаа миний нүд харанхуйд дасч, жирэлзэн анивчих үй түмэн оддыг ширтэн байлаа. Би харанхуй тэнгэр Сүүн зам болон хувирлаа хэмээн бодож байв.

Тэгээд би ингэж бодлоо: “Энэ нь Бурхантай харилцах бидний харилцаатай нэлээд төстэй юм байна. Хэчнээн хүн Бурхан биднээс хүрэх аргагүй хол байдаг эсвээс Тэр ерөөсөө байдаггүй гэж боддог бол? Эдгээр хүмүүс амьдрал харанхуй бүр тас харанхуй гэж боддог. Тэд, Бурхан тэнгэрт байдаг, бүр бидэнд ойрхон байдаг эсэхийг шалгаж үзэхэд цаг гаргадаггүй эсвээс хүч чармайлт гаргадаггүй.”

Миний бодол тэнгэрт бэлчсээр байлаа. Нүдний минь өмнө түнэртэн цэлийх хязгааргүй орчлон хорвоогийн тухай бас энэхүү агуу ертөнцтэй харьцуулахад миний бие хэчнээн өчүүхэн болохыг тунгаан бодоод би өөрөөсөө ингэж асуулаа: “Энэхүү агуу ертөнцийн өмнө би гэгч ер нь юу юм бэ?” Тэгтэл нэг судар санаанд оров. Энэ бол Давидын дууллуудын нэг, маш сайхан судар. Түүний яруу найраг надад үргэлж сүнслэг нөлөө үзүүлдэг билээ.

“Таны мутрын бүтээл болох таны тэнгэрүүдийг, Таны цогцлон байгуулсан сар, оддыг би тунгаан бодохдоо

“Хүн гэгч нь хэн болоод Та түүнд санаа тавьж, Хүний хүү гэгч нь хэн болоод Та түүнийг халамжилна вэ?” (Дуулал 8:3–4).

Энэхүү тайтгаруулагч өгүүлбэрийн араас залган:

“Та түүнийг тэнгэр элчээс арай дор болгож, алдар ба хүндэтгэлийн титмийг түүнд өмсгөжээ” (Дуулал 8:5) гэсэн байдаг.

Энэ бол Бүтээлтийн ер бусын гайхамшиг. Орчлон ертөнц хэмжээ хязгааргүй ч, бид бүгд Бүтээгчийн мэлмийд өөр өөрийн онцлогтой, өөр өөрийн алдар хийгээд үнэ цэнэтэй юм. Миний бие үл мэдэгдэм өчүүхэн ч, миний хувь хүний үнэ цэнэ Тэнгэрлэг Эцэгт минь хэмжээлшгүй чухал юм.

Ерөнхийлөгч Угдорф ийн мэдэгдсэн билээ:

“Та нар хаана ч байлаа гэсэн, нөхцөл байдал тань ямар ч байлаа гэсэн, та нар мартагдах нь үгүй юм. Амьдралын өдрүүд тань бараан баргар мэт санагдлаа ч гэсэн, өөрийнхөө хэчнээн өчүүхнийг мэдэрлээ ч гэсэн, санаа сэтгэл тань хэчнээн ч дарамттай байлаа гэсэн Тэнгэрлэг Эцэг тань чамайг мартахгүй. Тэр чамайг хязгааргүй их хайрладаг.

…  Хорвоо ертөнцийн хамгийн агуу, хамгийн сүр хүчтэй, хамгийн алдар суут Нэгэн Тэрбээр чамайг мэддэг, санадаг билээ! Хязгааргүй огторгуйн, мөнхөд орших Хаан чамайг хайрладаг юм шүү!”3

Бурхан биднийг мэддэг, биднийг нэг бүрчлэн хайрладаг гэдгийг мэдэх нь бидний амьдралыг гийгүүлж, утга учиртай болгодог гэрэлтэй адил юм. Италийн Ром хотод болсон нэгэн галын дэргэдэх дээр намайг яриа өгсөний дараа нэг залуу эмэгтэй надтай уулзахаар ирснийг би санаж байна. Тэр эмэгтэйн сэтгэл ихэд зовсон байдалтайгаар гай зовлон, сэтгэл санааны хүнд дарамт үүрч яваа эгчийнхээ тухай надад яриад,. “Тэнгэрлэг Эцэг нь түүнийг хайрладаг гэдгийг мэдэхэд нь би түүнд хэрхэн тусалж чадах вэ?” гэж надаас асуусан.

Энэ чухал асуудал биш гэж үү? Бурхан биднийг хайрладаг гэдгийг бид яаж мэдэх вэ? Өөрсдийнхөө үнэ цэнийн тухай бидний мэдрэмж эргэн тойрныхоо хүмүүсээс бидний хүлээн авдаг хайр, анхаарал халамж дээр үндэслэгдсэн байдаг. Гэтэл бид заримдаа ийм хайраар дутагддаг. Хүмүүний хайр олонтоо төгс буюу бүрэн дүүрэн биш, эсвэл амин хувиа хичээсэн байдаг.

Харин Бурханы хайр төгс, бүрэн дүүрэн бөгөөд амин хувиа хичээдэггүй. Намайг хэн байлаа ч гэсэн надад найз нөхөд байна уу, үгүй юү эсвээс би нэрд гарсан уу үгүй юү, бусад хүмүүс намайг хавчдаг уу эсвэл эсэргүүцдэг үү гэдэг нь хамаагүй Тэнгэрлэг Эцэг минь надад хайртай гэдэгт би төгс итгэлтэй байдаг. Тэр миний хэрэгцээг мэддэг, миний асуудлуудыг ойлгодог, намайг адислахын төлөө санаа тавьдаг. Намайг хайрладаг Түүний хайрын илрэл нь Тэрбээр “ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн” (Иохан 3:16) явдал мөн. Тэрбээр Аврагчийн гашуун аягыг өөрөөсөө зайлуулаагүй бөгөөд Гетсеманий Цэцэрлэг болон загалмай дээр өгүүлшгүй бэрх зовлонг хүлцэн тэвчсэн юм. Христ бүх хүн төрөлхтний нүглийг цагаатгасан бөгөөд тэрхүү агуу Цагаатгалын хэсэг нь өнөөдрийг хүртэл надад нөлөөлж, миний хувь заяаг шийдсэн юм. Энэхүү өгүүлшгүй үнэт бэлгийг Эцэг Хүү хоёр надтай хуваалцсан бөгөөд миний хувь хүний үнэ цэнэ Тэдэнд чухал болохыг баталдаг билээ.

Ах эгч нар аа, Бурхан та нарыг хардаг шигээр өөрсдийгөө хараад үз дээ. Хэрэв та нар өөрсдийгөө Бурхан та нарыг хайрлаж, энэрдэг шиг, Тэрээр та нарт итгэдэг шиг хайрлан, итгэдэг байвал юу болохыг төсөөлж байна уу? Энэ нь та нарын амьдралд хэрхэн нөлөөлдгийг болон өөрсдийнхөө чадавхийг Бурхан хэрхэн ойлгодог шиг тийм байдлаар ойлгоход тань нөлөөлнө гэдгийг төсөөлөн бодоод үз дээ. Хэрэв чи өөрийгөө Бурханы мэлмийгээр харж чадах аваас энэ нь амьдралд чинь ямар нөлөө үзүүлэх бол?

Бурхан байдгийг би гэрчилж байна. Түүнийг хайгтун! Эрж хайж, судлагтун. Залбирч, асуу. Бурхан Өөрийн оршихуйн тухай, Тэр та нарыг үнэхээр хайрладаг тухай үнэн бодитой тэмдгүүдийг илгээх болно гэдгийг би та нарт амлаж байна. Энэ нь залбирлын хариугаар, Ариун Сүнсний тайтгаруулагч намуухан нөлөөгөөр, Түүнээс сүнслэг нөлөө буюу шинэ хүч чадал ирэхийг гэнэт мэдэрснээр ирж болно, эсвэл зөв газарт, зөв цагт амьдралыг тань адислахаар гэр бүлийн гишүүн чинь найз чинь эсвээс санваартны удирдагч чинь хүрч ирж болно. Та нар олон арга замаар Түүнд хүрч Түүнтэй харилцаж чадна. Ингэсэн үед Бурхан үнэхээр оршдогоо та нарт мэдүүлэх болно.

2. Ямар хүн болох ёстой, тийм л хүн бол

Одоо хоёр дахь зарчмыг авч үзье: Ямар хүн болох ёстой, тийм л хүн бол

“Ямар хүн болох ёстой, тийм л хүн бол” гэсэн энэ өгүүлбэр Грекийн алдарт яруу найрагчдын нэг болох Пиндартай холбоотой юм. Энэ өгүүлбэр хачирхалтай сонсогдож болох юм.4 Би ямар хүн болдгоо аль хэдийн болчихоод одоо яаж өөрчлөгдөх юм бэ?

Би энэ зарчмыг нэг түүхээр дамжуулан тайлбарлахыг хичээе. Би саяхан Ухаан суусан нас нэртэй нэг кино үзлээ. Энэ кино амсхийх завгүй амьдралтай, дэлхийг тойрон аялж, олон хурал зөвлөгөөнд оролцдог, нэрд гарсан банкны эзэн Маргеритын тухай өгүүлдэг. Тэр гэрлэсэн ч, үрийн зулай үнэрлэх завгүй гэдэг байв.

Тэр 40 хүрсэн үедээ нэгэн учир битүүлэг захидал хүлээн авчээ. Уг захидалд: “Өөртөө хандсан миний үгс. Өнөөдөр би долоон нас хүрлээ. Тэгээд би энэ захидлыг ухаан суусан насандаа миний хийсэн амлалтуудыг санахад туслахын тулд бас би ямар хүн болохыг хүсдэг байснаа сануулахын тулд энэ захидлыг танд бичиж байна” хэмээн өгүүлжээ. Maргерит энэ захидлыг өөрөө долоон настай байхдаа бичсэнээ гэнэт санажээ. Бяцхан охин нэлээд олон хуудсанд багтаан амьдралын зорилгоо нарийн тодорхой дүрсэлсэн байв.

Тэрээр бяцхан охин байхдаа ямар хүн болохыг хүсч байсан нь одоо ямар хүн болсонтой огт төсгүй байгааг Маргареит ойлгов. Тэрээр бяцхан охин байхдаа ирээдүйд ямар хүн болохыг зөгнөсөн шиг тийм хүн болж өөрчлөгдөхийн тулд амьдралаа маш няхуур төлөвлөн үндсээр нь өөрчлөхөөр шийдсэн байна. Тэрээр гэр бүлтэйгээ эвлэрч, үлдсэн амьдралаа тусламж хэрэгтэй хүмүүст үйлчлэхэд зориулахаар шийджээ.5

Эрхэм хүндэт найз нар аа, хэрэв та нар өнгөрсөн үеэсээ захидал хүлээж авбал түүнд юун тухай өгүүлэх байсан бол? Найман нас хүрч баптисм хүртсэн өдрийнхөө тухай чи өөртөө хандаж, тэр захидалд юу гэж бичсэн байх бол? Цааш нь өгүүлье. Хэрэв чи дэлхийн өмнөх амьдралаас захидал хүлээн авбал түүнд юу гэж бичсэн байх бол? Мартагдсан боловч үнэн бодит өнгөрсөн үеэс чи өнөөдөр захидал хүлээн авбал энэ нь амьдралд чинь хэрхэн нөлөөлөх бол?

Тэр захидалд ийм л үгс байх болов уу: “Өөртөө хандсан миний үгс: Би ямар хүн болохыг хүсдэг байснаа танд сануулахын тулд захидал бичиж байна. Би дэлхийд ирэх боломжтой болсондоо баярлан уухайлан хашгирсан. Энэ дэлхийн амьдрал нь надад чадавхиа ашиглан бүрэн дүүрэн өсч хөгжиж, Тэнгэрлэг Эцэгтэйгээ үүрд мөнх хамт амьдрахад зайлшгүй чухал гэдгийг би мэднэ. Миний хамгийн агуу хүсэл бол Аврагч, Есүс Христийн шавь байх явдал гэдгийг та санах болно гэдэгт би итгэлтэй байна. Би Түүний төлөвлөгөөг дэмждэг, тиймээс дэлхий дээр байхдаа Түүнд, Түүний авралын ажилд туслахыг хичээх болно. Би бас үүрд мөнх хамт байх гэр бүлийн гишүүн болохыг хүсдэгийг санаарай.”

Энэхүү сүүлчийн бодол Сүмийн Франц дууны номон дахь нэгэн сайхан дууг надад санагдуулсан юм. Энэ дуу өөр ямарч дууны номонд байдаггүй билээ. Энэ дуулал, “Сувиенс-той” буюу “Санагтун” гэсэн утгатай бөгөөд аяыг нь Антонин Дворак зохиож, New World Symphony -ийн хөгжмийн санд орсон юм. Энэ бол шинээр төрсөн хүүхдэдээ зориулсан эцэг эхийн дуу юм.

Дууны гуравдугаар бадгийг би та нарт уншиж өгье:

“Хүү минь, санагтун: Цагийн эхлэлд,

Бид салхинд зугаацан тоглосон анд найзууд байлаа

Нэг өдөр бид Их Эзэний авралын агуу төлөвлөгөөг хүлээн авахаар

Баяр хөөртэйгөөр сонголтоо хийсэн билээ.

Хүү минь, хайр, итгэлээрээ дамжуулан

дахин учран золгох болно хэмээн тэр үдэш бид амласан билээ.”6

“Хүү минь, санагтун.” Амьдралын агуу үйл явдлуудын нэг нь бид үнэхээр хэн бэ? гэдгээ, хаанаас ирснээ мэдэж, энэ байдал болон амьдралын зорилгодоо ямагт нийцэхээр амьдрах явдал мөн.

Бригам Янг ингэж хэлсэн юм: “Амьдралын хамгийн агуу сургамж бол бид өөрийгөө танин мэдэх явдал мөн… . Чи үүнийг мэдэхийн тулд дэлхийд ирсэн шүү дээ… . Бурханы зүйлсийг мэдэхгүйгээр хэн ч өөрийгөө нэвт шувт мэдэж чадахгүй. Бас хэн ч өөрийгөө танин мэдэхгүйгээр Бурханы зүйлсийг мэдэх буюу ойлгож чадахгүй, эсвээс Бурханыг хэзээ ч мэдэж чадахгүй”7

Саяхан охин маань Араатны хаан арслан хүүхэлдэйн киноноос энэ зарчмын онцгой нэгэн сургамжийг олсноо надад ярьсан юм. Танай үеийнхэн энэ киноны үзэл санаа, дүрсэлсэн үйл явдлын өрнөл дунд өссөн хүүхдүүд билээ. Нас барсан хаан эцэг Муфаза нь Симба дээр хүрч ирдэг тухай энэ киноны үйл явдал өгүүлдгийг та нар санаж байгаа байх. Эцэг нь нас барсны дараа Симба эцгийнхээ үхэлд гэм буруутайгаа мэдэрсэн учраас хаант улсаа орхин хол газар явжээ. Тэр хаан ширээг залгамжлагчийн үүрэг хариуцлагаас мултрахыг хүссэн аж.

Эцэг нь түүнд үзэгдэж, ийн сэрэмжлүүлжээ: “Чи өөрийгөө хэн бэ? гэдгийг бас намайг хэн гэдгийг мартсан байна. Өөрийнхөө дотоод сэтгэлийг шинжин хар, Симба. Чи одоо байгаагаасаа илүү хувь тавилантай. Чи амьдралын эргүүлэг дунд байр сууриа эзлэх ёстой” гээд нэгэн урилгыг хэдэнтээ давтан хэлсэн бөгөөд та нар надтай хамт үүнийг дагаж хэлнэ гэдэгт би итгэлтэй байна: “Өөрийгөө хэн бэ? гэдгийг санагтун. Өөрийгөө хэн бэ? гэдгийг санагтун.”

Энэ туршлага түүнийг бүрэн гүйцэд өөрчилснөөр Симба үүрэг хариуцлагаа өөр дээрээ авахаар шийдсэн юм. Тэрээр өөрийн сармагчин найздаа хандаж “салхи хүртэл өөрчлөгдөж байгаа юм шиг санагдаж байна гэж хуваалцжээ.”

Сармагчин “өөрчлөгдөх нь сайн хэрэг шүү дээ” гэж хариулдаг.

“Өөрчлөлт хийх сайн ч тийм амаргүй. Би юу хийх ёстойгоо мэдэж байна. Гэвч буцаж явах нь өнгөрсөн үетэйгээ тулгарахад хүргэнэ. Би үүнээс л зугтаж өдий хүрлээ” гэжээ.

“Чи хаашаа явах гэж байна?” гэж нөгөөх сармагчин түүнээс асуухад.

“Би гэр рүүгээ буцлаа!” гэж Симба хашгирдаг.8

Бид бүгд амьдралын эргүүлэг дунд байр сууриа олж чадна. Ямар хүн болох ёстой, тийм хүн бол. Та өөрийгөө Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд гэдгээ хүлээн зөвшөөрч, энэ мэдлэгийнхээ дагуу амьдарснаар аз жаргалыг олж, амьдралаа тэнцвэртэй байлгах чадвартай болно.

3. Бурханы амлалтуудад итгэх

Одоо би аз жаргалын гурав дахь зарчим болох: Бурханы амлалтуудад итгэх тухай та нартай хуваалцъя.

“Ирээдүй та нарын итгэл лугаа адил гэрэл гэгээтэй байна”9 гэсэн Ерөнхийлөгч Томас С.Монсонгийн сүнслэг нөлөө бүхий үгсэд би дуртай. Бидний амьдрал дахь амжилт, аз жаргал нь Их Эзэн биднийг зорилгоо биелүүлэхэд удирдах болно гэдэгт итгэлтэй байхаас шалтгаалдаг билээ.

Амьдралд гайхамшигтай амжилт олсон эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд идэр залуу наснаасаа ирээдүйд итгэх агуу итгэлтэй байсныг би ажигласан. Үүний нэг жишээ нь Британы нэрд гарсан төрийн зүтгэлтэн Винстон Черчиль юм. Тэр залуу насандаа өөрийн ирээдүйд бат бөх итгэлтэй байжээ. Тэр 23 настайдаа Энэтхэгт морин цэргийн хороонд алба хааж байхдаа, “Би өөрийнхөө одонд итгэдэг, иймээс дэлхийд нэрд гарах ямар нэг зүйлийг хийх зорилготой байгаа”10 хэмээн ээждээ бичжээ. Ямар их зөнч үг вэ! Тэр үнэхээр улс орныхоо түүхэнд гарамгай үүрэг гүйцэтгэсэн төдийгүй, Дэлхийн II Дайнд Их Британыг ялалтанд хүргэсэн алдарт хүн болсон билээ.

Есүс Христийн Сүмийн залуу гишүүд та бүхнийг удирдах одод тэнгэрт байдаг гэдэгт би итгэдэг. Бурхан та нарын дээрээс харж байдаг бөгөөд та нарт агуу амлалтуудыг өгсөн билээ.

Малахийн номын нэг судар сайн мэдээний Сэргээлтийн мөн чанар нь бөгөөд тэнгэр элч Моронай залуу Иосеф Смит дээр хүрч ирэх болгондоо энэ судрыг эш татдаг байв. Тэнгэр элч бошиглогч Елиагаас эш татан: “Мөн тэрээр эцгүүдэд нь хийсэн амлалтуудыг хүүхдүүдийнх нь зүрх сэтгэлд суулгах болно, мөн хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэх болно” (Иосеф Смит—Түүх 1:39) гэсэн билээ.

Хайрт залуу ах, эгч нар аа, та нар Сэргээлтийн ачаар амлалтын хүүхдүүд болсон билээ. Та бүхэн эцгүүдэд тань хийсэн амлалтуудыг хүлээн авах болно. Их Эзэний эдгээр амлалтууд та нарыг онцгой адислагдсан үеийнхэн болгосон билээ.

Өнөөдөр энд цугласан залуус та нараас олон нь эрэлхэг зориг, агуу золиослолоороо дамжуулан Сүмийг сэргээхэд тусалсан яруу алдарт анхдагч өвөг дээдсийн үр сад билээ. Та нарын өмнөх үеийнхэн бол мөн л эрэлхэг зоригт Гэгээнтнүүдийн үр удам юм. Өнөөдөр миний үгийг сонсож байгаа бусад хүмүүс бол гэр бүлдээ болон улс орондоо анхдагчууд мөн. Мөнхийн гинжин хэлхээнд та нар бол анхны холбоос нь юм. Та нарын түүх, өв уламжлал ямар ч байлаа гэсэн та бүхэн Сүмийн гишүүдийн хувьд сүнслэг гэр бүлийн хэсэг мөн. Та нарын сүнсний удам угсаа нь та бүхнийг бошиглогчдын угтан хэлснээр, Бурханы амлалтуудыг залгамжлагчид болгодог билээ.

Патриархын адислалаа дахин дахин уншиж бай. Их Эзэн энэ адислалд Израилын арванхоёр овгийн нэгэнтэй нь холбосон байгаа. Иймээс та нар итгэл бишрэлээрээ дамжуулан Абрахам, Исаак, Иаков нарт амлагдсан үй олон агуу адислалуудыг өвлөгчид болсон билээ. “Учир нь энэ Сайн мэдээг хүлээн авах болгон нь [түүний] нэрээр дуудагдах болно мөн, [түүний] үр удам хэмээн тооцогддог байх болно, мөн босч зогсоод тэдний эцгийн хувьд [түүнийг] магтан дуулах болно” (Aбрахам 2:10) хэмээн Бурхан Абрахамд амласан юм. Патриархын адислалаа уншихдаа Их Эзэн чамд тусгайлан өгсөн адислалуудад онцгой анхаарлаа хандуул. Адислал бүрийг тунгаан бод. Эдгээр адислалууд юугаараа чамд чухал юм вэ?

Эдгээр адислалууд үнэн бодитой юм. Хэрэв бид өөрсдийн үүргээ биелүүлбэл, Бурхан бас хүлээсэн үүргээ биелүүлэх болно. Алма ариун цэдгүүдийг хүү Хиламандаа гардуулсан өдөр түүний хэлсэн тэрхүү үгсэд би үнэхээр дуртай:

“Хиламан, хүү минь. … санагтун, санагтун.

“… Хэрэв чи Бурханы зарлигуудыг дагаж мөн ариун нандин эдгээр зүйлүүдээр Их Эзэн чамд зарлигласны дагуу хийх аваас, … болгоогтун, газрын эсвээс тамын ямар ч хүч тэднийг чамаас салган авч чадахгүй, учир нь Бурхан өөрийн бүх үгсийг гүйцэлдүүлэхээр хүчирхэг билээ.

“Учир нь тэрээр чамд өгөх бүх амлалтуудаа гүйцэлдүүлэх болно, учир нь тэрээр бидний эцэг өвгөдөд өгсөн амлалтуудаа гүйцэлдүүлсэн билээ”(Aлма 37:13, 16, 17) ).

Бурханы амлалтуудын биелэлт нь дуулгавартай байдал болон үүнтэй холбоотой хуулиудтай ямагт хамааралтай байдаг. Их Эзэн ийн хэлсэн билээ: “Миний хэлснийг та нар хийхэд Их Эзэн бибээр үүрэг хүлээдэг; гэвч миний хэлснийг та нар үл хийхэд та нарт амлалт байх нь үгүй” (С ба Г 82:10).

Нөгөө талаар та нарын амьдралд тохиолддог юм бүхэн та нарын хүсэн хүлээсний дагуу болдоггүйг эдгээр амлалтууд харуулдаг. Бурхан үүний оронд та нарын амьдралд тохиолдох зүйлс Түүний хүслийн дагуу байх болно гэдгийг амладаг. Зарим үед хүнд сорилт бэрхшээл санамсаргүйгээр тохиолдоход бид түүнийг даван туулах ёстой болдог; заримдаа амлагдсан адислалууд удаан хугацаагаар хойшлогддог. Гэвч эдгээр сорилт бэрхшээлүүд болоод амлалтууд бидний мөнхийн өсөлт дэвшилтэд ашиг тусаа өгснийг бид мэдэх өдөр ирэх болно. Бид өөр юу хүсч болох вэ?

Амьдралдаа бидний хүсч болох хамгийн агуу зүйл бол өөрийн хүслийг Их Эзэний хүсэлд захируулж, бидний амьдралд зориулсан Түүний төлөвлөгөөг хүлээн авах явдал мөн. Тэрбээр бүх зүйлийг эхлэлээс мэддэг бөгөөд бидэнд байдаггүй мэргэн ухаан түүнд байдаг. Тэр биднийг хэмжээлшгүй хайр энэрлээр хайрладаг билээ.

Энэ зарчмыг би өөрийн туршлага дээр үндэслэн тайлбарлая. Би бага байхдаа Францын бизнесийн шилдэг сургуулиудын элсэлтийн шалгалтанд бэлтгэхээр шийдсэн. Бүтэн жил үргэлжилсэн энэхүү бэлтгэл надад яггүй хүнд сорилт болсон бөгөөд өдөр бүр шаргуу ажиллахыг шаарддаг байлаа. Би тэр жилийн эхээр элсэлтийн шалгалтанд бэлтгэх ажил хэчнээн хүнд байлаа ч гэсэн, ням гарагийн цуглаанууд болон долоо хоногт нэг удаа хичээллэдэг байсан институтийн хичээлийг ганц ч удаа таслахгүй байхаар шийдсэн юм. Тэр ч байтугай би залуучуудын тойрогт бичиг хэргийн ажилтнаар үйлчлэхийг зөвшөөрсөн. Энэ ажилд долоо хоног бүр хэдэн цаг зориулдаг байлаа. Их Эзэн миний итгэлтэй байдлыг мэдэж, зорилгоо биелүүлэхэд надад туслах болно гэдэгт би үргэлж итгэлтэй байлаа.

Жилийн эцэс болж, шалгалт ойртсон үед би чадах бүхнээ хийсэн юм шиг санагдаж байлаа. Тэгээд улам шаргуугаар залбирч мацаг барьж эхэллээ. Тэгээд хамгийн их нэр хүндтэй нэгэн сургуульд шалгалт өгөхөөр ирсэн үедээ Их Эзэн миний хүсэлтэд хариулна гэсэн итгэлээр дүүрэн байлаа. Харамсалтай нь, үйл явдал миний найдаж байснаас эсрэгээр эргэх нь тэр. Миний хамгийн сайн бэлтгэсэн хичээлээр өгсөн аман шалгалтандаа доогуур дүн аваад санаагаар маш их унасан юм. Их Эзэн намайг ийм их итгэлтэй байхад яаж хаяж чадаж байна аа?

Миний жагсаалтын хоёр дугаарт байсан сургуульд аман шалгалт өгч байх үеэр эргэлзээ, тодорхойгүй байдал намайг эзэмдлээ. Энэ сургуулийн хамгийн хүнд гэж тооцогддог шалгалтыг сургуулийн захирал нь удирдан шалгалтын комисс 45 минут ярилцлага хийж авдаг байсан. Ярилцлага эхэндээ хэвийн байлаа… . Тэгтэл ач холбогдол багатай юм шиг санагдсан дараах асуултыг надаас асуув: “Та энэ шалгалтанд сайн бэлтгэсэн нь харагдаж байна. Гэвч та хичээлээсээ гадна ямар үйл ажиллагаануудад оролцдогийг бид сонирхож болох уу?” Миний зүрх түг түг цохилоод явчихлаа! Бүтэн жилийн турш би ердөө хоёрхон зүйлийг л хийсэн: Энэ хоёр ажил нь юу байв? Шалгалтанд бэлтгэх, Сүмд явах! Энэ бол үнэн зүйл. Шалгалтын комисс миний Сүмийн гишүүнчлэлд сөргөөр хандах вий гэж айсан ч, секундын дараа би баримталдаг зарчмууддаа үнэнч байхаар шийдлээ.

Тиймээс, “Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн” гэж хэлээд Сүмд өөрийн оролцдог бүх үйл ажиллагаа: Хүндэтгэлийн өдрийн цуглаанууд, институтийн хичээл, тойргийн бичиг хэргийн ажилтны үүрэг хариуцлагын тухай 15 минут орчим ярив.

Намайг яриагаа дуусгахад сургуулийн захирал: “Таны ярьсан зүйлд би баяртай байна. Би залуудаа Нэгдсэн Улсад сурч байсан. Миний хамгийн сайн найз нарын нэг нь Мормон байлаа. Тэр найз маань хүний мөсөөр тун сайн, гайхалтай сайхан залуу байсан. Би мормончуудыг тун сайн хүмүүс гэж боддог” гэж ярилаа.

Сэтгэл санаа хэчнээн сайхан болсон гээч! Tэр өдөр би хамгийн өндөр дүн авч тэр сургуульд хүндэтгэлтэйгээр элсэн орж билээ.

Ач ивээлийнх нь төлөө Их Эзэнд талархал илэрхийлэв. Гэвч тэр үед хамгийн нэр хүндтэй сургуульд элсэж чадаагүйтэйгээ эвлэрч чадахгүй байлаа. Шалгалтанд унасан болон энэ нь шударга бус явдал байсан гэсэн мэдрэмж миний санаанаас нэг хэсэгтээ гарч өгөхгүй байлаа. Тэр сургуульд орох миний мөрөөдөл биелэгдээгүй нь гайхамшигтай адислал болж хувирсныг ойлгоход надад хэдэн жил хэрэгтэй болсон юм. Хоёр дахь сургуульд би маш чухал хүмүүстэй танилцсан юм. Тэдэнтэй тогтоосон харилцаа миний ажил мэргэжилд ч миний амьдралд мөн гэр бүлийн минь амьдралд онцгой чухал байсан, бүр өнөөдрийг хүртэл чухал хэвээр байгаа билээ. Бүр тэр үед намайг залуу байхад Их Эзэн хожим нь надаар гүйцэтгүүлэх ажил үүргийг урьдаас мэдэж, миний алхмуудыг удирдаж байсныг би эдүгээ мэдсэн.

Ах, эгч нар аа, та нарыг чадах бүхнээ хийсний эцэст юмс та нарын найдсанаар буюу хүсэн хүлээснээр болохгүй бол Тэнгэрлэг Эцэгийнхээ хүслийг хүлээн авахад бэлэн бай. Тэрбээр бидний сайн сайхны төлөө биш аваас, ямар ч зүйлийг биднээр хийлгэхгүй гэдгийг бид мэднэ. “Бүх маханбодь миний мутарт байна; хөдөлгөөнгүй байж, Би бол Бурхан гэдгийг мэдэгтүн” (С ба Г 101:16) хэмээн бидний чихэнд шивнэх тайтгаруулагч дуу хоолойг анхааралтай сонсогтун.

Би саяхан Вилли, Мартин нарын гар тэрэгтэй бүлгүүдийн түүхийн тухай сэтгэл уярам киног үзлээ. 1856 оны 5-р сард мянга гаруй Гэгээнтнүүдээс бүрдсэн хоёр бүлэг дараалан Английг орхиж, Ютад цагаачлахаар хөдөлжээ. Аюул эрсдэл ихтэй аяныхаа төгсгөлд тэднийг зургаан сарын дараа Солт Лейкийн Хөндийд ирэхэд 200 гаруй хүн дутуу байлаа. Тэдний ихэнх нь “Сион” хэмээн өөрсдийн нэрлэсэн газрыг зорьсон хүнд хүчир аяныхаа замд өвчин, өлсгөлөнгөөр туйлдан нас барсан ажээ.

Энэ кинонд дүрслэн харуулсан анхдагчуудын нэг нь надад гүнзгий сэтгэгдэл төрүүллээ. Тэр дүрвэгчдийн бүлгийг хошин шог яриагаар хөгжөөж, урам зориг оруулж явлаа. Гэвч тэр ихэнх анхдагчуудтай адилгүй байв. Давжаа биетэй, тахир дутуу тэр хүн чухамдаа гайхамшиг биш гэж үү! Эрэлхэг зоригт энэхүү анхдагч бол Английн Шелтенхамын Роберт Пиерс байсныг би мэдсэн.

Аян замын нөхдийнх нь нэг түүнийг “Ийм тахир дутуу хүн ийм хол аянд явж байхыг би огт хараагүй. Дунд чөмөг нь саажилттай, биеийнх нь галбир дүрс алдагдаж муухай болсон ч, тэр агуу итгэлтэй хүн байв. Тэр суга таягтайгаар, биеэ хүчлэн түлхэж, гайхмаар хурдан явдаг байлаа” хэмээн дүрсэлжээ.”11

Нэг өдөр Роберт Пиерс буруу замаар орж, бүлгийнхэндээ харагдахгүй болсон гэнэ. Хэдэн хүн түүнийг олохоор араас нь явж, түүнийг тун аюултай байдалд байхад нь олсон ажээ. Тэдний үгсийг эш татъя:

“Нэг өвгөрсөн модны дэргэд хоёр том саарал чоно оцойн сууж, зургаан бүргэд модны дээгүүр эргэлдэн, түүний хашгирах дуу намдаж, суга таягаараа даллах нь зогсоход модны ёроолд хэвтэх түүний дээрээс бууж, ховдоглон тасчиж залгихыг хүлээж байгааг хараад бид хэчнээн их айсан гээч…

“Бид түүний хувь заяа эмгэнэлтэйгээр төгсөхөөс аварч, тэргэндээ суулган буудалдаа буцаж ирэв” гэсэн байдаг. …

Робертын хүчтэй зан чанарын тухай ийн өгүүлжээ: “Хөөрхий тэр нөхөр маань биднийг аянаа эхлэхэд Солт Лейк хот хүртэл км бүрийг суга таягтайгаа туулна гэж амласан ёсоор нь өөрийгөө явган явуулаач гэж биднээс гуйж байсныг яана.”

Одоо энэ түүхийн эмгэнэлт хэсгийг үзье: “Бид түүнд дахиад хэдхэн өдөр аялах боломж олгож аварсан ч, зургаа дахь өдрийн аян дуусахын алдад энэ дэлхий дэх түүний зовлон төгсөж, түүнийг Элкхорн голын эрэгт нутаглуулсан юм.”12

Роберт Пиерсийн түүхийг эмхтгэсэн Жолин Алфин эгч түүний тухай ийн хүүрнэжээ: “Роберт Пиерс холын аяны хүнд бэрхшээлээс шантралгүй 960 км замыг суга таягтай туулсан нь үнэхээр гайхамшигтай явдал мөн. Түүний зүрх сэтгэлийн чин хүсэл бол Сионд Гэгээнтнүүдтэй нэгдэх явдал байсан бөгөөд аян замын нөхөддөө хэнд нь ч тээр болохгүйг хичээдэг байжээ… . Роберт бусад хүмүүс өөрт нь тусалж ямар нэг юм өгөх буюу түүнд онцгойлон хандахыг хүсдэггүй байв.”13

Ах эгч нараа, би дараах асуултыг өөрөөсөө асуулаа: Агуу итгэлтэй энэ хүнийг чоно, бүргэдээс гайхамшигтайгаар аварсан Бурхан яагаад түүнийг хэдхэн өдрийн дараа замын хажууд үхэхийг нь зөвшөөрсөн юм бол?

Тэр хүн талийгаач болсноор агуу амар амгаланг олсон ажээ. Тэрээр уг кино төгсөхийн өмнөхөн:

“Намайг чухал хүн гэдгийг мөн нэгэн цагт намайг сүр жавхлантай хүн болно гэж номлогчид надад заасан юм! …

Би хүчирхэг бие махбодтой болохыг үргэлж хүсдэг байсан. Би ийм бие махбодтой болно. Та Сионд очихоороо миний тухай санаарай” гэж хэлжээ.14

Би Роберт Пиерстэй холбогдуулан, еврейчүүдэд бичсэн Паулын захидлаас дараах үгсийг санаж билээ:

“Тэд бүгд амлалтуудыг хүлээж авалгүй, харин холоос тэдгээрийг харж, мэндчилж, өөрсдийгөө дэлхийд харь хүмүүс хийгээд цөлөгдөгсөд гэдгийг хүлээн зөвшөөрч, итгэл дотор нас барсан билээ.

“… Тийн ярьдаг хүмүүс нь өөрсдийн нутгийг хайж байгаагаа тодорхой харуулдаг. …

“Харин тэд үлэмж дээр нутгийг хүсч байв. Тэр бол тэнгэрлэг орон мөн”(Еврей 11:13- 14, 16).

Эцэстээ Роберт Пиерс өөрийнх нь эцсийн хүрэх газар бол Солт Лейкийн Хөндий биш, харин тэнгэрийн хаант улс болохыг ойлгосон ажээ.

Энэ нь бид бүгдийн хувьд ч адил юм. Их Эзэний амлалтууд бидний эцсийн хүрэх газрыг зааж өгдөг. Бидний хүн нэг бүрийн хувьд аяны зам Бурханы тухай бидний мэдлэгээс хамааран өөр өөр байх болно. Бидний нөхцөл байдал өөрчлөгдөж болно, санаандгүй үйл явдлууд, сорилт бэрхшээлүүд тохиолдож болно. Гэвч бид итгэлтэй байх юм бол Бурхан амлалтуудаа биелүүлэх болно.

Анн К.Пингрий эгч Их эзэний амлалтуудад итгэлтэй байх гэдэг нь юу гэсэн үг болохыг гайхамшигтайгаар дүрсэлсэн юм. Тэр Ахлагч Брүс МкКонкийн дараах үгсийг эш татжээ:

“‘Бүрэн бөгөөд цэвэр итгэл нь [Бурхан] бидний гуйлтыг сонсож, бидний хүсэлтийг Өөрийн зохих цагт биелүүлэх болно гэдэгт эргэлзэлгүй баттай… бүрэн дүүрэн итгэх итгэлийг биднээс шаарддаг. Бид мөн үүнд итгэснээр өнөөдөр хийгээд маргааш ‘итгэлээрээ гуйвшгүй тууштай байж’ чадна.”

Тэрээр цааш ярьсан нь:

“Бид хаана амьдардаг эсвэл бидний нөхцөл байдал ямар нь хамаагүй харин бид өдөр бүр зөв шударга амьдрах нь Есүс Христэд итгэх бидний итгэлийг харуулах болно. Энэхүү итгэлээр мөнх бус амьдрал дахь гай зовлон, гутрал цөхрөл, биелэгдээгүй амлалтуудын шалтгааныг харж болно. ‘Амлагдсан бүх зүйл нь Гэгээнтнүүдэд өгөгдөх тэр өдрийг хүсэн хүлээхийг бидэнд боломжтой болгосон’” итгэлтэй байх гэдэг өгүүлшгүй сайхан зүйл юм”15

Ах, эгч нар аа, миний амьдралын нөхцөл байдал миний залуудаа төлөвлөж байснаас өнөөдөр маш өөр байгаа нь тодорхой билээ. Гэвч би хэзээ ч ийм аз жаргалтай байгаагүй гэдэгтээ итгэлтэй байна. Намайг 20 настай байхад үүрдийн хань минь надад өгөгдсөнөөс хойш өнөөдрийг хүртэл би амьдралдаа эргэлзээтэй ямар нэг зүйлтэй тулгараагүй гэж боддог!

Та нарын ирээдүй та нарын итгэл лугаа адил гэрэл гэгээтэй

Би Валери болон өөрийнхөө тухай ярихыг хүсч байна. Амьдралынхаа замналыг тунгаан бодох тусам бид хоёр залуу наснаасаа эхлэн мөнх амьдралын үзэл бодлоо хуваалцаж ирсэн нь бидний амьдралд өөрчлөлт гаргасан юм гэдэгт би төдий чинээ бат итгэлтэй байдаг билээ. Бид хоёр мөнхийн гал голомтоо бадраахыг хүсдэг байлаа. Бид юуны учир дэлхий дээр байгаагаа, бидний үүрд мөнхийн зорилго юу болохыг мэддэг байлаа. Бурхан бидэнд хайртайг, бид Түүний мэлмийд агуу үнэ цэнэтэйгээ мэддэг байлаа. Тэр бидний залбиралд Өөрийн арга замаар, сайн гэж Өөрийн бодсон цагтаа хариулах болно гэдэгт бид бат итгэдэг байлаа. Түүний хүслийг хүлээн авах гэдэг нь бид ямар нэг зүйлд суралцах, цааш нь үргэлжлүүлэн байнга суралцах явдал учраас бид Түүнийг хүслийг хүлээн авахад бэлэн байсан эсэхээ би мэдэхгүй. Гэвч бид Түүнийг дагаж, Түүнд бие сэтгэл бүхнээ зориулахын тулд чадах бүхнээ хийхийг хүсдэг байлаа.

Ерөнхийлөгч Монсонгоор удирдуулж байгаа үед та нарын “ирээдүй та нарын итгэл лугаа адил гэрэл гэгээтэй” байх болно гэдгийг би гэрчилж байна. Та нарын аз жаргал амьдралын тань гадаад нөхцөл байдлаас биш харин та нарын дагахаар сонгосон зарчмуудаас ихээхэн хамаарах болно. Эдгээр зарчмуудад итгэлтэй байгтун. Бурхан та нарыг мэднэ, бас Тэр та нарт хайртай. Хэрэв та нар Түүний мөнхийн төлөвлөгөөнд нийцүүлэн амьдрах юм бол, хэрэв та нар Түүний амлалтуудад итгэлтэй байх юм бол ирээдүй тань гэрэл гэгээтэй байх болно!

Та нарт мөрөөдөл, зорилго байдаг уу? Тийм бол сайн байна! Мөрөөдөл, зорилгодоо хүрэхийн төлөө бүх зүрх сэтгэлээ зориулан ажилла. Үлдсэнийг нь Их Эзэн хийх болно. Тэрбээр та нарыг, өөрөө өөрийгөө удирдаж чадахгүй газар руу удирдан хөтлөх болно.Тэрбээр та нарт өөрсдөө хийж чадахгүй зүйлийг тань зааж өгөх болно.

Бүх цаг үед Түүний хүслийг хүлээн авч биелүүлдэг бай. Тэр та нарыг хаашаа явахыг хүснэ, тийшээ явж, та нараас юу хийхийг хүснэ, түүнийг нь хийж бай. Тэрээр та нарыг ямар хүмүүс болохыг хүсдэг шиг тийм хүмүүс болцгоо.

Та нар Тэнгэрлэг Эцэгийн хайрыг амьдралдаа мэдэрдэг байхын төлөө, Тэрбээр та нарт итгэдгийн адилаар та нар Түүнд итгэдэг байхын төлөө би залбирч байна. Та бүхнийг бүх цаг үед, бүх зүйлд итгэлтэй байхын төлөө би залбирч байна. Бүх дэлхийд үзүүлж байгаа та нарын үлгэр жишээ, та нарын хүч чадлыг би гүнээ хүндэлж, бахархан биширдэг бөгөөд та бүхнийг хайрладаг хайраа би илэрхийлж байна.

Энэ амьдрал бол үүрд мөнхийн нэгэн гайхамшигтай үе гэдгийг би гэрчилж байна. Бид Бурхантай уулзахаар бэлтгэх агуу зорилгын тулд энэ дэлхий дээр байгаа билээ. Түүний Хүү Есүс Христ амьд бөгөөд Түүний хязгааргүй Цагаатгал бол мөнхийн аз жаргалын үүд хаалгыг нээсэн, хайрын юугаар ч хэмжих аргагүй агуу бэлэг юм. Есүс Христийн Сүм Бурханы бошиглогчоор удирдуулан дэлхий дээр төгс хэлбэрээрээ оршиж байгаа билээ. Энэ Сүмийн гишүүн байх нь хязгааргүй баяр баясгалан, онцгой боломж юм. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэл

  1. Томас С.Монсон “Ерөнхий чуулганд тавтай морилно уу,” Ensign эсвэл Лиахона 2012 оны 11 - р сар, 4–5 - г үзнэ үү.

  2. Диетер Ф.Угдорф “Харуусал ба шийдвэрүүдийн талаар” Ensign эсвэл Лиахона 2012 оны 11 -р сар 23.

  3. Диетер Ф.Угдорф “Намайг бүү март” Ensign эсвэл Лиахона,2011 оны 11 - р сар 122–23.

  4. Pindar (ca. МЭӨ 522–443 ), Pyth. 2.72 - г үзнэ үү.

  5. L‘âge de raison эсвэл With Love … from the Age of Reason, Яан Самуэлийн найруулсан (Франц, 2010; АНУ, 2011), сүүдэр ший.

  6. “Souviens-toi,” Cantiques (1993), no. 179.

  7. Бригам Янгийн лекцүүд sel. Иохан A. Видстой (1954), 269.

  8. Араатны хаан Арслан Роб Минкофф болон Рожэр Аллэрсийн найруулсан (1994; Walt Disney Studios Home Entertainment, 2011), DVD.

  9. Томас С,Монсон “Зоригтой бай” Ensign эсвэл Лиахона 2009 оны 5 дугаар сар, 92 - г үзнэ үү.

  10. Winston Churchill, quoted in John Charmley, Churchill: The End of Glory, A Political Biography (1993), 20.

  11. John William Southwell, quoted in Jolene S. Allphin, Tell My Story, Too, 8 дахь хэвлэл. (2012), 287.

  12. Southwell, in Tell My Story, Too, 287.

  13. Allphin, Tell My Story, Too, 288.

  14. 17 Miracles, T. C. Крисченсен (2011; EXCEL Entertainment and Remember Films, 2011), DVD.

  15. Анн C. Пингрий “Seeing the Promises Afar Off,” Ensign эсвэл Лиахона, Nov. 2003, 14–15.

© 2012 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хуулиар хамгаалагдсан болно: 5/12. Англи хэлний орчуулгын зөвшөөрөл: 5/12. Бид аз жаргалынхаа уран барилгачид- ийн орчуулга. Хэл. PD50039056363