Дэлхий даяарх онцгой цугларалтууд
Тэрээр зүрх сэтгэлдээ тунгаахдаа


Тэрээр зүрх сэтгэлдээ тунгаахдаа1

Хүндэт нөхөд үйлчлэгч нар минь, би урт хугацааны турш өсвөр үеийнхэндээ заах хүсэлтэй байлаа. 1967 онд та нарын ихэнх нь төрөөгүй байхад ууган охин маань Чикагод өглөөний семинарт явж эхэлсэн юм. Түүнээс хойш 45 гаруй жилийн турш хүүхдүүд, ач зээ, одоо бүр жич гуч маань семинар, институт болон СБС-ийн их сургуульд явж байна. Багш, ажилтан, зохицуулагч, СБС-ийн номлогч, мөн Их Эзэний эдгээр үйлчлэгчдийн хамтрагчдын хувьд өсвөр үеийнхнийгээ Сүм болон Бурханы хаант улс дахь үүрэг хариуцлагад нь бэлдэх та нарын үүрэг үнэхээр чухал юм.

I.

Манай залуус сайн мөн зөв зүйл дэх итгэл, хичээл зүтгэлдээ гайхалтай байдаг. Зөв шударгын ямар ч шалгуураар хэмжихэд тэд үнэхээр онцгой, давуу байдаг. Жишээ нь, сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд Мормон залуучууд шашиндаа үнэнч байж, сүсэг бишрэлийн цуглаандаа тогтмол явдгаараа Америк дахь бусад шашны бүлгээс хамгийн өндөр хувьтай гарсан байна.2 Манай өсвөр үеийнхэн болон залуучууд өмнөх аль ч үеийнхнээс илүү байгаа гэж би итгэдэг. Гэсэн хэдий ч хүрээлэн буй дэндүү үнэмшилтэй бөгөөд хүчтэй уруу таталтууд болон хилэнцийн эсрэг тэднийг хүчирхэгжүүлэх бидний тусламж тэдэнд хэрэгтэй. Бараг 10 жилийн өмнө ерөнхийлөгч Бойд К.Пакер яг энэ индэр дээрээс хэлсэн үгэндээ, “Энэ дэлхий үргэлж түргэсч байдаг хурдаар бууран доройтож байна.”3гэжээ. Мөн өнгөрсөн 11-р сард ерөнхийлөгч Томас С.Монсон Айдахо мужийн Бойси хотын Ариун сүмийг дахин онцгойлон адислахдаа ”Залуу гишүүд маань Сатаны мэхлэх аргаар дүүрсэн энэ дэлхийд алхаж байдаг”4 гэж хэлсэн байна.

Залуу суралцагчид нь орчин үеийн технологид шууд хандах боломжтой байдаг нь сайн мэдээний багш нар, эцэг эхчүүд, эсвэл багшийн дуудлагатай болон багшаар ажилладаг хүмүүст тулгардаг бэрхшээлүүдийг улам нэмэгдүүлж байна. Хэдэн жилийн өмнө нийгмийн халамжийн ерөнхий ерөнхийлөгч асан Жюли Б. Бэк хэлэхдээ: “Гэр бүлийн эсрэг хандлагатай хэвлэл мэдээллийн захиас хаа сайгүй байна. Залуус маань хэвлэл мэдээлэлтэй их ойрхон байдаг. ... бид хичнээн их зааж сургавч өсвөр үеийнхэн маань гэр бүл үүсгэх, гэрлэхийн ач холбогдлыг олж харахгүй байгаа нь ихэсч, мөнхийн гэр бүлтэй болохын чухлыг мэдрэх нь багассаар байна.”5

Одоо би гэр бүлийн эсрэг эдгээр захиасаас заримынх нь талаар ярьж, тэдгээрийг хэрхэн эсэргүүцэх талаар зааж болох хэдэн зүйл хэлэх гэсэн юм. Та судраас заахдаа гэрлэлт болон гэр бүлийн талаарх үндсэн сургаалыг заах үүрэгтэй. Та бүхэнд тэрхүү үүргээ биелүүлэхэд туслах үүднээс би энэ захиасыг өгч байна. Залуу гишүүд маань эдгээр эцсийн өдрүүдэд Их Эзэний ажлыг урагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэх болно. Тэднийг уг үүрэгт нь хүчирхэгжүүлэхээр өнөө үед дээрээс илэрхийлэгдсэн онцгой удирдамжуудад би өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсч байна.6

II.

Заримдаа суралцагчдын маань нэн тэргүүний хэрэгцээт зүйлс болох бидний зааж өгөх хамгийн чухал зүйлсийг бид тоолгүй орхих гээд байдаг. Бүх хүн ойлгодог гэж таамагладаг учраас бид үндсэн зарчмуудыг заахыг орхигдуулж болох юм. Жишээ нь, бошиглогч Исаиагийн заасан энэхүү Библийн үндсэн үнэний нэн чухал байдлыг аваад үзье:

“Учир нь Миний бодол санаанууд бол та нарын бодол санаа биш. Миний зам нь та нарын замаас өөр” гэж Эзэн айлдаж байна.

“Тэнгэр нь газраас өндөр байдаг шиг, Миний зам та нарын замаас, Миний бодол та нарын бодлоос өндөр билээ.” (Исаиа 55:8–9).

2 Нифай 9 –р бүлэгт Бурханы зөвлөмжийг эс анхаардаг, аливааг сурсан гэж боддог хүмүүний мунхаглалын талаар төстэй зүйлийг заадаг(2 Нифай 9:28-г үзнэ үү). Мөн Лукын номд, заасан зүйлсийнх нь учир доог тохуу хийсэн Фарисайчуудад Есүс хариулахдаа: “Та нар бол хүмүүсийн өмнө өөрсдийгөө зөвтгөгчид юм. Гэвч Бурхан та нарын зүрхийг мэднэ. Яагаад гэвэл хүмүүсийн эрхэмлэдэг зүйлс нь Бурханы өмнө жигшмээр юмс байдаг” (Лук 16:15).

Эдгээр судруудаас үзэхэд Христийн дагалдагчид бусдаас өөрөөр бодож сэтгэдэг гэж би дүгнэж байна. Би залуудаа Чикагогийн их сургуульд хуулийн чиглэлээр сурч байхдаа анх тийм дүгнэлтэд хүрсэн юм. Бусад шашны хүмүүстэй тийм ч их таараад байдаггүй Мормончуудын сууринд өссөн надад нэгэн номын сангийн ажилчин шашны чиглэлээр докторын зэрэгт суралцаж байгаа гэдгийг сонсоход их сонирхолтой байлаа. Түүнтэй ярилцах явцад тэрээр Есүс Христийг “Агуу багш” байсан гэж итгэдэг ч Бурханы Хүү гэж итгэдэггүй байсан нь намайг гайхшируулж билээ.

“Та ямар сүмд явдаг юм бэ” гэж би түүнээс асуулаа.

“Өө хамаагүй ээ, надад бусдад зааж номлох, зөвлөгөө өгөх аятайхан нөхцөл байдал олдож л байвал би ямар ч сүмд ажиллахад бэлэн байна.” гэж тэр хариуллаа.

Энэ хүн өөрийн сайн гэж үзсэн зүйлээ хийхийг л хүссэн боловч бүх Христийн шашинтны итгэдэг гэж миний боддог байсан тэр үндсэн сургаал болох Эцэг, Хүү, мөн Ариун Сүнсэнд итгэх итгэл түүнд байсангүй. Шашны зорилго, зан үйлийн хувьд мэдээж хэрэг тэр надаас өөр бодолтой байлаа.

Энэ бол миний сэдэв. Би шашинтай холбоотой олон сэдэв дээр хожмын үеийн гэгээнтнүүд бусдаас өөрөөр боддог гэдгийн бодит байдал, утга учрыг одоо тодорхойлъё.

III.

Би хожмын үеийн гэгээнтнүүд “өөрөөр бодож ойлгодог” гэж хэлэхдээ бид аливаа зүйлийг бодохдоо өөр өнцгөөс харж, эргэцүүлэн тунгаан боддог гэж хэлэх гээгүй юм. Олон чухал сэдвийн талаарх бидний бодол, эхлэх цэг эсвэл эргэцүүлэн тунгаан бодох үндэс нь бусад нөхдийнхөөс маань өөр байдаг. Тэд ч мөн адил өнөөгийн хэвлэл мэдээлэл болон бусад нийтлэг харилцаанд ашиглагддаг олон төсөөллөөс өөр байдаг. Жишээ нь, хожмын үеийн гэгээнтнүүд Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөг нь мэддэг учраас, бид энэ амьдрал бол өмнөх болон ирээдүй нь үл мэдэгдэх ганцхан хэсэгтэй жүжиг мэт биш юм гэдгийг мэддэг. Энэ амьдрал бол 3 хэсэгтэй жүжгийн 2 дахь хэсэг нь юм. Энэ амьдралын зорилго нь 1-р хэсэг буюу бидний өмнөх амьдрал, 3-р хэсэг буюу бидний мөнхийн хувь заяаны тухай илчлэгдсэн зүйлүүдээр тодорхойлогддог. Бидэнд уг төлөвлөгөөний талаарх мэдлэг болон Бурханы илчилсэн бусад үнэнүүд байгаа учраас бид бусдаас өөр төсөөлөлтэй байдаг юм. Эцсийн дүнд нь, бид бусад хүмүүсийн зөвхөн мөнх бус амьдралын талаарх үзэл бодлоороо шүүдэг тэдгээр олон чухал сэдвийн талаар өөр зүйлс ойлгож авдаг.

Зарим талаараа бидний туршлага Матай номны 16-р бүлэгт бичигдсэн дагалдагч Петрийн туршлагатай адилхан байдаг. Есүс Христ төлөөлөгч нартаа Өөрийн Иерусалим руу явах ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нараас их зовлон амсах, эцэст нь бүр алуулах ёстойгоо илэрхийлж эхлэв. Судраас иш татъя:

“Петр Түүнийг татаж - Эзэн минь, Таныг Бурхан өршөөг. Ийм юм Танд хэзээ ч тохиолдохгүй гэж зэмлэж эхэлсэнд,

Тэр эргэж Петрт - Миний араас зайл, Сатан аа! Чи Надад бүдрэх чулуу болж байна. Учир нь чи Бурханы юмыг бус, харин хүнийхийг л боддог гэлээ” (Матай 16:22–23).

Петр Есүсийг Иерусалимд алуулахгүй гэж маргахдаа “Бурханы юмыг бус, харин хүнийхийг л бод”-сон. Хүмүүний мэргэн ухаанаар бодсоны улмаас тэрээр буруу ойлголт авсан байна. Хэрэв тухайн үед Петр “Бурханы зүйлсийг” тунгаан бодсон бол Аврагчийг алуулахыг шаардсан тэр төлөвлөгөөг бодсон бол тэрээр зэмлүүлэгдэхгүй байсан юм. Тэрээр сударт өгүүлдэг “Их Эзэний бодол”, “Христийн бодол”-ыг олж авах байсан (Ром 11:34; 1  Коринт 2:16; С ба Г 102:23; 2 Нифай 9:39-г үз). Энэ нь мөнх бус амьдралд бидэнд тулгардаг янз бүрийн нөхцөл байдалд зориулсан үүрдийн сайн мэдээний үнэнүүд болон заавруудын хэрэгжүүлэлтийн тухай сайн бодож ойлгох чадварыг өгдөг.

Бид “Бурханы зүйлс” болох Түүний авралын төлөвлөгөөний эсрэг зүйлсийг хийж, түүнийг нь дэмждэг дэлхийд амьдарч байна. Энэ нь залуусыг маань найз нөхөд, танилуудаасаа маш их буруу ойлголт, эсэргүүцэлтэй нүүр тулахад хүргэдэг. Жишээ нь, бид гэрлэхээсээ өмнө бэлгийн харьцаанд орох нь буруу зүйл биш гэж үздэг соёл, хүмүүсээр хүрээлэгдсэн байна. Саяхны судалгаа Америкчуудын 53 хувь нь үүнд итгэдэг гэдгийг харуулж байна.7 Үүнтэй төстэй нь, би өнгөрсөн 10-р сарын чуулганд өгсөн яриандаа, ойрын хугацаанд Америкт төрсөн бүх эмэгтэйчүүдийн 41 хувь нь гэрлээгүй гэж дурдсан.8 Эдгээр төрөлтүүдийн ихэнх нь хууль ёсоор гэрлэлгүйгээр хамтран амьдарч буй хосуудаас гарсан байна. Хүүхэдтэй болж буй хосууд хоорондоо гэрлэлгүйгээр хүүхдүүдээ өсгөхийг олон хүмүүс хүлээн зөвшөөрдөг болжээ.

Хэрэв залуусын маань найз нөхөд, бүр ангийн багш нар нь хүртэл гэрлэлт бол чухал зүйл байхаа больсон мөн эцэг эх нь гэрлээгүйгээс болж хүүхдүүд нь ямар ч муу үр дагавар амсахгүй гэсэн шийдвэр гаргаж байвал тэд үүнд юу гэж хариулах хэрэгтэй вэ? Мөн үүнтэй адилаар, тэд гэр бүлийг дахин тодорхойлохын тулд төстэй саналд хэрхэн хариулах хэрэгтэй вэ?

Залуус маань ийм сэдэв,саналын талаар найз нөхөдтэйгөө маргахаас зайлсхийх нь илүү дээр гэж би хэлмээр байна. Хэрэв тэд тулгарч буй дэлхийн үзэл, таамаглалыг өөрсдийн санаандаа тодорхойлсныхоо дараа хожмын үеийн гэгээнтнүүдийн үзэл бодлыг удирддаг өөр ойлголт, арга замуудыг тодорхойлбол илүү дээр байх болно. Энэ нь биднийг манай сүмийн гишүүн биш хүмүүстэй зөвшилцөлд хүргэхгүй, харин ч харилцан яриаг санал зөрөлдөөний эх үүсвэрийг тодорхойлох тэр жинхэнэ шийдлийг нь олохоос холдуулж болох юм.

Бас нэг жишээ авъя: Орчин үеийн нэг хүчтэй, нөлөө бүхий үзэл нь “ёс журмын харилцан хамаарал” буюу туйлын зөв эсвэл буруу гэж байдаггүй гэсэн санаа юм. Тэр санааны цаана Бурхан гэж байдаггүй, эсвэл хэрэв Бурхан байдаг бол Тэрээр өнөөдөр бидэнд хамаарах зарлигуудыг өгөөгүй гэсэн таамаглал байгаа. “...дэлхийд Христ болон Бурхангүйгээр... салхинд туугдах будааны хальс лугаа адил хөөгдөж байгаа билээ”(Мормон 5:16) хэмээн бошиглогч Мормон тодорхойлсны адилаар дээрх санаанд итгэдэг хүмүүс золгүй байдалд хүрдэг.

Хожмын үеийн гэгээнтнүүд мэдээж хэрэг өөр санаагаар эхэлдэг: Мөнхийн хуулийн эхлэл болох Бурхан гэж байдаг бөгөөд олон сонголтоос зөв, бурууг нь ялгах зарлигуудыг өгсөн юм. Түүний мөнхийн төлөвлөгөөний 3-р хэсэг буюу энэ амьдралын дараабидний мөнх бус амьдралд хийсэн үйл ба хүсэл тэдгээр зарлигуудын дагуу байсан эсэхээр бид хариуцлага хүлээх болно. Бид ёс журмын харилцан хамаарлыг эсэргүүцэж, өсвөр үеийнхэндээ худал хуурмаг санаагаар мэхлэгдэхгүй байхад нь туслах ёстой.

IV.

Бид үнэн эсвэл зүйд нийцсэн зөв санааг энэ олон санаануудын хаанаас нь олох вэ? Судрууд болон орчин цагийн бошиглогчдын зааснаар бид Бурханы үгээр өөрсдийгөө зохион байгуулдаг. Бид санаа бодлоо эдгээр үнэнүүд дээр суурилуулахаас нааш гаргаж буй шийдвэрүүд маань үнэн зөв эсэхийг мэдэх аргагүй юм. Мөнхийн үнэнд суурилсан байх нь Есүсийн урьдчилан хэлсэн тэдгээр зовлон, хавчлагаас (Матай 13:21-г үз) хамгаалахгүй. Харин, энэ нь бидэнд Есүс Христэд итгэх итгэлээс ирдэг амар амгалан, мөнхийн амьдрал өөд өсч байгаа гэсэн мэдлэгийг өгөх болно. Орчин үеийн олон чиг хандлага, нийтлэг үзэл санааны талаар өөрсдийн гэсэн үзэл бодлыг бий болгох дараах сургаалыг сурагчиддаа сануулаарай.

Өөрийн гэр бүлийн харилцааны мөн чанар, мөнхийн зорилгын талаар мэддэг учраас бид гэр бүлд гардаг асуудлуудыг дэлхийн бусад хүмүүсээс өөрөөр боддог. Бидний гэр бүлийн тунхагт зааснаар “эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтийг Бурхан заяасан бөгөөд гэр бүл нь Түүний хүүхдүүдийн мөнхийн хувь заяаны төлөөх Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг.”9 Эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэр бүл болох нь Түүний мөнхийн төлөвлөгөөний зайлшгүй нэг хэсэг гэдгийг мэддэг учраас, хожмын үеийн гэгээнтнүүд гэрлэлт нь юуны түрүүнд өсөж үржих болон үр хүүхдээ өсгөх зориулалттай тогтолцоо гэсэн үеийн үед эрхэмлэж ирсэн шашны зарчмыг үргэлжлүүлэн баримталдаг. Мөн бид гэрлэлт нь хүмүүний гэр бүлийн эдийн засаг, улс төр, ёс журмын сайн сайхан байдлын хамгийн зөв тогтолцоо юм гэсэн баттай туршлагыг баримталдаг. Олон жилийн өмнө ерөнхийлөгч Спэнсэр В. Кимболын хэлснээр: “Гэр бүлд асуудал үүсвэл нийгмийн бусад бүх тогтолцоонд асуудал үүснэ” гэснийг бид мэддэг.10

Бид гэрлэлт бол хувь хүмүүс бэлэгдлийн чанартайгаар гэрлээд, хэн нэг нь хүссэн үедээ цуцалж болдог харилцаа юм гэсэн орчин цагийн санааг няцаадаг. Бид зөвхөн өөрсдөдөө бус үр хүүхдүүдийнхээ сайн сайханд анхаарал хандуулдаг.

Манай сүмийн гарын авлагад “Дээрээс илчлэгдсэн загвараар эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоёулаа хүүхдүүдээ мөнх бус амьдралд авчирч, тэдэнд сайхан амьдрах орчныг нь бүрдүүлж, асарч хамгаалахад нэн чухал үүрэгтэй”11 гэж тайлбарладаг.

Манай гэр бүлийн тунхагт: “Хүүхдүүд нь гэр бүлийн дотор төрж, гэрлэлтийн тангаргаа үнэнчээр сахидаг эцэг эхээр өсгүүлэх эрхтэй”12 гэж тусгасан байдаг.

Бурхан бидэнд “Гэрлэлтийн тангарагаа үнэнчээр сахь” гэдэг зарлигийг өгсөн хэмээх итгэл маань гэр бүлийн тунхагт дурдсан бас нэгэн үндсэн санааг гаргаж ирдэг. Түүнчлэн үр удмаа үлдээх энэхүү нандин хүч нь зөвхөн хууль ёсоор гэрлэсэн эхнэр нөхөр болох эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд байх ёстой хэмээн Бурхан зарлигласныг тунхаглаж байна.”13

Энэ тунхаг нь ихэнх хүмүүсийн хувьд зөв биш байж болох ч энэ нь үнэн бөгөөд бид үүний үнэнийг зааж мөн дагаж мөрдөх үүрэгтэй. Энэ нь мэдээж өнөө үеийн дэлхийн ихэнх үзэл санаа, зарчимтай зөрчилддөг. Гэм зэмгүй сая сая хүүхэд гэрлээгүй эхчүүдээс төрж байгаа нь тод жишээ юм.

Гэр бүлийн тунхгаас эш татах бас нэг үнэн нь өсвөр үеийнхний маань ойлголтоос хол давсан нэгэн зарчим байдаг. Энэ нь сайтар анхаарал тавьж, илэрхийлэлтээр заахыг шаарддаг. “Хүйс бол хувь хүний мөнх бус байдлын өмнөх, мөнх бус болон мөнхийн амьдралын тодорхойлолт ба зорилгын салшгүй шинж чанар юм.14

Хүйсийн үүрдийн шинж чанар нь олон үр дагавартай. Сүмийн гарын авлага 2: номонд нэг шинжийг нь тайлбарласан байдаг: “Эрэгтэй, эмэгтэй хүний сүнсний мөн чанар нь бие биедээ туслан амьдрахад оршино. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамтдаа өсч хөгжин, өргөмжлөлд хүрэх хувь тавилантай юм.”15

Эрэгтэй, эмэгтэй хүний сүнс “бие биедээ тусладаг”, учир нь тэд өөр хоорондоо ялгаатай бөгөөд тэрхүү үүрдийн ялгааг хүндэлснээр “хамтдаа өсч хөгжин, өргөмжлөлд хүрдэг”. Тиймээс, гэр бүлийн тунхагт: “Тэнгэрийн загвараар эцэг нь өрх гэрээ хайр болон зөв шударга ёсоор тэргүүлэн удирдаж, амьдралын хэрэгцээт зүйлсээр нь хангаж, гэр бүлээ хамгаалах үүрэгтэй. Эхийн үндсэн үүрэг бол хүүхдүүдээ хайраар өсгөн хүмүүжүүлэх явдал юм. Энэхүү нандин үүргээ биелүүлэхдээ эцэг эхчүүд харилцан бие биедээ адил тэгш туслах ёстой”16 гэсэн байдаг.

Бид Бурханы төлөвлөгөө дэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тус тусын болоод харилцан бие биенээ дэмжих үүргүүдэд баясдаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондоо өөр өөр боловч, Бурханы төлөвлөгөөг гүйцэлдүүлэхээр бие биенээ дэмжих харилцаанд салшгүйгээр холбогдсон байдаг. Өнгөрсөн сард Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Элайн С. Далтон эгч Бригам Янгийн их сургуулийн оюутнуудад дараах чухал зөвлөгөөг өгсөн юм.

“Залуу эмэгтэйчүүдээ, та нар эмэгтэй хүн, эх хүний ариун журамтай шинж чанарын үлгэр жишээг үзүүлэх эмэгтэйчүүд байх болно. ... Мөн гэр бүлүүд салж сарниж, дахин тодорхойлогдож, дайралтад өртөж буй энэ үед гэр бүлийн амьдралын үлгэр жишээ болох эмэгтэйчүүд байх болно. Та нар үүрэг хариуцлагаа ухамсарлах болно. ...

Залуу эрэгтэйчүүдээ, та нар энэ дэлхийд Бурханы нэрийн өмнөөс үйлдэх хүч буюу санваарын хүч нь зөвхөн цэвэр ариун байдлаар ирдэг гэдгийг мэдэх тэдгээр эрчүүд байх болно. Мөн та нар үе үеийнхнийг адислах тэр санваарын хүчийг ашиглах болно.

Та нарын хүн нэг бүрт, амьдралын тань яг тэр цэвэр ариун байдал, ариун журам хожмын үед дэлхийг өөртөө эгнэгт татах болно.”17

Эрэгтэй, эмэгтэй ялгаагүй бид бүгдээрээ Бурханы агуу авралын төлөвлөгөөн дэх онцгой үүргээ ухамсарлаж, баясах тэр цагт жинхэнэ, урт үргэлжлэх аз жаргалыг олдог юм.

Мэдээж хэрэг эмэгтэйчүүдийн хуулийн хамгаалалт, боломжийн талаарх дутагдалтай хэвээр байсаар ирсэн засаж өөрчлөх хэрэгтэй зарим нэг зүйл байдаг. Гэвч хувийн зан байдлын тухай ерөнхийлөгч Гордон Б.Хинкли олон жилийн өмнө бүх нийтийн талаар заахдаа “Бурхан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг бүтээсэн. Үүнээс саармаг хүйс үүсгэх нь ач холбогдол авчрахаас илүү асуудал үүсгэх болно.”18

Гэр бүлийн тунхаг нь “Итгэл хүлээсэн иргэд, төрийн албан хаагч та бүхнийг нийгмийн үндсэн нэгж болох гэр бүлийг бэхжүүлэн авч явах эдгээр арга замыг ямагт хэрэгжүүлэгтүн хэмээн уриалан дуудаж байна”19 гэсэн уриалгаар дуусдаг.

Бид Бурханы үг болон Түүний амьд бошиглогчдын заасан зүйлст өгөгдсөн Бурханы төлөвлөгөө, захиасын эсрэг орчин үеийн үзэл санааг хэмжиж эхлэхэд бидний гаргах дүгнэлт өөрөөр сэтгэдэг хүмүүсийнхээс өөр байна гэж бодох ёстой. Гэхдээ бид энэ нь биднийг сүнслэг байдлаар мөнхөд аюулгүй байлгадаг гэдгийг мэддэг учраас энэ байр сууриндаа бат зогсдог. Ихэнх хүмүүс үүнтэй санал нийлдэггүй ч бид яагаад энэ талаас нь сэтгэдэг талаар өгөх бидний тайлбар, байр суурь маань бусдад илүү сайн ойлголт өгөх болно.

V.

Гурван жилийн өмнөх ерөнхий чуулганы яриандаа би, бусад хүмүүс итгэлтэй хожмын үеийн гэгээнтнүүдээс өөрөөр боддогийн хэдэн жишээний талаар дурдаж байсан.20 Тэдгээр жишээ нь бидэнд дутагдаж буй хайр ба хуулийн хоорондох үл ойлголцлын талаар байсан юм. Үүний талаар дахиад ярих нь хангалттай чухал асуудал бөгөөд хэчнээн хайраар дүүрэн орчин байсан ч бүр хожмын үеийн гэгээнтэн гэр бүлүүдийн дунд хүртэл тэр үл ойлголцол харагдсаар байна.

Эхний жишээ нь, гэрлэлгүйгээр хамтран амьдардаг нэгэн залуу түүнд санаа зовсон эцэг эхдээ, “Хэрэв та нар надад хайртай л юм бол хамтран амьдрагч бид хоёрыг бусад гэрлэсэн хүүхдүүдийнхээ адил хүлээн зөвшөөрөх байсан” гэжээ. Энэ залуу эцэг эхийн хайр Бурханы зарлигуудаас дээгүүр байх ёстой хэмээн маргаж байна. Бурханы зарлигуудын зорилго, үр нөлөө болон өөрсдийн үүрэг хариуцлагыг ойлгодог эцэг эхчүүд мэдээж хэрэг өөрөөр бодож байгаа. Хэдийгээр Бурханы зарлигуудыг зөрчиж байгааг нь зөвшөөрөхгүй байгаа ч гэсэн, тэд охиноо эсвэл хүүгээ хайрладаг хайраасаа эсвэл гэр бүлийн хүрээнээсээ хасдаггүй.

Бурханы хайрын үр нөлөөний талаарх хоёр жишээ дурдъя. Эхний жишээ нь, ирэх амьдралд мөнхийн гэр бүлтэйгээ аз жаргалтай амьдрахын тулд хосууд үүрд мөнхөд гэрлэсэн байх ёстой гэсэн сургаалыг эсэргүүцдэг хүн байжээ. Тэрээр “Хэрэв Бурхан бидэнд үнэхээр хайртай юм бол, эхнэр нөхрүүдэд ингэж хандаж байгаад нь би итгэж чадахгүй байна” гэж хэлжээ. Дараачийн жишээ нь, Бурхан нэг хүн эсвэл нэг үндэстнийг зовж зүдрэхийг зөвшөөрч байгааг нь хараад итгэл нь үгүй болсон гэж ярих хүн байна. Тэрээр ярианыхаа төгсгөлд, “Хэрэв бидэнд хайртай Бурхан гэж байдаг бол, Тэр бидэнд ийм зүйл тохиолдохыг зөвшөөрөхгүй байх байсан юм” гэжээ.

Ингэж боддог хүмүүс Бурханы хайр бол үнэхээр агуу, хэнийг ч ялгадаггүй бөгөөд энэ нь нигүүлсэнгүй сэтгэлээр тэднийг Түүний хуулиуд эсвэл Түүний төлөвлөгөөний нөхцлүүдийг дагахаас чөлөөлдөг гэж буруугаар итгэдэг. Тэд Бурханы мөнхийн хуулийн үндэс суурь нь тэдний үзэл бодолтой нийцэж байх ёстой гэж боддог ба өөрсдийн бодсоноосоо эсрэгээр сэтгэдэг. Гэвч энэ нь тун будлиантай санаа юм. Бурханы хайр нь Түүний зарлигууд эсвэл төлөвлөгөөг орлодоггүй.

Бурханы хайр ба Түүний хуулийн харилцан хамаарлыг ойлгодог хүмүүс “Энэ дэлхийн сууринаас өмнө дээр нь бүх адислал тулгуурлагдсан хууль тэнгэрт эргэлт буцалтгүйгээр тогтоогдсон болой—

“Мөн бид ямар ч адислалыг Бурханаас авлаа гэхэд, энэ нь тулгуурлагдсан тэрхүү хуульд дуулгавартай байснаар буюу.” (С ба Г 130:20–21).

Нигүүлсэл нь шударга ёсыг дээрэмдэж болдоггүй (Алма 42:25-г үз). “Харин гэрээг сахьж мөн зарлигийг дагасан тэд” Бурханы хүүхдүүдээ гэсэн хайрын улмаас нигүүлслийг олж авдаг (С ба Г 54:6).

Энэ үндсэн зарчим нь олон зүйлийн учир шалтгааныг ойлгоход тусладаг. Жишээ нь, шударга ёс ба нигүүлсэл нь Цагаатгалаар зохицуулагддаг. Энэ нь мөн Бурхан яагаад хүүхдүүдээ сонгох эрх чөлөөгөө ашиглахаас нь хориглодоггүйг тайлбарладаг. Сонгох эрх чөлөө буюу бидний сонголт хийх хүч нь биднийг дэлхийд авчирдаг төлөвлөгөөний үндэс суурь нь юм. Хэдийгээр хүмүүс нэг нэгнээ хөнөөж, гэмтээж, дарлаж байсан ч гэсэн ихэнх тохиолдолд Бурхан бусад хүмүүсийн сайн сайхныг хамгаалахын тулд хүмүүсийн сонголтын үр дагаварт нөлөөлдөггүй. Учир нь энэ нь бидний мөнхийн өсөлт хөгжлийн төлөөх Түүний төлөвлөгөөг устгах болно (Алма 42:8-тай харьцуул). Хэдийгээр Бурхан тэдгээр сонголтуудад саад болохгүй ч гэсэн (Мозая 24:14–15-тай харьцуул), Тэр биднийг бусдын сонголтуудын үр дагаврыг тэвчихээр адислах болно. Мөнх бус амьдралын боломжууд нь бусдын сонголтоос болж хязгаарлагдсан эсвэл багассан хүмүүс яваандаа Есүс Христийн Цагаатгал ба нигүүлслээр дамжуулан амлагдсан бүх боломж, адислалуудыг авах болно.

Бурхан өөрийн хүүхдүүдийн сонголтыг буюу сонгох эрх чөлөөг хүндэтгэн үзэж, шударга хандахын мөнхийн үр дагавар нь бидний “жүжгийн 3 хэсэг” гэж нэрлэдэг Тэнгэрлэг Эцэгийн маань төлөвлөгөөний эцсийн цэгт аваачдаг. Тэнд болдог эцсийн шүүлт нь бидний ёс журмын хэцүү аялалын үр нөлөө, зорилгын талаарх олон зүйлийг тайлбарладаг. Бид орчин үеийн илчлэлтээс “Бүх хаант улс өгөгдсөн хуультай болой” (С ба Г 88:36) хэмээснийг уншдаг. Жишээ нь:

“Учир нь селестиел хаант улсын хуулийг мөрдөх боломжгүй тэд селестиел алдар сууг тэсэн гарч чадахгүй.

“Мөн террестриел хаант улсын хуулийг мөрдөж чаддаггүй тэд террестриел алдар сууг тэсэн гарч чадахгүй.

“Мөн телестиел хаант улсын хуулийг мөрдөж чаддаггүй тэд телестиел алдар сууг тэсэн гарч чадахгүй; тиймийн тул, тэрээр алдар суугийн хаант улсад үл тохирох авай. Тиймийн тул, тэрээр алдар суугийн хаант улс бус хаант улсыг тэсэн гарах ёстой” (С ба Г 88:22–24).

Өөрөөр хэлбэл, эцсийн шүүлтэд бидний хуваарилагдах алдар суугийн хаант улс нь хайраар шийдэгддэггүй, харин Түүний хайрын учир, биднийг “Бурханы бүх бэлгүүдээс хамгийн агуу бэлэг болох мөнх амьдралтай байх болно” (С ба Г 14:7)гэсэн Бурханы бидэнд өгсөн хуулиар шийдэгддэг юм. Үнэнийг мэддэг хүмүүс олон зүйлийн талаар мэддэггүй тэдгээр хүмүүсээс өөрөөр сэтгэдэг.

VI.

Бид нарын амьдардаг дэлхий нь Матайгийн сургаалд дүрсэлсэн Аврагчийн тайлбартай төстэй юм. Ургац хураах цаг болтол, эрүүл бөгөөд сайн буудай нь дайсны тариалсан зэрлэг өвстэй зэрэгцэн ургаж байна (Матай 13:28–30, 39-г үзнэ үү). Тариачны зүйрлэлд Есүс үр дүнг нь дүрслэхдээ: Чулуурхаг газар унасан нь үгийг сонсоод тэр даруйдаа баяртайгаар хүлээн авч, харин өөрт нь “бат үндэс байхгүй тул” түр зуур байдаг аж. Үгнээс болж хавчлага, эсвэл зовлон тохиолдоход тэр дороо л унадаг (Матай 13:20–21- г үзнэ үү). Бусад үрнүүд “хогийн ургамлын дунд” унаж, Маркийн дүрсэлснээр, “харин ертөнцийн зовнил, эд баялгийн хуурамч байдал, бусад зүйлсийг хүсэх хүсэл нь үгийг шахан зайлуулахад тэр нь үр жимсгүй болдог (Марк 4:19). Уг зүйрлэл бид зовлон зүдгүүр, хавчлага дарамт амсах, эсвэл өөр бусад замаар итгэлдээ үнэнч үлдэх боломжгүй болсон үед “ертөнцийн зовнил” эсвэл “бусад зүйлсийг хүсэх хүсэл”-ээсээ болоод гомдохдоо үзүүлдэг хариу үйлдлийг дүрсэлдэг.

“Фарисайчуудын сургаалаас болгоомжил” хэмээн Есүсийн шавь нартаа өгсөн сануулгыг бид хэрэгжүүлэх хэрэгтэй (Матай 16:12). Бид орчин үеийн Фарисайчуудын сургаал, санаа, ухуулгаас зугтаж чадахгүй. Бид чинь энэ дэлхийд амьдрах ёстой шүү дээ. Гэхдээ бүү “ертөнцийнх” (Иохан 15:19; 17:14, 16) бай гэдэг сургаал нь алдааг олж, үүнийгээ бодол санаа, хүсэл, үйлдлээсээ авч хаяхыг биднээс шаарддаг. Ингэснээр бид Есүс Христэд итгэх итгэл болон Тэнгэрлэг Эцэгийнхээ төлөвлөгөөний талаарх мэдлэгээрээ дамжуулан эдгээр хэцүү цагт өөрт итгэх итгэлтэйгээр урагш тэмүүлж чадна.

Бид залуустаа сайн мэдээний үнэнүүдийн талаар сайн бодож тунгаан, тэдгээрийг ашиглан шалгуур сорилтуудыг давахад нь туслах ёстой. Үүнийг хэрэгжүүлсэн хүмүүс “Бурханы Хүү, Христ болох, бидний Гэтэлгэгчийн хадан дээр та нар сууриа тавих ёстойг санагтун;иймээс чөтгөр хүчит салхиа, тийм ээ, хуй салхин дахь дайралтаа илгээхэд, ...энэ нь та нарыг зовлонгийн хийгээд төгсгөлгүй халаглалын ангал тийш доош чирж дийлэх хүчгүй байх болно, та нар дээр нь босгогдсон “бат бөх суурь” дээр, хүмүүн нь үүний дээр баривал унах аргагүй хадны учир болой” гэсэн бошиглогчийн амлалтыг үзэх болно (Хиламан 5:12).

Би тэрхүү бат бөх суурь үнэн гэдгийг гэрчилж байна. Би итгэлийн минь үүсгэгч мөн төгсгөгч болох Есүс Христийг гэрчилж байна. Хэрэв бид Их Эзэний үгс болон Түүний бошиглогчдын заасан зүйлсийн дагуу амьдарвал адислагдах болно гэдгийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.

© 2013 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. Англи хэлний зөвшөөрөл: 1/13. Орчуулгын зөвшөөрөл: 1/13. Тэрээр зүрх сэтгэлдээ тунгаахдаа –н орчуулга. Mongolian. PD50046558 363

Тэмдэглэл

  1. Сургаалт үгс 23:7.

  2. Роберт Д.Путнам болон Давид И. Кампбэлл, American Grace: How Religion Divides and Unites Us (2010), 138.

  3. Бойд K.Пакер, “The One Pure Defense,” СБСистемийн шашны багш нарт хандсан яриа, 2004 оны 2-р сарын 6, 4-р хуудас.

  4. Томас С.Монсон, “Boise Idaho Temple: ‘Again Hallowed,’” Church News, Nov. 25, 2012, 5.

  5. Жюли Б.Бек, “Teaching the Doctrines of the Family,” Шашны семинар, институтын хиймэл дагуулаар дамжуулах нэвтрүүлэг, 2009 оны 8-р сарын 4,  4-р хуудас.

  6. Сараа Жэйн Вэвер, “Roundtable: ‘Hastening the Work,’” Church News, 2012 оны Арванхоёр дугаар сарын 30, 4–5 хуудасыг үзнэ үү.

  7. Том В.Смит болон бусад, General Social Surveys, 1972–2010: Cumulative Codebook (2011 оны 3-р сар), 410.

  8. Жойси А.Мартин болон бусад, “Births: Final Data for 2010,” National Vital Statistics Reports, vol. 61, no. 1 (2012 оны Наймдугаар сарын 28,), 8–9 үзнэ үү.

  9. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” Ensign or Лиахона, 2010 оны 11 дүгээр сар 129.

  10. Спенсер В.Кимбалл, “Families Can Be Eternal,” Ensign, 1980 оны 11 - р сар,  4.

  11. Гарын авлага  2: Сүмийг Удирдах нь (2010), 1.3.2.

  12. “The Family,” 129.

  13. “The Family,” 129.

  14. “The Family,” 129.

  15. Handbook  2,  1.3.1.

  16. “The Family,” 129.

  17. Элайн С.Далтон, “Prophetic Priorities and Dedicated Disciples” (БЯИС ийн онцгой цугларалт дээр хандаж хэлсэн үгс, 2013 ооны 1-р сарын 15,), 7, speeches.byu.edu.

  18. Гордон Б.Хинкли, “Live Up to Your Inheritance,” Ensign, Nov. 1983, 84.

  19. “The Family,” 129.

  20. See Даллин Х.Өүкс, “Хайр ба Хууль,” Ensign эсвэл Лиахона, 2009 оны 11-р сар, 26–29.

Хэвлэх