Дэлхий даяарх онцгой цугларалтууд
Мэдэгдэл


Мэдэгдэл

Сүмийн Боловсролын Системийн залуучуудад зориулсан онцгой цугларалт • 2014 оны 11-р сарын2 • Юта, Огден, Огдений табэрнэкл

Эрхэм хүндэт ах, эгч нар аа, бидний хүн нэг бүр нь бидэнд тусалж, удирдамж чиглэл өгдөг удирдагчдыг дуудаж, тэдэнд сүнслэгээр нөлөөлдөг, хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн хүү, эсвэл охин билээ. Бид заахаар итгэмжлэгдсэн хүмүүсээсээ суралцах гэж хамтдаа цугладаг нь ямар агуу адислал вэ. Өнөө орой энд цугласан та бүхэнд баярлалаа. Онцгой цугларалтын эхэнд би та бүхэнд товчхон боловч хоёр чухал мэдэгдэл хийхийг хүсэж байна.

Эхний мэдэгдэл бол 2015 оны 1-р сараас эхлэн Сүмийн Боловсролын Системийн онцгой цугларалтуудыг Дэлхий даяарх залуучуудад зориулсан онцгой цугларалт гэж нэрлэх болсон тухай юм. Дэлхийн даяарх эдгээр онцгой цугларалт жилд гурван удаа—нэг, тав, есдүгээр сард болно. Энэхүү өөрчлөлт нь шууд нэвтрүүлэг бүрийн ач холбогдлыг өндрөөр үнэлж, залуу хүн бүрийг хаана, ямар нөхцөлд амьдарч байгаагаас нь үл хамааран энэ цугларалтад оролцуулахаар урих зорилготой юм. Та бүхэн онцгой цугларалт бүрд оролцохын төлөө бүхий л хүч чармайлтаа дайчлахын сацуу бусдыг ч бас хамт оролцоход урамшуулан дэмжих хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд та тэдэнтэй харилцаа холбоотой болох бөгөөд удирдагчдынхаа зөвлөгөөг сонсож, хувийн илчлэлт, удирдамж чиглэл хүлээн авах боломж танд ч, мөн тэдэнд ч нээгдэх болно. Бид санваарын удирдагчдыг дэлхий даяарх эдгээр онцгой цугларалтыг орон нутагт чухал үйл явдал болгоосой хэмээн урамшуулан дэмжиж байна.

Хоёр дахь мэдэгдэл нь Сүмийн их сургуулиуд, шашны институтийг төгсөхөд шаардлагатай хичээлүүдтэй холбоотой юм. Сүмийн боловсролын хороо болон БЯИС, БЯИС-Айдахо, БЯИС-Хавай болон ХҮГ Бизнесийн коллеж 2015 оны намраас эхлэн нэмэгдэж орох дөрвөн шинэ хичээлийг баталсан юм. Эдгээр нь “Есүс Христ ба үүрдийн сайн мэдээ,” “Мормоны Номын заадаг зүйлс ба сургаал,” “Сэргээлтийн сууриуд,” “Мөнхийн гэр бүл” гэсэн хичээлүүд юм.

Эдгээр шинэ хичээл нь таны шашны боловсролын туршлагын тулгын чулуу болох зорилготой юм. Тэдгээр нь судрууд дээр болон хожмын үеийн бошиглогчдын заасан зүйлс дээр төвлөрч; Аврагч, Түүний сургаал, Сүмийн түүхэн дэх онцгой чухал үйл явдлууд зэрэгт анхаарлаа хандуулах болно. Та бүхэн жишиг бүтээлүүдийг бүгдийг судалснаар судрууд хоорондоо холбогдож, сайн мэдээний агуу мэдлэгийг эзэмшин, жишиг бүтээлүүдийн ном бүрийг бүрэн дүүрэн ойлгож, талархахад тань туслах юм. Эдгээр хичээл нь таны сүмийн болон сайн мэдээг судалсан өмнөх үеийн туршлагууд дээр нэмэгдэн, өөрийнхөө одоогийн нөхцөл байдалтай холбоотой арга замуудаар сайн мэдээний зарчмуудыг амьдралд хэрэгжүүлэхэд тань тусална.

Одоогийн судрын бүх хичээл, мөн шашны бусад хичээл нь манай их сургуулиуд болон институтэд цаашид үргэлжлэх болно гэдгийг ч бас мэдэгдэж байна. Эдгээр шинэ хичээлийг одоо элсэж байгаа болон үргэлжлүүлэн суралцаж байгаа суралцагчид мөн судлах шаардлагатай. Та бүгд энэ хичээлүүдийг Сүмийн их сургууль эсвэл шашны институт төгсөх хүртлээ судална уу. Хэрэв та төгсөлтийн шаардлагуудыг аль хэдийн хангасан бол институт болон Сүмийн их сургуулийн шашны ангиудад оролцсоноор сайн мэдээнээс үргэлжлүүлэн судлах талаар анхаарч үзнэ үү. Та бүхэн ойрын үед education.lds.org эсвэл facebook.com/LDSInstitute хаягаар орж, эдгээр шинэ хичээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олж үзэх болно.

Та бүхэн дэлхий даяарх онцгой цугларалт, шашны хичээлүүдэд оролцсоноор судруудыг илүү сайн ойлгож, та нарыг дэмжиж, сүнслэг нөлөө үзүүлэх бусад хүнтэй нөхөрлөн, Есүс Христэд итгэх итгэлээ болон гэрчлэлээ хүчирхэгжүүлэх болно гэдэгт би итгэлтэй байна. Энэ адислал бид бүгдтэй хамт байх болтугай, Есүс Христийн нэрээр, амен.

© 2014 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. Англи эхийн зөвшөөрөл: 1/14. Орчуулгын зөвшөөрөл: 1/14. “Announcement”-ын орчуулга. Mongolian. PD10052815 363

Хэвлэх