Дэлхий даяарх онцгой цугларалтууд
Бат бөх суурь


Бат бөх суурь

Сүмийн Боловсролын Системийн залуучуудад зориулсан онцгой цугларалт • 2014 оны 11-р сарын 2 • Юта, Oгдений табэрнэкл

Холлстром эгч бид хоёр өнөө орой та нартай хамт байгаадаа үнэхээр сэтгэл хөдөлж байна. Өнөө орой энд цугласан залуучууд та бүхний царайнаас бид энэхүү шууд нэвтрүүлэгт оролцож байгаа дэлхий даяарх ганц бие болон гэрлэсэн залуучуудыг төсөөлөн харж байна. Бид дэлхий даяарх Сүмээр олон удаа айлчлан очих боломжтой байдаг бөгөөд та нарын олонхтой, бас та нар шиг олон ч залуутай нүүр тулан уулздаг билээ. Бид хөрвөгдсөн хийгээд хөрвөлтийнхөө түвшинг улам бүр дээшлүүлэхээр ажиллаж байгаа залуустай, бас алдагдсан болон алдагдаад олдсон, эсвэл илүү онож хэлбэл, өөрсдийгөө олсон залуустай нүүр тулан уулзсан. Түүнчлэн бид манай Сүмийн гишүүн биш хүмүүстэй болон саяхан баптисм хүртсэн гишүүдтэй, мөн олон үеэрээ Сүмийн гишүүн байгаа гэр бүлүүдтэй ч уулзсан. Тэд бүгдээрээ Бурханы хүүхдүүд бөгөөд үүрдийн адислал бүрийг хүртэх бүрэн боломжтой гэдгийг бид гэрчилж байна.

Сүмийн удирдлагын нэрийн өмнөөс “Бид та нарт хайртай шүү!” хэмээн би урам зоригтойгоор хэлье. Би бошиглогч, төлөөлөгчдийг ойроос ажиглан харж, тэднийг сайн мэддэгийнхээ хувьд, тэд Сүмийн залуучууд та нарын төлөө онцгой анхаарал халамж тавьдаг гэдгийг итгэлтэй хэлж чадна. Та нар Сүмд одоо болж байгаа болон ирээдүйд тохиох үйлсэд чухал үүрэг гүйцэтгэх болно. Бидэнд та бүхэн хэрэгтэй!

Энэхүү цуглааныг Ютагийн сүр жавхлант Огден ариун сүмийн зэргэлдээх шинэчлэн засварласан үзэсгэлэнт барилга - Огдений табэрнэклээс нэвтрүүлж байна. Энэ ариун сүмийг болон энэхүү табэрнэклийг ерөнхийлөгч Томас С.Монсон ердөө зургаахан долоо хоногийн өмнө дахин онцгойлон адисалсан билээ. Энэхүү ариун сүм бол өдгөө Сүмийн хэмжээнд болон дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй 143 ариун сүмийн нэг юм. Намайг төрөх үед ердөө наймхан ариун сүм байсан нь миний хэр хөгширч байгааг илтгэх бөгөөд үүнийг илүү эергээр хэлбэл, энэ нь Их Эзэн Өөрийн ажлыг жинхэнэ утгаараа хэрхэн яаравчлуулж байгаагийн нотолгоо юм.

Би өнөө орой ариун сүмийг зүйрлэл болгон ашиглаж, бат бөх суурийн тухай ярина. Ариун сүм бүрийн зураг төсөл болон барилгын ажилтай зэрэгцэн хийгддэг ч ариун сүм баригдсаны дараа амархан харж болдоггүй нэг зүйл бол суурь тавих чухал ажил юм. Жишээ нь, энэ бол одоо баригдаж байгаа Филадельфийн Пеннсильванийн ариун сүмийн уран барилгачийн хийсэн нарийвчилсан зураг. Энэхүү ер бусын барилга дууссан үедээ дээврээ хүртэл 25 метр өндөр, орой дээрх тэнгэр элч Моронайн хөшөөг оролцуулаад 60 метр өндөр байх болно. Энэ ариун сүм хэчнээн гайхамшигтай болохыг харж байгаа биз дээ! Гэхдээ энэхүү барилга хэчнээн сүрлэг, хэчнээн бат бөх байлаа ч, сүйрүүлэгч салхи, гадаргуугийн усны хүчтэй үер зэрэгт өртвөл эвдэрнэ. Хэрэв эдгээр аюултай нөхцөл байдлыг урьдчилан тооцоолохгүй бол, энэхүү гайхамшигтай сайхан барилга ноцтой эвдэрч, бүр устаж ч болно.

Байгалийн эдгээр хүчин зүйл ариун сүмийг тойрохгүй гэдгийг инженерүүд мэддэг учраас барилгын довжооны хэсгээс доош 10 метрт гүнзгий нүх ухахаар зурагт тусгаж, барилгын гүйцэтгэгч уг нүхийг ухдаг. Дээр нь барилга барих энэхүү суурь бат бөх байхын тулд суурийн нүхийг Пеннсильванийн байгалийн нэлэнхүй боржин хадан дунд ухсан байна. (Слайд 3) Хар салхи болон гадаргуугийн хүчтэй үерт тэсвэртэй байхын тулд боржин хаднуудыг зангуу мэт болгон, төмөр бетонон тулгууруудтай, мөн суурьтай холбожээ. Зангуунуудыг боржин хад руу 15 - 70 метр хүртэл гүн өрөмдөж тогтоосон нь 1 см квадрат талбайд 113 тонн даралтыг тэсвэрлэхүйц бат бөх юм. Зангуунуудыг хоёр чиглэлд, хоорондоо 5 орчим метр зайтай байхаар байрлуулжээ.

Аль ч үзүүлэлтээрээ түр зуурын тийм барилга барихтай адилгүй нь бид үүрдийн (мөнхийн) амьдралаа төвхнүүлэхээр сууриа зураглан төлөвлөж, барихдаа заримдаа харамсмаар бага анхаарал хандуулдаг. Чухам иймээс л бид аюултай хүчнүүдэд хялбархан идэш болж, нөлөөнд нь амархан автдаг гэсэн санааг ойлгуулах үүднээс би дээрх нарийвчилсан мэдээллийг ашигласан юм.

Бид амархан төөрөгдөлд орж болох дэлхийд аж төрж байгаа бөгөөд хэрэв үүнд боломж олгох юм бол бид өөрсдийгөө чухам хэн болохыг мартахад хүрч болно. Ерөнхийлөгч Томас С.Монсон хэлэхдээ:

“Мөнх бус байдал бол сорилтын үе, бид Тэнгэрлэг Эцэгтээ эргэж очихуйц зохистой болохоо өөрсдөө нотлон харуулах тийм үе юм. Бид соригдохын тулд сорилт бэрхшээлүүдтэй тулгарах ёстой. Сорилт бэрхшээлүүд биднийг эвдэж болно, хэрэв бидний итгэлийн суурь, үнэний тухай гэрчлэл бидний дотоод сэтгэлд гүн суулгагдаагүй бол бидний бодгаль илүү сул дорой болж ч мэднэ.

“Бид бусдын итгэл, гэрчлэлд удаан хугацаагаар найдвар тавьж болох ч, эцсийн эцэст бид өөрийн хүчирхэг, гүнзгий суулгагдсан суурьтай болох ёстой, эс бөгөөс бид амьдралын хүнд сорилтуудыг тэсэн гарах чадваргүй байх болно1 гэсэн билээ.

Есүс Христ Өөрийг нь сонсож дагасан нэг хүний тухай дүрслэхдээ:

“Тийм хүн нь барьж байгаа байшингийнхаа суурийг газраа гүн ухаад хадан дээр суурилуулсан нэгэнтэй адил юм. Үер бууж, гол халин байшинг нүдсэн боловч хөдөлгөж чадсангүй. Юу гэвэл байшин бат бөх баригдсан ажээ.

“Харин сонсоод үүнийхээ дагуу үйлддэггүй нэг нь газар дээр суурь тавилгүй байшин барьсан хүнтэй адил юм. Гол үерлэж байшинг дайрахад тэр дороо нурав. Тэр байшингийн сүйрэл үлэмж болов гэж сургалаа” (Лук 6:48–49) гэжээ.

Есүс Христ бол бид дээр нь итгэлээ барих ёстой хад юм. Их Эзэн өөрийгөө “Израилийн чулуу” хэмээн нэрлэж, “Энэ хадан дээр барьдаг тэр нь хэзээ ч нурахгүй байх болно” (С ба Г 50:44) гэж урам зоригтой нотолсон билээ.

“Сүр хүчийг бидний Бурханд өг” мөн “Тэр бол Хад, Түүний үйлс нь төгс” (Дэд хууль 32:3–4) хэмээн Мосе хэлсэн бол, Давид: “Эзэн бол миний хад, миний цайз, … миний бамбай, … миний цайз хэрэм” (2 Самуел 22:2–3) гэж хэлсэн байдаг. Их Эзэн Еноход “Би бол Мессиа, Сионы Хаан, Тэнгэрийн Хад билээ” (Moсе 7:53) гэж хэлсэн бол, Нифай Их Эзэнийг магтан “авралын минь хад,” “миний зөв шударгын хад” (2 Нифай 4:30, 35) гэж хэлсэн. Исаиа Их Эзэнийг “шалгагдсан бөгөөд бат тавигдсан суурийн булангийн чулуу” (Исаиа 28:16) хэмээн нэрлэсэн бол, Паул төлөөлөгч, бошиглогчдыг Сүмийн суурь гэж нэрлээд, Есүс Христ өөрөө булангийн Чулуу нь ажээ” (Eфес 2:20) гэсэн байдаг.2

Энэ бол шинэ сургаал биш. Бид бүгд үүнийг аль нэг хэлбэрээр ойлгодог. Бид үүнийг эцэг эхээрээ, Хүүхдийн хэсэг, Залуу эмэгтэйчүүдийн анги, Аароны санваарын чуулга, семинар, институтэд, түүнчлэн бүрэн цагийн номлогчид ба найз нөхөд, орон нутгийн Сүмийн удирдагчдаар, мөн судруудаар болон амьд бошиглогч, төлөөлөгчдөөр заалгасан. Тийм байтал энэ сургаалын дагуу амьдрах нь бидний олонход яагаад тийм их хэцүү байдаг юм бол?

Тийм ээ, энгийнээр хэлбэл, энэ сургаал нь бидний оюун ухаанаас бидний зүрх сэтгэл, бодгальд нэвтрэн орох хэрэгтэй байна. Энэ нь бидний заримдаа боддог юм уу, мэдэрдэг зүйлээс илүү чухал байх хэрэгтэй. Бид чухам хэн билээ гэдгийг энэ сургаал харуулах ёстой. Бурхан Эцэг болон Түүний мөнхийн төлөвлөгөө, бидний Хад бөгөөд Түүний Хүү Есүс Христтэй тогтоосон хэлхээ холбоо маань үнэхээр бидний суурийн булангийн чулуу болохуйц бат бөх байх хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд бид Бурханы хүү эсвэл охин, Есүс Христийн Цагаатгалын адислалуудыг талархалтайгаар хүлээн авагч мөнхийн хүмүүн болох нь юуны түрүүнд харагдах болно. Бидний зөв шударга бусад шинж чанар тэрхүү суурин дээр аюулгүй баригдаж чадна. Учир нь бид юу мөнхийн, юу зуурдын болохыг, мөн тэдгээрийг хэрхэн эрэмбэлэхийг мэдэх болно. Түүнчлэн бид бусад шинж чанар, тэдгээрээс үүдэлтэй практик үйл ажиллагаануудаас (зарим ийм үйл ажиллагааг дэлхий өндөр үнэлдэг) салахыг сонгох болно.

“Бат бөх суурь” гэдэг урам зориг өгсөн дуулалд би дуртай. Би энэ дууны Мормон табэрнэклийн найрал дуучдын дуулсан хувилбарт (үүнд гайхах хэрэггүй) илүү их дуртай. Ерөнхий чуулганы үеэр би найрал дуучдын яг өмнө нь суугаад, бадралт баг бишгүүр хөгжмийн болон дуучдын хоолойны хүч чадлыг, мөн дуу хөгжмийн болон уянгын яруу найргийн хүчийг сонсож, мэдэрсэн үедээ босч очоод, тэдэнтэй нэгдэхсэн гэж хүсдэг. Гэхдээ тэгэх юм бол чуулганы төвөөс хамгаалалтын албаныхан намайг гаргах болно гэж мэддэг учраас би ийнхүү босч явахаас эмээдэг юм. Ердөө дөрөвхөн долоо хоногийн өмнө Ерөнхий чуулганы ням гаргийн өглөөний хуралдаан дээр хүн бүхний дуртай энэ дууллыг хэрхэн дуулсныг сонсоцгоо доо. Дууллын үгсийг, ялангуяа сүүлчийн бадгийн үгсийг шимтэн сонсоорой. Энэ нь долоодугаар бадаг боловч үүнийг дөрөвдүгээр бадаг болгон дуулсан юм.

Би саяхан Тэргүүн Зөвлөлийн болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд, Сүмийн төв байгууллагуудад томилогдсон бүх ерөнхий эрх мэдэлтэнтэй хамт Солт Лэйкийн ариун сүм дэх нэгэн цуглаанд оролцлоо. Бид энэхүү сайхан дууллын гурван бадгийг ариун ёслол болон бусад цуглаан дээр дуулдаг шиг л дуулсан. Гэтэл энэ удаа гуравдугаар бадгийг дуулсны дараа ерөнхийлөгч Монсон “Долоодугаар бадгийг дуулцгаая” гэлээ. Бид бүх ерөнхий эрх мэдэлтэн, түүний дотор амьд бошиглогч, төлөөлөгчидтэй хамт:

Нэг хүн, бие бодь Есүс дээр хүрч ирэх цагт

Түүнийг бидайснуудынхнь гарторхихгүй;

Нэг биеийг там эс орхин, тарчлаан зовоовч,

Түүнийг, хэзээ ч үгүй, Түүнийг, хэзээ ч үгүй

Түүнийг, хэзээ ч үгүй, хэзээ ч орхихгүй!3 хэмээн дуулж билээ.

Энэ нь та нарыг хэн бэ гэдгийг дүрсэлж байгаа биз дээ? Энэ нь наанадаж л та нарыг ямар хүмүүс болохоор ажиллаж байгааг дүрсэлж байна уу? Сүнслэг сууриа тавьж, арчилж тордох хүчин чармайлт нь амаргүй. Суурийг барих үйл явц нь чухал үүрэг хариуцлага бөгөөд үүнийг арчилж тордох нь насан туршийн хүчин чармайлт шаарддаг.

Бид та бүхний үнэхээр хичээж байгааг чин сэтгэлээсээ магтан сайшааж, юу хийж байгаагаа мэддэг байхыг хүсч байна. #Cesdevo буюу хаштайгийг ашиглан хийж байгаа зүйлээ хуваалцахын тулд олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглана уу. Мөн “Би … [эдгээр зүйлийг хийснээр] сүнслэг сууриа тавьж байна …” гэсэн өгүүлбэрийг гүйцээн бич. Хариулт нь хувь хүний нөхцөл байдлаас хамааран олон янз байж болох ч, энэ нь хангалттай. Дахин хэлье, “Би … [эдгээр зүйлийг хийснээр] сүнслэг сууриа тавьж байна…” гэсэн өгүүлбэрийг гүйцээж бич. Бид та нарын хариуг сонсож, амьдралд тань тохиолдож буй зүйлсийн талаар заалгасандаа талархалтай байх болно. [Слайдын төгсгөл]

Хэрэв танд бидний ярьж байгаа суурь огт байхгүй бол, эсвэл хайхрамжгүйгээсээ болоод үүнийг сулруулсан бол сууриа сайжруулахын тулд нарийн, нягт нямбай ажиллахад оройтоогүй байна. Хэрэгтэй бүх арга хэрэгсэл тань нээлттэй байна. Эдгээр нь тавьсан сууриа арчилж тордоход ашиглагддаг арга хэрэгслүүд юм. Эдгээр нь юу болохыг та нар мэднэ. Байнгын, чанартай залбирал; судруудаар дамжуулан сайн мэдээг өдөр бүр судлах; Сүмийн цуглаануудад идэвхтэй оролцох, ялангуяа ариун ёслолоос үнэн хүсэлтэйгээр хүртдэг байх; амь бие хайргүй үйлчлэлийг тогтмол хийх, гэрээнүүдээ хичээнгүйлэн сахих зэрэг нь үүнд орно.

Өөр нэг чухал арга хэрэгсэл бол амьд бошиглогчдын зөвлөгөө юм. Дэлхий дээр арвантаван хүн бошиглогч, үзмэрч, илчлэгчдээр дэмжин батлагддаг. Тэд Бурханы санваарын түлхүүрүүдийг атгадаг. Тэд бидэнд олонтоо заадаг. Бид тэднийг жилд хэд хэдэн удаа гар өргөн дэмжиж баталдаг. Бид тэдний төлөө өдөр бүр залбирдаг. Гэвч тэдний захиасыг хурдан бөгөөд шууд хүлээн авдаг ер бусын адислал нь үүний ач холбогдлын төлөө талархах явдлыг бууруулахад хөтөлж магадгүй юм.

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг хэлэхдээ: “Бошиглогчдын зөвлөгөөн дэх аюулгүй байдлын замыг эрж хайх нь хүчирхэг итгэлтэй хүмүүст бол ойлгомжтой байдаг. Харин итгэл багатай хүмүүс нь бошиглогчийг ярьж байхад, ердөө л сайхан зөвлөгөө өгдөг, ухаалаг хүнийг сонсож байна даа л гэж бодож магадгүй юм. Хэрэв түүний зөвлөгөө таатай сайхан бөгөөд зөв зүйтэй санагдаж, өөрсдийнх нь хийхийг хүсдэг зүйлтэй тохирч байвал тэд зөвлөгөөг хүлээн авдаг. Хэрэв энэ нь тийм биш байвал тэд үүнийг ашиггүй зөвлөгөө гэж үзэх юм уу, нөхцөл байдал нь зөвлөгөөг хүлээн авахгүй байхыг зөвтгөж байна хэмээн үздэг” гэж анхааруулжээ.

Ерөнхийлөгч Айринг цааш нь хэлэхдээ: “Бошиглогчдын зөвлөгөөг хүлээн авах уу, эсвэл үгүй юу гэдгийг сонгох нь бид сайн зөвлөгөөг хүлээн авч, ашиг тусыг нь хүртэх үү, эсвэл бахь байдгаараа үлдэх үү гэдгийг шийдэхээс илүү чухал зүйл биш гэдэгт итгэх нь өөр нэгэн төөрөгдөл юм. Гэвч бошиглогчийн зөвлөгөөг хүлээн авахгүй байхаар сонгох нь бидний суурийг өөрчилдөг. Энэ нь бүр ч илүү аюултай юм”4 гэж хэлжээ.

Сууриа тавьж, арчилж тордохын тулд алсын хараа, амлалт, хувийн сахилга гэсэн гурван зарчмыг хэрэгжүүлэх ёстойг санацгаа. Алсын хараа гэдэг бол харах чадвар юм. Сайн мэдээний хам сэдэвт бид заримдаа үүнийг “мөнхийн хэтийн төлөв” гэж нэрлэдэг. Иаков “тэдгээр зүйлүүдийг байгаагаар нь, мөн тэдгээр зүйлүүдийг үнэхээр байхаар нь” (Иаков 4:13) харах явдал гэж дүрсэлсэн байдаг.

Амлалт гэдэг бол амлалт өгөх хүсэл юм. Бид амлалтыг “гэрээнүүд” хэмээн олонтоо нэрлэдэг. Албан ёсоор бол бид санваарын ёслолуудаар дамжуулан Бурхантай гэрээ хийдэг бөгөөд “Үүний ёслолуудад бурханлиг чанарын хүч илэрхийлэгддэг”-ийг (С ба Г 84:20) сана. Бид Бурханаас гадна өөртөө, эхнэр эсвэл нөхөртөө (эсвэл эхнэр, нөхөр болохын төлөө), найз нартаа болон үйлчилдэг хүмүүстээ амлалт өгөх хүсэлтэй байх ёстой.

Хувийн сахилга гэдэг бол бидний өөрсдийн алсын хараа ба гаргасан амлалтуудынхаа дагуу амьдрах чадвар юм. Хувийн сахилгыг хөгжүүлэх нь суралцах, хөдөлмөрлөхтэй салшгүй холбоотой учраас хөгжил дэвшилд амин чухал байдаг. Эцэст нь, бидний сүнслэг суурийн хүч чадал нь, ялангуяа цөхрөл гутрал, сорилт бэрхшээлийн үед бидний хэрхэн амьдарч байгаагаар харагддаг билээ.

Олон жилийн өмнө, ерөнхийлөгч Гордон Б.Хинкли Солт Лэйк хотод 1872 оны 1-р сарын 2-нд айлын 11 хүүхдийн хоёр дахь нь болж төрсөн Кэролин Хэмэнвэйн тухай түүхийг ярьсан юм:

“Кэролин хорин хоёртойдоо Жорж Хармантай гэрлэжээ. Тэд долоон хүүхэдтэй байснаас нэг нь нялхдаа эндсэн бөгөөд түүний дараа нөхөр нь 39 настайдаа нас барж, Кэролин бэлэвсэрчээ.

“Түүний эмэгтэй дүү Грэйс нөхрийнх нь дүү Дэвидтэй гэрлэсэн аж. 1919 онд, аймшигтай халдварт томуу өвчин дэгдэхэд эхлээд Дэвид хүндээр өвдөж, дараа нь эхнэр Грэйс нь өвчлөхөд Кэролин тэднийг хүүхдүүдтэй нь, бас өөрийгөө асарч халамжлах болсон юм. Ийм гай зовлонгийн үеэр Грэйс хүү төрүүлээд, өөрөө хэдхэн цагийн дараа нас барав. Кэролин нялх хүүхдийг гэртээ аваачиж, тэжээн, амийг нь аварчээ. Гэтэл гурван долоо хоногийн дараа өөрийнх нь охин Энни нас барав.

“Тэр үед Кэролин хоёр хүүхэд, нөхрөө, бас эмэгтэй дүүгээ алдсан юм. Сэтгэл санааны хямрал туйлын их байв. Тэр үнэхээр сүйрлийн ирмэгт тулж ирсэн байлаа. Тэрхүү сүйрлийн ирмэг дээр байхдаа тэр эмэгтэй чихрийн шижин өвчний хүнд хэлбэрээр өвчилжээ. Гэвч тэр цөхөрсөнгүй. Тэр дүүгийнхээ нялх хүүхэд, түүний эцэг болох хүргэн дүүгээ асарч халамжлан, бяцхан хөвгүүнийг өдөр бүр эргэж тойрдог байлаа. Дэвид Харман, Кэролин хоёр хожим нь гэрлэж, тэд арван гурван хүүхэдтэйгээ хамт амьдрах болжээ.

“Тэгтэл таван жилийн дараа Дэвидэд гай тохиолдож, түүнтэй хамт зовлонд учирсан хүмүүст хүнд сорилт тулгарчээ. Тэрээр нэгэн удаа ургамлын үрийг тариалалтад бэлтгэхдээ их хүчтэй ариутгалын бодис ашигласан байна. Энэ бодис биед нь орсноор түүнд аюултай хүнд өвчин туссан юм. Арьс, мах нь яснаасаа мултарч, хэл нь сул болж унжин, шүднүүд нь унажээ. Идэмхий уусмал чухамдаа түүнийг амьдаар нь идсэн юм.

“Кэролин түүнийг ийнхүү хүнд өвдсөн байхад нь асарч тойлсоор, нас барахад нь өөрийн тав, эмэгтэй дүүгийнхээ найман хүүхэдтэй үлдэж, 280 акр газрыг хүүхдүүдтэйгээ хамт хагалан, тариалж, услан, өөрсдийн хэрэгцээг бүрэн хангахуйц ургац хурааж авдаг байлаа. Энэ үед тэрээр Халамжийн Нийгэмлэгийн ерөнхийлөгч байсан бөгөөд арван найман жил үйлчилсэн юм.

“Тэрээр өнөр өтгөн гэр бүлээ халамжлахын сацуу бусдад энэрлийн гараа сунган, өдөрт найман талх барьж, долоо хоногт дөчин баглаа хувцас угаадаг байлаа. Тэр нэг тонн хүртэл жимс, хүнсний ногоо лаазлан дарж, тав арван доллартай болохын тулд өндөглөгч мянган тахиа тэжээдэг байжээ. Тэр бие дааж амьдрахын жинхэнэ үлгэр жишээг үзүүлж, залхуурлыг нүгэл хэмээн үздэг байв. Кэролин өөрийгөө тэжээн тэтгэхийн хамт нинжин сэтгэлийн сүнсээр бусдад тусалдаг байснаар таньдаг хүмүүсийнхээ нэгийг нь ч өлөн зэлмүүн, хувцас муутай эсвэл даарч хөрч явахад хүргээгүй ажээ.

“Хожим нь тэрээр Южин Робизонтой гэрлэсэн ч нөхөр нь удалгүй саа өвчнөөр өвчилсөн байна. Кэролин түүнийг нас бартал нь таван жил асарч, хэрэгтэй бүх зүйлээр нь ханган халамжилж байв.

“Эцэстээ тэрээр ядарч туйлдан, чихрийн шижин өвчин бие махбодыг нь доройтуулсаар, жаран долоотойдоо хорвоог орхижээ. Түүний хүүхдүүддээ өвлүүлсэн ажилсаг зан чанар, нөр хичээнгүй ажиллаж хөдөлмөрлөх дадал хэвшил нь тэдний хичээл зүтгэлийг олон жилийн турш шагнан урамшуулсан юм. Төрсөн цагаас нь хойш түүний тэжээж өсгөсөн эмэгтэй дүүгийнх нь нөгөө бяцхан хүүхэд өвлөж авсан ихээхэн мөнгөө ах, эгч нарынхаа хамт хайр, талархлын мэдрэмжээр [Бригам Янгийн Их Сургуульд өгснөөр] Кэролины нэрээр нэрлэгдсэн гоёмсог барилга сүндэрлэн босох боломжтой болжээ.”5

Бат бөх суурьтай байх нь дэлхийн дайралтаас хамгаалах төгс хамгаалалт юм. Аммон болон түүний ах дүүсээр заалгасан леменчүүд өөрсдийнх нь талаар тэд “Их Эзэнд хөрвүүлэгдсэн [бөгөөд] хэзээ ч итгэл алдраагүй” (Алма 23:6) юм гэж хэлэхэд тэд юу олж авсныг бид хичээнгүйлэн эрж хайх хэрэгтэй.

Мэри Анн Пратт Парли П.Праттай 1837 онд гэрлэжээ. Тэд бусад гэгээнтэнтэй хамт Миссурид нүүж ирсний дараа аймшигт мөрдлөг хавчилтад өртсөн юм. Фар Вест дэх танхайрагч бүлэг Парлиг бошиглогч Иосефтой хамт баривчлан шоронд хорьсон үед Мэри Анн хүндээр өвчилж, хэвтрийн байдалд орсон ч хоёр бяцхан хүүхдээ асран халамжилж байлаа.

Хожим нь Мэри Анн шоронд нөхрөө эргэж очихдоо түүнтэй хэсэг хугацаанд хамт байжээ. “Би чийгтэй, харанхуй, бохир, салхивчгүй, зөвхөн нэг талдаа жижигхэн төмөр сараалжтай гянданг түүнтэй хуваалцдаг байлаа. Бид энд унтахаас өөр арга байсангүй” гэж тэрээр бичсэн байдаг.

Парлиг шоронгоос сулласны дараа Мэри Анн нөхөртэйгөө хамт Нью-Йоркод болон Англид номлолд үйлчилж, түүний дүрсэлснээр “ядарч зүдрэн байж, эцэстээ Ютад цугласан” хүмүүсийн дунд байсан ажээ. Парли эцэстээ өөр нэгэн номлолд үйлчилж байхдаа алагдаж, амиа алдсан юм.

Мэри Анн Пратт энэхүү зовлонт амьдралыг үл хайхран итгэлдээ үнэнч хэвээр үлдсэн билээ. “Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд баптисм хүртсэн бөгөөд тус сүмийн сургаалууд үнэн гэдэгт анхны номлолоороо л итгэсэн хүн; иймээс хэрвээ итгэлээрээ бат бөх зөвхөн гурван хүн байдаг гэж үзвэл нэг нь би байх болно гэдгийг, мөн миний хүлцэн тэвчсэн бүхий л мөрдлөг хавчлага намайг итгэл алдрахад хүргээгүй гэдгийг; миний зүрх сэтгэл энэхүү төгс шийдвэртэй байдлаасаа хэзээ ч ухарч няцахгүй гэдгийг чин сэтгэлээсээ хэлж байна”6 гэж тэрээр зоригтой хэлжээ.

Өнөө оройн бидний ярилцаж байгаа сэдэв нэн хувийн шинжтэй юм. Бид бусдаар заалгаж болно, мөн бусдыг ажиглаж ч болно. Бид бусдын алдаа ба амжилтаас суралцаж чадна. Харин хэн ч үүнийг бидний өмнөөс хийж чадахгүй. Хэн ч бидний сүнслэг суурийг бидэнд тавьж өгч чадахгүй. Энэхүү үйлсэд бид гагцхүү өөрсдөө л барилгачид юм.

Хиламан хүчтэйгээр “Мөн эдүгээ, хөвгүүд минь, санагтун, Бурханы Хүү, Христ болох, бидний Гэтэлгэгчийн хадан дээр та нар сууриа тавих ёстойг санагтун; иймээс чөтгөр хүчит салхиа, тийм ээ, хуй салхин дахь дайралтаа илгээхэд, тийм ээ, түүний бүхий л мөндөр мөн хүчит шуурга та нар дээр нүдэхэд, энэ нь та нарыг зовонгийн хийгээд төгсгөлгүй халаглалын ангал тийш доош чирж дийлэх хүчгүй байх болно, та нар дээр нь босгогдсон, бат бөх суурь дээр, хүмүүн нь үүний дээр баривал унах аргагүй суурь болох хадны учир болой” (Хиламан 5:12) хэмээн заасан байдаг.

Суурь тавих талаарх миний амьдралд тохиосон хамгийн агуу туршлагуудын нэг нь 36 жилийн өмнө тохиож билээ. Диан бид хоёр их сургууль төгссөний дараа амьдралынхаа дараагийн хэсгийг эхлэхийн тулд миний төрж, өссөн газар Хонолулу руу нүүсэн юм. Бидний амьдралын энэ хэсэг урт удаан, 27 жил үргэлжилсэн. Гагцхүү бошиглогчоос ирсэн дуудлага биднийг Хавайг орхин нүүхэд хүргэсэн юм.

Хавай хоёр ариун сүмтэй. Эдүгээ Хавайн Лаие ариун сүм хэмээн нэрлэгдэх болсон ариун сүмийг ерөнхийлөгч Хэбэр Ж.Грант 1919 оны 11-р сарын 27-нд буюу Талархлын өдрөөр анх удаа онцгойлон адисалсан юм. Энэ бол Көртланд, Науву хоёрыг эс тооцвол, Ютагаас өөр газар баригдсан анхны ариун сүм байлаа. Энэ ариун сүм Хавайн гэгээнтнүүдэд бараг жаран жилийн турш, харин Ази, Номхон далайн гэгээнтнүүдэд үйл ажиллагаа явуулсан хугацааныхаа ихээхэн хэсэгт үйлчилсэн билээ. 1970-аад оны үед тус ариун сүмийг хааж, өргөжүүлэн, шинэчлэн засварлах хэрэгтэй болсон юм. Ингээд 1978 оны 6-р сарын 13-нд тус ариун сүмийг дахин онцгойлон адисалжээ.

Дахин онцгойлон адислалтыг Сүмийн ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл тэргүүлж, түүнтэй хамт нэгдүгээр зөвлөх Н.Элдон Таннэр, хоёрдугаар зөвлөх Мариан Ж.Ромни нар байлцав. Мөн Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон, Арванхоёрын болон Далын бусад гишүүн байлцсан байна. Сүм асар том болж, өргөжин тэлсэн өнөө үед Сүмийн төв байрнаас алс хол болж буй ийм үйл явдалд Сүмийн дээд тушаалын ийм олон ах оролцож байхыг та нар лав харахгүй биз ээ. Харин ийм үйл явдал бидэнд 1978 онд адислал болж ирсэн юм.

Тэр үед би санваарын залуу удирдагч байсан бөгөөд ариун сүмийн дахин онцгойлон адислалтыг зохицуулах хороо намайг ерөнхийлөгч Кимбаллын болон түүнийг дагалдан яваа хүмүүсийн аюулгүй байдал, унаа тээврийн асуудлыг хариуцан зохицуулахыг хүссэн байв. Би үүрэгт ажлаа дэвэргэн бодохыг хүсээгүй ба энэ бол тайзны ар тал дахь ердийн л нэг туслах ажил шүү дээ. Гэвч миний үүрэгт ажил ерөнхийлөгч Кимбаллд ойрхон байх боломжийг надад oлгосон. Долоо хоногийн гурван өдөрт болсон, ариун сүмийг дахин онцгойлон адислах хуралдаанууд, хүндэтгэлийн цуглаан, бүсийн томоохон чуулган зэргийн үеэр би Сүмийн ерөнхийлөгчийг бүр ойрхноос ажигладаг байлаа. Би түүнийг эрх мэдэл хийгээд хүчтэйгээр зааж, гэрчлэн, бошиглохыг хардаг байв. Цуглаан дээрээс ажигласан, эсвэл замд тохиолдсон хүмүүстэй ганцаарчлан уулзаж ярилцахыг хүсэн “яг хэрэгтэй хүнээ” олж тохинуулдаг түүний эцэж цуцашгүй хүчин чармайлтыг би хардаг байлаа. Тэрээр үргэлж “Бурханы мутарт зэмсэг болж” (Алма 17:9) байсныг би гэрчилсэн. Надад хэчнээн сайхан сэтгэгдэл төрж байсан гээч!

Долоо хоногийн төгсгөлөөр бид ерөнхийлөгч Кимбалл, түүний дагалдан яваа хүмүүсийг үдэхээр нисэх онгоцны буудал дээр ирлээ. Би өөрийн хязгаарлагдмал, туслан дэмжих үүрэгт ажлын ач холбогдлыг дахин онцлон тэмдэглэхийн ялдамд дараах зүйлийг хуваалцахыг хүсэж байна. Ерөнхийлөгч Кимбалл над руу хүрч ирээд, өчүүхэн хүч чармайлтын минь төлөө надад талархал илэрхийлэв. Тэр тийм ч өндөр биш, харин би өндөр, лагс том биетэй байлаа. Тэр миний хүрэмний захнаас барьж, доош чангаан, намайг өөрийнхөө өндрийн хэмжээнд аваачаад, хацар дээр минь үнсэж, талархлаа илэрхийлсэн юм. Тэгээд ерөнхийлөгч Кимбалл хэдэн алхам цааш явснаа эргэж ирэн, намайг нөгөөх л янзаараа дахин барьж авч, доош чангаан, нөгөө хацар дээр минь үнсээд, хайртай шүү гэж хэлчихээд яваад өгч билээ.

Өмнөх жил нь Спэнсэр В.Кимбаллын намтар нийтлэгдсэн байлаа. Намтрыг нь хүү, ач хүү хоёр нь бичсэн байв. Тэр үед би түүний намтрыг олж уншсан бөгөөд намтар надад тун сонирхолтой санагдаж билээ. Гэвч Спэнсэр Вүлли Кимбаллын талаар ийнхүү нэн хувийн туршлагатай болсныхоо дараа би нисэх онгоцны буудлаас гэртээ эргэж ирээд, нөгөөх зузаан ботийг номын сангийнхаа тавиур дээрээс авч, түүнийг дахин уншихсан гэсэн оргилуун их хүслээ мэдэрсэн юм. Дараагийн хэдэн өдөр би өглөө сэрэх болгондоо өөр хийх ажилгүй бол нөгөөх намтрын зузаан ботио уншиж, тунгаан боддог байлаа. Одоо бол би онцгой их хайрладаг болсон хүнийхээ тухай уншиж байгаа. Одоо би надад хайртайг нь мэддэг болсон тэр хүнийхээ тухай уншиж байна. Эдүгээ би тэрээр юуг ч хүслээ гэсэн энэ нь миний сайн сайхны төлөө байх болно гэдгийг мэддэг учраас түүний төлөө би юуг ч хийхэд бэлэн байгаа тэр хүнийхээ тухай уншиж байна.

Би энэхүү туршлагаасаа урам аван хөтлөгдсөөр өөр нэгэн туршлагатай болсон. Энэ туршлага бусадтай хуваалцахад хэтэрхий хувийн шинжтэй болохоор би үүнээсээ ихэд ичдэг. Бурхан Тэргүүтэний гишүүд шиг, ялангуяа бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч Есүс Христийнх шиг агуу хайр, хамгийн их хүндэтгэл хүлээвэл зохих хүмүүсийг дээдлэн хүндлэх тийм агуу хүндлэл надад байдаггүйг би ойлгосон. Энэ нь Түүний “намтрыг” судлах, мөн залбирах, мацаг барих, тунгаан бодох зэргээр дамжуулан эдүгээ би өөрийнхөө хамгийн их хайрладаг хүний тухай уншиж байгаагаа мэдэх чин хүсэл эрмэлзлийг надад төрүүлсэн юм. Одоо би надад хайртайг нь мэддэг болсон тэр хүнийхээ тухай уншиж байна. Эдүгээ би тэрээр юуг ч хүслээ гэсэн, энэ нь миний сайн сайхны төлөө байх болно гэдгийг мэддэг учраас түүний төлөө би юуг ч хийхэд бэлэн байгаа тэр хүнийхээ тухай уншиж байна.

Эрхэм хүндэт залуу найз нар минь ээ, энэхүү мэдлэг миний амьдралд төдийгүй, манай гэр бүлд маш том өөрчлөлт гаргасан гэдгийг би гэрчилж байна. Энэ нь бидэнд ямар ч түвэггүйгээр, мөн ид шидийн хүчээр тохиогоогүй гэдгийг, түүнчлэн энэ нь амьдралыг ямар ч шаардлагагүй байхад нь хөнгөн хялбар болгоогүй юм гэдгийг би нэмж хэлье. Ингэвэл Бурханы төлөвлөгөөний эсрэг зүйл болно шүү дээ. Харин үүний бий болгодог зүйл нь бат бөх суурьтай найдвар—“найдварын төгс гэрэл юм” (2 Нифай 31:20) юм. Энд хаях, орхих, эсвээс ухрах гэсэн ойлголт хэзээ ч байгаагүй. Мөн ийм туршлага та нарт ч бий гэдэгт би найдаж байна.

Та нар үнэхээр гайхамшигтай хүмүүс, гэхдээ ийм олон тоотой цугларагсдын дунд баяр баясал ч их байгаа, сэтгэл санааны эмзэглэл ч багагүй байгаа. Хүн бүр амьдралын хүнд ачаа дарамтыг зүрх сэтгэлийнхээ гүнд мэдэрч байгаа биз ээ. Гэр бүлийн тань асуудлууд таны хүссэнээр болж өгөхгүй байж ч мэднэ. Итгэлд тань ямар нэг асуудал тулгарч байж ч магадгүй. Та өнгөрсөн амьдралынхаа ямар нэг асуудлыг шийдэхээр хичээж байж болно, эсвэл таны юм уу, бусдын хийсэн ямар нэг зүйл танд шударга биш санагдаж байж ч магадгүй. Та нарын заримд нь бие махбодын ба сэтгэцийн, эсвэл сэтгэл хөөрлийн тэсвэрлэхэд нэн хүнд сорилт тулгарсан байж болох юм. Та нарын нөхцөл байдал ямар ч байлаа гэсэн бат бөх суурьтай байх нь ачаа дарамтыг тань хөнгөлөх болно. Бидний олонтоо дуулдаг “Би Бурханы хүүхэд” 7 дууллын захиас зөвхөн амнаас тань гарах биш, зүрх сэтгэл, бодгальд тань шингэж, Аврагч Есүс Христийн Цагаатгалд үргэлж найдвар тавьсан цагт, хамгийн хэцүү цаг үед ч гэсэн бидэнд амар амгалан, тайтгарал ирэх болно.

Өнөө үе бол бидний амьдрал дахь хамгийн чухал, түүхэн үе юм. Өнөө үе бол бидний хувьд сууриа тавих, эсвэл түүнийг улам хүчирхэгжүүлэхээр шийдэж, сахилга баттай хүчин чармайлт гаргах үе мөн. Бидний заримынх нь хувьд энэ нь донтолтоо буюу Бурханыг гомдоогч олхиогүй зуршлаа хаях явдал ч байж болно. Бусдынх нь хувьд энэ нь амьдралдаа эн тэргүүнд тавих зүйлсээ өөрчилж, Бурханыг дээд зэргээр хайрлах явдал байж болох шүү дээ. Энэ нь үнэ төлөөсийг шаарддаг. Чухамдаа, энэ нь бидний насан туршийн ажил хөдөлмөрийн амин сүнс юм.

Миний бие үй олон сонсогч бүрд нэг бүрчлэн хандаж, Есүс Христ бол Сүмийн булангийн чулуу, бидний амьдралын хад гэдэг гэрчлэлээ тунхаглаж байна. Би Түүний ариун нэрийг гэрчилж байна. Би Түүний эрх мэдэл, үүрэг зорилгыг, мөн хамгийн чухал нь бидний өнгөрсөн болон одоогийн нөхцөл байдлаас үл хамааран Түүнд эргэж очих явдлыг хүн нэг бүрд боломжтой болгосон Түүний Цагаатгалыг гэрчилж байна (Moронай 10:32-ыг үзнэ үү). Би энэхүү гэрчлэлээ Есүс Христийн нэрээр гэрчилж байна, aмен.

Эшлэлүүд

  1. Томас С.Монсон, “Бат бөх суурь,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 11-р сар, 62.

  2. Судрын жагсаалтыг Робэрт Ж.Маттьюс, “I Have a Question,” Ensign, 1984 оны 1-р сар, 52-оос хялбаршуулан авав.

  3. “Бат бөх суурь,” Сүмийн дуулал болон Хүүхдийн дуу, 6-р хуудас.

  4. Хэнри Б.Айринг, “Finding Safety in Counsel,” Ensign, 1997 оны 5-р сар, 25.

  5. Гордон Б. Хинкли, “Five Million Members—a Milestone and Not a Summit,” Ensign, 1982 оны 5-р сар, 45–46.

  6. Мэри Анн Праттын хэлсэн үгийг Шэри Дьюгийн бүтээл, Women and the Priesthood: What One Mormon Woman Believes (2013), 94–95-аас авчээ; мөн түүнчлэн Эдвард В.Таллижийн бүтээл, The Women of Mormondom (1877), 406–7-г үзнэ үү.

  7. “Би Бурханы хүүхэд,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 58-р хуудас.

Хэвлэх