Бурханаас ирсэн багш нар
Ахлагч М. Рассэлл Баллардтай хамт нэгэн үдэш
СБС-ийн багш нарт хандан хэлсэн үг • 2016 оны 2-р сарын 26 • Солт Лэйк дэх табернекл
Хайрт ах, эгч нар аа, би энэ үдэш та бүхэнтэй хамт байгаадаа талархаж байна. Би бүх багш, тэдний эхнэр, нөхрүүдэд болон заадаг хүмүүсийг дэмждэг бүх хүнд талархлаа илэрхийлэхийг хүсэж байна. Манай хүргэн хүү өглөөний семинарын багш бөгөөд ийм ч учраас өглөөний семинарт заахад гаргадаг золиослол, хичээл зүтгэлийн тухай мэдэж байна. Манай ач зээ хүүхдүүдийг оруулаад өсөн өндийж байгаа үеийнхэнд бүрэн цагийн багш нарын үзүүлж байгаа нөлөөг харж байна. Та бүгдийг хийсэн бүхний тань төлөө Бурхан адислах болтугай.
Би өнгөрсөн наймдугаар сард бидний өмнө байгаа өндөр үүрэг хариуцлагын дагуу хичээнгүйлэн ажиллах шаардлагатай байгаа талаар та бүхэнд хандан ярьсан билээ. Бид өсөн өндийж буй өсвөр үеийнхнээ урьд өмнөхөөс ч илүү гүн гүнзгий, хүчирхэг арга замаар зааж сургах шаардлагатай байна. Ингэхийн тулд бид өөрсдөө өмнөхөөсөө ч илүү сайн байх төдийгүй, урьд өмнө хийснээсээ ч илүү сайн ажиллах хэрэгтэй.
Бурханаас өгсөн энэхүү үүрэг хариуцлагынхаа талаар болон өнөө орой энд үг хэлэх боломжтой байгаа тухайгаа бодох үед маань Иоханы гуравдугаар бүлэгт цэдэглэгдсэн Никодем Аврагч дээр шөнө айлчлан ирсэн тухай түүх санаанд орж ирсэн юм. Никодем: “Рабби, Таныг Бурханаас ирсэн багш гэдгийг бид мэднэ. Учир нь Бурхантай хамт байхгүй л бол, хэн ч Таны үйлддэг тэмдгүүдийг үйлдэж чадахгүй”1гэж хэлсэн.
Энэхүү мэдэгдэл Есүсийг Бурханаас ирсэн багш гэж хэлээд зогсохгүй, Бурханаас ирсэн багш юу хийдэг болохыг Тэдэнтэй Бурхан хамт байгаа тул тэд зааж байгаа хүмүүсийнхээ амьдралд гайхамшгийг үйлддэг болохыг тунхагласан байна.
Би ийм нэгэн багшийг сайн мэднэ. Өнөө орой би та нартай тэр хүний талаар нэгэн сургаалт зүйрлэл хуваалцах гэсэн юм. Энэ нь “Балчир хүүхдийн ангийн удирдагчийн сургаалт зүйрлэл” гэдэг нэртэй.
Нэгэн эгч өөрийнхөө тойрогт Балчир хүүхдийн ангийн удирдагчаар дуудагдсан байлаа. Тэрээр дээд сургуульд сурч, сайн бэлтгэгдсэн хүн байсан бөгөөд түүнд хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаа, хийж болох гар урлалын талаар олон сайхан санаа байв. Тэгээд Балчир хүүхдийн ангийг жишиг анги болгохоор шийджээ.
Гэтэл хэдэн долоо хоногийн дараа нөгөө эгч маань сэтгэлээр унаж эхлэв. Түүнд Балчир хүүхдийн анги нь дарамттай санагдах болов. Тэрээр хүүхдүүдийн нүүрийг харахаас ч айдаг болов. Хэдийгээр тэр төлөвлөж байсан ч долоо хоног бүр хүүхдүүд үймүүлж, шуугилдан, уйлалдаад, түүнийг ойшоож ч үзэхээ байсан байна. Хийсэн оролдлого бүр нь бүтэлгүйтэж байлаа. Тэр ням гараг бүрд гэртээ усан нүдлэн харьдаг болжээ.
Тэрээр “Би чадах бүхнээ хийсэн. Өөр би юу хийж чадах юм бэ?” гэж урам нь хугаран уйлав.
Тэгтэл түүнд “Тэнгэрлэг Эцэгээс юу хийх ёстойгоо асуугаад үз” гэсэн бодол орж иржээ. Тэр нулимсаа арчаад, залбирахаар өвдөг сөхрөн суулаа. Тэгээд тэр Балчир хүүхдийн ангийнхаа тухай мөн өөрийн итгэл найдвар, урам хугарал, гомдол гутралын талаар ярьж, Түүнээс тусламж гуйн, заавар хүлээн авахаар шийдэн залбирчээ.
Тэнгэрлэг Эцэг түүний залбиралд хариулсан юм. “Хичээлийн төлөвлөгөө таныхүссэн зүйл юм байна. Та үүнийхээ оронд хүүхдүүдэд анхаарлаа хандуулж, тэдний тухай олж мэдэн, тэднийг хайрлаж сур” гэсэн хүчтэй мэдрэмж түүнд төржээ.
Энэ нь сайхан мэдээ, сайн зөвлөгөө байсан ч ийм зүйл сонсох нь түүнд хэцүү байв. Эгч маань наманчлах хэрэгтэй гэдгээ мэдэж байлаа. Түүнд Балчир хүүхдийн ангитай ажиллах шинэ хандлага, шинэ арга барил хэрэгтэй болжээ. Тэрээр сүнслэг өдөөлт хүлээн авахаар залбирч, судраас суралцсан байна.
Дараагийн ням гарагт Балчир хүүхдийн ангид багшийг ороход түүнд ямар ч айдас байсангүй. Тэр Эзэнд итгэж байв. Тэрээр хүүхдүүдийг үүдэнд угтаж аван, тэдний өндөрт хүрч очихын тулд өвдөг сөгдөн сууж мөн хүүхдүүдийг нэрээр нь дуудан мэндчилжээ. Тэр хүүхдүүдтэй тэдний гэр бүл, дуртай идэх юм гээд олон зүйлийн талаар ярилцав. Мөн дуу дуулж, түүх уншиж өгчээ. Зарим нэгэн хүүхэд уйлж, үймүүлж байсан ч тэр долоо хоногт Балчир хүүхдийн анги тэс өөр уур амьсгалтай байв. Харин энэ бүхэн дуусахад эгч маань ядарч туйлдсан байсан ч айдас нь ямар ч ул мөргүй алга болсон байлаа.
Тэр сайн эгч хүүхдүүдийн тухай бага багаар олж мэдэх тусам тэдний талаарх бодол санаа нь өөрчлөгдөж байлаа. Балчир хүүхдийн ангийн удирдагч ням гаргийг хүлээдэг болсон юм. Тэрээр Балчир хүүхдийн ангийн хүүхдүүдтэйгээ хамт байна гэхээс сэтгэл нь хөөрч, аз жаргалтай байх болов. Тэр хүүхдүүддээ үнэхээр хайртай болжээ.
Гэтэл нэгэн өдөр … түүнд илчлэлт ирж, тэр тухайн долоо хоногт гэрэл зургийн аппараттай ирэн, хүүхэд бүрийн зургийг авлаа. Тэр зургийн самбар гарган, дээр нь хүүхэд бүрийн зургийг байрлуулж, долоо хоног бүр түүнийгээ ангидаа авч ирдэг болжээ. Хүүхдүүд өөрсдийнхөө зургийг самбар дээрээс харах дуртай байлаа. Тэд зөвхөн өөрсдийгөө чухалд үзээд зогсохгүй, өөрсдийг нь хайрладаг болохыг мэдэрчээ.
Хэсэг хугацааны дараа эгч маань бэлдсэн байсан үйл ажиллагаа, төслүүдээ хүүхдүүдэд заахдаа ашиглаж эхлэв. Хүүхдүүд ч дуртай байлаа. Тэр ч байтугай хүүхдүүд ангидаа маш их дуртай болсон учраас ариун ёслолын цуглааны дараа Балчир хүүхдийн анги руугаа гүйлддэг болов. Хүүхдүүд Балчир хүүхдийн ангид байхдаа дуртай байлаа. Тэд Балчир хүүхдийн ангийн удирдагчдаа хайртай болж, удирдагч нь ч тэднийгээ хайрладаг болжээ.
Энэ түүхээс олон зарчим мэдэж авч болно. Хамгийн чухал нь Тэнгэрлэг Эцэгт болон Түүний хүү Есүс Христэд итгэх итгэл юм. Энэ багшийн итгэл өөрийг нь өвдөг сөгдөн залбирахад хүргэсэн. Итгэл нь түүнийг наманчлахад өдөөсөн. Итгэл нь түүнийг юу хийх ёстойгоо сайн мэдэхгүй байсан ч урагш явахад хүргэсэн. Итгэл бол анхдагч зарчим мөн.
Хоёр дахь зарчим нь найдвар. Хүүхдүүдэд Балчир хүүхдийн ангид байх нь хэцүү байсан ба айдас, ганцаардал, хаягдсан мэт сэтгэгдэл төрж байсныг үгүйсгэхгүй. Тэд тэндээс гарах арга зам эрэлхийлдэг байсан ч байж мэднэ. Балчир хүүхдийн ангийн удирдагчид өөрт нь ч бас хүүхдүүдийнхтэй адил мэдрэмж төрж байсан ч тэр үүнийгээ давж гарч чадсан бөгөөд Христэд найдвар байгаа гэдгийг мэдсэн. Түүний тэрхүү найдвар “амьд,” “гэрэл гэгээтэй,” “гялалзаж” байсан бөгөөд хүүхдүүд нь ч тэрхүү найдварыг адилхан мэдэрсэн юм.
Гурав дахь зарчим бол даруу байдал. Багш хүний хувьд бардамнаж, хүмүүний чадварт итгэх нь мэргэжлийн том алдаа мөн. Даруу байдал буюу зааж сургахад хялбар байх нь бардамналын эсрэг хамгийн хүчтэй ерөндөг юм. Балчир хүүхдийн ангийн удирдагч Христэд итгэх итгэлээрээ өөрийгөө Тэнгэрлэг Эцгийнхээ өмнө даруусгасан. Харин Тэнгэрлэг Эцэг Ариун Сүнсний хүчээр түүнийг гэгээрүүлэн, мэргэн ухаанаар адисалсан билээ.
Дөрөв дэх зарчим бол хайр—Христийн цэвэр ариун хайр. Эхэндээ хүүхдүүдийг хайрлахад тийм ч амар байгаагүй. Гэхдээ Балчир хүүхдийн ангийн удирдагч Христэд итгэдэг байсан бөгөөд хүүхдүүдийг хайрлана хэмээн Түүнд найдаж, даруухнаар урагш алхалсан билээ. Харин Бурхан түүнийг Христийн цэвэр ариун хайраар адисалж, хүүхдүүд ч үүнийг мэдэрсэн юм. Үнэндээ Балчир хүүхдийн ангийн удирдагч маань хүүхдүүдтэйгээ энэрлийн холбоог үүсгэж чадсан бөгөөд энэ холбоо нь суралцах хүсэл, урам зориг, итгэл найдварыг дамжуулах сүнслэг суваг болж хувирсан байна.
Ах, эгч нар аа, би Бурханы адислал бидэн дээр байх болтугай хэмээн, мөн бид хаана ч багшилж байсан итгэл, найдвар, даруу байдал, хайр гэх эдгээр зарчмын дагуу урьд өмнөхөөсөө илүү хичээл зүтгэл, эр зориг, тэсвэр тэвчээр гарган үйлдээсэй хэмээн залбирч байна. Хэрвээ бид ингэж чадвал Христийн ач ивээл бидэнтэй хамт байх бөгөөд суралцагчдынхаа амьдралд гайхамшгийг бий болгох Бурханаас ирсэн жинхэнэ багш болж чадна гэдгийг би мэднэ. Энэ бүхнийг би Есүс Христийн нэрээр гэрчилж байна. Амен.
© 2016 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. Англи зөвшөөрөл: 12/15. Орчуулгын зөвшөөрөл: 12/15. “Teachers Come from God”-ын орчуулга. Mongolian. PD60001102 363