21-р зуун дахь СБС-ийн багш нарын боломж ба үүрэг хариуцлага
Ахлагч M. Рассэлл Баллардтай хамт нэгэн үдэш
СБС-ийн багш нарт хандан хэлсэн үг • 2016 оны 2-р сарын 26 • Солт Лэйк дэх табернекл
Хайрт ах эгч нар аа, Сүмийн залуусын амьдралыг адислахад гаргаж байгаа та нарын онцгой хичээл зүтгэлд талархаж байна.
Би саяхан Сурахаар мөн итгэлээр: Шашны семинар ба институтийн зуун жил номтой уншиж танилцлаа. Ямар гайхамшигтай түүх вэ! Би уншиж байхдаа өөрийн элэнц өвөө Жозеф Ф.Смит, өвөг эцэг Мэлвин Ж.Баллард хоёрын Сүмийн боловсролын байгууллагыг үүсгэн байгуулж, өргөжүүлэн тэлэхэд гүйцэтгэсэн үүргийн талаар олж уншсан юм.
Өнөөдөр би та нартай холбогдсон учраас тэдний нэгэн үе үйлчилж байсан энэ дуудлагад үйлчилж байна. Надад 1985 оноос эхлэн 14 жилийн турш боловсрол хариуцсан зөвлөлд, эдгээрээс 7 жилийг гүйцэтгэх хороонд, үүний 4 жилд нь даргаар үйлчлэх онцгой боломж тохиосон.
Би зөвлөлд үйлчлэх хугацаандаа Сүмийн Боловсролын Системийн үнэ цэнийг гүнээ талархах болсон юм. Өнөө орой би бүх эцэг эх, өвөө эмээ, тэдний өндөр өвөг эцгүүдийн өмнөөс багш нарт, удирдах ажилтнууд болон тэдний гэр бүлийнхэнд баярлан талархаж байгаагаа илэрхийлье. Сүмийн Боловсролын Системийн сүүлийн 100 жилд хийж бүтээсэн зүйлсийг эргээд харахад гайхалтай хэдий ч миний хувьд дараагийн 100 жилд юу хийх мөн та нар 21-р зуунд өөрчлөгдөн хувирах асуудлуудтай тулгаран, даван гарахад суралцагчдадаа хэрхэн тусалж болох нь илүү сонирхолтой байна.
Ерөнхий эрх мэдэлтний нэг сургалтаар ерөнхийлөгч Гордон Б.Хинкли “Сургаалыг цэвэр ариун байлгаж, Сүмийг зөв зам дээр зогсоох нь” сэдвээр заасан юм. Тэрээр “Бидний хувьд хэт болгоомжлох гэсэн ойлголт үгүй. Бид [замаасаа] гарахгүйн тулд хийж байгаа зүйлдээ сонор сэрэмжтэй хандах ёстой. Бид өвөрмөц, шинэлэг, онцгой байх гэсэн оролдлого хийснээр Есүс Христийн энэхүү сэргээгдсэн Сүмийн үндэс болсон сургаалтай бүрэн нийцэхгүй зүйлсийг зааж болзошгүй. … Бид илүү сайн, илүү сэргэг байх ёстой. … Бид хэрмэн дээрх харуул нь байх ёстой”1хэмээн хэлсэн.
Сүмийн боловсролыг 21-р зуун руу хөл тавих үед та нар үнэ цэнтэй өсвөр үеийнхний амьдралд гуйвшгүй итгэлийг бий болгохыг хүсэж байвал та нарын хүн бүр заахад бэлдэх, хэрхэн заах, юу заах зэрэг арга барилдаа аливаа өөрчлөлт хийхдээ сайтар бодож үзэх хэрэгтэй.
Суралцагчийг чин сэтгэлээсээ асуулт тавихад багш нь “Үүнд битгий санаа зов!” гэж хариулдаг байсан цаг өнгөрчээ. Түүнчлэн суралцагчийг үнэхээр чухал асуудал гаргаж тавихад хариулахын оронд асуудлаас бултахаар гэрчлэлээ хуваалцдаг байсан цаг өнгөрсөн. Сүм рүү дайралт хийгчдээс суралцагчдыг хамгаалдаг байсан цаг ч мөн адил өнгөрчээ. Багш болох та нарт “Мөн бүгдээр итгэлгүй байгаа учраас, та нар хичээнгүйлэн эрэлхийлж мөн мэргэн ухааны үгсийг бие биендээ заагтун; тийм ээ, мэргэн ухааны үгсийг… бүр судлахаар мөн тэрчлэн итгэлээр, суралцахыг эрэлхийлэгтүн”2хэмээн энэхүү цагаа олсон, хэзээ ч өөрчлөгдөшгүй зөвлөгөөг Их Эзэн өгсөн нь аз завшаантай хэрэг билээ.
Таны бүх суралцагч учрах саад бэрхшээлтэй нүүр тулахад шаардагдах итгэлтэй биш, ихэнх нь интернетээр дамжуулан итгэл, гэр бүл ба сайн мэдээний жишигт дайсагнасан хандлагатай, шашин шүтлэгээс ангид ертөнцийн муу нөлөөнд аль хэдийн автагдсан учраас энэ нь өнөө үед юу юунаас ч илүү чухал зүйл болж байна. Интернет дэлхий дахинаа хүрээгээ тэлэн, бараг бүх гэр оронд, тэр тусмаа суралцагчдын бие сэтгэл, оюун ухаан руу түрэн орж ирж байна.
Та судлах, итгэх хоёрыг нэгтгэн суралцах гэдэг нь юу болохыг зааснаар суралцагчдадаа тусалж чадна. Тэдэнд үлгэрлэн үзүүлэх замаар ур чадвар, арга барилыг ангидаа заа.
Ерөнхийлөгч Харолд Б.Лий
“Би та нарт мэдлэгийг итгэлээр олж авна гэдэг нь амар хялбар зам биш гэдгийг сануулах гэсэн юм. Үүнийг хийхэд ихээхэн хичээл зүтгэл гарган, итгэлээр тууштай үргэлжлүүлэх шаардлагатай. …
“Товчхон хэлбэл, итгэлээр суралцах нь залхуу хүний хийдэг зүйл биш ээ. Тэр ч байтугай хүн үүнийг хийхийн тулд бүхэл бодгалиа Бурханд даатган, оюун ухааныхаа хамгийн гүнд байх бодол санаа, мэдрэмжийг Бурхантай холбосон үед л зөв холбоо бий болдог хэмээн нэгэн хүн хэлсэн байдаг. Зөвхөн тэр үед л ‘итгэлээр олж авах мэдлэг’ хүрч ирдэг”3болохыг олж харжээ.
Итгэлээр олж авах мэдлэг нь цэвэр ариун гэрчлэлийг бий болгодог бөгөөд цэвэр ариун гэрчлэлд дараах гурван товч түүхэнд харуулсантай адил, хүний амьдралыг өөрчлөх хүч оршдог билээ.
Эхний түүхэнд, Фоуби Картэр 1830 онд Огайогийн гэгээнтнүүдтэй хамт цугларахын тулд Мэйн дэх гэрээ орхин гарсан байна. Тэр эмэгтэй “Найзууд маань мөн би ч гэсэн гаргасан шийдвэртээ гайхаж байсан ч дотроос минь ямар нэгэн зүйл чангааж байсан юм. Намайг гэрээ орхин явах гэж байгаад уйлан гашуудаж буй ээжийгээ би тэвчин харж чадахгүй байсан бөгөөд сүнс надтай хамт байгаагүйсэн бол эцэст нь би бодлоо өөрчлөх нь гарцаагүй байлаа”4хэмээн дурссан.
Фоуби бошиглогчийг даган, гэгээнтнүүдтэй хамт Огайод цугларан, улмаар Ютад очсон бөгөөд тэндээ итгэлтэй хожмын үеийн гэгээнтэн, Сүмийн ерөнхийлөгч Вилфорд Вүдраффын ачааг эн тэнцүү үүрэлцсэн эхнэрийн хувиар насан эцэс болсон билээ.
Дараагийн түүхийг Марион Ж.Ромнигийн намтраас авав.
Марион коллежид сурч байхдаа гэр бүлийнхээ санхүүгийн нөхцөл байдлын улмаас номлолд үйлчлэхгүй байхаар шийдсэн байжээ. Тэр нэгэн удаа ахлагч Мэлвин Ж.Баллардын үгийг сонсов. Намтар дээр нь “Түүний [Марионы] амьдрал хэсэгхэн хугацааны дараа орвонгоороо өөрчлөгдөх гэж байгааг тэр мэдсэнгүй” хэмээн бичсэн байжээ.
Цааш үргэлжлүүлэхэд, “[Марионы аав] хүүхдүүддээ … Сүнсний өдөөлтөн доор байдаг, байдаггүй хүн ургаж байгаа мод, үхсэн хожуул хоёр шиг хоорондоо ялгаатай хэмээн хэлдэг байж. Марион амьдралдаа анх удаа … сүнслэг нөлөөлөлд байх гэдэг нь ямар болохыг бүрэн ойлгосон гэдэг. Түүний бодгаль нэвт цоолон, гижигдэх мэт мэдрэмжээр дүүрэв. … [Тэр] дэлхий дээр шинээр дуудагдсан төлөөлөгчийн үгийг сонсож байх энэ мөчид мэдэрснийхээ адил өөр аливаа зүйлийг урд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй байна. …
Залуу Марион … цахилгаанд цохиулсан мэт болов. Төлөөлөгчийн гэрэлтсэн царай, чин сэтгэлээсээ хуваалцсан гэрчлэл нь түүнийг номлолд явах эргэлзэхийн аргагүй хүслээр дүүргэсэн аж. … Тэр цааш сурах төлөвлөгөөгөө хойшлуулах хэрэгтэй гэдгээ мэдэж байлаа.”5
Удалгүй Марион Австрали руу явах замд гарсан бөгөөд тэндээ итгэлтэй үйлчилсэн юм. Хожим нь тэрээр хүчирхэг төлөөлөгч, Тэргүүн Зөвлөлийн гишүүн болсон билээ.
Сүүлчийн түүхийг ерөнхийлөгч Боид К.Пакэр ярьж өгсөн бөгөөд Уиллиам Э.Бэррэтэд насан өндөр болсон багш нь хэрхэн нөлөөлсөн тухай түүх юм. Норвегиос ирсэн, Сүмд хөрвөгдсөн багш нь англиар төгс ярьж чаддаггүй нэгэн байв. Багш нь хэлний хувьд хязгаарлагдмал хэдий ч ерөнхийлөгч Пакэр “Бэррэтт ахыг ‘Бид түүний итгэлийн галд бараг гараа дулаацуулж болохоор байдаг байв’ хэмээн нэг бус удаа гэрчил[сэн]”6болохыг дурджээ.
Хожим нь Уиллиам Сүмийн институт, семинар, сургуулиудын тэргүүн болжээ.
Фоуби, Марион, Уиллиам нарын хувьд цэвэр ариун гэрчлэл сонссон нь тэднийг амьдралаа мөнхөд өөрчлөхөд хүргэсэн хурдасгуур болсон билээ. Энэ бүх зүйл та нарын суралцагчдад тохиолдох боломжтой. Гэхдээ өнөөгийн ертөнцийн бодит байдалд зөвхөн цэвэр ариун гэрчлэл сонсох нь хангалтгүй байж магадгүй. Фоуби, Марион, Уиллиам нар сүнслэгээр өдөөгдсөн номлогч, багш, удирдагчдын өмнө сууж байхдаа цэвэр, ариун байхаас гадна порнограф, дэлхийн зүйл зэргээс хол байсан. Сүнс тэдний уян зөөлөн, цэвэр ариун зүрх сэтгэл рүү амархан нэвтрэн орж чадсан юм.
Та нарын зарим суралцагч ангидаа ирэхээсээ өмнө порнограф болоод дэлхийн зүйлсээр халдварлагдсан байдаг тул өнөө үеийн түүх үүнээс тэс ондоо билээ.
Хэдхэн үеийн өмнө залуус маань түүх, сургаал, зан үйлийн талаарх мэдээллийг зөвхөн Сүмээс хэвлэгдэн гарсан материалаас олж авдаг байв. Зөвхөн цөөн суралцагч уламжлалт бус тайлбартай учирч байлаа. Залуучууд ихэндээ сайтар хамгаалагдсан амьдралд амьдарч байсан.
Тэр үеийн сургалтын хөтөлбөр сайн байсан ч суралцагчдыг өнөөдрийн өдөрт буюу Сүмийн талаарх боломжтой бүх өнцгөөс авч үзсэн, бараг бүх мэдээллийг шууд авч болох энэ үед бэлдээгүй. Өнөөдөр тэдний зөөврийн хэрэгсэл дээрээ харж байгаа зүйл итгэлд нь хор хөнөөлтэй байхын зэрэгцээ итгэлийг нь урамшуулан дэмжих ч зүйл байж болно. Манай олон залуу сайн мэдээнээс Гүүглийг илүүтэй мэдэж, сүнслэг өдөөлт гэхээс интернэттэй илүү таарамжтай байж, итгэл гэхээс фэйсбүктэй илүү холбоотой байна.
Иймэрхүү хүндрэл, бэрхшээлтэй тэмцэхийн тулд сайхан Сүмийн боловсролын зөвлөл Төгс эзэмших сургаал нэртэй санаачилгыг гарган ажиллаж байна. Төгс эзэмших судар хөтөлбөр дээр үндэслэн хийгдсэн энэ шинэ санаачилга нь суралцагчдын Есүс Христэд итгэх итгэлийг бий болгон, хүчирхэгжүүлэхэд мөн сайн мэдээг амьдралд дээрээ даган, хэрэгжүүлэх ур чадварыг нь нэмэгдүүлэх дээр төвлөрнө. Тэд судрын болон бошиглогчдын үгсийг ашиглан, сүнслэг мэдлэгийг олж авахаас гадна Түүний сайн мэдээг ойлгохын тулд Христэд итгэх итгэлээр хэрхэн үйлдэхэд суралцана. Түүнчлэн тэд өдөр бүр үе тэнгийнхнээсээ болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэллээр сонсож, харж байгаа асуулт болон асуудлуудыг шийдвэрлэхэд Христийн сургаалыг мөн уг сургаалын зарчмыг хэрхэн ашиглаж болохыг мэдэж авах боломж тэдэнд олдоно.
Энэ нь сүнслэгээр өдөөгдсөн, цагаа олсон санаачилга бөгөөд манай залуу үеийнхэнд гайхалтай нөлөө үзүүлнэ. Гэхдээ Төгс эзэмших сургаал болон СБС-ийн бусад бүх сургалтын хөтөлбөрийн амжилтын ихэнх хувь та нарын хичээл зүтгэлээс шалтгаална.
21-р зууны СБС-ийн багш та нарын хувьд энэ бүх саад бэрхшээлээс гадна ямар боломж, үүрэг хариуцлага байна вэ? Мэдээж, та Их Эзэнийг, Түүний Сүмийг мөн суралцагчдаа хайрлах ёстой. Түүнчлэн та цэвэр ариун гэрчлэлээ чин сэтгэлээсээ үргэлж хуваалцаж байх ёстой. Үүнээс гадна манай түүхэн дэх ямар ч үеэс илүү суралцагчид тань сайн мэдээнд боловсорч, бүрэн хөрвөгдөн, Есүс Христийг насан туршдаа дагана гэдэг нь юу болохыг олж мэдэхийн тулд сургаал эсвэл түүхэн нөхцөл байдал, агуулгыг цэвэр ариун гэрчлэл дагалдсан судлахаар мөн итгэлээр суралцаснаар адислагдах хэрэгтэй. Боловсорч, бүрэн хөрвөгдөнө гэдэг нь тэд бүх насныхаа туршид “завинд үйлдэж, зууран бар[ина]”7гэсэн үг юм.
Та нарсудруудыг болон бидний түүхийн талаарх сургаал, түүхэн нөхцөл байдал, агуулгыг ойлгохын тулд Их Эзэний удирдамж доор “хамгийн сайн ном”-оос суралцсан байх ёстой. “Хамгийн сайн ном” гэдэгт судрууд, орчин үеийн бошиглогч, төлөөлөгчдийн сургаал, ХҮГ эрдэмтдийн хамгийн сайн бүтээлүүд орно. Та нар судлахаар мөн итгэлээр суралцахад хичээнгүйлэн гаргасан оролдлогоороо дамжуулан суралцагчдыг тань өндөрт өргөх баттай мэдээллийг болон тэднийг доош татах сургаал, түүх, зан үйлийн талаарх хагас үнэн, буруу тайлбаруудыг хооронд нь ялган танихад шаардагдах ур чадвар, хандлагыг олж авахад тэдэнд тусалж чадна.
Интернетэд тулгуурлан, мөнхийн ач холбогдолтой асуултын хариултыг олж мэдэх үед тулгарах саад бэрхшээлийн тухай тэдэнд заа. Та нар тэдэнд “Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал Гүүглээс асуу!”8хэмээн Иаков хэлээгүй гэдгийг сануул.
Мэргэн хүмүүс сэтгэл санаа, оюун ухаан, бие махбодын эрүүл мэнд, ялангуяа амь насанд аюултай асуудлуудад онош тавихдаа интернэтэд тавигдсан мэдээлэл дээр тулгуурладаггүй. Үүний оронд тэд эрх бүхий эрүүл мэндийн болон улсын байгууллагаар дамжин бэлтгэгдэж, зөвшөөрөгдсөн эрүүл мэндийн мэргэжилтэнд ханддаг. Тэгсэн ч гэлээ, хашир хүмүүс хоёрдогч дүгнэлтийг авахаар эрэлхийлдэг билээ.
Хэрэв энэ нь сэтгэл санаа, оюун ухаан, бие махбодын эрүүл мэндтэй холбоотой асуудлыг ухаалгаар шийдвэрлэх арга зам юм бол мөнх амьдрал дэнсэн дээр байгаа тохиолдолд үүнээс ч илүү хэрсүү хандах ёстой. Бидний сүнслэг амьдрал, ариун нандин гэр бүлийн харилцаа холбоо, хаант улс дахь гишүүнчлэлд маань ямар нэгэн зүйл заналхийлж байвал бидэнд туслах хянуур, итгэлтэй Сүмийн удирдагчдыг бид хайж олох хэрэгтэй. Шаардлага гарвал, эрдэм мэдлэгийн хувьд бэлтгэгдсэн, туршлагатай, мэргэжлийн хүмүүсээс тусламж эрэлхийлэх нь зүйтэй.
Надад өөрөө хариулж чадахааргүй асуулт гарч ирэхэд би яг үүнийг хийдэг. Би Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ах нараасаа мөн Сүмийн түүх, сургаалын салбарт мэргэшсэн бусад хүнээс тусламж эрэлхийлдэг.
Та нар суралцагчдынхаа гэр бүлээс гадна та нарын аль хэдийн заасан сэдвээр ямар нэгэн зүйлийг сонсож эсвэл уншихдаа тэдэнд нийцэж байгаа эсэхийг харьцуулан үзэхэд туслах түгээмэл бус эсвэл маргаантай сэдвээр зөвшөөрөгдсөн эх сурвалжийг танилцуулах хамгийн анхны хүмүүсийн дунд байх ёстой.
Бид юунаас ч илүү үнэ цэнтэй номлогчдоо номлолын талбарт илгээхийнхээ өмнө хор хөнөөл учруулж эсвэл амь насанд нь ч хүрч болох халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд тэднийг вакцинжуулдаг гэдгийг та нар мэдэж байгаа. Үүнтэй адил суралцагчдаа дэлхий рүү илгээхийн өмнө тэднийг сайн мэдээний сургаал, судар, бидний түүх болон заримдаа буруу ташаа ойлгогдсон байдаг сэдвүүдээр итгэлтэй, хянуур, зөв ойлголтоор вакцинжуул.
Түгээмэл бус эсвэл маргаантай сэдвүүдийг нэрлэвэл олон эхнэртэй байх ёс, үзмэрч чулуу, Анхны үзэгдлийн талаарх өөр өөр түүх, Мормоны болон Абрахамын Номын орчуулгын үйл явц, хүйсийн асуудал, арьсны өнгө, санваар эсвэл Тэнгэрлэг Эх зэрэг сэдвүүд орно.
Залуучуудыг вакцинжуулахад СБС-ийн багш та нарын хичээл зүтгэл ихээхэн хэрэгтэй. Энэ ойлголтыг толгойдоо хийгээд, цаг зах гарган, өөрт байгаа боломж, үүрэг хариуцлагынхаа талаар бодно уу.
Өнөөдрийн Сүмийн удирдагчид мэдээлэл олж авах хязгааргүй их боломжийг бүрэн ухамсарлаж байгаа учраас бид Сэргээлтийн талаар зөв агуулга, ойлголт өгөх зорилгоор ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа билээ. Үүний хамгийн сайн жишээ бол LDS.orgдээр тавигдсан, Сүмтэй холбоо бүхий маргаантай болон түгээмэл бус сэдвүүдээр өгөгдсөн баримт нотолгооны талаар тал талаас нь сайтар дэнслэн бодсон, баталгаатай тайлбар бүхий Сайн мэдээний сэдвээр өгөгдсөн 11 нийтлэл юм.
Та нар эдгээр нийтлэлийн агуулгыг гарынхаа алганы хээг мэддэг шигээ сайн мэддэг байх нь нэн чухал. Хэрэв та нарт эдгээрийн талаар асуулт гарч ирвэл энэ сэдвийг судалж, ойлгосон хэн нэгнээс асууна уу. Өөрөөр хэлбэл, эдгээр сэдвээр өгөгдсөн нийтлэлийг судалж байхдаа “бүр сурахаар мөн тэрчлэн итгэлээр суралцахыг эрэлхийл.”
Түүнээс гадна та нар Иосеф Смитийн бичвэр, LDS.org-ийн Сүмийн хэсэгтэй болон ХҮГ итгэлтэй эрдэмтдийн өөр бусад эх сурвалжтай сайтар танилцсан байх ёстой.
Сургаал, түүхийг гүн гүнзгий бодон, судалснаараа дамжуулан сайн мэдээг ил тод болгон, сүнслэг байдлаар вакцинжуулах гэсэн хүчин чармайлтыг гал мэт дүрэлзэн шатах гэрчлэлтэй хамт нийлүүлбэл энэ нь суралцагчдадаа мэдээллийн энэ эрин үед гарч ирж болох асуултуудтай эсвэл эргэлзээ эсвэл итгэлтэй холбоотой хямралыг шийдвэрлэх буюу зайлсхийхэд нь туслахад хэрэглэж болох хамгийн сайн ерөндөг болох юм.
Багш та нар гагцхүү бидний түүх, сургаал, зан үйлийг илүү сайн, одоо байгаагаасаа ч илүү сайн ойлгохын тулд хичээл зүтгэл гаргасныхаа дараа, суралцагчдынхаа асуултад гүн гүнзгий бодсон, хянамгай, сүнслэгээр өдөөгдсөн хариулт өгөхөд бэлтгэгдсэн байх болно.
Суралцагчдад тань ямар асуулт байгааг олж мэдэх нэг арга зам бол тэднийг анхааралтай сонсох явдал юм.
Нэг удаа намайг сонин уншиж байхад таван настай ууган охин минь өвөр дээр минь авиран гарч ирж суусан юм. Түүнийг өөрийнхөө хувьд чухал нэгэн зүйлийг надад ярьж байхад нь би түүнд ямар ч ач холбогдол өгсөнгүй. Тэгтэл тэр жижигхэн гараараа сонинг доош татан, нүүрийг минь хоёр гараараа барьж, нүд рүү минь эгцлэн харж байгаад, “Аав аа, та намайг сонсохгүй байна шүү дээ!” гэж хэлж билээ. Энэ нь түүний зөв, харин түүнийг сонсоогүй нь миний буруу байлаа. Бүх сайн багш маш сайн сонсогч байх ёстой.
Та нар суралцагчдаа сонсохын зэрэгцээ тэднийг ямар ч сэдвээр ангид ирэн эсвэл ганцаарчлан уулзаж, асуухад урамшуулан дэмж.
“Яагаад?” гэдэг нь таны суралцагчдын асуух хамгийн чухал асуулт байж болно.
Ойлгоё гэсэн чин сэтгэлийн хүсэлтэй асуувал “Яагаад?” гэдэг бол агуу асуулт. Энэ нь номлогчид сонирхогчдоосоо өөрсдөөс нь асуугаасай хэмээн хүсэж байдаг тэр асуулт юм. Бид яагаад энд байгаа юм бэ? Яагаад муу зүйлс сайн хүмүүст тохиолддог юм бэ? Яагаад бид залбирах ёстой вэ? Яагаад бид Есүс Христийг дагах ёстой вэ? Ихэвчлэн яагаад гэсэн асуулт нь сүнслэг өдөөлт, илчлэлт рүү хөтөлдөг. Тэнгэрлэг Эцэгийнхээ авралын төлөвлөгөөг мэдэж байгаа учраас энэ нь “яагаад” гэсэн ихэнх асуултад хариулахад тань тусална. Би нэг, хоёр хормын дараа энэ тухай илүү дэлгэрэнгүй ярих болно.
Эцэст нь асуултад хариулахтай холбоотой нэгэн зүйлийг хэлье. Тэдэнд сайн мэдээ нь амьдралын хамгийн чухал гэсэн, ихэнх биш юм аа гэхэд олон асуултын хариултыг өгдөг бөгөөд зарим асуултын хариултыг өгөхөд шаардагдах хангалттай мэдээлэл бидэнд байхгүй учраас тэдгээрийг мөнх бус байдалд хариулах боломжгүй гэдгийг зааж өгөх нь чухал. Иаковаас олж мэдсэнээр, “Болгоогтун, Их Эзэний ажлууд агуу хийгээд гайхамшигтай юм. Түүний нууцуудын гүн нь хэичнээн танигдашгүй билээ; мөн хүмүүн түүний бүхий л замуудыг олж мэдэх нь боломжгүй. Мөн түүнд илчлэгдээгүй аваас ямар ч хүмүүн түүний замуудыг үл мэднэ.”9
Одоо нэг зүйлийг анхааруулж хэлэх гэсэн юм: Та нар ихэнх суралцагчтайгаа адил өөрсдийгөө судар, сургаал, түүхийн мэргэжилтэн гэж бодох цаг үе ирж магадгүй. Сүүлийн үед хийгдсэн судалгаа нь “хүмүүс өөрсдийгөө ямар нэгэн сэдвийн талаар сайн мэддэг гэж бодохынхоо хэрээр мэддэг зүйлээсээ гадуур, тэр тусмаа худал баримт, хуурамч мэдээллийг хүртэл үнэн болгон дүр үзүүлэн батлах гэж оролддог”10болохыг харуулсан байна.
“Хэтрүүлэн нотлох” хэмээн тодорхойлсон энэхүү дүр эсгэсэн уруу таталтаас Сүмийн Боловсролын Системийн багш нар зайлсхийх ёстой. Харин үүний оронд “Би мэдэхгүй” гэж хэлэх нь тун зөв юм. Гэхдээ ингэж хэлснийхээ дараа та нар суралцагчдынхаа гашилган байж асуусан асуултад хамгийн сайн хариултыг өгөх үүрэгтэй.11
Та бүхэнд суралцагчдадаа зааж, асуултад нь хариулж байхдаа бидний сургаал, зан үйлийн талаарх итгэхийг урамшуулсан эсвэл үндэслэлгүй цуу яриа эсвэл өмнө нь өгч байсан, цаг үеэ өнгөрөөсөн ойлголт, тайлбаруудыг дамжуулан өгч болохгүй гэдгийг анхааруулах гэсэн юм. Амьд бошиглогч, төлөөлөгчдийн үгсийг судлах, Сүмд гарч буй асуудал, журам, мэдэгдлийн талаарх хамгийн сүүлийн мэдээллийг mormonnewsroom.orgболон LDS.org-оос авах, худал хуурмаг, хуучинсаг эсвэл этгээд, хачин жигтэй зүйлийг заахгүйн тулд олонд нэртэй, сайтар тунгаан бодсон, итгэлтэй ХҮГ эрдэмтдийн ажилтай зөвлөлдөх зэргийг дадал хэвшил болгох нь юу юунаас илүү ухаалаг алхам юм.
“Хэтрүүлэн нотлох” талаарх судалгааны зохиогчид “үнэндээ хэтрүүлэн нотлох гэсэн хандлага нь ялангуяа өөрсдийгөө мэргэжилтэн гэж боддог хүмүүсийг сайн мэддэг гэж боддог яг тэр салбартаа өөрсдийгөө илүү боловсруулан хөгжүүлэхэд саад болдог” хэмээн тэмдэглэсэн байна.
БЯИС-ийн сургалт хариуцсан дэд ерөнхийлөгч “Аливаа салбарт мэргэшиж, таны оюутнууд болон хамтран ажиллагчид амнаас тань гарах үг бүрийг амаа ангайлган сонсох нь сайхан зүйл байж болно. Гэхдээ үргэлжлүүлэн суралцана гэсэн гүн гүнзгий ойлголт танд байхгүй бол бид ‘хэтрүүлэн нотлох’-ын золиос болох бөгөөд хэн ч ‘бүхнийг мэдэгч’-д дуртай байх нь үгүй”12хэмээн хэлсэн байдаг.
Би ерөнхийлөгч Хинклигийн хэлсэн “Бидний хувьд хэт болгоомжлох гэсэн ойлголт үгүй. Бид [замаасаа] гарахгүйн тулд хийж байгаа зүйлдээ сонор сэрэмжтэй хандах ёстой”13хэмээх сэрэмжлүүлгийг дахин сануулах гэсэн юм.
Та нар насан туршдаа суралцагч байхаас гадна хувь хувийнхаа амьдралд Ариун Сүнсийг хамт байлгах боломж олгодог зүйлсийг хийж байх ёстой. Эдгээр зүйлсэд чин сэтгэлээсээ залбирах, итгэлтэйгээр мацаг барих, судар ба амьд бошиглогчдын үгсийг тогтмол судлах, тунгаан бодох, Хүндэтгэлийн өдрийг баясгалантай өдөр болгох, ариун ёслолоос даруухнаар, Аврагчийг үргэлж дурсан санаж хүртэх, ариун сүмд боломжтой бол аль болох ойр ойрхон орж шүтэн бишрэх, эцэст нь дэлхий даяарх ядарч зүдэрсэн, ядуу болон ганцаардсан хүмүүст тусламжийн гараа сунгах зэрэг нь орно.
Боломж, үүрэг хариуцлагаа зохих ёсоор биелүүлэхийн тулд багш та нар минь номлож байгаа зүйлээ амьдрал дээрээ дагаж, хэрэгжүүлдэг байх ёстой!
Итгэлтэй хүмүүсээс буюу гэр бүлийн хүн, санваарын удирдагчид эсвэл удирдлагаасаа зөвлөгөө авч, залруулга эрэлхийлэх зориг зүрхтэй бай. Та тэднээс хувийн шавь байх замдаа аль зүйл дээрээ ажиллаж, сайжруулах шаардлагатай байгаагаа асуу. Ялангуяа Сүмийн аравны нэгийн ариун сангаас цалинждаг бүрэн цагийн ажилтнууд үүнийг хийж байх нь маш чухал. Та Сүнсийг холдуулдаг аливаа зүйлээс зайлсхийх хэрэгтэй.
Түүнчлэн бидний хүн нэг бүр нүүр тулж болох уруу таталтуудыг олж тодорхойлоход туслах 2 Нифай 26:29–32, Алма 5:14–30, Сургаал ба Гэрээ 121:33–46-г уншаад, өөрөө өөртэйгөө хувиараа ярилцлага тогтмол хийж байхыг би та нарт санал болгохыг минь зөвшөөрнө үү. Хэрэв амьдралд тань өөрчлөлт хийх хэрэгтэй зүйл байвал үүнийгээ засаж залруулах шийдвэр гарга.
Хамтран ажиллагсдынхаа санаа сэдэлд эргэлзэх уруу таталтаас хол бай. Үүний оронд сэтгэл зүрхнийхээ гүн рүү орон, өөрийн хүсэл, сэдэл юу болохыг олж мэд. Зөвхөн энэ л нөхцөлд Аврагч зүрх сэтгэлийг тань өөрчлөн, та нарын хүсэл, сэдлийг Түүнийхтэй тааруулж чадна.
Өсөн өндийж буй залуу үеийнхэн Бурханы авралын төлөвлөгөөг мэдэж, ойлгон, хүлээн зөвшөөрч, уг төлөвлөгөөнд оролцох ёстой. Төлөвлөгөөг ойлгох нь тэдэнд өөрсдийгөө Бурханы тэнгэрлэг хүү, охин гэдгээр харах боломжийг өгөх бөгөөд энэ нь бараг бүх сургаал, зан үйл, зарлигийн талаар ойлгох дуран авайг тэдэнд өгөх юм.
СБС-ийн багш та нар 21-р зууны залууст төлөвлөгөөний талаар, үүнд тэнгэрээр томилогдсон гэрлэлтийн сургаал, гэр бүлийн тунхагт тодорхойлсноор14гэр бүлийн үүргийн талаар зөв зарчмуудыг заах боломж, үүрэг хариуцлагаа хүлээн авах хэрэгтэй.
Мөнхийн гэрлэлт, гэр бүлийн талаарх сургаал нь Бурханы аз жаргалын төлөвлөгөөний нэгэн чухал хэсэг болно. Энэ нь ариун сүмд лацдан холбогдсон бидний гэр бүлийг селестиел хаант улс дахь Тэнгэрлэг Эцэгийн маань мөнхийн гэр бүлийн нэгэн хэсэг болгодог юм. Энэ нь Түүний гэр бүлтэй болон сүнсний хүүхдүүдтэй шууд холбоотой учраас бид Эхлэл номоос “Бурхан эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээв” мөн Адам аав, Ева эх хоёрт “өсөн нэмэгдэж, өнөр өтгөн бол”15гэснийг мэдэж авдаг.
Аз жаргалын төлөвлөгөө гэр бүлээр эхэлж, гэр бүлээр дуусдаг хэмээн хэлсэн байдаг. Үнэндээ гэр бүл нь мөнх бус байдлаас өмнөх дэлхийд эхэлсэн бөгөөд бид тэнд тэнгэрлэг эцэг эхийнхээ гэр бүлийн гишүүний хувьд амьдарч байсан билээ. Эцэст нь гэр бүлийн үүрэг амлалт, хайр энэрлийн харилцаа холбоо нь зөвхөн мөнхөд үргэлжлээд зогсохгүй, өсөн үржихүйн замаар өсөн нэмэгдэх болно.16
Энэ бүхнийг холбож байдаг гогцоо болох Бурханы төлөвлөгөө, бидний мөнхийн хувь тавилантай хамаатай, бусад бүх зүйл тойрон хүрээлдэг тэрхүү зүйл бол бидний Аврагч, Есүс Христ юм. Түүний гэтэлгэгч золиослол нь хайрлах, энэрэх, мөнхийн гэрлэлт, гэр бүл гээд бүх зүйлийг боломжтой болгосон билээ.
Их Эзэн бидэнд ганц бие ямар ч хүн зөв шударга байгаа эсэхээсээ үл хамааран Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ өгсөн бүхнийг хүлээн авч чадахгүй хэмээн заасан байдаг. Ганц бие хүн бол тэгшитгэлийн дөнгөж хагас нь бөгөөд селестиел хаант улсын дээд түвшинд амьдрах боломжгүй юм.17
Мөнх бус байдлын зорилго бол биетэй болж, сонгох эрхийг ашиглан, өмнө нь зөвхөн тэнгэрлэг эцэг эхийн гүйцэтгэдэг байсан нөхөр, эхнэр, эцэг эх байх гэсэн үүрэг хариуцлагыг өөрсөд дээрээ хүлээн авснаараа Бурхантай илүү адилхан болно гэдгийг та нар суралцагчдадаа ойлгуулсан байх хэрэгтэй.
Зохистой хийгээд Есүс Христэд итгэж найддаг ч гэсэн хосоороо лацдан холбогдож эсвэл энэ амьдралдаа хүүхэдтэй болж чадаагүй хүмүүст ирэх амьдралд ийнхүү хийх боломж олдох боломжтой гэдгийг бошиглогчид батлан хэлсэн байдаг.
Манай өсвөр үеийнхэнд Их Эзэний Сүмд хүн бүрд шүтэн бишрэх, үйлчлэх мөн ах эгчийн хувьд сайн мэдээнд өсөж хөгжих орон зай олдоно гэдгийг заа. Тэдэнд Лихайн зааснаар, Бурханы бүх хүүхдэдээ зориулсан зорилго, найдварыг дараах байдлаар тоймлон хэлж болно. “Адам хүмүүн байж болохын тулд унасан; мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө”18гэдгийг сануул.
Тэнгэрлэг Эцэг биднээс гэрлэлтийн талаарх Түүний тодорхойлолтыг хүлээн зөвшөөрч, “өсөн нэмэгдэж, өнөр өтгөн бол” хэмээх анхны зарлигийг зөвхөн Түүний төлөвлөгөөг гүйцэлдүүлэхийн тулд биш, харин охид хөвгүүдээс уг төлөвлөгөөнөөс тэдэнд зориулсан баясгаланг олж аваасай хэмээн хүсдэг билээ.
Зөвхөн Сүмийн гишүүд энэ зарчмыг хүлээн зөвшөөрдөг юм биш ээ. Нью Йорк Таймс-ын сэтгүүлч Дэвид Брүүкс “Хүмүүст хүссэн зүйлээ хийх хувийн эрх чөлөөг дээд хэмжээнд өгснөөр тэд өмнөхөөсөө илүү сайн болдоггүй. Тэд зөвхөн гэр бүл, Бурхан, ур чадвар, эх орон гэх мэт хувийн сонголтоос нь давамгайлах үүрэг амлалтаар хүрээлэгдэх үедээ өмнөхөөсөө илүү сайн болж чаддаг”19болохыг олж харсан байдаг.
Та нар Сүмийн боловсрол олгогчийн хувьд манай өсвөр үеийнхэнд Бурханы хүүхдүүдийн жинхэнэ баяр баясгаланг хүлээн авах боломжтой Түүний аз жаргалын төлөвлөгөөний талаар тодорхой ойлголтыг олж авахад нь тусал. Тэдэнд үүнийг мэдэхэд нь тусал. Үүнийг угтан тэвэр. Үүнд оролц. Үүнийг хамгаал. Ерөнхий эрх мэдэлтнийхээ дөчин жилийн туршлагаас харахад, мөнхийн болоод тэнгэрлэг хувь тавилангаа огт ойлгодоггүй манай Сүмийн залуу, ахмад гишүүний тоо олон байгаад сэтгэл зовниж байдаг юм.
Тиймээс, хайрт багш нар минь ээ, бид яагаад Бурханы аз жаргалын агуу төлөвлөгөөний талаарх мэдлэг биднээс асуудаг “яагаад” гэсэн асуултыг сургаал болон сүнслэг талаас нь тайлбарлаж өгөх эдгээр боломжийг эрэлхийлэн, үүнд баясаж байх ёстой. Тэнгэрлэг Эцэг, Эхийн сүнсэн хүүхдүүд бидний хувьд, өмнө нь амьдарч байсан мөнх бус байдалд итгэдэг гэдгээ илэрхийлэх нь дэлхий яагаад бүтээгдсэн болохыг тайлбарлах боломжийг олгодог. Мөнх бус амьдралын нэн чухал зорилгын нэг бол гэр бүл гэж юу болохыг энэ удаа зөвхөн хүүхдийн хувьд биш, харин эцэг эхийн хувьд өөрийн биеэр үзэх явдал юм. Сургаалын болон Тэнгэрлэг Эцэгийн бидний мөнхийн аз жаргалд зориулсан төлөвлөгөөний зорилгын талаарх үндсэн ойлголтоо нандигнан хайрла, мөн тэдгээрийн талаар үргэлжлүүлэн заа.
Тэгэхлээр үгийнхээ төгсгөлд, мөн ахлагч Ким Б.Кларкийн өнөө оройн хэлсэн үгийг тоймлон хэлэхэд, багш нар та бүхэн бол Бурханаас илгээгдсэн итгэл, найдвар, даруу зан, хайраар дүүрэн хүмүүс юм гэдгийг бид мэдэж авсан.20
Би дараах зүйлийг та нартай хуваалцсан болно:
-
Суралцагчдад судлахаар мөн итгэлээр суралцахыг цэвэр ариун гэрчлэлтэй хослуул. Тэдэнд завиндаа үлдэж, чанга зууран барихыг заа!
-
Суралцагчдадаа зөөврийн хэрэгслийнхээ хэрэглээг хянаж, интернэтийн оронд Ариун Сүнстэй холбогдоход анхаарлаа илүү хандуулахыг зааж сурга.
-
Суралцагчдаа Есүс Христийн сайн мэдээнээс олж авч болох авралын төлөвлөгөөний талаарх үнэнээр вакцинжуул.
-
Сайн мэдээний сэдвээрх нийтлэлүүдийн агуулгыг төгс эзэмш.
-
“Яагаад” гэсэн асуулт нь сайн мэдээний ойлголт руу хөтөлж болох агуу чухал асуулт гэдгийг сана.
-
“Хэтрүүлэн нотлох” хэрэггүй бөгөөд “Би мэдэхгүй” гэж хэлэхээс бүү ай.
-
Насан туршдаа суралцагч бай.
-
Зөвлөгөө, залруулгыг итгэж найддаг хүмүүсээсээ эрэлхийл.
-
Өөрсдийн сүнслэг бэлтгэл, тууштай байдал, үр дүнгээ шалгах үүднээс хувийн ярилцлагыг тогтмол хийж байх талаар бодож үз.
-
Аз жаргалын төлөвлөгөө гэр бүлээр эхэлж, гэр бүлээр дуусдаг гэдгийг заа. Авралын төлөвлөгөөний талаар үргэлж бодож бай.
-
Гэрлэлт, гэр бүл мөнхийн баяр баясгаланг авчирдаг гэдгийг заа.
-
Судлахаар мөн итгэлээр суралцахыг цэвэр ариун гэрчлэлтэй хослуулах нь үнэн бөгөөд урт хугацаанд үргэлжлэх хөрвөлтийг авчирдаг гэдгийг сана.
-
Их Эзэн Есүс Христийн Цагаатгалд итгэх хүчирхэг итгэл нь бидний сүнслэг хүч болон өсөлт хөгжилд юу юунаас чухал.
Одоо хайрт багш нар минь ээ, Бурхан та нарыг нэг бүрчлэн адислах болтугай. Та бүхний үүрч байгаа бүхий л ачаа дарамт хөнгөрөх болтугай. Та бүхэн заасан зүйлээрээ дамжуулан нэгэн амьдралыг өөрчилсөн, Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн нэгэн өдөр Түүний оршихуйд тэврүүлэх аян зам руу нь хэн нэгнийг өргөсөн гэдгийг мэдсэнээрээ ирдэг баяр баясгалан, амар амгаланг та бүхэн олох болтугай. Бидэнд бошиглогч Иосеф Смитээр дамжуулан сэргээгдсэн Есүс Христийн үүрдийн сайн мэдээний бүрэн бүтэн байдал байгаа гэдгийг гэрчилж, гэрчлэлээ үлдээж байна. Санй мэдээний бүрэн байдал бидний гарт байна. Бид үүнийг оюун ухаан, зүрх сэтгэлдээ оруулж, хүч чадлаар заах ёстой. Бурхан бидний хүн нэг бүрийг адислах блтугай хэмээн Есүс Христийн нэрээр даруухнаар залбирч адисалж байна, амен.
© 2016 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. Англи хэлний зөвшөөрөл: 12/15. Орчуулгын зөвшөөрөл: 12/15. The Opportunities and Responsibilities of CES Teachers in the 21st Century”-ийн орчуулга. Mongolian. PD60001102 363