Христийн мэндэлсний баярын онцгой цугларалт
Есүсийн танд барьж буй дөрвөн бэлэг


2:3

Есүсийн танд барьж буй дөрвөн бэлэг

Хайрт ах, эгч нар аа, ямар сайхан баярын улирал вэ! Бид “Oh, Come, All Ye Faithful”1 дууллыг дуулах дуртай бөгөөд Бетлехемийн бяцхан хүү Есүс Христ буюу “Хуучин Гэрээний агуу Иехова, Шинэ Гэрээний Мессиа”2 болох Түүнийг шүтэн бишрэхийг хүсэн хүлээдэг.

Өнөө орой Их Эзэн Есүс Христийн амьдрал, тохинуулал, сургаал, Цагаатгалд төвлөрөх үед бидэнд ирдэг адислалуудын талаар хамтдаа эргэцүүлэн бодоцгооё. Хаан Бенжамин өөрийн өдрүүдэд гэгээнтнүүдийн төлөө хийсэнтэй адил би та бүхнийг “Бурханы зарлигуудыг дагадаг тэдний адислагдсан мөн баярт байдлыг та нар тунгаагаасай” хэмээн урьж байна. Тэрхүү адислал одоо энд байгаа ч түүн дээр “хэзээ ч төгсөшгүй аз жаргал”3 хэмээх хожмын амлалт нэмэгддэг. Энгийнээр хэлэхэд, Есүс Христийн жинхэнэ дагалдагчдад үгээр хэлшгүй баяр баясгаланг мөнхөд мэдрэх аз завшаан оногдсон байдаг.

Би саяхан Лидиа гэдэг нэртэй нэгэн тэнгэр элчтэй уулзаад, энэ тухай санаж билээ. Уг тэнгэр элч цагаан өмсгөлгүй байсан ба миний ажлын өрөөнд орж ирснээр бид түүнтэй төвөггүйхэн уулзах боломжтой болсон юм. Лидиа 12 настай. Би түүнийг маш ховор тохиолддог, давшингуй явцтай тархины хорт хавдартай болохыг мэдсэн.4 Тэр тэнгэр элч мэт царайтай, насандаа багтамгүй хэрсүү нэгэн байлаа. Бид түүний амьдрал, ирээдүйн талаар ярилцах үед тэр амгалан тайван байв. Ямар нэгэн асуулт байгаа эсэхийг нь асуухад тэр “Диваажин ямар байдаг бол?” гэж асуулаа. Уг асуулт нь амьдралын зорилго, Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хайртай Хүүгийн Өөрсдийг нь хүндэлж, дуулгавартай дагадаг хүмүүст өгсөн адислалууд зэргийн талаар чин сэтгэлийн дотно яриа өрнүүлэхэд хүргэсэн юм.

Лидиа ба ерөнхийлөгч Нэлсон

Лидиагийн болон түүний гэр бүлийнхний итгэл миний сэтгэлийг ихэд хөндсөн. Энэ амьдралд хүнд сорилттой тулгарсан ч гэлээ Лидиа итгэл дүүрэн байв. Тэр аливааг мөнхийн талаас нь хардаг бөгөөд Их Эзэн өөрийг нь хайрлаж, өөрт нь санаа тавьдаг гэдгийг мэддэг. Түүний халамжит гэр бүлийнхэн ч гэсэн зөвхөн Их Эзэнд итгэх итгэлээс төрдөг амар амгалангаар дүүрсэн байв.

Лидиа Их Эзэний Сүмийн ерөнхийлөгчтэй уулзах хүсэлтэй байсан ч түүний хүсэл мөнх бус амьдралд тохиох ганц удаагийн дурсамжаас ч илүү гүн гүнзгий байв. Түүний хамгийн нандин хүсэл бол селестиел оршихуйд гэр бүлтэйгээ мөнхөд хамт байх явдал юм. Үүнд Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёртой үргэлж хамт байх хүсэл ч мөн багтсан.

Чухамдаа, хүсэл маань бидний хүн нэг бүрд зөвхөн энд, одоо төдийгүй ирээдүйд ч гэсэн гүн гүнзгий нөлөөлдөг. Алмагийн “[Их Эзэн] тэдний хүслийн дагуу хүмүүнд зөвшөөрдөг”5 хэмээн хэлсэн үгийн ач холбогдлыг бодож үзээрэй.

Хүсэл нь хайртай хүмүүсийнхээ хүслийг онцгойлон анхаарч, бэлэг сэлт өгдөг энэ баярын өдрүүдэд чухал юм. Энэ өдрүүдээр би та нарыг өөрсдийн хүслийг эргэцүүлэн бодоорой гэж урьж байна. Таны хамгийн нандин хүслүүд юу вэ? Та энэ амьдралдаа юу үзэж харж, хийж бүтээхийг хүсэж байна вэ? Та Есүс Христтэй улам бүр адилхан болохыг үнэхээр хүсэж байна уу? Та Тэнгэрлэг Эцэгтэй болон гэр бүлтэйгээ мөнхөд хамт амьдрахыг үнэхээр хүсэж байна уу?

Хэрэв та хүсэж байгаа бол мөнх бус амьдралд байх хугацаанд бидэнд туслахын тулд Их Эзэний өгсөн олон бэлгийг хүлээн авахыг хүсэх болно. Хүлээн авах хүсэлтэй бүх хүнд Есүс Христийн өгсөн дөрвөн бэлгэнд анхаарал хандуулцгаа.6

Нэгдүгээрт, Тэр та бидэнд энэрч хайрлах хязгааргүй чадавхыг өгсөн. Үүнд хайрлахад бэрх хүмүүсийг, тухайлбал таныг хайрлах нь битгий хэл гадуурхдаг хүмүүсийг хайрлах чадвар багтсан.7

Аврагчийн тусламжтайгаар бид Түүнтэй адил хайрлахыг сурч чадна. Бид нэг нэгнээ хэрхэн жинхэнэ ёсоор халамжлахыг Аврагчаар заалгаснаар энэ нь биднээс зүрх сэтгэлийн өөрчлөлтийг, тэр тусмаа зүрх сэтгэлээ зөөлрүүлэхийг шаардах нь гарцаагүй. Хайрт ах, эгч нар аа, бид Их Эзэний хайрын бэлгийг хүлээн авснаар үнэхээр Түүний арга замаар тохинуулж чадна.

Хайрлахад хэцүү санагддаг мөн Их Эзэний танаас хайрлаасай гэж хүсдэг хүмүүсийг хайрлахын тулд Их Эзэний тусламжийг хүс. Та мөн явахыг хүсэхгүй байгаа газраар тантай хамт алхах тэнгэр элчүүдийг илгээхийг Бурханаас хүсэж болно.8

Аврагчийн танд барьж буй хоёр дахь бэлэг бол уучлах чадвар юм. Түүний хязгааргүй Цагаатгалаар дамжуулан та өөрийг тань гомдоосон болон танд таагүй хандсаныхаа хариуцлагыг хэзээ ч хүлээхгүй байж мэдэх хүмүүсийг уучилж чадна.

Танаас чин сэтгэлээсээ, даруухнаар өршөөл эрсэн хүнийг уучлах харьцангуй амархан. Гэвч янз бүрийн байдлаар тантай зүй бус харьцсан ямар ч хүнийг уучлах чадварыг Аврагч танд өгнө. Ингэснээр тэдний буруу үйлдэл таны бодгалийг зовоож чадахгүй.

Аврагчийн гурав дахь бэлэг бол наманчлал юм. Энэ бэлгийг хүмүүс тэр бүр сайн ойлгодоггүй. Шинэ Гэрээ анх грек хэл дээр бичигдсэн гэдгийг та нар мэднэ. Аврагчийн хүмүүсийг наманчлалд дуудсан шүлгүүдэд “наманчил” гэж орчуулагдсан үг нь metanoeo гэсэн грек үг байдаг.9 Энэ бол грек хэлний маш хүчтэй үйл үг юм. Үгийн угтвар meta гэдэг нь “өөрчлөх” гэсэн утгатай. Бид энэ угтварыг англи хэлэнд ч бас ашигладаг. Жишээлбэл, metamorphosis гэдэг үг нь “хэлбэр, дүрсээ өөрчлөх” гэсэн утгатай. Noeo гэсэн дагавар нь “оюун санаа”10 гэсэн грек үгтэй холбоотой. Энэ нь түүнчлэн “мэдлэг,”11 “сүнс,”12 “амьсгал”13 зэрэг утгатай грек үгүүдтэй холбоотой.

Их Эзэнийг наманчлалынх бэлгийг бидэнд өгөх үед бид өгсөн зүйлийнх нь цар хүрээ, гүн гүнзгий утга агуулгыг бүрэн дүүрэн харж чадах болов уу? Тэрээр биднээс оюун санаа, мэдлэг, сүнс, бүр амьсгалаа хүртэл өөрчлөөсэй хэмээн хүсдэг. Жишээ нь, бид наманчлах үедээ өдрөөс өдөрт бидэнд амьсгал өгдөг Бурханд талархан амьсгалдаг.14 Мөн бид тэрхүү амьсгалыг Түүнд болон Түүний хүүхдүүдэд үйлчлэхэд зориулахыг хүсдэг. Наманчлал бол гайхалтай бэлэг. Энэ үйл явцаас айж эмээх хэрэггүй. Бид энэ бэлгийг өдрөөс өдөрт, бүр Аврагчтай илүү адил болохыг эрэлхийлэх явцдаа баяр хөөртэй хүлээн авч, ашиглаж, бүр өөрийн болгох хэрэгтэй.

Лемонай хааны эцэг Христэд итгэж Түүнийг дагадаг хүмүүсийг юу угтаж байгааг цухас харсан. Тэр Их Эзэнийг мэдэх онцгой боломжийн төлөө бүх нүглээ орхино хэмээн тунхагласан.15 Жинхэнэ наманчлал бол нэг удаагийн үйл явц биш. Энэ бол төгсгөл үгүй онцгой боломж юм. Энэ нь өсөлт хөгжил, сэтгэл санааны амар амгалан, тайтгарал, баяр баясгалантай байхын үндэс суурь мөн.

Аврагчийн дөрөв дэх бэлэг бол амлалт буюу мөнх амьдралын амлалт. Энэ нь зүгээр л урт удаан хугацааны турш амьдрахыг хэлээгүй. Хүн бүр нас барсныхаа дараа өөрсдийн өвлөж авах хаант улс эсвэл алдар суугаас үл хамааран мөнх амьдрах болно. Хүн бүр амилуулагдаж, үхэшгүй байдлыг үзэх болно. Гэвч мөнх амьдрал бол цаг хугацааны хэмжүүрээс илүү агуу зүйл юм. Мөнх амьдрал бол Тэнгэрлэг Эцэг ба Түүний Хайрт Хүүгийн амьдардаг амьдрал юм. Эцэг бидэнд мөнх амьдралыг санал болгохдоо, үнэхээр “Хэрэв та нар миний Хүүг дагахаар сонгож байгаа бол, хэрэв Түүнтэй илүү адил болох ньүнэхээр таны хүсэл мөн юм бол цаг нь ирэхээр та нар бидэнтэй адил амьдралаар амьдарч, бидэнтэй адил дэлхийнүүд ба хаант улсуудын дээр тэргүүлэх болно” хэмээн хэлж байгаа хэрэг.

Бид энэ дөрвөн бэлгийг хүлээж авбал эдгээр нь бидэнд бүр илүү их баяр баясгаланг авчрах болно. Иехова бяцхан Есүс болж дэлхийд бууж ирсэн учраас эдгээрийг бид хүртэх боломжтой болсон юм. Тэрээр үхэшгүй мөнхийн Эцэг, мөнх бус эхээс төрсөн. Тэрээр Бетлехемд хамгийн эгэл даруу нөхцөл байдалд мэндэлсэн билээ. Адамын үеэс хойших бошиглогчид Түүний ариун төрөлтийг зөгнөн харсан. Есүс Христ бол Бурханы хамгийн гайхамшигт бэлэг бөгөөд бүх хүүхдэдээ өгсөн Эцэгийн бэлэг буюу.16 Тэрхүү төрөлтийг бид Христийн мэндэлсний баяр болгоноор баяр хөөртэйгөөр тэмдэглэдэг.

Бодол санаа, сэтгэл зүрхээ дэлхийн Аврагч дээр төвлөрүүлсэн бид Есүс Христийн харамгүй өгч буй эдгээр бэлгийг хүлээн авахын тулд юу хийх хэрэгтэй вэ? Түүнтэй адил хайрлаж, уучилж, илүү адилхан болохын тулд наманчилж, эцэст нь Түүнтэй болон Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт амьдрахын түлхүүр юу вэ?

Ариун нандин гэрээнүүдийг байгуулж, сахих нь үүний түлхүүр юм. Бид Их Эзэний гэрээний замаар амьдарч, тэндээ үлдэхээр сонгодог. Энэ ажилд онцгойлон адисалдаггүй. Энэ бол энэ амьдрал дахь жинхэнэ баяр баясгалан, ирэх амьдрал дахь мөнх амьдралд хүргэх цорын ганц зам мөн.

Хайрт ах, эгч нар аа, миний хамгийн нандин хүсэл бол Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэд Есүс Христийн сайн мэдээг сонсох, Түүний сургаалыг анхаарч үзэх, Израилд амлагдсан ёсоороо энэ хожмын өдрүүдэд цугларах боломжийг олгох явдал юм. Бид Аврагчийн биднийг гэх хайранд итгэж, хайрыг нь хүлээн авах болтугай хэмээн би залбирч байна. Тэрээр хязгааргүй, төгс хайрандаа хөтлөгдөн та биднийг цагаатгасан. Тэрхүү бэлэг болох Аврагчийн Цагаатгал Түүний бүх бэлгийг биднийх болгодог.

Ирээдүйн нэгэн өдөр, бидний бэлдэж буй тэрхүү Мянган жилд “өвдөг бүхэн сөхөрч, хэл бүхэн Есүс бол Христ гэдгийг хүлээн зөвшөөрөх болно.”17 Ариун сүмийн талбайн гайхамшигт Табернэклын найрал дуучид дангаараа “Халлелуяа”18 гэж дуулахгүй. Есүс Христийг дагахаар сонгосон хүн бүр “Халлелуяа! Төгс хүчит Эзэн Бурхан хаанчилдаг”19 хэмээн дуулж мөн хашхирах болно. “Ертөнцийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон. Тэр үеийн үед хаанчилна.”20 “Хаадын хаан, эздийн Эзэн.”21

Бурхан амьд хэмээн би гэрчилж байна. Есүс бол Христ, Мессиа мөн. Энэ бол бошиглогчдоороо дамжуулан удирддаг Түүний Сүм. Бид Түүний адислалуудыг болон Аврагчийн та нарт өгдөг бүх бэлгийг хүлээн авах хүсэл, чадварыг та нарын дээр даруухнаар урин дуудаж байна. Есүс Христийн нэрээр, амен.