Христийн мэндэлсний баярын онцгой цугларалт
Бүгд зүрх сэтгэлдээ Түүнийг оруулаг


2:3

Бүгд зүрх сэтгэлдээ Түүнийг оруулаг

Дөнгөж долоо хоног гаруйхны өмнө Ариун сүмийн талбай дээр 53 жилийн турш уламжлагдан ирсэн Христийн мэндэлсний баярын гэрлийг асаасан ба энэ нь олон хүний хувьд Христийн мэндэлсний баярын улирал эхэлж буйн тэмдэг юм. Христийн мэндэлсний баяраар бид Бурханы жинхэнэ Хүү, дэлхийн Аврагч болох Есүс Христийн төрөлт, амьдрал, гэрлийг тэмдэглэдэг. Бид Түүний төрөлтийг дагалдан гарч ирсэн “Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай”1 хэмээх мэдэгдлээс найдварыг олдог. Дуу хөгжим, баярлаж хөөрсөн хүүхдүүд, өгөх, авах бэлгүүд, Христийн мэндэлсний баярын мод, чимэглэл, гэрэл зэрэг нь бүгд энэ баярт ёслолын хэсэг билээ.

Христийн мэндэлсний баярын тухай бодоход таны санаанд ямар нандин дурсамж орж ирдэг вэ? Миний хувьд, жилийн энэ цаг үед хүүхэд насны маань Христийн мэндэлсний баярын дурсамжууд үргэлж санаанд орж ирдэг.

Би авч байсан ихэнх бэлгээ одоо ч санадаг. Хөл бөмбөг, сагсан бөмбөг, тоглоом, хувцас авснаа би санаж байна. Эдгээр бэлгийн ихэнх нь алга болж, мартагдаж мөн хувцаснууд нь элэгдэж, багадсан. Гэхдээ өнгөрсөн Христийн мэндэлсний баяруудын хамгийн тод, тааламжтай дурсамжуудаас би юу авч байснаа биш, харин юу өгч байснаа илүү сайн санадаг юм.

Үүнийг одоо тайлбарлая. Жил бүрийн Христийн мэндэлсний баярын өмнөх бямба гарагт манай тойргийн өсвөр насныхан сүм дээр цуглардаг байв. Бид жүрж, гадил, гэрийн жигнэмэг, бялуу зэргээр дүүргэсэн сагснуудаа авч, ойр амьдардаг бэлэвсэн хүмүүст хүргэж өгдөг байлаа. Бид тэдний гэрт очиж, Христийн мэндэлсний баярын магтуу дууг дуулж, баярын сагсаа өгдөг байсан юм. Би тэдний талархсан инээмсэглэлийг одоо ч санадаг. Тэдний дундах цагаачид ба цагаачдын үр хүүхдүүд болох эгч дүү Шварц, Збиндэн, Гролл, Каклер гэх мэт хүмүүс нэлээн аялгатай англи хэлээр талархлаа илэрхийлдэг байлаа. Зүрх сэтгэлд минь мэдрэгдсэн тэр халуун дулаан мэдрэмжийг би хэзээ ч мартахгүй.

Лэса бид хоёр эцэг эх болоод, ядуу гэр бүлд Христийн мэндэлсний баярын бэлэг өгдөг та нарынхтай адил уламжлалыг эхлүүлсэн юм. Бид ихэвчлэн орон нутгийнхаа хүмүүнлэгийн байгууллагаас гэр бүлүүдийн нэрсийг хүүхдүүдийнх нь настай хамт авдаг байлаа. Тэдэнд яг тохирсон бэлгийг олох гэж бид нэлээд их цаг зав, хичээл зүтгэл гаргадаг байсан. Хөвгүүд маань Христийн мэндэлсний баярын өдөр өөрсдөө бэлэг авч байгаа юм шиг л үүнд хөөрөн баясаж байгаа мэт бидэнд санагддаг байв. Энэхүү гэр бүлийн үйлчлэлийн уламжлал Христийн мэндэлсний баярын жинхэнэ сүнсийг зүрх сэтгэлдээ сийлэхэд бидэнд тусалсан юм.

Ажил мэргэжлийн хувьд би дасгал сургуулилтын төхөөрөмжийг боловсронгуй болгож мөн үйлдвэрлэн, дэлхий даяар сурталчлан зарж борлуулах ажилтай байв. Гүйлтийн зам, суурин дугуй, босоо дасгалын машин зэрэг төхөөрөмжүүд голчлон зүрхний ажиллагааг сайжруулах зориулалттай байдаг. Үнэхээр манай компанид бид хэрэглэгчдийнхээ зүрхний хэм хянагч дэлгэцээр зүрхний байдал болон үйл ажиллагааны түвшинг зөв хэмждэг болоход анхаарч, нэлээн их хичээл зүтгэл гарган ажилладаг байв. Өнөөдөр бидний олонх нь зүрхний үйл ажиллагааг хянаж, сайжруулах дасгал хийхэд урамшуулдаг аппаратыг бугуйндаа зүүдэг болжээ.

Зүрхний тань байдлыг сүнслэг талаас нь хэмждэг, зүрхний сүнслэг байдлыг хэмжих төхөөрөмж байдаг байсансан бол ямар байх байсан бол? Зүрхний сүнслэг байдлыг хэмжих энэ төхөөрөмж танд юу гэж хэлэх байсан бол? Зүрх тань сүнслэг байдлынхаа хувьд хэр эрүүл байна вэ? Христийн мэндэлсний баярын өдрүүд бидний хүн нэг бүрд зүрх сэтгэлийнхээ төлөв байдлыг нарийн үнэлж дүгнэхэд яг тохирсон цаг мэт санагддаг.

Жишээ нь, та нар өөрсдөөсөө “зүрх сэтгэл минь Аврагчийг хүлээн авахад бэлэн үү?” хэмээн асууж болно. Христийн мэндэлсний баярын үеэр бид “Бүгд зүрх сэтгэлдээ Түүнийг оруулаг”2 гэсэн дууг байнга дуулдаг. Бид завгүй ч гэлээ, тэр тусмаа гайхамшигт энэ баярын өдрүүдэд Христэд зориулан зүрх сэтгэлдээ хэрхэн орон зай гаргаж болох вэ?

Судрууд зүрх сэтгэлийнхээ байдлыг үнэлж дүгнэхэд туслах тодорхойлолтоор дүүрсэн байдаг. Зарим шүлэгт “цэвэр,”3 “номхон дөлгөөн,”4 “даруу,”5 “харууссан”6 мөн “гэмшсэн”7 зэрэг үгс орсон байдаг. Эдгээр болон судрууд дээрх бусад олон үг бидэнд Аврагчийн зүрх сэтгэлийн талаарх ойлголтыг өгдөг. Түүнийг зүрх сэтгэлдээ хүлээн авахын тулд бидний зүрх сэтгэл Түүнийхтэй адил цэвэр ариун бөгөөд даруухан байх ёстой нь тодорхой.

Паулын үгсийг өөрийн үгээр илэрхийлэх юм бол, бид Есүс Христийн талаар өгүүлсэн үгс болон зан чанаруудыг “бидний зүрхэнд бичигдэж, бүх хүнээр уншигдаж, мэдэгддэг захиа … ; Христийн захиа … бэхээр бус, харин амьд Бурханы Сүнсээр, чулуун самбарт бус, харин махан биеийн зүрхний самбарт бичигдсэн”8 байхын төлөө ажиллаж болно. Энэ нь Христийн мэндэлсний баярын сайхан мэндчилгээг амаараа хэлэхээс илүү зүйлийг шаарддаг. Их Эзэн “уруулаараа Надтай ойр боловч зүрх сэтгэлээрээ Надаас хол байдаг”9 хүмүүсийн талаар бидэнд сэрэмжлүүлсэн. Христийн мэндэлсний баяраар болон жилийн турш бидний хийсэн сайхан сэтгэлийн үйлс, сайн ажлууд Аврагчийг гэх бидний хайр зүрх сэтгэлд минь бичигдсэний хамгийн сайн илрэл болдог.

Би хувьдаа зүрх сэтгэлийнхээ байдлын талаар бодож үзэхдээ, Сэргээлтийн эхний өдрүүдэд Есүс Христийн Сүмийг зохион байгуулахад тусалсан хүмүүсийн зүрх сэтгэлээсээ гаргасан золиос, хүч чадлаас сүнслэг өдөөлт, дагах агуу үлгэр жишээг олдог. Би Английн Иммингхамаас цагаачилж ирсэн, эхэн үеийн хожмын үеийн гэгээнтэн хөрвөгчдийн нэг болох Мэри Вүүд Литтлтон эгчийн тухай Христийн мэндэлсний баярын түүхийг хуваалцахыг хүсэж байна.

Мэри нөхөр Полынхоо хамт Англи дахь гэр орноо орхино гэж хэзээ ч бодож байсангүй. Гэвч тэд сэргээгдсэн сайн мэдээний захиасыг сонсож, үнэн гэсэн гэрчлэлтэй болжээ. Мэри, Пол хоёр баптисм хүртэж, хоёр сар ч хүрэлгүй хугацааны дараа хүүхдүүдээ аваад, гэгээнтнүүдтэй нэгдэж нийлэхээр Америк руу усан онгоцоор явав. Тэд 1844 оны 12-р сарын 20-нд Нью-Иоркод ирсэн байна. Тав хоногийн дараа тэд Иллинойс мужийн Науву хот руу шуудангийн сүйх тэргээр аян замд гарчээ. Хүйтэн цагт, бартаа ихтэй маш бэрх замаар аялангаа Америкт Христийн мэндэлсний анхны баяраа тэмдэглэсэн гээд төсөөлөөд үз дээ.

Ийнхүү бүх зүйл өөрчлөгдсөн ч Мэри хэзээ нэгэн цагт гэр бүлээрээ Англид байсан шигээ Христийн мэндэлсний баярыг цэцгэн хэлхээ, Христийн мэндэлсний баярын өвгөн, магтуу дуу зэрэгтэй хамт тэмдэглэнэ дээ гэсэн найдварыг сэтгэл зүрхэндээ тээн явжээ. Харамсалтай нь, Америкт өнгөрүүлсэн хоёр дахь Христийн мэндэлсний баяр нь ч үүнээс тэгтлээ дээрдсэнгүй. Тэд Наувуд амьдралаа төвхнүүлэх гэж зүдэрч, гэр бүлээрээ баярын өдрөө Полын сүйх тэргийн эх биеэр хийсэн түр оромжинд өнгөрүүлэв. Мэри дахин зүрхэндээ найдвар тээн, “Дараа жилийн Христийн мэндэлсний баяр өөр байх болно” гэж боджээ.

1846 онд, тухайлбал гэр бүлээрээ Америкт өнгөрүүлсэн гурав дахь Христийн мэндэлсний баярыг Мэри хүүхдүүдтэйгээ Винтер Квортерст өнгөрүүлж, хавар нь урт замд аялахаар бэлтгэж байв. Дээрэмчид тэднийг Наувугаас хөөж, харин Пол хэдэн зуун бээрийн тэртээ Мормон батальонтой өрнөд рүү алхаж явлаа. Дахиад л магтуу дуу ч үгүй, Христийн мэндэлсний баярын өвгөн ч үгүй өнгөрүүлэв. Оронд нь Мэри тэжээлийн хурц дутагдлаас болж үхлийн ирмэгт очоод байсан найман настай хүүгийнхээ төлөө мацаг барьж, чин сэтгэлээсээ залбирч байлаа. Хүү нь амьд үлдсэн ч тэрхүү Христийн мэндэлсний баярын өдөр Винтер Квортерст 25 хүн амьд гарч чадаагүй юм.

Америкт өнгөрүүлсэн дөрөв дэх Христийн мэндэлсний баяраараа л Солт Лэйкийн хөндийд дөнгөж ирээд байсан Мэри гэр бүлийнхэнтэйгээ харьцангуй амар амгалан орчинд Христийн мэндэлсний баярыг тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч энэ нь Англид тэмдэглэж байсан шиг баяр байж чадсангүй. Гэхдээ зарим талаараа энэ нь бүр илүү дээр байжээ. 1847 оны Христийн мэндэлсний баярын дараах Хүндэтгэлийн өдрийн баяр ёслолын үеэр гэгээнтнүүд залбирч, талархлын үгсээ илэрхийлэн, өөрсдийг нь Сионд чөлөөлөн авчирсанд Бурханд магтаалын дуугаа өргөхөөр цугларав. Тэдгээр дууны нэг нь анхдагчдын цуваанд явах замд бичигдэж, эхэн үеийн гэгээнтнүүдийн итгэлийн сүлд дуулал болсон “Ирцгээ, ирцгээ, гэгээнтнүүд ээ” дуулал байсан юм. Тэр үеэс хойш “Ирцгээ, ирцгээ, гэгээнтнүүд ээ” дуулал нь анхдагчдын дуртай, бүр Христийн мэндэлсний баярын ёслолоор дуулдаг Христийн мэндэлсний баярын магтуу дуулал болсон билээ.

Хэдэн жилийн туршид тохиолдсон сорилтууд нь Мэригийн зүрх сэтгэлийг өөрчилсөн гэдэгт би итгэдэг. Мэри Христийн мэндэлсний баярын утга агуулгыг илүү тод томруун хардаг болж, шинэ уламжлалтай, зүрх сэтгэлдээ шинэ дуутай болсон байлаа. Тэрээр Есүс Христэд итгэж найдан, Түүнийг хайрлахад төвлөрсөн, золиос гаргах зүрх сэтгэлтэй болсон байв.

Христийн мэндэлсний баярын өдрүүд нь зүрх сэтгэл маань сүнслэг байдлын хувьд хэр эрүүл болохыг эргэцүүлэн бодох тохиромжтой цаг хэмээн надад санагддаг. Тиймээс би сүнслэг зүрх сэтгэлээ хянаж, хүчирхэгжүүлэхэд бидэнд туслах нэгэн энгийн зөвлөгөөгөөр хэлэх үгээ өндөрлөе. Энэ нь юу вэ гэвэл, бидний хүн нэг бүр Аврагч, Есүс Христийнхээ тухай сэтгэл дотроо мэдэрдэг зүйлээ гадагш илэрхийлэх ямар нэгэн зүйлийг хийж, энэ жил Түүнд бэлэг болгон бариасай гэж би урьж байна.

Мэри Литтлтоны адил бид Есүс Христийн итгэлтэй дагагчдын хувьд Түүнийг шүтэн бишрэхээр энэ үдэш хамтдаа цугларсан билээ. Тиймээс найрал дуучдын дуулах “тэнгэр элчүүдийн найрал дуутай” нэгдэж, “итгэлтэй бүхнийг” “ирээд тэнгэр элчүүдийн хаан болон төрсөн Түүнийг харахыг” урин далласан сайхан дууллыг одоо илүү анхааран сонсоцгооё. Дэлхийн хаана амьдарч байгаагаас үл хамааран бид өөрийн биеэр биш юм аа гэхэд зүрх сэтгэлээрээ “баяр хөөр цог жавхлантайгаар Бетлехемд” ирж, Түүнийг шүтэн биширч чадна.10

Би дэлхийн Аврагч Есүс Христийн тухай гэрчлэлээ үлдээе. Баярын улирлын туршид төдийгүй шинэ онд бидний зүрх сэтгэл Христийн Сүнстэй хамт бичигдсэн байх болтугай. Есүс Христийн нэрээр, амен.