Христийн мэндэлсний баярын онцгой цугларалт
Амгалан шөнө: Хайрын цэвэр гэрэл


2:3

Амгалан шөнө, хайрын цэвэр гэрэл

Миний ой тойнд олон жил хадгалагдсан мөн одоо ч хэрэгтэй сургамжийг өгсөөр байгаа хоёр түүхийг би та бүхэнтэй хуваалцмаар байна.

Эхнийх нь намайг 6 настай байхад тохиолдсон юм. Бэвэрли Витлий эгч манай Хантэр 5-р тойргийн хөгжмийн удирдаач байсан. Одоо бодоход тэр 40 нас ч хүрээгүй байсан байх. Гэхдээ тэр өсвөр насны хүүхдүүдтэй байсан ба Хүүхдийн хэсгийн бага ангийнхан бидэнд маш ухаалаг, боловсорсон хүн мэт санагддаг байсан. Тэр хөгжилтэй бас бидэнтэй бяцхан насанд хүрэгчид мэт харьцдаг байсан нь бидэнд таалагддаг байлаа. Бид түүнийг биширч, түүнд таалагдахыг хичээдэг байв. Тэр өөр өрөөнд байгаа аав, ээжүүддээ сонсогдохоор чанга дуул гэж бидэнд хэлдэг байсан. Гэхдээ хашхирах биш харин зүрх сэтгэлээсээ дуул гэж хэлдэг байв! Бид бүх зүрх сэтгэлээрээ дуулдаг байлаа. Тэр биднийг хэцүү ярвигтай үгсийг хүртэл цээжилж чадах чадварлаг хөгжимчид гэж хэлэн, бидэнд насанд хүрэгчдийн дууллын номоос заадаг байсан юм. Тэр бидэнд ойлгуулахын тулд үг бүрийн утга учрыг тайлбарлаж өгдөг байсан. Дуу бүр зөвхөн бидэнд зориулсан онцгой захиастай байдаг бөгөөд хэрэв бид үгийг нь сайн тунгаавал амьдралд маань зориулагдсан захиасыг олох болно гэж тэр заасан.

Тэр Христийн мэндэлсний баяраар би “Амгалан шөнө” дууны бүх шүлгийг цээжлэхдээ Витлий эгчийн заасан зүйлийг хэрэгжүүлэхийг хичээв. Би юуны өмнө орчуулагчдаас хүлцэл өчмөөр байна. Учир нь үүнийг орчуулахад адармаатай байх болно. 6 настай байхдаа би гурав дахь бадгийн үгсийг яаж ч тунгаан бодоод цэг, таслалын учрыг ойлгодоггүй байсан. Есүс цэвэр хайраас урсан ирдэг гэрлийн тусгал мөн “Бурханы Хүү бол хайрын цэвэр гэрэл” гэж дуулахын оронд би Бурханы Хүү цэвэр гэрэлд хайртай буюу Тэр цэвэр гэрэл бүхий бүх зүйлийг ихэд хайрладаг гэсэн утгатай гэж ойлгодог байж билээ. Витлий эгчийн зааснаар бодож үзээд, би хэрхэн Есүсийн адил “цэвэр гэрлийг хайрлаж”У болохоо ойлгох гэж хичээсэн.

Хоёр дахь түүх нь намайг 9 настай байхад тохиолдсон. Энэ насны олон хүүхдийн адил би төгөлдөр хуур тоглохыг заалгадаг байсан. Би гоц авьяастай байгаагүй ч бишоп маань намайг урамшуулах үүднээс Христийн мэндэлсний баярын өмнөх өдөр ариун ёслолын цуглаан дээр төгөлдөр хуураар Христийн мэндэлсний баярын дуу тоглож өгөхийг хүссэн юм. Би “Амгалан шөнө” дууг тоглохоор шийдэв. Төгөлдөр хуурын багш маань надад бэлтгэхэд тусалсан. Эцэг эх маань намайг гэрийнхээ доод давхарт босоо хар төгөлдөр хуур дээрээ энэ дууг 100 удаа тоглохыг сонссон. Хэн нэгэн нь надад дууллын үгийг цээжлээд, хөгжим ашиглахгүй байж болно гэж хэлсэн ч би тойргийнхоо бүх хүний өмнө тоглоно гэхээс айж сандарч байсан учраас ноотоо цээжилж чадахгүй байлаа. Оронд нь би нэгэн төлөвлөгөө гаргасан юм. Би ноотоо авчраад, төгөлдөр хууран дээр тавихын оронд өвдөг дээрээ тавья гэж шийдэв. Би гар руугаа харахын зэрэгцээ доош ноотоо харах боломжтой байсан ба ингэснээр ноотоо цээжилчихсэн мэт харагдах байлаа. Энэ төлөвлөгөө маань ердөө 20 секундийн турш амжилттай хэрэгжсэн. Ноотоо Христийн мэндэлсний баярын торгомсог даашинзны хормой дээрээ тавиад тоглож эхэлсэн ч эхний бадгийн дундуур ноот даашинзны минь гулсамтгай материалаас болоод гулсаж унаад, төгөлдөр хуурын доогуур орчихов. Би яахаа мэдэхээ байлаа. Ноотоо буцааж авах боломжгүй төдийгүй оюун санаанд минь юу ч орж ирэхгүй байв. Би шүд зуун зүтгэж, чадах бүхнээ хийв. Ёстой нэг бүтэлгүйтэл гээч нь болсон юм.

Би их л хичээсэн ч буруу ноот дарсан бөгөөд цугласан хүмүүсийн дургүйцэж байсныг мэдсэн юм. Хоёрдугаар бадгийн турш алдав. Би гурав дахь бадгийг дур мэдэн алгасаж, минчийтэл улайчихаад, аль болох уйлахгүйг хичээн, эгнээ дундуур гүйж билээ. Аав, ээж маань “Юу болсон бэ? Чи дуугаа сайн тоглож байсан шүү дээ” гэж шивнэв. Би Сүмээс хурдхан шиг л гарахыг хүсэж байв. Би хэнийг ч харж, хэнтэй ч ярихыг хүсэхгүй байсан. Би хөгөө дэлгэж бас ичсэн байсан. Цуглаан дуусах үеэр Ням гаргийн ангийн маань настай багш Алма Хийтон над дээр ирэв. Би түүнээс зайлсхийхийг хичээсэн ч тэр миний гараас атгаад авлаа. Надад хэчнээн сайн тоглосон тухай тэр хэлээгүй. Учир нь хүн бүр үүнийг худлаа гэдгийг мэдэж байсан. Харин тэр насан туршид маань санаанд үлдэх нэгэн зүйлийг хэлсэн юм. “Шэрон, ямар тоглосон чинь хамаагүй. Хүн бүр чамайг ямар их хичээл зүтгэл гарган бэлтгэснийг мэднэ. Чамайг төгөлдөр хуур тоглож чадах үгүйгээс үл хамааран бид чамайг хайрлана” гэж тэр хэлсэн.

Тэгж хэлсэн нь шударга үнэн байсан юм. Гэвч энэ нь миний төсөөлсөн шиг тийм ч хэцүү санагдаагүй. Би шаргуу хөдөлмөрлөсөн нь үнэн мөн намайг төгөлдөр хуур тоглож чадахгүй байсан ч тэд намайг хайрладаг нь үнэн байлаа. Намайг муухан инээмсэглэмээр аядахад тэр намайг халуун дотноор тэврэн, бүх зүйл зүгээр мэт санагдуулж билээ.

Бэвэрли Вийтлий, Алма Хийтон хоёр гоц гойд зүйл хийгээгүй. Тэд юу болсныг тэр орой тэмдэглэлдээ бичээгүй. Тэдний гэр бүл ч эдгээр түүхийг мэдэхгүй. Тэд зүгээр л бяцхан хүүхдүүдэд хэрхэн дуулах мөн хэрхэн сайн мэдээг ойлгохыг заасан. Үнэхээр энгийн биш гэж үү? Бас үнэхээр үнэ цэнтэй. Хэн нэгэн “цэвэр гэрлийг хайрлах” үедээ ямар харагддаг болохыг надаас асуувал тэд Бэвэрли Вийтлий, Алма Хийтон нар шиг л харагддаг. Тэд хоёулаа чадлаараа хичээж буй бяцхан хүүхдийн “цэвэр гэрлийг” харсан бөгөөд төгс төгөлдөр тоглож чадаагүй түүнийг хайрласан.

Тэнгэрлэг Эцэг маань ч бас үүнтэй адил. Тэр бяцхан хүүхэд биднийгээ хичээж байгааг хардаг. Бидний хичээл зүтгэл үргэлж амжилттай байдаггүй ч биднийг хэчнээн шаргуу хөдөлмөрлөж байгааг, зарим үед шүдээ зуун аюулыг туулж байгааг Тэр мэддэг бөгөөд биднийг хайрладаг. Бидний эв хавгүй, хөггүй, танигдахааргүй ая бүрийн төлөө Тэрээр хайрын цэвэр гэрэл болох Өөрийн гайхамшигт Төрсөн Ганц Хүүг илгээсэн юм. Хэрэв бид Түүн рүү эргэж, Түүний тусламжийг хүсэх юм бол Есүс Христ бүхий л буруу нот бүрийг засаж, зохицолгүй, зөрөлдөх ая бүрийг гэтэлгэх болно. Есүс Христийн төрөлт, Цагаатгал, үхлийн ачаар бид бүгд “амар тайван нойрсож” чадна.1

Шаналсан зүрхтэй хүмүүст зориулсан дэлхийн Аврагчийн онцгой захиас бүхий дуунуудыг дуулдаг Христийн мэндэлсний баярын өдрүүдэд би ямар их баяртай байдаг гээч. Витлий эгчийн Хүүхдийн хэсэгт амласан зүйлийг би та бүхэнд амлаж байна. Хэрэв та нар энэ өдрүүдээр дуулдаг дууныхаа үгсийг тунгаан бодвол таныг өргөж, тайтгаруулах зөвхөн танд зориулагдсан тэнгэрлэг захиасыг олох болно. Би энэ жилийн Христийн мэндэлсний баяраар ийм нэгэн захиасыг оллоо. Бидний хүмүүнлэгийн тусламж хүн бүрд хүрч чаддаггүйд мөн улс үндэстнүүд заримдаа зовж буй ах, эгч нартаа туслахад нэлээдгүй бэрхшээл үүсгэдэгт би цухалддаг байсан юм. Халамжийн нийгэмлэг дээр энэ өглөө байхдаа би дуулсан дуулалдаа анхаарлаа хандуулсан юм.2

Ивээлээрээ энхрий үрсээ адислаач.

Тантай хамт тэнгэрт амьдрахад минь туслаач.

Бурханы Хүү цэвэр гэрлийг хайрладаг бөгөөд Тэр Өөрөө хайрын цэвэр гэрэл гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. “Амгалан шөнө,”Сүмийн дуулал болон хүүхдийн дуу,х. 53.

  2. “Тэжээлийн тэвшинд, Hymns, д. 206