СБС-ийн шашны сурган хүмүүжүүлэгчдийн чуулган
Есүс тэдэнд: Би бол амийн талх гэв


32:50

Есүс тэдэнд: Би бол амийн талх гэв

Ахлагч Гэррит В.Гонгтой хамт нэгэн үдэш

СБС-ийн шашны багш нарт хандан хэлсэн үг • 2017 оны 2 дугаар сарын 17 • Солт Лэйкийн табернекл

Хүндэт ах эгч нар аа, энэ үдэш хамтдаа цугларах нь онцгой боломж юм. Та бүхний хайр, урам дэмийн эелдэг захиаст талархаж байна. Бид Христийн тухай ярьж, Христэд баясаж1 Христийн талаар суралцахдаа бишрэл хүндэтгэлтэйгээр Түүнд илүү ойртох болтугай хэмээн би залбирч байна.

Та бүхэнтэй гэр бүлийн гишүүд болон эхнэр, нөхрүүд тань хамт байгаа нь нэр төртэй хэрэг юм. Хэрэв “эхнэр нөхөр” гэдгийг олон тоон дээр “амт оруулагч” гэх юм бол, “эхнэр, нөхрүүд” гэдэг нь олон тоон дээр “амт оруулагчид” байх болно. Эхнэр, нөхрүүд маань бидний амьдралыг илүү баялаг, сонирхолтой болгодог. Та нар эрт босож, орой унтаж, алхам бүрдээ итгэлтэй амьдардаг. Та нарт болон та нарын хийж буй бүх зүйлд баярлалаа.

Ерөнхий эрх мэдэлтэнтэй хамт нэгэн үдэшт оролцох үүрэг даалгавар нь ерөнхийлөгч Томас С.Монсон, ерөнхийлөгч Хэнри Б.Айринг, ерөнхийлөгч Дийтр Ф.Угдоф нарын гарын үсэгтэй захиагаар ирсэн билээ. Тэргүүн Зөвлөл энэ орой бидний хичээл зүтгэлийг адисалж, сүнслэгээр өдөөхийг Их Эзэнээс хүсэх үед би тэдний та бүхнийг нэг бүрчлэн хайрлах хайрыг мэдэрсэн.

Би энэ даалгаврыг анх аваад ахлагч Ким Кларк, Чад Вэбб ах хоёроос та нарын тухай буюу дэлхий даяарх семинар, институтын багш, номлогчид болон СБС-ийн ажилтнуудын тухай ярьж өгөхийг хүссэн юм.

Би 133 улсад институт, семинарын 45731 багш, номлогч заахаар дуудагдсан гэдгийг мэдэж авсан. Та нарын 34527 нь Нэгдсэн Улсаас гадна үйлчилдэг бол 11204 нь Нэгдсэн Улсад үйлчилдэг. Нийтдээ, та бүхэн жил бүр 20 807 605 цагийн сайн мэдээний үйлчлэл хийдэг байна. Баярлалаа!

Би мөн 129 улсад институт, семинарын 2878 ажилтан ажилладаг гэдгийг мэдэж авсан. Та нарын 1849 нь Нэгдсэн Улсад, 1029 нь Нэгдсэн Улсаас өөр улсад ажилладаг. Та нар Албани, Замби, Ботсван, Болгар, Унгар, Литов, Мозамбик, Пакистан зэрэг дэлхийн олон оронд итгэлтэй үйлчилдэг. Баярлалаа!

Та нарын зарим нь олон жил багшилж байгаа. Жишээлбэл, Британий Колумбиад Энид Мэй эгч 35 жил семинар заасны эцэст саяхан чөлөөлөгджээ. Мэй эгч 10 хүүхдийнхээ есөд нь мөн 2 ач зээдээ болон одоогийнхоо бишопт заасан байна. Мэй эгч хичээлийн жил болгонд машинаа битгий эвдэрчихээсэй гэж залбирдаг байснаа ярьж байсан. Семинар заах сүүлчийн өдөр нь Мэй эгчийг машиныхаа зогсоол руу ухарч байх үед л машиных нь хурдны хайрцаг эвдэрчээ.

Та нарын зарим нь дөнгөж багшилж эхэлж байгаа. Жишээлбэл, энэ жил Солонгосын Жанг Донгран эгч, Бүгд Найрамдах Доминикан Улсын Иоханна Мэркадэр эгч нар Сүмийн гишүүн болоод ердөө зургаахан долоо хоногийн дараа зааж эхэлжээ.

Мөн Кенигийн Маргарит Масай эгч Сүмийн гишүүн болоод хэдхэн долоо хоногийн дараа семинар зааж эхэлсэн юм. Масай эгчид Сүмд төрж өссөн олон суралцагч сайн мэдээний суурийг тавихад нь зааж тусалснаар түүнийг семинар заах 17 жилээр адисалсан гэж тэрээр даруухнаар хэлэв.

Та нар бүхий л бүс нутагт, ямар ч нөхцөл байдалд том, жижиг ангиудад янз бүрийн гэр бүлээс гаралтай суралцагчдад заадаг.

Бенжамин Хэдфийлд ах Аляскийн Умард туйлд заадаг. Лорэна Тоссэн эгч Өмнөд туйлын оршдог Антарктидын ойролцоох Ушуаяд заадаг.

Жарэд Халвэрсон ах Солт Лэйк их сургуулийн институтэд лхагва гараг бүр 400 суралцагчид заадаг. Би Халвэрсон ахаас хэрхэн үүнийг хийдгийг нь асуухад тэрээр “би бүгдэд нь заадаг, гэхдээ хувь хүн бүртэй мессежээр харилцдаг” гэж хэлсэн юм.

Польшид амьдардаг ганц бие залуу эгч Дагмара өглөө эрт нарийн боовны газар ажиллаад, оройд нь институтэд заадаг.

Гондураст амьдардаг Мира Флорэс Аквилар эгчийн семинарын анги өглөөний 5:00 цагт эхэлдэг. Аргентины Сан Хуан хотын Рубэн Ромеу Адровэр ахын институтийн анги оройн 22:00 цагт эхэлдэг.

Түүнчлэн та нар Мексик, Кирибати, Фижи, Тонга, Самоад бага, дунд боловсрол олгох хичээл заадаг.

Та бүхний ачаар урьд өмнөхөөс ч илүү олон өсвөр үеийнхэн болон залуучууд судрууд, амьд бошиглогчдын үгсийг уншиж байна.

Та бүхний ачаар илүү олон өсвөр үеийнхэн сүнслэг мэдлэг олж аван, сургаалыг ойлгодог болсноор өөрсдийнхөө асуултад хариулт авч байна.

Та нарын хичээл зүтгэлээр Сүмийн сургуулиуд, институтэд заагдаж буй суурь ангиуд суралцагчдыг жинхэнэ Тулгуурын чулуу болох Есүс Христэд авчирч байна.

Бид та бүхнийг төдийгүй хэрхэн үйлчилдгийг тань хүндлэн биширдэг гэдгээ дахин хэлье. Та нар хаана ч, ямар нөхцөл байдалд ч бай, энэ үдэш хоёр, гурвуулаа эсвэл олуулаа Түүний нэрээр зүрх сэтгэл, оюун санаагаа нээлттэй байлган, цуглаж байгаад баярлалаа.2

Ерөнхийлөгч Боид К.Пакэр бид хоёр нэг удаа урт хугацааны аялалд яваад, Солт Лэйкийн нисэх буудал дээр газардах гэж байлаа. Ерөнхийлөгч Пакэр баяртайгаар “Гэррит, миний эхнэр Донна яг одоо талхаа зуухандаа хийж байгаа. Намайг гэртээ ороход талх шинэ, халуунаараа байх болно” гэж хэлж билээ.

Та нар амттай талх ямар байдгийг санаж, төсөөлж байна уу? Та шинэхэн, халуунаараа байгаа талхыг үнэртэж байна гэж төсөөл дөө. Та үл ялиг чихэрлэг юм уу үл ялиг давстай талх амталж байгаагаар төсөөлөөрэй.

Талх бол дэлхий даяар хэрэглэдэг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн юм. Бүх цаг үе, нөхцөл байдалд хүмүүс талх идсээр ирсэн. Мэдээж, дэлхийн өнцөг булан бүрд талх төрөл бүрийн хэлбэр, хэмжээ, орц найрлага, тэр байтугай янз бүрийн нэртэй байдаг.

Хаа сайгүй хүмүүс талхны ач холбогдлыг мэддэг, талхыг өргөн хэрэглэдэг болохоор “Би бол амийн талх”3 хэмээн тунхагласан байж мэднэ.

Өргөстэй, өргөст халгай бүхий энэ дэлхийд бид Адам, Ева хоёрын адил духныхаа хөлсийг дуслуулан байж, талхаа олж иддэг. Ёс суртахууны сонгох эрх бол жинхэнэ сонголтыг дагаж ирдэг. Сүнслэг өсөлт бодит бэрхшээлээс үүсдэг. Гэвч Аврагч маань биднийг энэ дэлхий дээр зөвхөн хахир хатуу, гачигдал хомсдолтой байдалд орхиогүй юм. Аврагч маань амьдрал, найдвар, баяр баяслыг бидэнд илүү бүрэн дүүрэн хүртээх үүднээс Өөрийн ариун ёслолын амлалт болсон манна гэдэг өдөр тутмын талхаар биднийг адисалдаг.4

Их Эзэн маань:

“Их Эзэн, бибээр өөрийн гарын бүтээл тэнгэрийг асарлаж, мөн дэлхийг бүтээсэн билээ; мөн тэдгээр дэх бүх зүйл минийх болой.

Мөн өөрийн гэгээнтнүүдийг хангах нь миний зорилго болой,

Учир нь дэлхий дүүрэн байна, мөн хангалттай бөгөөд нөөцлөхөөр буй”5 хэмээн тунхагладаг.

Өөрөөр хэлбэл, Түүний ертөнц хахир хатуу биш юм. Түүний ертөнц талх, загасаар элбэг.

Та нар Есүс цугласан олныг хэдхэн талх, загасаар хэрхэн хооллосныг санаж байна уу? Хамтдаа үзэж, өөрсдийгөө тэнд байгаагаар төсөөлье.

[Видео бичлэг]

Есүс: “Хурсан олныг болгоогтун.”

Эхний шавь: “Энэ газар зэлүүд мөн цаг хэдийн талийжээ. Хурсан олныг тараан явуулбал тэд гацаанууд уруу явж, өөрсдөдөө талх худалдаж авах болно шүү дээ. Тэдэнд ямар ч идэх юм алга.”

Есүс: “Та нар тэдэнд идэх юм өг.”

2 дахь шавь: “Бид явж, талханд хоёр зуун денар зарцуулж тэдэнд идэх юм өгөх үү?”

Есүс: “Та нарт хэдэн талх байна?”

Эхний шавь: “Таван талх, хоёр загас байна.”

Есүс: “Нааш нь аваад ир. Тэднийг хооллож болохын тул тавь тавиар нь хуваан суулга. Тэнгэр ба газрын Эзэн Эцэг минь, би Таны өгөөмөр сэтгэлд талархаж байна. Амен.”6

Видео бичлэг дуусна]

Бидний Аврагч 5000 хүнийг хооллож байгааг Шинэ Гэрээний дөрвөн шастирт дүрсэлсэн байдаг.7 Аврагч маань 4000 хүнийг хооллосон өөр нэгэн тохиолдлын тухай Шинэ Гэрээний өөр хоёр нэмэлт шастирт дүрсэлдэг.8 Тэдгээр үй олон хүний дотор эрэгтэй, эмэгтэйчүүд болон хүүхдүүд байсан.9

Бид заримдаа Бурхан нарийн ширийн зүйлүүдийг их анхаардаг гэж ярьдаг. Би саяхан Матай, Марк, Лук, Иоханы ном мөн Библийн тайлбар зэргээс Аврагч 5000 хүнийг хооллож байгааг дүрсэлсэн судрын хэсгүүдийг үгчилсэн судрын нэгэн түүх болгон нэгтгэсэн юм.

Аврагчийн жишээн доторх судрын нарийн дүрслэл ба сайн мэдээний зарчмуудыг судлах явцад маань бидний ойлголтыг нээж өгөхийг та нар Ариун Сүнснээс хүсэх үү?

Аврагчийн тохинуулалд талархах бидний талархал нэмэгдсэнээр биднийг төдийгүй гэр бүлүүдийг мөн суралцагчдыг маань Түүнд илүү ойртуулаасай хэмээн бид залбирч байна.

Бид өөрсдийн нэгтгэсэн судрын эшлэлийг дурдвал:

“Элч нар Есүс уруу цуглан ирэв. Тэд хийсэн, заасан бүхнээ Түүнд айлтгалаа.

Тэр тэдэнд -Та нар зэлүүд газар уруу оч [энэ нь алслагдсан эсвэл нам гүм газар юм]. Жаахан амар гэжээ. (Учир нь тэнд олон хүн ирж, очиж, тэдэнд тусдаа юм идэх зав ч байсангүй).

Хүмүүс тэдний хөдлөхийг хараад, олонх нь таньжээ. Тэд хот бүхнээс хамтдаа тэр зүгт гүйсээр тэднээс урьтаж тэнд хүрэв.

Есүс эрэг дээр гарахдаа үй олон хүнийг хараад тэднийг өрөвдөв. Учир нь хүмүүс хоньчингүй хонь мэт байв.”10

“Тэр тэднийг угтан авч, Бурханы хаанчлалын тухай тэдэнд яриад, эдгээлт хэрэгтэй хүмүүсийг нь эдгээв.”11

“Орой болох үед шавь нар нь Түүн дээр ирж, Энэ газар зэлүүд мөн цаг хэдийн талийжээ. Хурсан олныг тараан явуулаач,”12 “тэд ойр орчмын тосгон, суурин уруу очоод, өөрсдөдөө идэх юм худалдаж аваг гэжээ.”13

“Харин Есүс тэдэнд, Тэд явах хэрэггүй. Та нар тэдэнд идэх юм өг гэхэд,”14

“Шавь нар нь Түүнд, Бид явж, талханд хоёр зуун денар зарцуулж тэдэнд идэх юм өгөх үү?” гэв.15

“Шавь нарын нэгэн болох Симон Петрийн дүү Андрей Есүст хандан,

“Энд таван арвайн талх, хоёр загастай хүүхэд байна. Гэвч тэр нь энэ олон хүнд юу болох вэ? гэсэнд”16

“Нааш нь аваад ир гэж Тэр хэлэв.”17

“Бүх хүнийг зүлгэн дээр хэсэг хэсгээр нь суулгахыг тэдэнд Тэр тушаав.”18 “Тэр газар нь их зүлэгтэй газар …байв.”19“ “Тэд зуугаараа, тавиараа хэсэг болон суулаа.”20

“Есүс таван талх, хоёр загасыг авч, тэнгэр өөд хараад, ерөөн талх загасаа хувааж,”21 “талархал өргөөд”22 “шавь нартаа өгөв. Шавь нар нь хурсан олонд өгөв.”23 “Хоёр загасыг ч бүгдэд нь хуваан”24 “тэдний хүссэнээр өгчээ.”25

“Тэд бүгд идэж,”26 “цадав.”27

“Хүмүүс цадсаны дараа Тэр шавь нартаа, Юу ч хаяхгүйн тулд үлдэгдлийг нь цуглуул гэв.”28

“Тэгээд тэд үлдэгдэл өвдөл цөвдлийг нь цуглуулахад”29 хүмүүсийн хооллосон “таван арвайн талхны,”30 “мөн загасны үлдэгдэл”31 “ арван хоёр сагс дүүргэжээ.”32

“Тэнд эмэгтэйчүүд, хүүхдүүдээс гадна таван мянга орчим эрчүүд байж идсэн ажээ.”33

“Тэднийг [үдэж явуулсныхаа] дараа Тэр залбирахаар уул өөд явжээ.”34

“Хүмүүс Есүсийн үйлдсэн тэмдгийг үзээд, Ертөнцөд ирэх ёстой өнөөх Эш үзүүлэгч үнэхээр энэ мөн гэж ярилцах болжээ.”35

Есүс Христ бид бүгдийг мөн хүн нэг бүрийг таван талх, хоёр загасаар хооллох үед та нар юу анзаарч, мэдэрч, сурч авсан бэ? Уг талхнууд манна шиг кориандрын үр, зөгийн балтай мэт амттай байсан болов уу?36 Хоёр жижиг загас бид бүгдийг хэрхэн хооллож, цатгасан юм бол?

Эдгээр нь миний ажиглаж, мэдэрсэн есөн зүйл юм. Эдгээр нь Аврагчийг илүү сайн ойлгоход бидэнд тусалж, биднийг Түүнд илүү ойртуулж, Түүнтэй илүү адилхан болоход урьдаг.

1-р сэдэв: Аврагч маань өрөвч энэрэнгүй сэтгэлтэй.

Аврагчийн үйлдсэн гайхамшгуудын олонх Түүний ойлголт, өрөвч сэтгэлээс нь эхлэлтэй байдаг. Тэр бидний зүрх сэтгэл, нөхцөл байдлыг мэддэг. Тэр бидний найдвар, зовлон, хүсэл, хэрэгцээ зэрэгт өрөвч сэтгэлээр ханддаг.

Маш хүнд хэцүү цаг мөч тохиогоод байлаа. Нэг золгүй хаан хорон санаат нэгэн эхийн бүжигчин охинд амласан ёсоороо Иохан Баптистыг цаазалж, түүний толгойг царан дээр тавьж авчруулсан явдал болсон байв. Аврагч шавь нартайгаа амрахаар зэлүүд газар руу явжээ. Гэвч Аврагч олон хүнийг хараад юу мэдэрдэг вэ? Тэр “үй олон хүнийг хараад тэднийг өрөвдөв.”37 Тэр тэднийг хүлээж авсан. Тэр тэдэнд заасан. Тэр тэднийг эдгээсэн. Тэр “тэдэнд идэх юм байхгүй”38 гэдгийг сайн мэдэж байсан.

Тохинууллынхаа туршид Аврагч маань уяман өвчтөн,39 нэгэн эрийн бузар сүнсэнд эзэмдүүлсэн хүү,40 ганц хүү нь нас барсан бэлэвсэн эмэгтэй41 нарт өрөвч сэтгэлээр ханддаг. Аврагч маань бидэнд шархдаж, амьтай төдий хэвтэж буй хүнийг өрөвдөн, сайн самари хүн шиг байхыг заадаг.42

Үүний адилаар, үрэлгэн хүүгийн эцэг “түүнийг холоос хараад”43 ихэд өрөвдөн гүйж ирсэн байдаг. Үрэлгэн хүү “ухааран” “Эцгийн минь хөлсөлсөн хүмүүсийн хэчнээн нь ч талхаар элбэг дэлбэг байдаг билээ дээ”44 гэж хэлсэн үг талхтай холбоотой байгаа нь сонирхолтой юм.

Аврагч маань өрөвч сэтгэлээс эхэлдэг. Тэрээр өршөөнгүй нинжин сэтгэлээр үйлдлээ гүйцээдэг.

Шинэ Гэрээний номнууд дээр бичсэнээр, Есүс хурсан олныг хооллосныхоо дараа “тараан явуулав” гэсэн байдаг. Гэхдээ Марк дээрх зүүлт тайлбар үүнийг тодруулж өгдөг. Зүүлт тайлбар дээр Тэрээр “тэднийг тараан явуулж” гээгүй, “хүмүүсийг үдэж явуулсан”45 гэсэн. Та нар Есүс хүмүүсийг хооллосны дараа явах үед нь үдэж өгч байгаагаар төсөөлөхгүй байна гэж үү?

2-р сэдэв: Аврагч маань хүмүүст өөрсдөд нь байгаа зүйлээс эхэлдэг.

Хурсан олныг хооллохыг хүссэн Аврагч маань шавь нарт нь юу байгааг асуудаг. Тэр бол дэлхийг Бүтээгч, тэнгэр, газрын Эзэн хэдий ч тэдэнд байгаа зүйлээс, тэдний түвшингээс эхэлдэг.

“Энд таван арвайн талх, хоёр загастай хүүхэд байна.”46

Аврагч маань тэдэнд өөрсдөд нь байгаа зүйлээс эхэлдэг: “Нааш нь аваад ир гэж Тэр хэлэв.”47

Та нар хэзээ нэгэн цагт өөрийнхөө хэн гэдгийг, хэнд эсвэл юунд заах ёстойг мөн та нарт байгаа зүйл хангалттай байж чадах эсэхэд гайхаж байсан уу? Магадгүй, бид тэр шавь нартай адилхан өөрсдөдөө байгаа хэдэн жижиг талх, загасаа хараад, “Гэвч тэр нь энэ олон хүнд юу болох вэ?”48 гэж асууж болох юм.

Бид багш нарын хувьд суралцагч бүрийг хичээлд хувь нэмэр оруулахад урьдаг. Зарим суралцагч их, зарим нь бага хувь нэмэр оруулдаг. Суралцагч, багш хоёрын аль аль нь (хоёулаа биднийг төлөөлдөг) өөрсдөдөө байгаа зүйлээс болон өөрсдийн байгаа түвшингээс эхэлдэг. Тэгснээр Тэр биднийг чанаржуулж, бидний хичээл зүтгэлийг өсгөж чадна. Байгаа түвшингээсээ өсөж хөгжих нь “бидний хийж чадах бүхний дараа”49 бид Түүний ач ивээлээр аврагддаг гэсэн Мормоны Номон дахь үнэнийг илэрхийлдэг.

Бид өөрт байгаа зүйлийг мөн өөрсдийгөө байгаагаар нь Түүнд авчрах үед Тэр инээмсэглэдэг.

3-р сэдэв: Аврагч маань дэг журмыг баримталдаг.

Та нар ямар нэг зүйлийг авахын төлөө шахцалдаж түлхэлцсэн олон хүний дунд байж үзсэн үү? Би үзсэн. Урд талын хүмүүс ардаа байгаа хүмүүст санаа зовдоггүй. Би хэн нэгнийг унаад, хүмүүсийн хөлд гишгэгдэх вий гэж айж байсан.

Үүнээс ялгаатай нь, Аврагч “бүх хүнийг зүлгэн дээр хэсэг хэсгээр нь суулгахыг тэдэнд [шавь нартаа] тушаав.”50 “Тэд зуугаараа, тавиараа хэсэг болон суулаа.”51

Сүмд бид анхдагчдын хэсгийн талаар ярьдаг. Бид ариун сүмд шүтэн бишрэх хэсэг хүний тухай ярьдаг. Бидний хувьд хэсэг гэдэг нь нийтлэг чухал зорилготой, дэг журамтай бүлэг хүн гэсэн үг юм.

Уг нутаг нь цөлөрхөг газар гэгддэг боловч Их Эзэн маань цугласан олныг шороо тоостой нүцгэн газар суулгаагүй. Тэрээр хүмүүсийг “зүлгэн дээр”52 суулгасан. Тэрээр “их зүлэгтэй”53 газрыг сонгож авсан байв.

4-р сэдэв: Аврагч маань талархал илэрхийлдэг.

Тэр талх, хоёр загасыг авч, “тэнгэр өөд хараад, ерөөн талх загасаа хуваасан.”54

Тэнгэр ба газрыг Бүтээгч, хаадын хаан Тэрээр талх, загасыг тэдний дунд хувааж мөн арвижуулахынхаа өмнө талархал өргөж “тэдний хүссэнээр өгчээ.”55

5-р сэдэв: Аврагч маань шавь нараа хооллож, тэд хурсан олныг хооллов.

Энэ нь дэг журам хэдий ч үүнээс илүү чухал зүйл юм. Энэ нь хоньдыг хүчирхэгжүүлснээр хоньчид нь хоньдоо хүчирхэгжүүлж болох явдал юм. Энэ бол багш нарт зааснаар багш нар нь суралцагчдадаа зааж болох явдал юм. Энэ бол Библи, Мормоны Ном болон Түүний сэргээгдсэн Сүм дэх тэнгэрлэг загвар. Тэр “талхаа хувааж шавь нартаа өгөв. Шавь нар нь хурсан олонд өгөв.”56

Энэ бол сүнслэгээр өгч, авах агуу бэлэг. Заана гэдгээ мэдэж байх нь бидэнд суралцахад тусалдаг. Бусдад суралцахыг зааснаар бид заахад суралцдаг. Бидний суралцах, заах үлгэр жишээ суралцагчдад маань хэрхэн суралцах мөн заахаа мэдэхэд тусалдаг.

6-р сэдэв: Аврагч маань 5000 хүнийг нийтэд нь нэг дор хооллов.

Талх, загасыг хуваасны дараа тэд гайхамшигтайгаар тэнд байсан хүн нэг бүрд хүрэлцэхүйц арвин болгосон. “Тэд бүгд идэж,”57 “цадав.”58

Энэ бол ангийнхандаа болон ангид байгаа хүн нэг бүрд заахыг хүсдэг багш бидний эрэлхийлдэг гайхамшиг билээ. Энэ нь 5000 хүнд нийтэд нь болон хүн нэг бүрд халамж тавихыг шаарддаг. Энэ нь нийтлэг асуудал болон хувь хүний хэрэгцээнд анхаарал хандуулахад урьдаг. Мөн энэ нь тэнцвэрээс гадна бидэнд байгаа зүйлийг хангалттай болгож эхлэх сүнслэг гайхамшгийг урьдаг.

7-р сэдэв: Аврагч маань юуг ч алдагдаагүйг баталдаг.

“Хүмүүс цадсаны дараа Тэр шавь нартаа, Юу ч хаяхгүйн тулд үлдэгдлийг нь цуглуул гэв.”59

Байгаа зүйлдээ талархалтайгаар эхлэхийн нэг хэсэг нь дуусахдаа юуг ч хаяхгүй байхыг бидэнд баталгаажуулдаг явдал юм. Тэнгэрийн эдийн засаг үргүй зардал гаргадаггүй. Эхэнд бүх зүйл авчрагддаг бол төгсгөлд юу ч хаягддаггүй.

Ахлагч Ричард Г.Скотт бид өөрсдөдөө төрдөг мэдрэмжээ тэмдэглэж авахын зэрэгцээ өөр зүйл байгаа эсэхийг мэдэж болох талаар хуваалцсан.60 Асууж, хүлээн авч, тэмдэглэж, тунгаан бодож, дуулгавартай дагаж, өөр зүйл байгаа эсэхийг асуух энэхүү давтагддаг үйл явц нь “та нар сонсож байгаа зүйлээ анхаарагтун. Нэмж өгөгдөх ч болно”61 гэсэн Аврагчийн үгийг баталдаг.

Мөн үүнээс ч илүү бий. Өөрийгөө амийн талх гэж дүрслэхдээ Аврагч: “Түүний Надад өгсөн бүгдээс Би юу ч алдалгүй, харин эцсийн өдөрт тэднийг амилуулах нь Намайг Илгээгчийн хүсэл мөн”62 хэмээн хэлжээ. Тэр Эцэгийн Түүнд өгсөн бүгдээс юу ч алдалгүй хадгалдаг. Бид багш, номлогч, ажилтны хувьд хариуцаж буй хүмүүсийнхээ нэгийг ч алдалгүй авч үлдэхийн тулд өөрсдийн итгэл, хүч чадалд байгаа бүхнээ хийдэг.

8-р сэдэв: Бид Аврагчтай хамт байхдаа өөрт байгаагаас илүүг хүлээн авдаг.

Юу ч хаягдаагүйг талархан баталсныхаа дараа шавь нар бас нэгэн гайхамшгийг ойлгосон. “Тэгээд тэд үлдэгдэл өвдөл цөвдлийг нь цуглуулахад”63 хүмүүсийн хооллосон “таван арвайн талхны,”64 “мөн загасны үлдэгдэл”65 “ арван хоёр сагс дүүргэжээ.”66

Бид Аврагчтай хамт байхдаа өөрсдөдөө байгаагаас илүүг хүлээн авдаг нь сүнслэгээр арвижихын гайхамшиг юм. Бид өөрт байгаагаасаа илүү их хайр, эрдэм мэдлэг, урам зориг, нинжин сэтгэлтэй болдог. Сүнсээр дүүрэн заахын тухайд, яг л талх, загас шиг усан дээрх талх мэт бидэнд байснаас ч илүү өсөж, эргэн ирдэг.

Бүгдээрээ саяын ярилцсан зүйлээ дүгнэе.

Аврагч маань бидний зүрх сэтгэл, нөхцөл байдлыг ойлгодог. Тэр биднийг бүх арга замаар адисалж, бүрэн бүтэн болгохын тулд өрөвч сэтгэлээр ханддаг.

Тэр бидний түвшингээс мөн бидэнд байгаа зүйлээс эхэлдэг бөгөөд бяцхан хүүгийн хэдхэн талх, загасыг ч хүлээн авдаг.

Тэр дэг журам баримталдаг.

Тэр талархдаг. Тэр адисалж, хуваахаасаа өмнө тэнгэр өөд харсан.

Тэр эхлээд шавь нартайгаа хуваалцаж, дараа нь шавь нараасаа хүмүүст өгөхийг хүссэн.

Тэр 5000 хүнд нэг дор хэрхэн санаа тавих, зааж сургахыг мэддэг.

Тэр бидэнд байгаа зүйлээс юуг ч алдалгүй, талархан цуглуулдаг.

Тэр бидэнд өөрсдөдөө байснаас ч илүү ихийг хүлээн авсан гэдгээ ойлгоход тусалдаг.

Мөн үүнээс ч илүү бий. Хурсан олныг хооллосон нь Аврагч Өөрийн элбэг дэлбэг байдлыг зааж, гэрчлэхийн тулд талх, загасыг ашигласан эхний эсвэл эцсийн тохиолдол биш юм.

Есдүгээр сэдэв буюу сүүлийн сэдэв.

9-р сэдэв: Аврагч харах нүдтэй, сонсох чихтэй хүмүүст ариун ёслолын элбэг дэлбэг байдлын тухай зааж гэрчилдэг.

“Хүмүүс Есүсийн үйлдсэн тэмдгийг үзээд, Ертөнцөд ирэх ёстой өнөөх Эш үзүүлэгч үнэхээр энэ мөн гэж ярилцах болжээ.”67

Дараа нь Аврагч маань шавь нараасаа талх, загасны талаар онцлон асуужээ.

“Та нар ... санахгүй байгаа юм биш биз дээ?

Би таван мянган хүнд таван талх хуваан өгөхөд, та нар хэдэн сагс дүүрэн илүүдэл талх цуглууллаа? гэхэд, тэд Түүнд -Арван хоёр гэв.

Би дөрвөн мянган хүнд долоон талх хуваан өгөхөд та нар хэдэн том сагс илүүдэл талх цуглууллаа? гэхэд, тэд [Түүнд], Долоо гэж хэлэв.”68

Дахин хэлэхэд: Түүний ертөнц талх, загасаар элбэг.

Худаг дээрх эмэгтэйд хандан Аврагч маань Өөрийгөө амийн ус хэмээн тунхагласан нь ган гачигтай газар илүү утга учиртай байв. Есүс түүнд “Харин өөрт нь Миний өгөх уснаас уугч хэн ч хэзээ ч цангахгүй. Харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх аминд хүртэл оргилох булаг болно”69 хэмээн хэлсэн.

Хүмүүс “Бидний өвөг дээдэс цөлд манна идсэн гэцгээхэд”70 Есүс “харин тэнгэрээс буух жинхэнэ талхыг өгөгч нь Миний Эцэг мөн,”71 “Би бол амийн талх байна,”72 “Итгэдэг хүн мөнх амьтай”73 хэмээн хариулжээ.

Талх, уснаас илүү үндсэн, амин чухал, дэлхий даяар хэрэглэдэг зүйл гэж үгүй. Бид амийн талх, усыг зэрэг ирэхэд юу хүлээн авдаг вэ? Мэдээж, бид ариун ёслолыг хүлээн авдаг.

Түүний мөнх бус амьдрал дахь тохинууллын төгсгөлд, шавь нарынх нь харсан нэгэн загвар бол Аврагч маань “талх авч, талархал өргөөд, тэдэнд хуваан өгөхдөө … Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав.”74

Аврагч маань амилсны дараах тохинууллынхаа эхэнд үүнтэй төстэй загвараар Өөрийнхөө өөр хонин сүрэг болох нифайчуудын дунд ариун ёслолыг эхлүүлсэн.

Тэр талх мөн дарс авчрахыг шавь нартаа зарлиг болгодог.

Тэрбээр цугласан олныг газарт суулгав.

Тэр талхнаас авч хуваагаад, үүнийгээ адислав.

Тэр шавь нартаа өгч мөн тэдэнд идэхийг зарлиг болгов.

Мөн шавь нарыг идэж мөн ханахад, тэрбээр тэдэнд цугласан олонд өгөхийг зарлиглажээ.

Цугласан олон идээд мөн ханав.75

Сүүлд нь Их Эзэн маань нифайчуудад ариун ёслолыг дахин адислан түгээсэн ба энэ удаад талх, дарсаар гайхамшигтай хангав.

“Эдүгээ … ямар ч талх бас дарс ч … байсангүй;

Гэвч тэрбээр үнэхээр тэдэнд идэх талх, мөн түүнчлэн уух дарс өгөв.”76

Тэрээр өөрийн бодгалийн төлөө талх идэж, дарс уусан хүн “хэзээ ч өлсөж, бас цангахгүй, харин ханасан байх болно”77 хэмээн амлажээ.

“Эдүгээ, цугласан олон бүгд идэж мөн уухад, болгоогтун, тэд Сүнсээр дүүргэгдэв.”78

Энэ бол бүхий л цаг үе, нөхцөл байдалд байгаа эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон талх, уснаас амьдрал нь хамааралтай бид бүгдэд өгөгдсөн ариун ёслолын агуу амлалтын биелэлт юм. “Мөн зөв шударгын төлөө өлсөж мөн цангах тэд бүгд адислагдах болно, учир нь тэд Ариун Сүнсээр дүүргэгдэх болно.”79

Ах эгч нар аа, сүнслэг байдлаар өлсөж, цангасан дэлхийд гайхалтай суралцагч болон багш нар байгаад баярлалаа. Хичээл бүрийг болон суралцагч бүртэй харилцах боломжийг талх, загасан сүнслэг зоог болгоход тусалж байгаад баярлалаа.

Ах, эгч нар аа, Аврагчийн маань хайрыг бүрэн дүүрэн мэдрүүлэх амьд ус миний дотор оргилон ундарч байхыг би мэдэрч байсан.

Саяхан надад талх, ус түгээх боломж олдсон бөгөөд эдгээр ариун нандин бэлгэдлийг хүлээн авч буй хүмүүсийг хайрлах Аврагчийн агуу хайрыг мэдэрч билээ. Би түүнчлэн ариун ёслолыг бий болгосон Аврагчдаа талархаж байв.

Би үе үе тунгаан бодох үедээ (Хүндэтгэлийн өдөр гэх мэт) энэ цаг үед л чадах бүхнээ хийж байна гэсэн баталгааг мэдэрдэг. Надад сул талууд байгаа хэдий ч би ихэнхдээ “Христэд ир[ж], мөн түүгээр төгөлдөржи[ж]”80 чадна гэсэн найдвар, урам зоригийг мэдэрдэг.

Та бүхнийг талх болон загасыг, талх болон усыг арай өөр өнцгөөс харна гэдэгт найдаж байна.81

Та нарыг суралцагчдад Аврагчийг илүү сайн таньж мэдэн, Түүнд хүндэтгэл бишрэлтэйгээр ирэхэд туслах ариун үүргээ биелүүлэхдээ судруудын түүх, сайн мэдээний зарчмууд мөн амьд бошиглогч, төлөөлөгчдийн үгсээс баясал, баялаг туршлага, сүнслэг урам олж авна гэж би найдаж байна.

Та нарыг дэлхий болон үүний бүрэн байдал Их Эзэнийх гэдгийг санах болно гэж би найдаж байна. Талх, загасны дэлхий бол Түүнийх юм.82 Түүний ариун ёслолын амлалт элбэг дэлбэг билээ.

Би Бурхан, бидний Мөнхийн Эцэг, Түүний Ариун Хүү, бидний Аврагч, Есүс Христ болон Ариун Сүнсийг талархан гэрчилж байна. Би сэргээгдсэн үнэнүүдийг болон бошиглогч Иосефоос ерөнхийлөгч Томас С.Монсонг хүртэлх тасралтгүй залгамжлагдаж ирсэн санваарын эрх мэдэл, ариун судруудыг мөн Түүнийг дурсан санах үед бидэнтэй хамт байх Сүнснээс ирдэг тайтгарал, удирдамж, баяр баяслыг талархан гэрчилж байна.

Та нарыг амьдарч буй газар нутаг, нөхцөл байдал, баяр баясал, сорилт бэрхшээл зэргээсээ үл хамааран энэ үдэш хамт байхдаа Их Эзэнийг болон Түүний Сүмийг та нарт ямар их хайртайг мэдэрсэн болов уу хэмээн би найдаж байна. Тэр та нарт хайртай. Бид ч бас хайртай. Бидний Их Эзэн, Аврагч Есүс Христийн ариун бөгөөд эрхэм нандин нэрээр, амен.