Төгс эзэмших сургаал ба гүн бат мэдлэг
Ахлагч Гэррит В.Гонгтой хамт нэгэн үдэш
СБС-ийн багш нарт хандан хэлсэн үг • 2017 оны хоёрдугаар сарын 17 • Солт Лэйк дэх табернекл
Хайрт ах эгч нар аа, би энэ үдэш та нартай хамт байгаадаа баяртай байна. Ахлагч Гонгийг танилцуулахаасаа өмнө би та бүхэнд болон суралцагчдад тань тус болох байх гэж найдаж буй нэгэн зүйлийг хуваалцъя.
Юуны өмнө би та бүхэнд хайртай бөгөөд хийдэг зүйлсэд тань талархалтай байдгаа илэрхийлмээр байна. Та нар Бурханы хаант улсад болон суралцагчдынхаа амьдралд агуу үйлсийг хийж байгаа. Би та нарт хайртай бөгөөд Их Эзэн хамгийн агуу адислалуудаар та нарыг адислаасай хэмээн залбирдаг билээ.
Би өнөө орой Төгс эзэмших сургаалын талаар үг хэлэхийг хүсч байна. Миний хэлэх зүйлс семинар заадаг хүмүүст хамаатай ч үнэндээ бидэнд бүгдэд нь чухал юм.
(Нэгдүгээрт) Сүнслэг мэдлэгийг хэрхэн олж авахаа мэдэж авахад нь суралцагчдад туслах; (Хоёрдугаарт) Аврагчийн сургаалыг мэдэж авч, ойлгоход нь суралцагчдад туслах —энэ нь жинхэнэ сургаалыг оюун ухаанаараа мэдэж авч, зүрх сэтгэлээрээ ойлгоно гэсэн үг бөгөөд бид сургаалыг тэдний зүрх сэтгэлд хоногшуулахыг хүсдэг; (Гуравдугаарт) сургаалыг хэрхэн амьдралдаа хэрэгжүүлэхийг мэдэж авахад нь суралцагчдад туслах, тэднийг сургаалын дагуу амьдарч, үүнийг найзуудынхаа асуултуудад хариулахад болон үнэнийг мэдэхэд нь бусдад заах болон туслахад нь ашиглуулах зорилготой.
Төгс эзэмших сургаалыг өнгөрсөн намар дэлхий даяар танилцуулсан билээ. Энэ нь Их Эзэнээс илчлэлтээр ирсэн бөгөөд энэ бол гайхамшиг гэдгийг та нар мэдэж авч, зүрх сэтгэлдээ мэдрээсэй хэмээн хүсч байна. Би үүний хэрхэн, хэзээ, яагаад ирсэн талаар эргэцүүлэн бодсон. Би төгс эзэмших сургаалыг Сүмийн боловсролын томоохон хэсэг бөгөөд энэ дэлхий дээрх Их Эзэний агуу ажил гэдгийг ойлгосон юм.
Төгс эзэмших сургаал нь суралцагчдыг маань сургаалын талаар илүү ихийг сурч мэдэн, ойлгоход мөн тэрхүү мэдлэг, ойлголтоо амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхээ мэдэж авахад нь тусалдаг гэдэгт би итгэдэг. Гэхдээ энэ нь үүнээс ч олон зүйлд ач тустай. Төгс эзэмших сургаал нь суралцагчдад маань амьдралынхаа аль ч цаг үедээ ямар ч мэдлэгийг гүн бат суралцах Их Эзэний арга барилыг заадаг.
Дараах гурван зүйлийг хийх хүч чадал маань нэмэгдэхэд мэдлэг гүн бат болдог: (1) мэдэж авах ба ойлгох; (2) үр дүнтэй бөгөөд зөв шударга үйлдэл хийх; (3) Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү адил болох.1
Гүн бат мэдлэг нь Их Эзэний арга замаар, Ариун Сүнсний хүчээр болон Есүс Христийн ач ивээлээр олддог үйл явц болох идэвхтэй, хичээнгүй судалснаар, бие биедээ зааснаар бий болох ёстой. Энэ нь амьдралын аль ч цаг үед, ямар ч мэдлэгийн хувьд үнэн байдаг.
Бид яг л үүнийг Төгс эзэмших сургаалд суралцагчдадаа заадаг (бүхий л зүйлдээ үүнийг заадаг гэдэгт би найдаж байна). Тиймээс Төгс эзэмших сургаал нь насан туршийн гүн бат мэдлэгт хүргэх гарц юм.
Би үгээ хоёр урилгаар дуусгахыг хүсэж байна. Эхнийхийг нь семинар заадаг та бүхэнд зориулъя. Хайрт ах эгч нар аа, Их Эзэний арга барилаар хэрхэн суралцахыг зааж байгааг тань ойлгоход нь тэдэнд тусал. Тэд амьдралынхаа турш сүнслэг ба шашны бус мэдлэгийг хоёуланг нь гүн бат сурч мэдэх ёстойг зааж сурга. Семинарын төгсөлт нь эцэс төгсгөл биш гэдгийг ойлгоход нь тэдэнд тусал. Бид тэднийг институтээ төгсөж, ахлах сургуулийн дараах боловсрол эзэмшихийг хүсдэг. Та нар тэдэнд Их Эзэний арга барилд хэрхэн суралцахыг зааснаар тэднийг эдгээрийг хоёуланг нь хийж, насан туршийн гүн бат мэдлэгийн суурийг тавихад нь тусалж байгаа билээ.
Миний хоёр дахь урилга институт заадаг та бүхэнд зориулагдсан болно. Хайрт ах эгч нар аа, суралцагчдадаа Их Эзэний арга барилаар суралцахад нь тусал. Институт төгссөнөөр амьдралд нь ирэх ашиг тус, хүч чадлыг олж харахад нь тэдэнд тусал. Институтийн төгсөлт бол сайн мэдээний зохион байгуулалттай, өргөн цар хүрээтэй судалгааны гүйцэтгэлийг илэрхийлдэг. Институтийн ангийг төгсөх нь тэдний сайн мэдээний ойлголтыг батжуулж, тэдний гэрчлэлийг болон Их Эзэнд өгсөн амлалтыг нь гүнзгийрүүлж, Есүс Христийг танин мэдэж, хайрлахад нь тусалдаг юм.
Та нар эдгээр урилгын дагуу үйлдсэнээр Их Эзэн, Аврагч та нарыг болон суралцагчдыг тань адислах болно гэдгийг би мэднэ. Тэнгэрлэг Эцэг маань амьд бөгөөд бидэнд хайртайг би гэрчилж байна. Түүний Хүү, Есүс Христ бол бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч. Тэр амьд гэдгийг би мэднэ. Түүний дотор, Түүгээр дамжуулан бид бүгдээрээ Тэр бол зам, үнэн, амь мөн гэдгийг амьдралынхаа турш гүн бат мэдэж авч чадна гэдгийг би мэднэ. Есүс Христийн ариун нэрээр, амен.
© 2017 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. Англи хэлний зөвшөөрөл: 12/16. Орчуулгын зөвшөөрөл: 12/16. “Doctrinal Mastery and Deep Learning”-ийн орчуулга. Mongolian. PD60003279 363