Жил тутмын нэвтрүүлэг
“Бүү эргэлз, харин итгэлтэй бай”


2:3

“Бүү эргэлз, харин итгэлтэй бай”

Шашны институт, семинарын жил тутмын сургалтын нэвтрүүлэг • 2018 оны 6-р сарын 12 • Чуулганы төвийн театр

Ахлагч Дэйл Г.Рэнланд: Бид та нартай хамт байгаадаа баяртай байна. Та нарын дэлхий даяарх семинар, институтэд зааж, эдгээрийг дэмжихийн төлөө хийдэг зүйлст бид талархаж байдаг. Та нар тийн ажиллаж байхдаа, Их Эзэн та нарын үйлчлэлд хэчнээн их талархдгийг үргэлж санаж байгаарай. Тэр та нарын зорилтот бүлгийн нэг. Тэр та нартай хамт “та нарын нүүрний өмнө” явж, “та нарын баруун гар талд мөн та нарын зүүнтээ байх болно” мөн Түүний “Сүнс та нарын зүрх сэтгэлд,” Түүний “тэнгэр элчүүд та нарыг дэмжихийн тулд та нарын эргэн тойронд байх болно.”1

Би Их Эзэний өмнөөс мөн Түүний Сүмийн өмнөөс итгэлтэй, үнэнч байдлын тань төлөө талархлаа илэрхийлье. Үүрэгт ажлаа хүлээн авсанд тань та бүхэнд баярлалаа. Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг Түүнд эргэн очиход нь тусалдагт тань баярлалаа. Эцэст нь Түүний хүүхдүүдийг Христэд ирэхэд урьдагт тань баярлалаа.

Рүф Л.Рэнланд эгч: Энэ цуглааныг сүнслэг болгоход хувь нэмэр оруулсан гайхалтай найрал дууныхандаа талархлаа илэрхийлье. Чад Х.Вэбб, Ким Б.Кларк ах нарын хэлсэн гайхамшигт үгс та бүхний сүнсийг өргөсөн гэдэгт итгэлтэй байна. Бид мөн тэдний шавийн хувьд үзүүлсэн үлгэр жишээнд талархдаг. Бид өнөөдөр та нарын байнга ярьдаг сэдэв болох итгэл болон эргэлзээний талаар та нарт хандаж үг хэлэх боломжтой байгаадаа баяртай байна.

Ахлагч Рэнланд: Далайн дунд завиар явж байтал завь чинь хөмөрлөө гээд төсөөлөөд үз дээ. Та аврах хүрэм өмссөн бөгөөд хамгийн ойр гэж таамаглаж байгаа эргийнхээ зүг олон цагийн турш сэлж байна. Шингэний дутагдалд орсон тул сэлэх болгонд тань таны толгой эргэж байсан. Таны багцаалж байгаагаар эрэг 30 км буюу 18 милийн зайд байгаа бөгөөд та амиа алдах вий гэж айж байв. Гэнэт та хаа нэгтээ жижиг моторын дуу гарахыг сонсов. Тэр чимээ таныг чиглэн ирж байгаа мэт сонсогдсон ба аврагдах найдвар тань ихэслээ. Та тэр зүг рүү хараад, загасчны завь дөхөн ирж байгааг харав.

Рэнланд эгч: Ашгүй, ахмад таныг харлаа. Завь ч зогсон, нар салхинд гандсан царайтай загасчин танд завь руу эвтэйхэн гарахад туслав. Та завины суудал руу болгоомжтой мөлхөн очиж, санаа амран тухаллаа. Загасчин танд савтай ус, хэдэн жигнэмэг өгсөн. Ус, жигнэмэг танд тамир тэнхээгээ сэргээхэд шаардлагатай тэжээлийг өгөв. Та тайвширч, маш их баярлан, гэртээ харихаар явж байлаа.

Бие, тамир тэнхээ тань сэргэж, гайгүй болж эхлэхэд, та өмнө нь анзаараагүй зүйлсээ анзаарч эхлэв. Савнаас уусан ус тань амт муутай бөгөөд таны уух дуртай Эвиан юм уу Пэрриер брэндийн ус биш байв. Үнэндээ та сайхан амттай мах, шоколадтай кроссант идмээр байв. Бас тэр найрсаг загасчин элэгдэж хуучирсан гутал, цэнхэр жинс өмссөн хөгшин байхыг ажиглалаа. Түүний малгайн доторх тууз хиртсэн байсан ба тэр мөн сонсгол муутай бололтой байв.

Ахлагч Рэнланд: Түүний завь хуучирсан, хошууныхаа баруун талд хонхойсон байхыг мөн харлаа. Будаг нь зарим газраа ховхорч, элэгдэн, хуурч унасан байв. Түүнчлэн загасчинг залуураасаа барьцаа сулруулах үед завь нь баруун гар тийш хазайж байгааг ажиглалаа. Энэ завь, завьчин хоёр таны бодож байсанчлан аврахгүй нь гэж та санаа зовж эхлэв. Та загасчнаас завины хонхойсон хэсэг, залуурын талаар асууж лавлалаа. Загасчин олон арван жилийн туршид загасчилдаг газар, эрэг хоёрын хооронд нааш цааш өдөр бүр явж сурсан, иймэрхүү зүйлд нэг их санаа зовдоггүй гэж хариулав. Завь нь түүнийг хүсэж буй газарт нь аюулгүй, найдвартай хүргэж өгдөг гэж хэллээ.

Та бүр гайхаж орхилоо! Тэр яаж хонхойсон хэсэг, залуурынхаа талаар санаа зовохгүй байж чадаж байна вэ? Мөн яагаад хоол унд нь таны дуртай зүйл байж болоогүй юм бол? Та завь, загасчин хоёр дээр хэдий чинээ анхаарлаа төвлөрүүлнэ, төдий чинээ их сандрах болов. Та завин дээр гарах болсон шийдвэртээ хүртэл эргэлзэж эхлэх нь тэр. Таны айдас улам бүр нэмэгдэнэ. Эцэст нь, та уг загасчнаас усанд эргэж орох гэсэн юм, завиа зогсоо гэж шаардав. Хэдийгээр та далайн эргээс 20 км буюу 12 милийн зайд байгаа ч гэсэн завин дээр үлдэх бодол танд байсангүй. Уг загасчин таныг дурамжхан гэгч далайд буцаан буулгав.

Рэнланд эгч: Энэ сургаалт зүйрлэлд орсон завь нь Сүмийг, харин загасчин Сүмд үйлчилдэг хүмүүсийг төлөөлж байгаа юм.2 Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гол зорилго бол Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг мөнх амьдралд хүргэх ажилд Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд туслах явдал билээ.3 Уг завь, загасчин хоёр бидэнд Сүмийн талаар юу зааж байна вэ? Хонхойсон хэсэг, хуурч унаж байгаа будаг нь Тэнгэр дэх Эцэгтэйгээ адилхан болоход бидэнд тусалдаг эрх мэдэл бүхий авралын болон өргөмжлөлийн ёслолуудыг хийх Сүмийн чадварыг өөрчлөх үү? Хэрвээ загасчин замаасаа гарахгүйн тулд залуураас хоёр гараараа зууран барих хэрэгтэй юм бол энэ нь очихыг хүсэж байгаа газарт маань аюулгүй, найдвартай хүргэх түүний чадвар болон завиных нь чанарыг бууруулах уу? Завин дээр үлдэхээс ус руу эргэж орох нь илүү аюултай гэдгийг мэдэхийн тулд та нар миний нөхрийн адил томилогдсон үзмэрч байх хэрэггүй.

Сүмийн гишүүн бүр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн үнэний талаар өөрийн гэсэн гэрчлэлтэй байх хэрэгтэй. Тэрхүү хөрвөлт болон зүрх сэтгэлийн агуу өөрчлөлтгүйгээр хүмүүс, зүйрлэн хэлэхэд жигнэмэг, хууларсан будганд анхаарлаа төвлөрүүлж эхэлж болох юм.

Ахлагч Рэнланд: Миний гэрчлэлийн үндэс суурь Шведийн Гетеборг хотод амьдарч байхад тавигдсан. Тэр үед би 11 настай байв. Номлолын ерөнхийлөгч залуучуудыг Мормоны Номыг уншихад урьсан байв. Үргэлж биширч, хүндэлдэг байсан ах маань тэр урилгыг нь хүлээн авсан. Түүнтэй адилхан байхыг хүсдэг байсан болохоор би ч гэсэн Мормоны Номыг уншиж эхэлсэн. Алмагийн номыг уншиж байсан байх, тэр үед манай номлолын ерөнхийлөгчийн зөвлөх уншиж байгаа зүйлийнхээ талаар залбирах хэрэгтэй гэж бидэнд хэлэв. Тэр орой урилгыг нь марталгүй дагаснаа би санаж байна. Би амьдардаг байсан байраа мөн ах бид хоёрын унтдаг байсан өрөөг санаж байна. Ахыгаа унтсаны дараа би орноосоо буун, орныхоо хажууд өвдөг сөгдөн суугаад, Мормоны Ном үнэн эсэхийг мэдэхийн тулд маш энгийнээр залбирч эхэлсэн юм.

Би дуу хоолой сонсоогүй ч Бурхан надад “Би чамд энэ үнэн гэдгийг хэлээд л байгаа шүү дээ” гэж хэлж байгаа мэт санагдаж билээ. Энэ үйл явдал намайг болон миний амьдралыг өөрчилсөн. Энэ нь итгэл үнэмшлийн буюу гэрээт зам дээр байж, илүү ихийг хийх, илүү сайн болохыг хичээх үйл явцыг эхлүүлсэн билээ. Би Гетеборгод л хэрхэн наманчлахыг сурсан юм. Би мөн тэнд л дуудлагаа эрхэмлэн биелүүлж, Бурханы хаант улсыг барьж байгуулахаар хичээнгүйлэн хөдөлмөрлөдөг хүмүүсийг хүндэлдэг болж эхэлсэн. Би бас тэнд л байхдаа хаана амьдарч байгаагаас нь үл хамааран Бурханы итгэлтэй гэгээнтнүүдийг бахдан биширдэг болсон юм. Миний хувьд Гетеборг болон бидний цуглардаг байсан Викториагатан дахь байр маш онцгой газар болсон билээ.

Бид Алмагийн анхны хөрвөгчдийн талаар “Мөн эдүгээ улиран тохиох дор энэ бүгд Мормон нутагт хийгдэв, тийм ээ, Мормоны Усны ойролцоо, Мормоны Усны дэргэдэх төгөлд бөлгөө; тийм ээ, Мормоны нутаг, Мормоны Ус, Мормоны төгөл, тэнд Гэтэлгэгчийнхээ мэдлэгт ирсэн тэдний нүдэнд тэдгээр нь хичнээн үзэсгэлэнтэй билээ; тийм ээ, мөн тэд ямар их адислагдсан билээ, учир нь тэд үүрд түүнийг магтан дуулах болно”4 гэснийг уншдаг.

Би Гетеборгт Гэтэлгэгчийн талаарх мэдлэгээ олж авсан. Гетеборг болон Викториагатан миний хувийн “Мормоны ус” болсон юм.

Рэнланд эгч: Та хаанаас Аврагчийнхаа талаарх мэдлэгийг олж авсан бэ? Танд ямар мэдрэмж төрж байсан бэ? Хэрвээ та мартсан бол бид таныг эргэн санахад мөн заадаг хүмүүстээ ямар мэдрэмж төрж байсныг нь сануулахад урамшуулж байна. Энэ мэдлэг, мэдрэмж бол итгэлийн эхлэл суурь юм.

Итгэл нь хүн бүрийн өөрийн биеэр хийх ёстой сонголт. Итгэл нь ямар нэгэн зүйлийг үнэн байгаасай гэж хүсэн, үнэн гэж өөрөө өөртөө үнэмшүүлэхийг хэлж байгаа юм биш. Итгэл нь маханбодид бидний хараагүй зүйлс бодитой оршдог гэдгийг баталдаг. Энэ нь бас үйлдлийн зарчим юм. Итгэлийг өмнөх амьдралын талаарх бидний сүнслэг дурсамж гэж бас хэлж болох юм.

“Итгэл нь хүнийг аврал руу хөтлөхийн тулд Есүс Христэд төвлөрсөн байх ёстой. … Итгэл нь Бурханаас илгээгдсэн [таны адил] эрх мэдэл бүхий албаны хүний заасан сайн мэдээг сонссоноор оргилон хөгждөг. Гайхамшгууд итгэлийг төрүүлэхгүй, харин Есүс Христийн сайн мэдээнд дуулгавартай байснаар хүчирхэг итгэлийг хөгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, итгэл зөв шударга байдлаас ирдэг.”5 Итгэл нь Бурханаас тэмдгүүдийг шахаж шаардсанаар биш, харин Түүний зарлигуудыг даган, дуулгавартай байснаар ирдэг.

Ахлагч Рэнланд: Бурхан биднийг итгэлтэй байгаасай гэж хүсдэг. Тэрээр биднийг адислахын тул итгэлтэй байгаасай гэж хүсдэг. Алма даруухан зорамчуудад “Мөн эдүгээ, болгоогтун, Бурхан бол түүний нэрэнд итгэдэг бүгдэд нигүүлсэнгүйг би та нарт хэлнэ, мөн та нарыг санаасай хэмээнэ би; тиймийн тул тэрээр юун түрүүнд, та нарыг, тийм ээ, бүр түүний үгсэд итгээсэй хэмээн хүсдэг”6 гэж хэлсэн.

Итгэл нь Бурханы нигүүлслийг нээдэг түлхүүр юм. Дараа нь Алма, хүн итгэлтэй байх эсэхээ өөрөө шийдэн, улмаар итгэлээ өсгөж нэмэгдүүлэхээсээ өмнө итгэлээр үйлдэх ёстой гэж заасан. Алма үргэлжлүүлэн “Гэвч болгоогтун, хэрэв та нар бүр миний үгсийг туршин, сэрж мөн чадвараа сэргээх аваас, мөн итгэлийн жижиг хэсгийг ч гэсэн бодит болговол, тийм ээ, бүр та нарт итгэх хүслээс илүү нь байхгүй ч гэсэн, энэ хүслийг өөрсөддөө хөгжихийг, бүр та нар миний үгсийн нэгэн хэсгийг өөртөө байрлуулж чадахаар итгэтлээ зөвшөөр”7 хэмээн хэлсэн.

Итгэлийг өсгөн нэмэгдүүлэхийн тулд хүн эхлээд итгэлтэй байхаар шийдэх хэрэгтэй. Тэрээр итгэлтэй байх хүсэлтэй байж, үүнийхээ дагуу үйлдэх хэрэгтэй.

Рэнланд эгч: Үүнийг үзүүлэн ашиглаж, дүрслэн үзүүлье. Энд нэг хадаас хадсан мод байна. Бидэнд өөр 12 хадаас байгаа. Тиймээс, чамаар хийлгэх нэг ажил надад байна. Чи энэ 12 хадаасыг модон дээр хадсан хадаасан дээр тогтоож чадах уу?

Ахлагч Рэнланд: Юу гэнэ ээ?

Рэнланд эгч: Боломжтой юу? Нэгийг тавьчихлаа ш дээ. Одоо 11 үлдлээ. Үүнийг учрыг олох гэж үзэхдээ зарим нь хадаасны дээр хадаас тавих гэж оролдож магадгүй.

Ахлагч Рэнланд: Чамд бохь байна уу?

Рэнланд эгч: Дахиад тавьж ч чадахгүй байхдаа гэж хэн нэгэн бодож байгаа байх. Олон хүн “Ингэх боломжгүй” гэж үзэн, оролдож ч үздэггүй.

Гэхдээ хэрэв та үүний оронд “Үүнийг хийх боломжтой юу?” гэж асуухад бэлэн байгаа бол, өөр аргаар хийх гэж үзнэ. Дараах аргаар оролдоод үзнэ үү. Өмнөө нэг хадаас тавь. Дараа нь өөр нэг хадаасыг дээр нь хөндлөн тавихдаа үзүүрийг нь өөр рүүгээ харуул. Дараагийнхаа хадаасыг эхнийхээ хадаасан дээр тавихдаа үзүүрийг нь нөгөө тийш харуул. Сүүлчийн хадааснаас бусдыг нь энэ аргаар ээлж дараалан эхний хадаасан дээр хөндлөн байрлуулан тавиарай.

Ингэснээр та хийх арга байгааг олж харах болно. Ийнхүү та “Үүнийг хийх боломжтой юм шиг байна” гэж бодож эхэлнэ. Таны найдвар ч нэмэгдэнэ. Эцэст нь та бараг л хийчихсэн байна.

Ахлагч Рэнланд: Миний найдвар үнэхээр нэмэгдлээ шүү.

Рэнланд эгч: Хамгийн сүүлд, сүүлчийнхээ хадаасыг хөндлөн, бусад хадаасныхаа дээгүүр, эхнийхээ хадаастай харалдаа тавина. Яг зөв! Яг ингэж хийнэ. Одоо, зөвхөн доод талын хадаасыг барин, бүгдийг нь өргөөд, доод талынхаа хадаасыг модон дээрх хадаасан дээр тавина.

Заримдаа анхны оролдлого бүтэлгүйтдэг. Олон удаа туршиж үзсэний дараа та хоёр дахь удаагаа оролдоод үзэх ёстой болно. Яг л нөгөө аргаараа. Хамгийн сүүлийн хадаасыг маш болгоомжтой хамгийн дээр нь тавина. Маш болгоомжтой шүү.

Ахлагч Рэнланд: Чи ингэж хэлээгүй ш дээ.

Рэнланд эгч: Бүх хадаасыг өргөөд, тэнцвэрийг нь олно. Төгс! Яаж хийх аргыг нь мэддэг бол үүнийг хийхэд амархан.

Ахлагч Рэнланд: Амьсгалж болохгүй.

Рэнланд эгч: Гэрчлэлтэй болох нь үүнтэй адил. Та Бурханаас хэрхэн хариулт олж авч болохоо мэдсэн л бол, үр дүн ямар байх нь ойлгомжтой. Үүнийг нөхрийн маань 11 насандаа дагасан мөн бид бүгдийн гэрчлэл олж авахдаа дагадаг Мормоны Номон дахь амлалтад өгүүлсэн байдаг. “Мөн та нар эдгээр зүйлийг хүлээн аваад, та нар Бурхан, Мөнхийн Эцэгээс, Христийн нэрээр, эдгээр зүйлүүд үнэн эсэхийг асуухыг та нарт ухуулъя би; мөн хэрэв та нар Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас, тэрбээр үүний үнэнийг Ариун Сүнсний хүчээр та нарт мэдүүлэх болно.”8

Та “Эдгээр нь үнэн болов уу?” гэсэн асуултаар эхлэх юм бол энэ нь итгэл рүү хөтөлнө. Хэрвээ та “Энэ нь худал болов уу?” гэсэн асуултаар эхлэх юм бол энэ нь эргэлзэхэд хүргэнэ. Харин эргэлзэх нь хэзээ ч итгэл рүү хөтөлдөггүй.

Ахлагч Рэнланд: Нэг удаа гадасны чуулганд оролцож байх үед маань гадасны ерөнхийлөгч надаас нэг хүнтэй очиж уулзахыг хүссэн юм. Түүнийг би Стивэн гэж нэрлэе. Стивэн Сүмийн итгэлтэй гишүүн байв. Тэр буцаж ирсэн номлогч бөгөөд ариун сүмд гэрлэсэн байлаа. Тэр олон жилийн турш үнэнчээр үйлчилсэн боловч Сүмийн талаар эргэлзэх болжээ. Намайг Стивэнтэй уулзах үед тэр Иосеф Смитийн Анхны үзэгдлийн тухай дөрвөн янзын түүх бичсэн юм уу бичүүлсэн гэх явдал асуудал болж байна гэдгээ хэлсэн юм. Энэ нь Иосеф Смитийг санаанаасаа зохиосон байж магадгүй гэсэн бодлыг төрүүлж байна гэв.

Хэдэн арван жилийн өмнө уг түүхийн дөрвөн хувилбарыг судалсан, Сүмийн Түүхийн хэлтэст ажилладаг нэгэн хүнтэй би Стивэнийг холбов. Стивэн тэр судлаачтай уулзлаа. Би Стивэнтэй дараа нь ярихдаа “Одоо та Анхны үзэгдлийн талаар юу гэж бодож байна вэ? гэж асуув.

Тэр “Би асуултынхаа хариултыг авсан болохоор одоо дажгүй шүү. Одоо би энэ талаар санаа зовохоо больсон. Харин одоо надад 1890 онд Манифесто өгөгдсөний дараа Наувуд олон эхнэртэй байх ёсыг үргэлжлүүлэн дагаж байсан талаар асуух зүйл байна. Энэ намайг үнэхээр зовоож байна” гэв.

Би Стивэнийг Сүмийн Түүхийн хэлтэст ажилладаг өөр нэгэн хүнтэй очиж уулзаарай гэв. Уулзсаных нь дараа би Стивэнтэй холбоо барьж, ямар байгааг нь лавлан асуулаа.

Тэр “Тэр асуудал санаа зовоохоо больсон. Би юу тохиолдсоныг одоо ойлгож, асуултынхаа хариултыг авсан. Гэхдээ одоо надад Африкаас гаралтай хүмүүст яагаад санваар өгдөггүй байсан талаар асуулт байна” гэж хэлсэн юм.

Рэнланд эгч: Стивэнтэй адил олон хүн бий. Тэр байнгын эргэлзэгч байхаар шийдсэн байв. Цаг хугацаа өнгөрөх тусам нэг асуудлыг шийдэхэд, өөр нэгэн асуудал урган гарч ирдэг байлаа. Хүмүүс тэр асуултад нь хариулахыг хэчнээн их хичээсэн ч, түүнд эргэлзэх өөр сэдэв гарч байв. Стивэний хийсэн зүйлийг шашны талаас нь авч үзэх юм бол өнгөцхөн, түр зуурын шийдвэр байв. Сохир номинг гараад ирэхээр нь цохиод оруултал, дахиад нэг сохир номин өөр газраас гараад ирдэг хүүхдийн тоглоомыг та нар мэднэ биз дээ.

Конгогийн Нэгдсэн Улсын Лубумбашид бидний уулзсан нэгэн эмэгтэйн хувьд нөхцөл байдал маш өөр байсан юм. Түүний нэрийг Анжелик гэдэг. Тэр бол итгэлтэй, эргэж ирсэн номлогч байлаа. Тэр бошиглогч Иосеф Смитийн тухай бат бөх гэрчлэлтэй, Тэр Мормоны Номд дуртай байсан. Түүнд Сүмийн бүх зүйл таалагддаг байлаа.

Биднийг түүнтэй уулзах үед тэр Сүмийн ерөнхийлөгч болохоосоо өмнө бичсэн Сүмийн удирдагчийн нэг номыг уншиж байсан юм. Энэ ном нь 1978 онд санваарын талаар илчлэлт өгөгдөхөөс өмнө бичигдсэн байсан ба өмнөх амьдралдаа хийсэн зарим үйлдлийнхээ улмаас Африк гаралтай хүмүүс өргөмжлөлийг хүлээн авахгүй гэсэн санааг агуулсан байв. Анжелик яагаад ийм байгаа талаар ойлгохын тулд тусламж хүсжээ. Түүнд зүгээр л энэ сүмийн удирдагч байсан хүний буруу байсан бөгөөд тэр өөрийн буруу ташаа бодлыг л илэрхийлсэн гэж Арван хоёр чуулгын гишүүн хэлжээ. Анжеликт энэ тайлбар хангалттай байв. Тэр гэрээт зам дээрээ үлдэн, Бурханд найдаж, итгэлээр үйлдсэн юм.

Ахлагч Рэнланд: Эргэлзэх нь итгэлд хүргэдэггүй. Гэрэл гарч ирэхийн тулд харанхуйд тулгуурладаггүй. Петр усан дээр алхах гэж оролдсоныхоо дараа живж эхлэхэд нь түүнд “Өө Петр, чи илүү эргэлзсэн ч болоосой” гэж хэлээгүй. Харин түүнд “Өчүүхэн итгэлтэн минь ээ, чи юунд эргэлзэв?”9 гэж хэлдэг.

Lectures on Faith номд итгэл, эргэлзээ хоёрын хоорондын ялгааг ийнхүү тайлбарласан байдаг. “Эргэлзээ, тодорхой бус байдал байгаа газар итгэл байдаггүй, байх ч боломжгүй юм. Учир нь эргэлзээ, итгэл хоёр нэг хүнд, нэг зэрэг орших боломжгүй. Тиймээс эргэлзээ, айдсыг бодол санаандаа агуулж буй хүн бат бөх итгэл үнэмшилтэй байх нь үгүй бөгөөд бат бөх итгэл үнэмшил байхгүй бол итгэл нь сул байдаг. Харин итгэл султай бол хүн Бурханы өв залгамжлагч, Есүс Христтэй хамт өв залгамжлагч болохын тулд даван туулах ёстой сөргөлдөөн, саад бэрхшээл, зовлон зүдгүүрийг сөрөн зогсож чадахгүй ба сэтгэл санааны доройтолд орсноор дайсан тэднийг эзэлж, устгах хүчтэй байх болно”10 гэсэн байна.

Үнэндээ ийм л зүйл Стивэнд тохиолдсон юм. Түүний бодол санааг эргэлзээ, тодорхой бус байдал эзэмдэх болсон. Цаг хугацаа өнгөрсний эцэст тэр Сүмийн гишүүний хувьд тулгардаг саад бэрхшээлийг сөрөн зогсох хүчгүй болсон байв. Тэр сэтгэл санааны доройтолд орж, итгэлгүй болсон байлаа.

Рэнланд эгч: Сүмийн болон сургаалын талаар асуух зүйлтэй байх нь асуудал биш. Байнгын эргэлзэгч байх нь харин асуудал юм. “Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно”11 гэснийг уншаад Иосеф Смит учрыг нь ойлгосон юм.

Гэхдээ уг сударт цааш нь “Харин тэр ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйг”12 хэмээн бичсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, Бурхан танд хариулна гэдэгт эргэлзэлгүй, Бурханаас асуу гэсэн утгатай. Цааш нь уг хэсэг “Учир нь эргэлзэгч нэгэн нь салхиар туугдан давалгаалах тэнгисийн долгио мэт ажээ. Тийм хүн Эзэнээс юм авна гэж бүү найдаг. Тэр хоёр санаа өвөрлөгч бөгөөд бүх үйлдээ тогтворгүй байдаг юм”13 хэмээсэн байдаг.

Бид Иосеф Смитийн эрэлхийлж байсан хариултыг болон өөрсдөдөө дутагдаж байгаа хариултыг хүлээн авахын тулд Бурханы зүйлсийг мэдэх болно гэсэн хүслийг тээн, итгэгч зүрх сэтгэл, бодол санаатайгаар Бурханд хандах хэрэгтэй.

Ахлагч Рэнланд: Энэ эрин үеийн эхэнд амьдарч байсан норвеги гаралтай төлөөлөгчдийн нэг болох ахлагч Жон А.Видцөүгийн хэлсэн дараах үгэнд бид дуртай. Би түүний уран яруу хэлсэн дараах үгсийг эш татъя. “[Зөв эх үүсвэрээс] улбаатай асуултаас үүдэн гарч ирсэн асуулт биш л бол эргэлзээ нь дэлхийд ямар үнэ цэнгүй. … Эргэлзэгч … байнга эргэлзэгч нэгэн гэдгээрээ бахархдаг, өөрийн байгаа байдалд сэтгэл хангалуун байдаг, [зохистой] хичээл зүтгэл гаргаж, [тэнгэрлэг] нээлтийн төлөөсийг төлөх хүсэлгүй л бол хүн эцэст нь итгэлгүй байдал, буртагт харанхуйд очих нь гарцаагүй. Түүний эргэлзээ оюун санаа, сүнслэг байдлынх нь харанхуй буланд хорт мөөг адил ургадаг. Эцэст нь тэрээр нүхэндээ нуугдах сохор номин адил сохрон, учирлан ойлгохыг элэглэн шоолох, хүч хөдөлмөрийг залхуу хойрго байдлаар сольдог. Хамгийн энгийн үнэн хүртэл ийм бүх эргэлзээг нийлүүлснээс ч илүү үнэ цэнтэй. … Эргэлзээ нь төгсгөл болохгүй л бол буруу зүйл биш юм. Энэ нь тэнгэрлэг зүйлсийг идэвхтэй эрэлхийлэн хайж, үнэнийг дадал хэвшил болгож байгаа бол эрхэм дээд зүйл болж хувирдаг. … Өөрөө өөрийгөө тэтгэж, өсөн нэмэгддэг эргэлзээ нь зөрүүд залхуу хойрго байдалтай хамт эргэлзээг улам бүр лавшруулдаг ба энэ нь хилэнц юм.”14

Ахлагч Видцөүгийн үгс одоо ч үнэн хэвээр. Байнга эргэлзэх нь Аврагч Есүс Христийн бодит байдлын талаар мэдэхэд мөн бидэнд сайхан сэтгэлтэй, бусдыг хайрладаг Тэнгэрлэг Эцэг байдаг гэдгийг үнэхээр мэдэж авахад тусалдаггүй. Бид энэхүү хожмын үеийн ажлын үнэн байдлын талаар мэдэж авч болох ч энэ нь биднээс эргэлзээг биш, харин итгэлийг сонгон, хариултаа зөв эх сурвалжид хандан олж авахыг шаарддаг. Мөн энэ сонголт биднийх гэдгийг ухааран ойлгохыг шаарддаг. Өөрсдийн амьдралд Есүс Христийн Цагаатгал, авралын ёслолуудыг хүлээн авахад бидэнд гадны хүч нөлөөлдөггүй. Бид Бурханд итгэх сонголтыг өөрсдөө хийдэг.

Рэнланд эгч: Заримдаа бид ямар нэгэн зүйл үнэн эсэхийг өөрсдөө тодорхойлох ёстой болдог. Мормон “Иймийн тул, сайн болох бүх зүйл Бурханаас ирдэг; мөн хилэнцэт болох тэр нь чөтгөрөөс ирдэг; … Гэвч болгоогтун, Бурханых болох тэр нь үргэлж сайныг үйлдэхэд урьж мөн татдаг; иймийн тул, сайныг үйлдэхэд мөн Бурханыг хайрлахад, мөн түүнд үйлчлэхэд урьж мөн татдаг тэрхүү юм бүр, Бурханаар нөлөөлөгддөг. … Учир нь болгоогтун, ах дүүс минь, та нар сайныг хилэнцтээс ялган мэдэж болохын тулд дүгнэх нь та нарт өгөгдсөн билээ; мөн та нар төгс мэдлэгээр мэдэж болохын тулд дүгнэх арга нь өдрийн гэрэл, шөнийн харанхуйн ялгаа нь илэрхий байдагтай адил тодорхой байдаг. Учир нь болгоогтун, Христийн Сүнс хүн бүрд тэрбээр сайныг хилэнцтээс ялган мэдэж болохын тулд өгөгдсөн байдаг, иймийн тул, би та нарт дүгнэх аргыг үзүүлье; учир нь Христэд итгүүлэхээр ятгахыг, мөн сайныг хийхийг урьдаг юм болгон нь, Христийн хүч болон бэлгээр илгээгдсэн байдаг; иймийн тул та нар энэ нь Бурханаас гэдгийг төгс мэдлэгээр мэдэж болно. Гэвч хилэнцтийг хийхийг мөн Христэд үл итгэхийг, мөн түүнийг үгүйсгэхийг, мөн Бурханд эс үйлчлэхийг хүмүүнд ятгах юуг боловч, тэгвэл та нар энэ нь чөтгөрөөс гэдгийг төгс мэдлэгээр мэдэж болно”15 хэмээн бидэнд дагах загварыг гаргаж өгсөн юм.

Тиймээс, энэ бол энгийн зүйл юм. Хэрвээ сонголт тань таныг сайныг үйлдэж, Христэд итгэхэд хүргэж байгаа бол энэ нь Бурханаас ирж байгаа хэрэг. Хэрвээ сонголт тань таныг хилэнцийг үйлдэж, Христийг үгүйсгэхэд хүргэж байгаа бол энэ нь чөтгөрөөс ирж байгаа хэрэг. Та нар гэрээт зам дээр явж байхдаа тэдгээрийг таны анхаарлыг замаас холдуулан, Христэд итгэхгүй байхыг ятгадаг зүйлс болохыг олж мэдэх болно. Таныг Бурханд итгэж, Түүнийг хайрлан, зарлигуудыг нь сахихад ятгадаг зүйлс Бурханаас ирдэг юм.

Ахлагч Рэнланд: Итгэх, эргэлзэх хоёрын алийг нь сонгох сонголт тухайн хүний сүнслэг өдөөлтөд хэрхэн хариулах байдалд нөлөөлдөг нь сонирхолтой. Та нар Үйлс номын 2-р хэсэгт төлөөлөгчид номлохоор явж байдаг тухай гардгийг санаж байгаа байх. Тэд тэнгэрээс хүчит хуй салхи мэт дуу чимээ гарахыг сонсдог. “Ийнхүү тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, мөнөөх Сүнсээр дамжуулан өгөгдсөнийг харь хэлээр ярьж эхлэв. … Энэхүү дуу чимээнээр үй олон хүмүүс цугларч, өөрсдийнх нь төрөлх хэлээр тэдний ярихыг сонсоод ихэд гайхжээ. Гайхаж алмайрсан тэд—Энэ ярьж байгаа хүмүүс чинь галилчууд биш үү? Гэтэл бид бүгдээрээ өөрсдийн төрөлх хэлээрээ тэдний ярихыг сонсож байх нь юу вэ?”16

Эдгээр гайхамшигт үйл явдал олон хүнийг хөрвөгдөхөд хүргэдэг. Харин зарим нь үүнд өөрөөр хандсан. “Тэд амтат дарсанд согтоцгоож дээ гэж зарим нэг нь шоолов”17 хэмээн хэлснийг бид уншдаг.

Нэг л Сүнс байсан. Есүс Христийн талаар номлож байсан Галилын эдгээр төлөөлөгчийн дээр Ариун Сүнс цутгаж байсан. Пентекостын өдөр Сүнс элбэг дэлбэг цутгасан ч зарим нь хөрвөгдсөн хүмүүсийг шоолон, яагаад гэдгийг нь өөрсдийнхөөрөө тайлбарлаж байсан. Үүний үр дүнд тэд Ариун Сүнс цутгасан тэмдэглэлт үйл явдлыг олж харалгүй өнгөрсөн юм. Ялгаа нь юундаа байсан бэ? Ялгаа нь тэдний сонголтод байсан. Эргэлзэхийн оронд итгэл, үнэмшлийг сонгосон хүмүүсийн хувьд тэд өөрсдийг нь хөрвүүлэхэд хүргэсэн гайхамшигтай сүнслэг туршлагыг олж авсан байна.

Рэнланд эгч: Алма үүний талаар мөн ярьсан байдаг. Тэр “Мөн тиймийн тул, зүрх сэтгэлээ хатууруулах тэр нь, мөнхүү тэр нь үгийн багахан хувийг хүлээж авдаг; мөн зүрх сэтгэлээ хатууруулахгүй, түүнд тэдгээрийг бүрэн дүүрэн мэдэх хүртэл нь Бурханы нууцуудыг түүнд мэдүүлэх хүртэл үгийн илүү их хэсэг өгөгддөг болой. Мөн зүрх сэтгэлээ хатууруулах, тэдэнд нууцуудын талаар юу ч мэдэхгүй болох хүртэл нь үгийн илүү бага хэсэг өгөгддөг; мөн тэгээд тэд чөтгөрийн боолчлолд автагдаж, мөн түүний тааллаар доош устгал уруу удирдагддаг”18 хэмээн хэлжээ.

Сургаалт зүйрлэлээ эргэж харвал, хуучирч элэгдэн, хууран унаж буй будагтай, магадгүй хонхойж ёнхойсон завинд үлдсэн хүмүүс бол зүрх сэтгэлээ хатууруулаагүй хүмүүс юм. Тэд гэрээт зам дээр гарч, зам дээрээ үлддэг. Харин эцсээ хүртэл тэвчихэд нь тэдэнд мөнх амьдралын амлалтыг өгдөг. Энэ бол Бурханы өгч чадах хамгийн агуу бэлэг юм. Бид энэ үйл явцаар дамжуулан Есүс Христийг таньж, Түүнийг үнэхээр амьд гэдгийг ойлгон, Түүний хайр, нинжин сэтгэлийн талаар мэдэж авдаг. Энэ сүнслэг бэлгийг шаардлага хангасан бүх хүнд өгдөг юм.

Сургаал ба Гэрээнд: “Есүс Христ бол Бурханы Хүү, мөн тэрээр дэлхийн нүглүүдийн төлөө цовдлогдсон гэдгийг мэдэх нь заримд нь Ариун Сүнсээр өгөгддөг болой. Бусдад нь, хэрэв тэд итгэлтэй хэвээр байх аваас тэд түүнчлэн мөнх амьдралтай байж болохын тулд тэдний үгст итгэх нь өгөгддөг болой”19 гэж бичсэн байдаг.

Ахлагч Рэнланд: 2009 оны 4-р сард намайг Сүмийн ерөнхий эрх мэдэлтнээр дэмжин баталсан. 2009 оны 10-р сард надаас Ерөнхий чуулган дээр үг хэлэхийг хүссэн. Энэ бол “шинэ ерөнхий эрх мэдэлтнүүдийг сорих хөтөлбөр”-ийн нэг хэсэг юм. Аав маань чуулганы үгийг сонсох болов уу үгүй юу гэдэгт би санаа зовж байлаа. Тэр амьдралынхаа туршид мужаан, барилгачнаар ажилласан бөгөөд 92 насандаа нурууны хүнд өвчтэй болсон юм. Тэр Ерөнхий чуулганы танхимд ирэх боломжгүй байв. Тиймээс, эгч дүү нарын маань нэг нь Солт Лэйк Сити дэх гэртээ чуулганыг зурагтаар үзүүлэх ажлыг хариуцав.

Чуулганы дараа би гэрт нь очиж, миний хэлсэн үгийн талаар юу гэж бодож байгааг асуулаа. Тэр үг дуу цөөнтэй хүн байсан бөгөөд хүнийг магтаад байдаггүй байв.

Би “Аав аа, та чуулган үзсэн үү?” гэж асуухад

тэр “Тэгсэн” гэж хариуллаа.

“Аав аа, та миний хэлсэн үгийг сонссон уу?” гэхэд

тэр “Тэгсэн” гэж хариуллаа.

Би “Тийм бол, аав аа, танд ямар санагдсан бэ?” гэж асуулаа.

Тэр “Өө, дажгүй шүү. Бахархсан гэхэд болно” гэж билээ. Энэ нь түүний хэлж байсан хамгийн сайхан магтаал байсан юм.

Дараа нь би аавыгаа урьд шөнийнхөө зүүдэлсэн зүүдийг надтай хуваалцахыг үнэхээр хүсэж байсан тул анхаарлаа сайн хандуулж чадаагүй болохыг олж мэдэв. Тэр мөрөөдөгч байгаагүй. Мөн тэрээр ургуулан боддог хүн байсангүй. Би түүнийг хэзээ ч худал ярьж байхыг харж байсангүй. Тэр үргэлж бодож байгаагаа шулуухан, аливааг бодолгүй хэлчихдэг хүн байсан юм. Тэр надад “Би нас бараад, Аврагч Есүс Христийг харж байна гэж зүүдэлсэн. Тэр миний гараас бариад, нүглүүд чинь өршөөгдсөн гэж хэлсэн. Дэйл ээ, энэ ямар сайхан байсан гээч” гэж хэлж билээ. Тэр надад үүнийг л хэлсэн ба би цааш лавлаж асуухыг хүссэнгүй. Тэр хоёр сарын дараа, Рүф бид хоёрыг Мадагаскарт байхад өөд болсон юм.

Аав маань 24 настайдаа Финляндын Ларсмод Сүмд элссэнээсээ хойш хүлээж авсан гэрэл, мэдлэгийнхээ дагуу амьдралаа өнгөрүүлсэн. Тэр өөрөөс нь хүссэн бүх зүйлийг хийдэг байсан. Тэр Есүс бол Христ мөн Тэрээр дэлхийнхний болон өөрийнх нь нүглийн төлөө цовдлогдсон гэдгийг мэдэж авах Сүнсний бэлгийг хүлээн авах шаардлагыг хангасан нэгэн болсон юм. Энэхүү бэлгийг авах эрх нь хүний хүйс, санваарын алба зэргээс шалтгаалдаггүй. Энэхүү бэлгийг хүлээн авах эрх нь итгэлээс мөн гэрээт замыг сонгохоос шалтгаалдаг.

Рэнланд эгч: Ах, эгч нар аа, та нар хүмүүст эргэлзээгээ ялан дийлж, итгэлээ хөгжүүлэхэд нь тусалж байхдаа ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоний Сүмийн хувьд биднийг хийхэд уриалсан зүйлийг гүйцэлдүүлж байгаа хэрэг. Тэр “Бидний дэлхийнхэнд өгч буй захиас энгийн бөгөөд чин сэтгэлийнх билээ. Бидний захиас бол хөшигний хоёр талд байгаа Бурханы бүх хүүхдийг Аврагчдаа ирж, ариун сүмийн адислалыг хүлээн авч, үүрдийн аз жаргалыг мэдэрч, мөнх амьдралыг хүлээн авах эрхтэй болоход урих явдал юм”20 гэж хэлсэн. Энэ урилгыг хүлээн авах нь итгэлийн үйлдэл юм.

Та нар зааж байхдаа гэрээт замаас гарсан хүмүүст ч гэсэн тусалдаг. Та тэдний төлөө, тэдний хүүхдүүд, ач зээ, магадгүй ачинцар зээнцрийн төлөө заадаг. Аврагчийн анхааруулсанчлан “Тийм нэгэнд та нар үргэлжлүүлэн тохинуулах болно, учир нь тэд эргэж ирээд мөн наманчилж мөн зүрх сэтгэлийнхээ бүх тэмүүллээр надад ирж, мөн би тэднийг эдгээх ажгуу; мөн та нар тэдэнд авралын авчрах хэрэгсэл байх эсэхийг та нар мэдэхгүй.”21

Өнөө үед бид Сүмдээ өөдрөг байх ёстой. Олон зууны туршид далд байсан үнэн илчлэгдсэн билээ. Ариун сүмүүд дэлхий даяар байх болсон. Номлогчид бараг бүх л улс үндэстэнд баяр баясгалангийн агуу захиасыг номлож байна. Гэгээнтнүүд, Их Эзэн Есүс Христийн шавь нарын хувьд бид ерөнхийлөгч Нэлсоний урамшуулсны дагуу “илүү ариун замаар” тохинуулахад, мөн Их Эзэн Өөрийн “ажлыг зохих цагт нь”22 яаравчлуулсан тэрхүү ажилд нэгдсэн байна. Жимсний талбайн Эзэн бидэнтэй хамт хөдөлмөрлөх болно.23 Та нарын заадаг захиас бол итгэлтнүүдийн хувьд адислал бөгөөд агуу баяр баясгалан, аз жаргалын захиас билээ.24

Ахлагч Рэнланд: Арван хоёрын чуулгын гишүүний хувьд надад өгсөн анхны үүрэг даалгавар бол Сүмийн Түүхийн хэлтэс рүү очиж, уг хэлтсийн зөвлөх байсан ахлагч Жэффри Р.Холландыг орлоно гэдгээ хэлэх явдал байсан. Та нарын төсөөлж байгаагаар, хайртай зөвлөхийг нь өөр хүн орлож байгааг тэд олж мэдээд “уйлаан, гаслан, шүдээ хавир[сан]”25 зүйл болсон. Цаасан алчуурын ноцтой хомсдолд орсон байв.

Сүмийн Түүхийн хэлтсийн зөвлөхийн үүрэг хариуцлагынхаа нэгэн хэсэг болгон би The Joseph Smith Papers номын бүх ботийг уншсан юм. Би мөн Гэгээнтнүүд гэж гарчигласан Сүмийн түүхийн эхний ботийг уншсан.26 Иосеф Смитийн бүх бичсэн, хэлсэн үгийг уншсанаар түүний бошиглогчийн хувьд гүйцэтгэсэн болон дэлхий дээр Бурханы ажлыг сэргээхээр сонгогдсон үүргийнх нь талаарх миний гэрчлэл хүчирхэгжсэн юм.

Иосеф Смит хэзээ ч хууран мэхлэх гэсэн луйварчин мэт аашилж байсангүй. Иосеф Смит үнэхээр өөрийн харсан гэж хэлсэн зүйлдээ буюу Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христ; Моронай; Иохан Баптист; Петр Иаков ба Иохан; Мосе; Елиас, Елиа нарыг харсан гэдэгтээ итгэж байсан нь тодорхой байв. Тэр үнэхээр алтан ялтаснуудыг эзэмшиж, тэдгээр эртний бичээсийг Бурханы хүч болон бэлгээр орчуулсан хүн ямар байх байсан, тийм маягаар өөрийгөө авч явж байсан нь илт байв. Тэрээр үнэхээр Есүс Христээс илчлэлт хүлээн авсан нь тодорхой байсан. Эцэст нь тэр үнэхээр санваарыг болон ариун төлөөлөгчийн түлхүүрүүдийг хүлээн авсан хүн хэрхэн биеэ авч явах байсанчлан биеэ авч явж байсан.

Би өөрийн таван мэдрэхүйгээр мэдэрч, илэрхийлж чадахаас илүү хүчтэй, найдвартай арга замаар энэ нь үнэн болохыг мэдэх бөгөөд Иосеф Смит харсан гэж хэлсэн зүйлсээ харсан, Мормоны Номыг Бурханы хүч болон бэлгээр орчуулж, хүн төрөлхтний авралд зориулсан санваарын холбогдох түлхүүрүүдийг хүлээн авсан гэдгийг илэрхийлж байна. Би үүнийг үнэн гэдгийг мэднэ. Тэдгээр түлхүүр нь өнөөдөр дэлхий дээр байгаа бөгөөд ерөнхийлөгч Нэлсон бол Иосеф Смитийн дэлхий дээрх зохих ёсны залгамжлагч гэдгийг би мэднэ.

Хуучирч элэгдсэн завины хонхойсон хэсэг, хууран унаж байгаа будаг гэж бидний харж байгаа зүйл бол тэнгэрлэг зөвшөөрлөөр, мөнхийн талаас авч үзэн удирдан хийлгэсэн зүйл байж болох юм. Их Эзэн өөрийн биеэр хонхойлгон, будгийг хуулсан байж болно эсвэл тэдгээрийг Өөрийн зорилгын төлөө ашигладаг ч байж болох юм. Их Эзэн Есүс Христ дэлхий дээрх Өөрийн ажлыг удирдан чиглүүлдэг гэдгийг би мэднэ. Түүний үйлчлэгчид Түүнийг сайн мэддэг. Би Түүнийг мэднэ.

Рэнланд эгч: Есүс Христ бол бидний Аврагч гэсэн гэрчлэлээ нэмж байгаадаа би баяртай байна. Бид Түүний цагаатгах золиослолд болон Цагаатгалын үр жимсэнд итгэх итгэлээ хөгжүүлж, эргэлзэхгүй байх аваас амьдрал маань мөнхөд адислагдана. Тэрээр дэлхий дээрх Бурханы хүүхдүүдэд боломжтой бүрэн дүүрэн адислалтай хамт Сүмээ сэргээсэнд би талархдаг.

Ахлагч Рэнланд: “Бүү эргэлз, харин итгэлтэй бай”27 гэх захиас бидэнд бий. Би Их Эзэн, Есүс Христийн Төлөөлөгчийн үүргийнхээ дагуу энд ирээд байна. Би мөн Есүс Христийн нэрийг мөн Түүнийг амьд бөгөөд дэлхийн Аврагч гэдгийг онцгойлон гэрчлэхээр ирсэн. Би Түүний Бурханы бүх хүүхдийг гэсэн гайхамшигт нинжин сэтгэл, хайр, халамжийг гэрчилж байна. Та бидний төлөө хийсэн Түүний зүйрлэшгүй цагаатгагч золиослолын талаар би гэрчилж байна. Би Аврагчийг таньж мэдсэнээр Түүний аливаа зүйлийг засаж залруулах, ямар ч шархыг эдгээхэд туслах, шаналсан зүрхийг бүтэн болгох гэсэн хүслийнх нь талаар мэдэж авсан. Эдгээр нь Түүний гайхамшигт зан чанаруудын нэгээхэн хэсэг юм.

Бурханы арвин баялаг адислал таны мөн гэр бүлийн тань, суралцагчдын тань дээр байх болтугай мөн та нар суралцагчдадаа Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлэхэд тусалснаар тэд “эргэлзэхгүй, итгэлтэй байх” болтугай гэж би залбирч байна.