Авралын төлөвлөгөө ба өсөж буй үеийнхэн
Шашны институт, семинарын жил тутмын сургалтын нэвтрүүлэг • 2018 оны 6-р сарын 12 • Чуулганы төвийн театр
Өнөөдөр би та бүхэнд хандан ярьж байгаадаа баяртай байна. Би та бүхнийг хийдэг агуу ажлын тань төлөө хүндэтгэдэг. Та нар Есүс Христийн сайн мэдээнд гүн гүнзгий суралцахад нь өсөж буй үеийнхэнд туслахаар Их Эзэний зараалд байгаа. Би өнөөдөр тэрхүү зараалын тухай бодлыг тээн, тэдгээр гайхамшигтай залуу хүмүүст авралын төлөвлөгөөг заах тухай ярих сонголтыг хийлээ.
Ерөнхийлөгч Нэлсон бид бүгдийг Бурханы өгсөн тэрхүү агуу боломжуудыг ашиглахад дуудсан.1 Энэ нь бид бүгдэд төдийгүй өсөж буй үеийнхэнд өгсөн үүрэг юм. Бид эдгээр үнэ цэнтэй залуу хүмүүст Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг гүн гүнзгий судлахад нь туслахын тулд илүү ихийг хийх хэрэгтэй гэдгийг би мэднэ. Тэд үүнийг бодол санаа, зүрх сэтгэлдээ мэдэж авч, ойлгох хэрэгтэй. Тэд үүнийг хайрлаж, үүний дагуу амьдрах хэрэгтэй. Тэд Эцэгийн урьдчилан томилсон шиг тийм хүмүүс нь болох хэрэгтэй. Бид Их Эзэний хүч чадал дотор, Ариун Сүнсний хүчээр энэ агуу ажлыг хийж чадна. Би үүнийг үнэн гэдгийг мэднэ.
Би олон жилийн өмнө Германд номлолд үйлчилсэн. Тэр үед бид авралын төлөвлөгөөг заахын тулд зөөлөн даавуун самбар, жижиглэн хайчилсан дугуй дүрсийг ашигладаг байв. Дугуй дүрснүүд мөнх бус байдлын өмнөх үе, мөнх бус байдал, сүнсний дэлхийг мөн алдар суугийн гурван зэрэглэлийг төлөөлдөг байлаа. Хэрэв би зөв санаж байвал марталтын хөшиг нь долгионтой шугам, шүүлтийн өдөр нь дөрвөлжин дүрс байдаг байсан. Номлогчид зөөлөн даавуун самбар ашиглахаа больсон. Надад итгээрэй, жижиг дугуй дүрсүүдийг ашигласаар байгаа.
Энд авралын төлөвлөгөөний тухай Мормоны Номын семинарын хичээлийн жишээ байна.2
Хүснэгт нь суралцагчдад тустай төдийгүй хичээл нь Эцэгийн төлөвлөгөөний гол чухал талуудын гайхамшигтай товч дүгнэлт болдог.
Гэхдээ эдгээр дугуй дүрс миний санааг зовоодог учраас би та бүхнийг авралын төлөвлөгөөг заахдаа хоёр зүйлийг хийхэд урьж байна.
Нэгдүгээрт, уг хүснэгт бол төлөвлөгөө гэсэн ойлголтыг суралцагчдад төрүүлэхээс болгоомжилно уу. Энэ бол төлөвлөгөө биш. Суралцагчдын хувьд дугуй дүрсүүдийг зөв ойлгочихвол төлөвлөгөөг ойлгочихлоо гэсэн бодол маш амархан төрдөг.
Хоёрдугаарт, уг төлөвлөгөөг тэдний оюун санаа, зүрх сэтгэлд илүү бодитой суухад нь туслаарай. Тэдэнд Эцэгийн төлөвлөгөөг мэддэг болж, хайрлахад тусал. Тэднийг энэ төлөвлөгөө рүү илүү гүнзгий шумбуулах нь үүнийг хийх арга зам гэдэгт би одоо итгэдэг болсон.
Ийм ч учраас би өсөж буй үеийнхэнд энэхүү алдар суут төлөвлөгөөг мэдэж авч, хайрлаж, амьдралдаа хэрэгжүүлэхэд нь тус болно гэж найдаж байгаа Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх гурван зарчмыг онцлохоор сонголоо.
1-р зарчим: Есүс бол зам, үнэн, амь мөн
1-р зарчим: Есүс бол зам, үнэн, амь мөн.3 Их Эзэн, Аврагч Есүс Христ бол авралын төлөвлөгөөний гол цөм. Түүний цагаатгах золиослол Эцэгийн төлөвлөгөөн дэх бүх зүйлийг боломжтой болгодог. Аврагчийн бидний төлөө хийсэн зүйлийг дүрслэхдээ ашигласан Алмагийн үгсийг сонс доо. “Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно; …
Мөн тэрээр үхлийг өөр дээрээ авах болно, тэр өөрийнх нь хүмүүсийг хүлсэн тэрхүү үхлийн хүлээсийг тайлж болохын тулд бөлгөө; мөн түүний зүрх сэтгэл … нигүүлслээр дүүргэгдэж болохын тулд, тэрээр бие махбодийн дагуу өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд, тэрээр өөр дээрээ тэдний сул дорой чанаруудыг авах болно. …
гэсэн хэдий ч Бурханы Хүү өөрийн хүмүүсийн нүглүүдийг өөр дээрээ авч болохын тулд, тэрээр өөрийн чөлөөлөлтийн хүчний дагуу тэдний зөрчлүүдийг арилгаж болохын тулд бие махбодийн дагуу зовох болно”4
Би эдгээр шүлгэнд дуртай. Алма ийм уран яруу үгсээр авралын төлөвлөгөөн дэх Есүс Христийн Цагаатгалын голлох үүргийг дэлгэсэн билээ. Үүнд бүхий л хүнд боломжтой амилуулалт, наманчлах тэдний нүглийн өршөөл, гэтэлгэл байдаг. Үүнд мөнх бус аялалд маань биднийг эдгээж, өргөн, хүчирхэгжүүлдэг Есүс Христийн хайр байдаг төдийгүй биднийг үхэл, нүглээс чөлөөлж мөн өргөмжлөл, мөнх амьдралын адислалуудыг бидэнд нээж өгдөг Есүс Христийн хүч байдаг.
Есүс Христ Эцэгийн төлөвлөгөөнд мөн бидний амьдралд хэр голлох байр суурь эзэлдгийг суралцагчид маань ойлгож, мэдээсэй гэж би хүсэж байна. Христийн цагаатгах золиослолын ачаар Түүний гэрэл Бурханы бүхий л бүтээл дээр түгдэг.5 Үнэндээ Тэр “бүхэнд мөн бүх зүйлээр, үнэний гэрэл байдаг.”6 Тэрхүү гэрэл бүх зүйлд амьдралыг өгдөг бөгөөд “бүх зүйл түүгээр зохицуулагддаг хуулийг”7 хэрэгжүүлдэг. Үүнийг бодоод үз дээ! Хэдэн зуун тэрбум одыг багтаасан хамгийн том тэнгэрийн заадаснаас авахуулаад хамгийн жижиг матери болох бидний бие махбод мөн бидний үхэшгүй сүнс, мөнхийн өсөлт хөгжил гээд Бурханы гараг ертөнц дээрх бүх зүйл Тэнгэрлэг Эцэгийн хайр, Их Эзэн Есүс Христийн гайхамшигт Цагаатгалаар дамжин тэнгэрлэг хуулинд захирагддаг.
Есүс Христийн Цагаатгал цар хүрээгээрээ сансар огторгуйг бүхэлд нь хамардаг ч нэн хувийн шинж чанартай. Үнэндээ, Аврагчийн хайр, нигүүлсэл, хүч чадал суралцагчдыг маань нэг нэгээр нь адисалдаг. Судруудад Есүс Христ суралцагчдын маань мөнх бус амьдралдаа туулах бүхий л өвчин, зовлон, бэрхшээлийг туулсан гэж заадаг8 бөгөөд хүн төрөлхтөнд наманчлах боломж олгохын тулд Тэрээр тэдний нүглийг Өөр дээрээ авсан.9 Есүс суралцагч бүрийг маань хувь хүнийх нь хувьд төгс мэддэг. Тэр өөрөө уг замыг аль хэдийн туулсан учраас тэдний туулах замыг мэддэг.
Тэд Түүнд хандаж мөн итгэж, нүглээ наманчлан, Түүнийг итгэлтэйгээр дагадаг төдийгүй Түүнийг замаа мэддэг гэдэгт найдаж болно. Тэрээр тэднийг хамгийн чухал зүйлс рүү нь хүргэх цорын ганц зам билээ.10 Тэрээр өршөөл, гайхамшигт эдгэрэл рүү, мөнхөд үргэлжлэх баяр баясал руу хөтлөх зам юм. Тэрээр Ариун Сүнсний нөхөрлөлд хүргэх зам, амьдрал дахь тэнгэрлэг хүч чадал, тайтгарал, илчлэлт, гэрэл, хүч чадлын зам билээ. Тэрээр зориг, тэвчээр хийгээд бүхий л бурханлаг зан чанарт хүргэх зам. Тэрээр цэвэр, төгс хайранд мөн бүхий л ойлголтыг давсан амар амгаланд хүргэх зам юм. Тэрээр хувийн сэтгэл хангалуун байдал, утга учир, зорилго чиглэлийг тэдний амьдралд одоо мөн үүрд авчирдаг тэрхүү хайрын мөн үйлчлэлийн харилцаа руу хөтлөх зам юм. Тэр бол Тэнгэрлэг Эцэгтэй мөн өөрсдийн гэр бүлтэй хамт байх өргөмжлөл тийш, мөнх амьдрал руу удирдах зам юм. Хайрт эх, эгч нар аа, суралцагчдадаа бүхий л сайн зүйл “[Есүс Христээс ирдэг]” гэдгийг заагаарай.11 Тэрээр тэдний хувьд бүх зүйл юм.
2-р зарчим: Бурханы охид, хөвгүүдэд мөнхийн мөн чанар, зорилго чиглэл байдаг
Суралцагч бүрд маань мөнхийн мөн чанар, зорилго чиглэл бий. Тэдний хүн нэг бүр “Тэнгэрлэг Эцэг Эхийн хайртай сүнслэг охин, хүү нь бөгөөд хүн бүр бурханлиг шинж чанар, хувь тавилантай.”12
Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө нь суралцагч бүрд маань Их Эзэн Есүс Христийн нигүүлсэл, ач ивээлээр дамжуулан мөнхийн мөн чанар, зорилго чиглэлдээ хүрэхэд туслах зорилготой. Би тэдний хувьд ойлгоход маш чухал гэж бодож байгаа мөнхийн мөн чанарынх нь гурван бүрэлдэхүүн хэсгээс онцолмоор байна.
Суралцагчид маань Бурханы сүнсэн хүүхдүүд гэсэн бодит үнэнээр би эхэлье. Түүнийг үнэхээр тэдний Тэнгэр дэх Эцэг гэдгийг мэдэж, мэдрэхэд нь тэдэнд тусална уу. Тэнгэрлэг Эцэг хайрт Хүүгээрээ дамжуулан суралцагчдыг маань Өөрийнх нь мөнхийн төлөвлөгөөн дотор гүн гүнзгий суралцах буюу мэдлэг, ойлголтоо өсгөх, үр бүтээлтэй зөв шударга үйлдэл хийх чадварыг хуримтлуулах, Түүнтэй адил болох боломж, чадавхаар адисалсан. Энэ бол тэдний мөнхийн мөн чанарын энэ үндсэн суурь хэсэгт байдаг бүх зүйлийг хамарсан зорилго билээ.13
Тэдний мөнхийн мөн чанарын хоёр дахь чухал хэсэг нь мөнхийн гэр бүл дэх эцэг эх, эхнэр нөхөр байх явдал юм.14 Эрэгтэй, эмэгтэй хүний хоорондын гэрлэлт нь Бурханаас заяагдсан бөгөөд мөнх амьдралын мөн чанар билээ.15 Тэнгэр дэх Эцэгийн маань мөнхийн хэтийн төлөвийн хувьд суралцагчид маань Түүний хаант улс дахь ээж, аавууд юм. Энэ бол тэдний мөнхийн мөн чанар бөгөөд Түүний төлөвлөгөө юм. Тиймээс тэдний мөнхийн зорилго нь селестиел гэрлэлт, мөнхийн гэр бүлийг бий болгох явдал юм.
Эцэст нь, суралцагчид маань Абрахамын үр удам, Их Эзэний гэрээт хүмүүс гэдгээ мэдэх хэрэгтэй. Бурхан Абрахамд үр удам нь хөшигний хоёр талд дэлхийн бүх гэр бүлийг адислахын тулд бүхий л үндэстэнд Есүс Христийн сайн мэдээг болон ариун санваарыг (тэр дундаа, авралын ёслолуудыг) авчрах болно хэмээн амласан.16 Энэ бол тараагдсан Израилийн цугларалт бөгөөд Эцэгийн төлөвлөгөөний чухал хэсэг юм.17 Суралцагчид маань Абрахамын үр удам бөгөөд тэдний мөнхийн зорилго бол Бурханы итгэл даасан үйлчлэгчдийн хувьд Түүний ажлыг хийх явдал. Тэд Эцэгийн төлөвлөгөөнд чухал байр суурийг эзэлдэг бөгөөд чухал үүрэгтэй.
Нэг алхам ухраад, Тэнгэрлэг Эцэгийн танай суралцагчдад өгөхийг хүсэж буй сэтгэл догдлуулам, үнэхээр гайхмаар адислалуудын тухай бодоод үз дээ. Гэтэл Бурхан үүнтэй адил мөн чанар, зорилго чиглэлийг өөрсдөд нь өгсөн эсэхэд зарим суралцагч эргэлздэг. Заримынх нь хувьд Тэнгэрлэг Эцэгтэй адилхан болж, Түүний итгэл даасан үйлчлэгчийн хувиар үйлчилж, мөнхийн хайрт хамтрагчтайгаа лацдан холбуулж, хүүхдүүдтэй болно гэдэг бүтэшгүй санагдаж байж болно. Тэд өөрсдийгөө толинд хараад, өнөөдрийн миний тодорхойлсон зүйлсийг олж харахгүй байж болно. Хэрэв зарим суралцагчид тань ингэж санагдаж байвал тэднийг дахиад нэг харах гээд үзэхэд урамшуулан дэмжээрэй. Тэдэнд итгэлийн нүдээр толь руу хараад, зөвхөн өөрсдийн царай төрхийг биш, харин хүч чадал, алдар суу, хэзээ ч төгсөшгүй, төгс хайрыг өвөртлөн хажуудаа зогсож буй Их Эзэн Есүс Христийн царайг хар гэж хэлээрэй. Тэр тэднийг адислалуудын гадна үлдээхийн тулд ирээгүй.18
3-р зарчим: Есүс Христийн Өөрийнхөө нэрийг өгсөн бүх зүйл уг төлөвлөгөөний нэг хэсэг
Есүс Христ Эцэгийн төлөвлөгөөний төвд байдаг төдийгүй Түүний нэр, хүч чадал, ажил, зан чанар нарийн уялдаатай. Би суралцагчдаа Их Эзэн Есүс Христийн Өөрийнхөө нэрээр нэрлэсэн бүх зүйлийг Эцэгийн төлөвлөгөөний нэг хэсэг гэдгийг ойлгож, мэдээсэй гэж хүсэж байна.
Эдгээр зүйл юу болохыг хэсэгхэн зуур бодоцгооё. Аврагч юунд нэрээ өгсөн бэ? Суралцагчдын маань хувьд ойлгож, мэдэхэд хамгийн чухал гэж бодож байгаа, Есүс Христийн нэрээр нэрлэсэн зүйлсийг би дурдъя. Үүнд:
-
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм: Сүмийн нэр нь Их Эзэн Есүс Христээр үүсгэн байгуулагдаж, удирдуулагддаг гэдгийг мөн Түүний Сүм гэдгийг гэрчилдэг.19 Сүм бол дэлхий дээрх Бурханы хаант улс. Их Эзэн Аврагч Сүмээр дамжуулан хувь хүн, гэр бүлүүдийг мөнх амьдралыг эрэлхийлэхэд нь дэмжин тусалж, дэлхийг Өөрийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэдэг. Сүм, Их Эзэний үнэн бөгөөд амьд сүм бол Эцэгийн хүүхдүүдийнхээ авралд зориулсан төлөвлөгөөний чухал хэсэг юм.
-
Бурханы Хүүгийн жаягаас улбаатай ариун санваар: Ариун санваар нь Бурханы хүч ба эрх мэдэл юм. Энэ нь итгэлтэй хожмын үеийн гэгээнтнүүдийг Их Эзэний эрх мэдэл, хүчээр Түүний ажлыг хийх боломжтой болгохын тулд хүмүүнд өгөгдсөн. Бид тэрхүү хүч, эрх мэдлээр дамжуулан авралын ёслолуудыг мөн Эцэгийн алдар суут төлөвлөгөөний агуу адислалуудыг хүлээн авдаг.20
-
Их Эзэний өргөө: Бид дэлхий даяар ариун сүмүүд нэн ихээр баригдаж буй цаг үед амьдарч байна. Их Эзэн олон итгэлтэй хүүхдэдээ хөшигний хоёр талд ариун сүмийн адислалуудыг, тэр дундаа мөнхийн гэр бүлийн лацдан холболтыг хүлээн авах боломж олгосонд бид баярладаг. Их Эзэний өргөөний ёслолууд биднийг бурханлаг байдлын хүчтэй холбодог ба тухайлбал тэдгээр нь Эцэгийн хүүхдүүддээ зориулсан аз жаргалын төлөвлөгөөнд нэн чухал билээ.21
-
Их Эзэний бошиглогч: Их Эзэн Өөрийн бошиглогчийн талаар “Учир нь түүний үгийг та нар миний амнаас гарсан мэтээр … хүлээн авах ёстой”22 хэмээн хэлсэн. Их Эзэний бошиглогч бол үзмэрч, илчлэгч юм. Түүний үг бол бидний төлөөх, энэ амьдрал дахь бидний адислал, ирэх амьдрал дахь бидний өргөмжлөл, мөнх амьдралын төлөөх Их Эзэний үгс билээ. Их Эзэний бошиглогч бол Эцэгийн төлөвлөгөөний нэгэн гайхамшигт хэсэг юм.
-
Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээ: Мормоны Ном нь Их Эзэн Есүс Христ бол Аврагч, Гэтэлгэгч гэдгийг мөн Иосеф Смит бол Сэргээлтийн бошиглогч, Их Эзэн хожмын өдрүүдэд Өөрийн Сүмийг зохион байгуулсан гэдгийг гэрчилдэг. Энэ нь мөн Эцэгийн төлөвлөгөөний тухай гайхамшигт сургаалуудыг заадаг бөгөөд хүчирхэг гэрчлэлээр хангадаг.23 Эдгээр бүхий л шалтгаан нь Мормоны Номыг авралын төлөвлөгөөний чухал хэсэг болгодог юм.
-
Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд: Есүс Христ ариун нандин гэрээнүүдийг байгуулж, сахидаг Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд Өөрийн нэрийг өгсөн. Тэрээр багш болох та нарт ариун сүмд орох үед тань нэрээ өгсөн.24 Тэрээр суралцагчдад тань нэрээ өгөхийг хүсдэг бөгөөд тэднийг Израилийн цугларалтад оролцох үедээ дэлхийнхэнд хандан Өөрийнх нь нэрээр хэлэх гэрчлэлд нэрээ өгөхийг хүсдэг.25 Энэ бол Эцэгийн төлөвлөгөө юм.
Энд дурдсан бүх зүйл мөн бидний дурдаж чадах өөр бусад олон зүйл, тэр дундаа дэлхий дээрх бүхий л цуглааны байр, Тэнгэрлэг Эцэгт өргөх бидний залбирал бол Есүс Христийн нэрийг авсан зүйлс бөгөөд уг төлөвлөгөөний нэг хэсэг төдийгүй бошиглолын биелэл билээ. Паулын эрт үед хэлснээр “Энэ нь цагийн дүүрнийг гүйцэлдүүлэхийн тулд тэнгэр дэх юмс болон газар дээрх бүх юмсыг Христ дотор нэгтгэх зорилго байжээ.”26
Ах, эгч нар аа, суралцагчдын сайн мэддэг Сүм, санваар, ариун сүм, бошиглогч, Мормоны Ном зэрэг нь мөн тэд өөрсдөө хүртэл биднийг Есүс Христ рүү авчрахын тулд энд байгаа учраас Аврагчийн нэрийг авч явдаг гэдгийг мэдэж авахад нь тэдэнд туслаарай. Есүс Христ бол энэ амьдрал дахь амар амгалан, ирэх амьдрал дахь мөнх амьдрал болон өргөмжлөлд хүргэх зам билээ.
Би одоо суралцагчдын маань өдөр тутмын амьдрал дахь Эцэгийн төлөвлөгөөний үүргийн талаар нэгэн санааг хэлээд үгээ төгсгөе. Хаан Бенжамины хүмүүстээ хэлсэн үгийг би санаж байна. Тэрээр үгээ хэлж эхлэхдээ “Намайг анхааран сонсогтун, мөн та нар сонсож болохын тулд сонороо дэлгэгтүн, мөн ойлгож болохын тул зүрх сэтгэлээ нээгтүн, мөн та нарын төсөөлөлд Бурханы нууцууд дэлгэгдэж болохын тулд оюунаа нээгтүн”27 хэмээн хэлсэн.
Би “та нарын төсөөлөлд Бурханы нууцууд дэлгэгдэж болохын тулд” гэсэн хэллэгт дуртай бөгөөд үүнийг суралцагчидтайгаа холбож үзмээр байна. Хүмүүсийнхээ төсөөлөлд дэлгэхийг хүссэн “Бурханы нууцууд” нь Эцэгийн авралын агуу төлөвлөгөөний чухал бүрэлдэхүүн хэсгүүд гэдгийг Хаан Бенжамин тодорхой болгосон. Хаан Бенжамины хэлсэн үгэнд бидэнтэй холбоотой хоёр утга бий. Нэгдүгээрт, хэрэв суралцагчдын маань зүрх сэтгэл, оюун санаа нээлттэй байвал мөн бид Сүнстэй зааж байвал суралцагчид маань уг төлөвлөгөөг харж, ойлгох болно. Гэхдээ өөр нэг утга бий. Хэрэв тэд уг төлөвлөгөөг зүрх сэтгэлдээ ойлгочих юм бол уг төлөвлөгөө нь тэдний өөрсдийгөө болон эргэн тойрноо харах арга зам нь болно. Уг төлөвлөгөө тэдний үзэл болно гэсэн үг. Суралцагчид маань төлөвлөгөөг ойлгоно мөн төлөвлөгөө тэдэнд ойлгоход тусална.
Суралцагчид маань хэрхэн уг төлөвлөгөөг үнэн сэтгэлээсээ ойлгох вэ? Бидний ангиуд энэ үйл явцын чухал хэсэг бөгөөд Тэнгэрлэг Эцэг Өөрийнхөө төлөвлөгөөг тэдний төсөөлөлд дэлгэхийн тулд илүү их зүйлийг хийсэн. Суралцагчид маань уг төлөвлөгөөг дараах тохиолдлуудад бодитоор харж чадна гэдгийг тэдэнд заана уу. Үүнд:
-
Хүүхэд төрөхөд болон хэн нэгэн нас барах бүрд28
-
Ариун сүмд, түүнчлэн нас барагсдын өмнөөс ёслолуудыг хийхэд29
-
Хүндэтгэлийн өдөр ариун ёслолын үеэр30
-
Өршөөл эрэн Тэнгэрлэг Эцэгт Есүс Христийн нэрээр залбиран наманчлахад31
-
Есүс Христийн хүчирхэг гэрч Мормоны Номноос32
-
Бурханы бошиглогчийг харж, сонсож, дагахдаа33
-
Санваарын адислалуудаар дамжуулан34
-
Христийн хайр, гэрэл, хүчийг мэдэрдэг институт, семинар дээр35
-
Эцэгт Есүс Христийн нэрээр залбирах бүрдээ36
Суралцагчдад маань энэ гайхамшигт үнэнийг мэдэж, мэдрэхэд туслаарай. Тэд эдгээр зүйлийг харахдаа Эцэгийн төлөвлөгөө хэрэгжиж байгааг харна. Хэрэв тэд зүрх сэтгэлээ нээвэл Ариун Сүнс авралын төлөвлөгөө бодит бөгөөд тэдний төлөө зориулагдсан гэдгийг гэрчлэх болно.37 Тэдний Есүс Христэд итгэх итгэл, ойлголт өсөхийн хэрээр уг төлөвлөгөө тэдний амьдралыг харах алсын хараа мөн өөрсдийгөө үзэх үзэл нь болно. Тэд өөрсдийгөө энэ төлөвлөгөөнөөс олж харах бөгөөд эргэн тойрноо Их Эзэний нүдээр хардаг болж эхэлнэ.
Уг төлөвлөгөө нь тулгарч буй асуудал, бэрхшээлээ ойлгохын тулд ашигладаг загвар болох болно. Үнэндээ энэ л бидний Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал дээр заадаг зүйл юм. Би эш татъя: “Бид сургаалын утга санаа, асуулт, нийгмийн асуудлыг мөнхийн талаас нь шинжлэн судлахдаа тэдгээрийг авралын төлөвлөгөө, Аврагчийн сургаалын хам сэдэв дотор авч үзэх хэрэгтэй. Энэ нь бидэнд дэлхийн таамаглалыг хүлээн авахын оронд асуултыг дахин боловсруулж, үзэл санааг Их Эзэний үнэний жишигт тулгуурлан харах боломжийг олгодог.”38
Хэрэв суралцагчид маань энэ загварыг дагавал авралын төлөвлөгөө нь өөрсдийгөө болон үүрэг хариуцлага, боломж, адислалуудаа ойлгох арга зам болох болно. Энэ нь тэдний амьдралаа утга учир, зорилго чиглэлтэй болгох арга зам юм. Тэд Ариун Сүнсээр удирдуулж, заалгуулснаараа Паулын нэрлэснээр “Христийн оюун ухааныг”39 хүлээн авах болно.
Хайрт ах, эгч нар аа, Эцэгийн төлөвлөгөө та бүхний зүрх сэтгэлд сууж, та нар уг төлөвлөгөөнөөс өөрсдийгөө олж харан, уг төлөвлөгөө дэлхийг хардаг мэлмий чинь болох болтугай хэмээн би залбирч байна.40 Би Эцэгийн төлөвлөгөө үнэн гэдгийг гэрчилж байна. Бурхан Эцэг амьд. Есүс бол Христ, бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч. Тэр амьд гэдгийг би мэднэ. Энэ Сүм Түүний Сүм. Та нар Ариун Сүнсний хүчээр өсөж буй үеийнхэнд Эцэгийн төлөвлөгөөг заахын тулд Түүний зараалд байгаа. Би энэ бүхнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.
© 2018 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. Англи эхийн зөвшөөрөл: 3/18 Орчуулгын зөвшөөрөл: 3/18 “The Plan of Salvation and the Rising Generation”-ийн орчуулга. Mongolian. PD60006246 363