Судрууд
3 Нифай 28


Бүлэг 28

Арван хоёр шавийн ес нь наснаас халихдаа Христийн хаант улсад өвийг хүсэж мөн энэ нь амлагдав—Гурван нифай үндэстэн Есүсийг дахин ирэх хүртэл газар дэлхий дээр үлдэхийн тулд үхлийг давах хүчийг хүсэж мөн өгөгдөв—Тэд хувиргагдаж мөн хэлэх нь хууль бус зүйлсийг харсан буюу, мөн тэд эдүгээ хүмүүсийн дунд тохинуулж буй. Ойролцоогоор МЭ 34–35 он.

1 Мөнхүү улиран тохиох дор Есүс эдгээр үгийг хэлээд, тэрээр шавь нартаа, нэг нэгээр нь ярьж, тэдэнд хэлсэн нь: Намайг Эцэгтээ очсоны дараа, та нар надаас юу хүсэх вэ?

2 Мөн тэд бүгд, гурваас бусад нь ярьж, хэлрүүн: Бид хүний насыг насалсны дараа, таны хаант улсад танд хурдан очиж болохын тулд таны биднийг дуудсан тохинуулал маань төгсөхийг бид хүсэж байна.

3 Мөн тэрээр тэдэнд хэлэв: Та нар энэ зүйлийг надаас хүссэн учраас адислагдсан болой та нар; тиймийн тул, та нар далан хоёр нас хүрснийхээ дараа хаант улсад минь надад ирэх болно; мөн надтай хамт та нар амар амгаланг олох болно.

4 Мөн тэрээр тэдэнд ярьсныхаа дараа, тэрээр сайхь гурвын зүг эргэж, мөн тэдэнд хэлэв: Намайг Эцэгтээ очоод, та нарын төлөө намайг юу хийгээсэй гэж та нар хүсэж байна вэ?

5 Мөн тэд зүрх сэтгэлдээ шаналж байв, учир нь тэд хүссэн зүйлээ түүнд ярьж зүрхэлсэнгүй.

6 Мөн тэрээр тэдэнд хэлэв: Болгоогтун, би та нарын бодлуудыг мэднэ, мөн намайг иудейчүүдээр өргөгдөхөөс өмнө, миний тохинуулалд надтай хамт байсан, миний хайрт Иоханы надаас хүссэн тэр зүйлийг та нар хүсэж буй билээ.

7 Тиймийн тул, та нар илүүтэй адислагдсан болой, учир нь та нар хэзээ ч үхлийг амсахгүй; харин бүр намайг тэнгэрийн хүчтэйгээр сүр жавхландаа ирэх үед, Эцэгийн тааллын дагуу бүх зүйл гүйцэлдэх хүртэл та нар хүмүүсийн үрсэд үзүүлэх Эцэгийн бүх үйлийг болгоохоор амьдрах болно.

8 Мөн та нар үхлийн шаналлыг хэзээ ч үзэхгүй; харин намайг сүр жавхландаа ирэх үед та нар зуурдын байдлаас үхэшгүй байдалд нүд ирмэхийн зуур өөрчлөгдөх болно; мөн тэгээд та нар миний Эцэгийн хаант улсад адислагдах болно.

9 Мөн тэрчлэн, та нар маханбодод орших үед та нарт зовуурь үгүй байх болно, бас дэлхийнхний нүглүүдийн төлөө бус аваас харамсал ч үгүй байх бөлгөө; мөн та нарын надаас хүссэн тэр зүйлийн учир би энэ бүгдийг хийх болно, учир нь дэлхий оршин тогтнож байхад, хүмүүсийн бодгалиудыг надад авчирч болох болоосой хэмээн та нар хүссэн билээ.

10 Мөн энэ шалтгааны улмаас та нарт баяслын бүрэн дүүрэн нь байх болно; мөн та нар миний Эцэгийн хаант улсад суух болно; тийм ээ, баясал тань дүүрэн байх болно, Эцэг надад баяслын бүрэн дүүрнийг өгсний адил бөлгөө; мөн та нар бүр миний адил байх болно, мөн би бол Эцэгийн адил, мөн Эцэг бид хоёр нэг билээ;

11 Мөн Ариун Сүнс Эцэгийн болон миний тухай гэрчилдэг; мөн Эцэг миний учир, Ариун Сүнсийг хүмүүсийн үрсэд өгдөг.

12 Мөнхүү улиран тохиох дор Есүс эдгээр үгийг яриад, тэрээр үлдэх гурваас бусдад нэг бүрчлэн хуруугаараа хүрч, мөн тэгээд тэрбээр одов.

13 Мөн болгоогтун, тэнгэр нээгдэж, мөн нөгөө гурав нь тэнгэрт зөөгдөж, мөн өгүүлшгүй зүйлсийг харж бас сонсов.

14 Мөн тэдний ярих нь тэдэнд хориглогдов; бас тэд харсан мөн сонссон зүйлсээ ярьж чадах хүч тэдэнд өгөгдсөнгүй;

15 Мөн тэд бие махбодод эсвээс бие махбодын гадна байсан эсэхээ хэлж чадсангүй; учир нь энэ тэдэнд өөрсдийнх нь хувиралт мэт санагдав, тэд маханбодийн энэ биеэсээ үхэшгүй байдалд өөрчлөгдсөнөөр тэд Бурханы зүйлсийг болгоож чадаж байв.

16 Гэвч улиран тохиох дор тэд дэлхийн гадаргуу дээр дахин тохинуулав; гэсэн хэдий ч тэнгэрт тэдэнд өгөгдсөн тэр зарлигийн учир, тэд сонссон мөн үзсэн зүйлсийнхээ тухайд тохинуулсангүй.

17 Мөн эдүгээ, тэдний хувиргалтын өдрөөс хойш, тэд зуурдын эсвээс үхэшгүй байсан эсэхийг би мэдэх нь үгүй;

18 Харин өгөгдсөн тэрхүү цэдгийн дагуу, би энэ зэргийг мэднэ—тэд уг нутгийн гадаргуу дээр урагш явж, мөн бүх хүнд тохинуулан, номлолд нь итгэсэн болгоныг сүмд нэгтгэв; тэдэнд баптисм хүртээж, мөн баптисм хүртсэн болгон нь Ариун Сүнс хүлээн авсан болой.

19 Мөн тэд сүмд харьяалагдаагүй тэднээр шоронд хаягдав. Мөн шоронгууд ч тэднийг хорьж чадсангүй, учир нь тэдгээр нь хоёр хуваагдан цуурсан болой.

20 Мөн тэд газрын нүхэнд хаягдав; гэвч тэд Бурханы үгээр газрыг цохиж, үүний хэрээр түүний хүчээр тэд газрын гүнээс чөлөөлөгдөв; мөн тиймийн тул тэднийг хорьж чадах нүхнүүдийг тэд ухаж чадсангүй.

21 Мөн тэд зууханд гурвантаа хаягдсан бөгөөд ямар ч гэмтэл авсангүй.

22 Мөн тэд зэрлэг араатнуудын үүрэнд хоёр удаа хаягдав; мөн болгоогтун хөхүүл хүүхэд хургатай тоглох адил тэд араатнуудтай тоглож, мөн ямар ч гэмтэл авсангүй.

23 Мөнхүү улиран тохиох дор тэд тийн Нифайн бүх ард түмний дунд явж, мөн Христийн сайн мэдээг уг нутгийн гадаргуу дээрх бүх хүнд номлов; мөн тэд Их Эзэнд хөрвүүлэгдэж, мөн Христийн сүмд нэгтгэгдэв, мөн тэр үеийн хүмүүс, Есүсийн үгийн дагуу тийн адислагдав.

24 Мөн эдүгээ, Мормон би, эдгээр зүйлийн талаарх яриагаа хэсэг зуур төгсгөл болгоё.

25 Болгоогтун, би үхлийг хэзээ ч амсахгүй тэдний нэрсийг бичих гэж байв, гэвч Их Эзэн хориглосон бөлгөө; тиймийн тул би тэдгээрийг бичихгүй, учир нь тэдгээр нь дэлхийнхнээс нууцлагдсан билээ.

26 Гэвч болгоогтун, би тэднийг харсан, мөн тэд надад тохинуулсан бөлгөө.

27 Мөн болгоогтун тэд харийнхны дунд байх болно, мөн харийнхан тэднийг мэдэхгүй байх болно.

28 Тэд түүнчлэн иудейчүүдийн дунд байх болно, мөн иудейчүүд тэднийг мэдэхгүй байх болно.

29 Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн өөрийн мэргэн ухаанд таарна хэмээн үзэхэд, тэд Израилын бүх тараагдсан овгуудад, мөн бүх үндэстэн, ястан, хэлтэн мөн ард түмэнд тохинуулах болно, мөн тэдний хүсэл гүйцэлдэж болохын тулд, мөн түүнчлэн өөрсдөд буй Бурханы ятгах хүчний улмаас тэднээс олон бодгалийг Есүст авчрах болно.

30 Мөн тэд Бурханы тэнгэр элч нарын адил, мөн хэрэв тэд Есүсийн нэрээр Эцэгт залбирах аваас тэд өөрсдөд нь зөв санагдах ямар ч хүмүүнд өөрсдийгөө үзүүлж чадна.

31 Тиймийн тул, бүх хүн гарцаагүй Христийн шүүлтийн суудлын өмнө зогсох ёстой агуу бөгөөд ирэх өдрөөс өмнө тэднээр агуу болон гайхамшигт ажлууд хийгдэх болно;

32 Тийм ээ тэрхүү шүүлтийн өдрийн өмнө бүр харийнхны дунд ч агуу болон гайхамшигт ажил тэднээр хийгдэх болно.

33 Мөн хэрэв Христийн бүх гайхамшигт ажлын шастирыг өгөх тэр бүх судар та нарт байсан аваас, та нар Христийн үгсийн дагуу, эдгээр зүйл гарцаагүй ирэх ёстойг мэдэхсэн билээ.

34 Мөн Есүсийн үгсийг анхаарахгүй түүнд, мөн түүнчлэн түүний сонгож мөн тэдний дунд илгээсэн тэднийг анхааран сонсохгүй тэдэнд халаг болог; учир нь Есүсийн үгсийг мөн түүний илгээсэн тэдний үгсийг хүлээн авдаггүй хэн боловч өөрийг нь ч хүлээн авдаггүй; мөн тиймийн тул тэрээр эцсийн өдөр тэднийг хүлээн авахгүй байх болно;

35 Мөн тэдний хувьд хэрэв тэд төрөөгүй байсан бол илүү дээр байхсан. Учир нь аврал ирж болохын тулд хүмүүсийн хөл дор дэвслэгдсэн тэрхүү, гомдсон Бурханы шударга ёсноос та нар ангижирч чадах юм хэмээн та нар бодно уу?

36 Мөн эдүгээ болгоогтун, Их Эзэний сонгосон тэдний, тийм ээ, бүр тэнгэрт зөөгдсөн тэр гурвын талаар, тэд зуурдын байдлаас үхэшгүй байдалд цэвэршүүлэгдсэн эсэхийг мэдэхгүй хэмээн би ярьсан учир—

37 Гэвч болгоогтун, бичсэнийхээ дараа, би Их Эзэнээс лавлаж, мөн тэрээр надад тэдний биед өөрчлөлт зайлшгүй хийгдсэн байх ёстой, эсвээс тэд үхлийг амсах ёстой хэмээн надад илэрхийлсэн бөлгөө;

38 Тиймийн тул, тэд үхлийг амсахгүй байж болохын тулд тэдний биед өөрчлөлт хийгдсэн ажээ, тэгснээр тэд дэлхийнхний нүглүүдийн улмаас бус аваас өвчнийг бас харамслыг амсахгүй ажээ.

39 Эдүгээ энэ өөрчлөлт нь эцсийн өдөр тохиох түүнтэй тэнцэхээргүй юм; гэхдээ тэдний дээр өөрчлөлт хийгдсэн, үүний хэрээр тэдний дээр Сатан ямар ч хүчгүй байв, тиймээс тэрээр тэднийг уруу татаж чадахгүй байв; мөн тэд маханбодод ариусгагдсанаас ариун болж, мөн газар дэлхийн хүч тэднийг хорьж чадахгүй болжээ.

40 Мөн тэд Христийн шүүлтийн өдөр хүртэл энэ байдалд үлдэх бөлгөө; мөн тэр өдөр тэд илүү агуу өөрчлөлтийг хүлээн авна, мөн Эцэгийн хаант улсад хойшид гарахгүйгээр, харин тэнгэрт Бурхантай мөнхөд оршихоор хүлээн авагдана.

Хэвлэх