Жеромын Ном
Бүлэг 1
Нифайчууд Мосегийн хуулийг дагаж, Христийн ирэлтийг харуулдан, мөн уг нутагт дэгжив—Хүмүүсийг үнэний замд үлдээхээр олон бошиглогч хөдөлмөрлөв. Ойролцоогоор МЭӨ 399–361 он.
1 Эдүгээ болгоогтун, Жером би, эцэг Иносынхоо зарлигийн дагуу бидний удмын бичиг хадгалагдаж болохын тулд хэдэн үг бичье.
2 Мөн эдгээр ялтас жижиг учир мөн эдгээр зүйл бидний ах дүүс леменчүүдэд туслах зорилготойгоор бичигдсэн учир, иймийн тул, би багыг бичих нь зайлшгүй хэрэгтэй; гэвч би өөрийн бошиглолын, бас өөрийн илчлэлүүдийн зүйлсийг бичих нь үгүй. Учир нь эцэг өвгөдийнхөө бичиглэснээс илүү юуг би бичиж чадахсан билээ? Учир нь тэд авралын төлөвлөгөөг илчилсэн бус уу? Би та нарт хэлнэ, Тийм ээ; мөн энэ нь надад хангалттай.
3 Болгоогтун, энэ хүмүүсийн зүрх сэтгэл хатуу, мөн чих нь дүлий, мөн оюун нь харалган, мөн хүзүү нь гөжүүд учир, тэдний дунд их зүйл хийгдэх нь шаардлагатай; гэсэн хэдий ч Бурхан тэдэнд үлэмжийн нигүүлсэнгүй, мөн өдий болтол тэднийг энэ газрын гадаргуугаас арчиж зайлуулаагүй байгаа билээ.
4 Мөн олон илчлэл авсан нь бидний дунд олон буй, учир нь тэд бүгд гөжүүд бус. Мөн гөжүүд бус бас итгэлийг агуулах тэд бүгд, итгэлийнх нь дагуу хүмүүсийн үрсэд үзүүлэх тэрхүү Ариун Сүнстэй тэд дотно нөхөрлөх бөлгөө.
5 Мөн эдүгээ, болгоогтун, хоёр зуун жил улиран одов, мөн Нифайн ард түмэн уг нутагт хүчирхэг болсон бөлгөө. Тэд Мосегийн хуулийг дагахаар мөн хүндэтгэлийн өдрийг Их Эзэнд ариунаар хадгалахаар мэрийсэн билээ. Мөн тэд Бурханыг хараасан нь үгүй; бас тэд Түүнийг доромжилсон нь ч үгүй. Мөн уг нутгийн хуулиуд үлэмж чанд байв.
6 Мөн тэд, мөн леменчүүд ч түүнчлэн энэ газрын гадаргуу дээр ихэд тархсан байв. Мөн тэд нифайчуудаас тоогоор үлэмж давуу байв; мөн тэд аллагад дурлаж мөн зэрлэг амьтдын цус уух бөлгөө.
7 Мөнхүү улиран тохиох дор нифайчууд бидний эсрэг тулалдахаар тэд олон удаа ирэв. Гэвч манай хаад мөн бидний удирдагчид Их Эзэнд итгэх итгэлдээ хүчирхэг хүмүүс байв; мөн тэд Их Эзэний замуудыг ард түмэнд заасан болой; иймийн тул, бид леменчүүдийн эсрэг зогсож мөн тэднийг өөрсдийн нутгаас хөөн зайлуулж, мөн хотуудаа, эсвээс бидний өв болох аливаа газрыг бэхлэн хамгаалж эхлэв.
8 Мөн бид үлэмж өнөр өтгөн болж, мөн газрын гадаргуугаар нэг тархав, мөн алт, мөнгө, үнэт зүйлс, мөн сайн хийцэт модон урлал, барилгууд, бас хөдөлгүүр, мөн түүнчлэн төмөр болон зэс, мөн гууль болон гангаар үлэмж баян болсон байв, мөн газар боловсруулах бүх төрлийн янз бүрийн хэрэгсэл, мөн дайны зэвсгүүд—тийм ээ, хурц үзүүрт сум, чичлүүр, хатгуур сум, мөн жад, бас дайны бүх бэлтгэлийг хийсэн болой.
9 Мөн леменчүүдтэй тулахаар тийн бэлтгэсэн байсан учир, тэд бидний эсрэг амжилт олсонгүй. Харин бидний эцэг өвгөдөд Их Эзэний: Миний зарлигуудыг сахихын хэрээр та нар уг нутагт дэгжих болно хэмээсэн үг нотлогдсон болой.
10 Мөнхүү улиран тохиох дор хэрэв тэд зарлигуудыг үл сахиж, харин зөрчилд унах аваас энэ нутгийн гадаргуугаас устгагдах болно гэсэн Бурханы үгийн дагуу Их Эзэний бошиглогчид Нифайн ард түмэнд сэрэмжлүүлж байсан бөлгөө.
11 Иймийн тул, бошиглогчид, пристүүд мөн багш нар хичээнгүй байхыг ард түмэнд тэсвэр тэвчээртэйгээр ухуулж, хичээнгүйлэн хөдөлмөрлөж байв; Мосегийн хуулийг мөн үүний өгөгдсөн учрыг заасан болой; тэдэнд Мессиаг харуулдан хүлээхийг мөн тэрээр аль хэдийн ирчихсэн мэт түүнийг ирнэ гэдэгт итгэхийг ятгаж байв. Мөн тэд ийм маягаар тэдэнд зааж байлаа.
12 Мөнхүү улиран тохиох дор тэд түүнчлэн үйлдсэнээр тэднийг энэ газрын гадаргуу дээр устгагдахаас сэргийлсэн болой; учир нь тэд үгээр тэдний зүрхийг хатгаж, үргэлж тэднийг наманчлалд өдөөн хүргэж байв.
13 Мөнхүү улиран тохиох дор хоёр зуун гучин найман жил—цагийн ихэнх нь дайнууд, мөн тэмцлүүд, мөн маргааны байдалд улиран одов.
14 Мөн Жером би илүүг бичих нь үгүй, учир нь ялтаснууд жижиг болой. Гэвч болгоогтун, ах дүүс минь, та нар Нифайн бусад ялтсыг үзэж болно; учир нь болгоогтун, тэдгээрийн дээр хаадын бичиглэсэн, эсвээс тэдний бичүүлсэн тэр дайнуудын маань тухай цэдгүүд сийлэгдсэн буй.
15 Мөн би эдгээр ялтсыг хүү Омнайнхаа гарт, тэдгээр нь миний өвгөдийн зарлигуудын дагуу хадгалагдаж болохын тулд шилжүүлэх бөлгөө.