Судрууд
Омнай 1


Омнайн Ном

Бүлэг 1

Омнай, Амарон, Чемиш, Абинадом, мөн Амаликай нар ээлж дараалан цэдгүүдийг бичиглэв—Зедикиагийн өдрүүдэд Иерусалимаас ирсэн, Зарахемлагийн хүмүүсийг Мозая илрүүлж мэдэв—Мозая тэдний дээр хаанаар томилогдов—Зарахемла дахь Мюлекийн үр удам жаредчуудын сүүлчийн хүн болох Кориантумрыг олж илрүүлэв—Бенжамин хаан Мозаяг залгамжлав—Хүмүүс өөрсдийн сүнсийг Христэд өргөл болгож өргөвөл зохино. Ойролцоогоор МЭӨ 323–130 он.

1 Болгоогтун, улиран тохиох дор Омнай би, өөрийн эцэг Жеромоор, эдгээр ялтас дээр удмын бичгээ хадгалж үлдээхийн тулд заримыг бичих ёстой хэмээн зарлигдуулсан учир—

2 Иймийн тул, миний өдрүүдэд, би өөрийн ард түмэн нифайчуудыг дайснууд нь болох леменчүүдийн гарт орохоос хамгаалахын тулд би илдээр ихэд тулалдсаныг та нар мэдээсэй хэмээнэ. Гэвч болгоогтун, би өөрөө бол ёс бус нэгэн, мөн би Их Эзэний зарчмууд мөн зарлигуудыг зохих ёсоор дагасан нь үгүй.

3 Мөнхүү улиран тохиох дор хоёр зуун далан зургаан жил улирч одов, мөн бид амар амгалангийн олон улирлыг үдлээ; мөн бидэнд ширүүн дайн мөн цус урсгалтын олон улирал тохиосон бөлгөө. Тийм ээ, мөн дүгнэж хэлэхэд, хоёр зуун наян хоёр жил улирч одлоо, мөн эцэг өвгөдийнхөө зарлигуудын дагуу эдгээр ялтсыг би хадгалсан билээ; мөн тэдгээрийг би хүү Амарондоо даатган шилжүүлэв. Ингээд би төгсгөе.

4 Мөн эдүгээ Амарон би, эцгийнхээ номд өөрийн бичих цөөн зүйлийг бичье.

5 Болгоогтун, улиран тохиох дор гурван зуун хорин жил улирч, мөн нифайчуудын илүү ёс бус хэсэг нь устгагдсан бөлгөө.

6 Учир нь Их Эзэн зөвшөөрөөгүй, тэрээр тэднийг Иерусалим нутгаас удирдан гаргаад мөн тэднийг дайсныхаа гарт орохоос нь хамгаалан хадгалсны дараа, тийм ээ, бидний эцэг өвгөдөд түүний ярьсан дараах үгс хэрэгжихгүй байхыг тэрээр зөвшөөрөхгүй болой, хэлрүүн: Та нар миний зарлигуудыг сахихгүй байхын хэрээр та нар уг нутагт хөгжин дэгжихгүй.

7 Иймийн тул, Их Эзэн тэдэнд агуу шийтгэлээр зочилсон ажгуу; гэсэн хэдий ч, тэрээр зөв шударгыг үйлдэгчид мөхөхгүй байхын тулд тэднийг хэлтрүүлсэн, харин тэднийг дайснуудынх нь гараас чөлөөлсөн билээ.

8 Мөнхүү улиран тохиох дор би уг ялтаснуудыг дүү Чемишдээ дамжуулан өглөө.

9 Эдүгээ Чемиш би, өөрийн бичих цөөн зүйлийг ахынхаа бичсэн тэрхүү номд бичиглэе; учир нь болгоогтун, би түүний сүүлчийн бичиглэлийг, тэрээр үүнийг өөрийн гараар бичсэнийг харсан билээ; мөн тэр тэдгээрийг надад дамжуулсан тэр өдөр үүнийг бичсэн бөлгөө. Мөн ийм маягаар бид цэдгүүдийг бичиглэдэг, учир нь энэ нь бидний эцэг өвгөдийн зарлигуудын дагуу буюу. Ингээд би төгсгөе.

10 Болгоогтун, Абинадом би бол Чемишийн хүү билээ. Болгоогтун, улиран тохиох дор миний ард түмэн болох нифайчууд мөн леменчүүдийн хооронд болсон их дайн, тэмцлүүдийг би үзэв; мөн би илдээрээ, ах дүүсээ өмгөөлөн олон лемен үндэстний амийг авсан билээ.

11 Мөн болгоогтун, энэ хүмүүсийн цэдэг үеэс үед дамжин, хаадад байх ялтаснууд дээр сийлэгдсэн бөлгөө; мөн би бичиглэгдсэнээс гадуур ямар ч илчлэл бас бошиглолын талаар эс мэднэ; иймийн тул, хангалттай нь бичигдсэн болой. Мөн би төгсгөе.

12 Болгоогтун, би Амаликай, Абинадомын хүү болой. Болгоогтун, Зарахемлагийн нутагт хаан суулгагдсан Мозаягийн талаар зарим зүйлийг би та нарт ярих болно; учир нь болгоогтун, тэрээр Нифайн нутгаас зугтан гарч, аглаг буйд руу явж, мөн Их Эзэний дуу хоолойг анхааран сонсох тэр бүгд түүнчлэн түүнтэй хамт уг нутгаас гарвал зохино хэмээн тэрээр Их Эзэнээр сэрэмжлүүлэгдсэн болой—

13 Мөнхүү улиран тохиох дор тэрээр Их Эзэний түүнд зарлигласны дагуу үйлдсэн болой. Мөн Их Эзэний дуу хоолойг анхаарсан болгон нь, тэд уг нутгийг орхин, аглаг буйд руу одов; мөн тэд олон номлол мөн бошиглолуудаар удирдагдаж байсан бөлгөө. Мөн тэд үргэлж Бурханы үгээр сургагдаж байв; мөн тэд аглаг буйдыг туулан Зарахемлагийн нутаг гэж нэрлэгдсэн тэр нутагт тэд уруудан иртлээ түүний мутрын хүчээр удирдагдсан ажээ.

14 Мөн тэд Зарахемлагийн ард түмэн гэж нэрлэгдсэн, тэрхүү хүмүүсийг олов. Эдүгээ, Зарахемлагийн ард түмний дунд агуу их баяр хөөр болов; мөн Их Эзэн Мозаягийн хүмүүсийг иудейчүүдийн цэдгийг агуулсан гуулин ялтаснуудын хамт илгээсний учир, Зарахемла ч түүнчлэн үлэмж баяртай байв.

15 Болгоогтун, улиран тохиох дор Иудагийн хаан Зедикиа Вавилонд олзлогдон аваачигдсан тэр үед Зарахемлагийн хүмүүс Иерусалимаас гарч ирснийг Мозая олж мэдэв.

16 Мөн тэд аглаг буйдад аялж, мөн Их Эзэний мутраар их усыг туулан, Мозая тэднийг олсон тэр нутагт авчрагдсан байлаа; мөн тэд тэр цагаас хойш тэнд оршин суусан бөлгөө.

17 Мөн Мозая тэднийг олсон тэр цагт тэд тоолшгүй олон болсон байв. Гэсэн хэдий ч, тэдэнд олон дайн мөн ширүүн тэмцлүүд байв, мөн цагаас цагт илдэнд эрсдэн унаж байжээ; мөн тэдний хэл будилуулагдсан байв; мөн тэд өөрсөдтэйгөө цэдгүүдийг авчраагүй байв; мөн тэд өөрсдийг нь Бүтээгч байдгийг үгүйсгэсэн бөлгөө; мөн тэднийг Мозая ч, бас Мозаягийн хүмүүс ч ойлгож эс чадсан буюу.

18 Гэвч улиран тохиох дор Мозая, тэдэнд өөрийн хэлийг заалгах болгов. Мөнхүү улиран тохиох дор тэд Мозаягийн хэлийг заалгасны дараа, Зарахемла эцэг өвгөдийнхөө ургийг санаж байгаагийнхаа дагуу өгөв; мөн тэдгээр нь бичигдсэн, гэхдээ энэ ялтаснуудад бус болой.

19 Мөнхүү улиран тохиох дор Зарахемлагийн мөн Мозаягийн ард түмэн хамтран нэгдэв; мөн Мозая тэдний хаан байхаар тохоогдов.

20 Мөнхүү улиран тохиох дор Мозаягийн өдрүүдэд, дээр нь сийлбэр бүхий том чулуу түүнд авчрагдсан байв; мөн тэрээр уг сийлбэрийг Бурханы бэлгээр болон хүчээр хөрвүүлсэн бөлгөө.

21 Мөн тэдгээр нь Кориантумр гэгч нэгний мөн түүний алагдсан хүмүүсийн шастирыг өгүүлэв. Мөн Коринтумр нь Зарахемлагийн ард түмнээр олж мэдэгдсэн байв; мөн тэрээр тэдэнтэй есөн сар орчмын турш амьдарсан буюу.

22 Энэ нь түүнчлэн түүний эцэг өвгөдийн талаар цөөн үгийг өгүүлсэн бөлгөө. Мөн түүний анхны эцэг эх нь Их Эзэн хүмүүсийн хэлийг будилуулсан тэр цагт, уг цамхгаас ирсэн буюу; мөн Их Эзэний ял, түүний шударга шүүлтийн дагуу тэдэн дээр оногдсон ажгуу; мөн тэдний яснууд нутгийн умардад таран хэвтэх аж.

23 Болгоогтун, Амаликай би, Мозаягийн өдрүүдэд төрсөн билээ; мөн би амьдралдаа түүний насан өөд болохыг харав; мөн түүний хүү Бенжамин, түүний оронд засаглан суух бөлгөө.

24 Мөн болгоогтун, Бенжамин хааны өдрүүдэд, нифайчууд мөн леменчүүдийн дунд ширүүн дайн мөн их цус урсахыг би үзэв. Гэвч болгоогтун, нифайчууд тэднийг ихэд давамгайлах байдалд хүрэв; тийм ээ, үүний хэрээр Бенжамин хаан тэднийг Зарахемлагийн нутгаас туун гаргасан бөлгөө.

25 Мөнхүү улиран тохиох дор би өтөлж эхлэв; мөн үр удам үгүйн учир, мөн Бенжамин хаан Их Эзэний өмнө шударга хүн болохыг мэдэхийн учир, иймийн тул, би эдгээр ялтсыг түүнд дамжуулах болно, мөн бүх хүнийг Израилын Ариун Нэгэн, Бурханд ирж, мөн бошиглолуудад мөн илчлэлүүдэд, мөн тэнгэр элч нарын тохинуулалд, мөн хэлээр ярихын бэлэгт, мөн хэлийг хөрвүүлэх бэлэгт мөн сайн болох тэр бүх зүйлд итгэхийг ятгана; өөрөөр хэлбэл, Их Эзэнээс ирээгүй л бол ямар ч сайн нь үгүй: мөн хилэнцэт тэр нь чөтгөрөөс ирдэг бөлгөө.

26 Мөн эдүгээ, хайрт ах дүү нар минь, та нарыг Израилын Ариун Нэгэн болох Христэд ирж, мөн түүний авралаас мөн түүний гэтэлгэлийн хүчнээс хүртээсэй хэмээнэ би. Тийм ээ, түүнд ирэгтүн, мөн өөрийн бүхэл сүнсийг түүнд өргөл болгон өгөгтүн, мөн мацаг барьж бас залбирахаа үргэлжлүүл, мөн эцсийг хүртэл тэвчигтүн; мөн Их Эзэн амьдын адил та нар аврагдах болно.

27 Мөн эдүгээ би Нифайн нутагт буцахаар аглаг буйдад одсон хэдэн тооны хүмүүсийн талаар заримыг ярья; тодруулбал, өвийн нутгаа эзэмших хүсэлтэй тэд нь олон тоотой байв.

28 Иймийн тул, тэд аглаг буйдад одсон юм. Мөн тэдний удирдагч хүчтэй бас чадалтай хүн, мөн гөжүүд нэгэн байлаа, иймийн тул тэрээр тэдний дунд зөрчилдөөн үүсгэсэн ажгуу; мөн тэд аглаг буйдад, тавиас бусад нь бүгд алагдаж, мөн тэд Зарахемлагийн нутагт эргэж ирсэн бөлгөө.

29 Мөнхүү улиран тохиох дор тэд түүнчлэн нилээд олон тооны хүнийг дагуулаад, мөн дахин аглаг буйдад аянд гарсан болой.

30 Мөн Амаликай миний дүү, түүнчлэн тэдэнтэй хамт явсан болой; мөн түүнээс хойш тэдний талаар сураг сонсоогүй билээ. Мөн миний доош булшиндаа хэвтэх минь дөхсөн болой; мөн эдгээр ялтас дүүрчээ. Мөн би яриагаа төгсгөл болгоё.