Судрууд
3 Нифай 10


Бүлэг 10

Уг нутагт олон цагийн туршид нам гүм байв—Эм тахиа дэгдээхийнүүдээ цуглуулдаг шиг Өөрийн хүмүүсийг цуглуулна гэж Христийн дуу хоолой амлав—Хүмүүсийн илүү зөв шударга хэсэг нь хадгалагдан үлдсэн болой. Ойролцоогоор МЭ 34–35 он.

1 Мөн эдүгээ болгоогтун, улиран тохиох дор уг нутгийн бүх хүн эдгээр үгийг сонсож, мөн үүний гэрч болов. Мөн эдгээр үгийн дараа уг нутагт олон цагийн туршид нам гүм байв;

2 Учир нь уг хүмүүсийн гайхширал маш агуу байснаас тэд эрсэдсэн төрөл садангаа алдсандаа халаглах мөн гаслахаа болив; тиймийн тул бүх нутагт олон цагийн туршид нам гүм байв.

3 Мөнхүү улиран тохиох дор уг хүмүүст дахин нэгэн дуу хоолой ирж, мөн бүх хүн сонсож, мөн үүний гэрч болов, өгүүлсэн нь:

4 Ай унасан эдгээр агуу их хотын хүмүүс, Иаковын удмынхан болох, тийм ээ, Израилын угсаа болох та нар, эм тахиа дэгдээхийнүүдээ далавчин дороо цуглуулдаг шиг би та нарыг хэчнээн ч удаа цуглуулж мөн асарсан билээ.

5 Мөн тэрчлэн, эм тахиа дэгдээхийнүүдээ далавчин дороо цуглуулдаг шиг би та нарыг хэчнээн удаа цуглуулах байсан билээ, тийм ээ, ай Израилын угсааны унасан хүмүүс та нар; тийм ээ, ай Израилын угсааны хүмүүс та нар, унасан та нар мөн түүнчлэн Иерусалимд орших та нар; тийм ээ, эм тахиа дэгдээхийнүүдээ цуглуулдаг шиг би та нарыг хэчнээн удаа цуглуулах байсан билээ, мөн та нар цуглахыг хүссэнгүй.

6 Ай миний хэлтрүүлсэн Израилын угсааныхан та нар, хэрэв та нар наманчилж мөн зүрх сэтгэлийн бүрэн шийдмэг байдлаар надад эргэж ирэх аваас, эм тахиа далавчин дороо дэгдээхийнүүдээ цуглуулдаг шиг хэчнээн удаа би та нарыг цуглуулах билээ.

7 Гэвч эс тэгвээс, ай Израилын угсаа, та нарын оршин буй газрууд тань эцэг өвгөдтэй чинь хийсэн гэрээний биелэлтийн цагийг хүртэл эзгүй байх болно.

8 Мөн эдүгээ улиран тохиох дор уг хүмүүс эдгээр үгийг сонссоныхоо дараа, болгоогтун, тэд төрөл садан мөн найз нөхдөө алдсаныхаа улмаас дахин уйлж мөн гасалж эхлэв.

9 Мөнхүү улиран тохиох дор гурван өдөр тийн улирч одов. Мөн энэ нь өглөө байж, мөн уг нутгийн гадаргуу дээрээс харанхуй сарниж, газар чичрэхээ больж, хаднууд цуурахаа больж, мөн аймаар ёолон гаслах нь зогсож, мөн бүх нүргээнт чимээ зогсов.

10 Мөн газар дахин нэгдэн нийлснээс, энэ нь тэсэж үлдэв; мөн амь хэлтрүүлэгдсэн хүмүүсийн гашуудах нь, уйлах нь, мөн гаслах нь зогссон болой; мөн тэдний гашуудах нь баяслаар, мөн тэдний халаглах нь магтан дуулахаар мөн Их Эзэн Есүс Христ, өөрсдийн Гэтэлгэгчид талархахаар солигдов.

11 Мөн бошиглогчдоор яригдсан судрууд өдийг болтол гүйцэлдсэн байв.

12 Мөн аврагдсан нь уг хүмүүсийн илүү зөв шударга хэсэг нь байв, мөн бошиглогчдыг хүлээн авч мөн тэднийг чулуугаар шидээгүй нь тэд байв; мөн хэлтрүүлэгдсэн тэд нь гэгээнтнүүдийн цусыг урсгаагүй тэд байв—

13 Мөн тэд хэлтрүүлэгдэж мөн газар шороонд дарагдаагүй мөн булагдаагүй байв; мөн тэд тэнгисийн гүнд живүүлэгдсэнгүй; мөн тэд галаар шатаагдсангүй, бас тэд дарагдаж мөн үхтлээ няцлагдсангүй; мөн тэд хар салхинд хийсэж одсонгүй; бас тэд утаат мөн харанхуйлах мананд автагдсангүй.

14 Мөн эдүгээ, унших хэн боловч тэр нь ойлгог; судруудтай тэр нь тэдгээрийг судлаг, мөн галаар, утаагаар, хуй салхиар, мөн хар салхиар, мөн тэднийг залгих газрын ангалаар ирсэн эдгээр бүх үхэл болон устгалууд нь, мөн эдгээр бүх зүйл ариун бошиглогчдын олных нь бошиглолуудыг гүйцэлдүүлсэн эсэхийг харж мөн болгоог.

15 Болгоогтун, би та нарт хэлнэ, Тийм ээ, олон нь Христийн ирэлтийн үед эдгээр зүйлийн талаар гэрчилж, мөн тэд эдгээр зүйлийн талаар гэрчилсэн учир алагдсан болой.

16 Тийм ээ, бошиглогч Зинос эдгээр зүйлийн талаар гэрчилсэн, мөн түүнчлэн Зинок эдгээр зүйлийн талаар ярьсан, учир нь тэдний үр удмын үлдэгдэл болох бидний талаар тэд онцгойлон гэрчилсэн болой.

17 Болгоогтун, бидний өвөг Иаков түүнчлэн Иосефын үр удмын үлдэгдлийн талаар гэрчилсэн билээ. Мөн болгоогтун, бид Иосефын үр удмын үлдэгдэл биш гэж үү? Мөн бидний тухай гэрчлэх эдгээр зүйл, бидний өвөг Лихайн Иерусалимаас авчирсан гуулин ялтаснууд дээр бичиглэгдсэн байгаа бус уу?

18 Мөнхүү улиран тохиох дор гучин дөрөвдүгээр оны төгсгөлд, болгоогтун, хэлтрүүлэгдсэн Нифайн хүмүүст, мөн түүнчлэн леменчүүд гэж нэрлэгддэг хэлтрүүлэгдсэн тэдэнд агуу ивээлүүд үзүүлэгдсэнийг, мөн агуу адислалууд тэдний тэргүүн дээр цутгагдсаныг, үүний хэрээр Христ тэнгэрт дээшилсний дараахан тэрбээр үнэхээр тэдэнд өөрийгөө үзүүлснийг би та нарт харуулах болно—

19 Өөрийн биеийг тэдэнд үзүүлж, мөн тэдэнд тохинуулсан бөлгөө; мөн түүний тохинууллын шастир хожим өгөгдөх болно. Тиймийн тул одоогоор би үгсээ төгсгөл болгоё.