Судрууд
3 Нифай 21


Бүлэг 21

Мормоны Ном гарч ирэхэд Израил цуглуулагдах болно—Харийнхан Америкт чөлөөт хүмүүс болж өсгөн бэхжүүлэгдэх болно—Тэд хэрэв итгэж мөн дуулгавартай байх аваас аврагдах болно; эс тэгвээс тэд тусгаарлагдаж мөн устгагдах болно—Израил Шинэ Иерусалимыг барих болно, мөн алдагдсан овгууд эргэж ирэх болно. Ойролцоогоор МЭ 34 он.

1 Мөн үнэнээр би та нарт хэлнэ, эдгээр зүйл тохиох гэж буй цагийг та нар мэдэж болохын тулд би та нарт нэгэн тэмдэг өгье—үүнд би өөрийн хүмүүсийг, ай Израилын угсааг удаан хугацааны тараагдалтаас нь нэгтгэн цуглуулах болно, мөн тэдний дунд өөрийн Сионыг дахин байгуулах болно;

2 Мөн болгоогтун, энэ нь та нарт миний тэмдэг болгон өгөх тэр зүйл билээ—учир нь үнэнээр би та нарт хэлнэ, харийнхан Иаковын угсааны үлдэгдэл болох энэ хүмүүсийн талаар, мөн өөрсдөөр нь тараагдах миний энэ хүмүүсийн талаар мэдэж болохын тулд, та нарт миний тунхаглаж байгаа, мөн та нарт миний цаашид өөрийн биеэр мөн Эцэгээр та нарт өгөгдөх Ариун Сүнсний хүчээр тунхаглах эдгээр зүйл тэдэнд мэдүүлэгдэх тэр үед;

3 Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, эдгээр зүйл Эцэгээр тэдэнд мэдэгдэх, мөн тэднээс та нарт Эцэгээр ирүүлэгдэх тэр үед;

4 Учир нь тэд энэ нутагт өсгөн бэхжүүлэгдэж, мөн Эцэгийн хүчээр чөлөөт хүмүүс болгон төвхнүүлэгдэх нь Эцэгийн мэргэн ухаан болой, тэгснээр өөрийн хүмүүстэй, ай Израилын угсаатай хийсэн Эцэгийн гэрээ гүйцэлдэж болохын тулд эдгээр зүйл тэднээс та нарын үр удмын үлдэгдэлд ирж болох буюу;

5 Тиймийн тул, эдгээр ажил, мөн хойшид та нарын дунд хийгдэх тэрхүү ажлууд харийнхнаас, алдсын учир итгэлээ алдан доройтох тэрхүү үр удамд чинь ирэх тэр үед;

6 Тодруулбал, энэ нь харийнхнаас ирэх нь ийн Эцэгийн таалал байв, тэгснээр тэрбээр өөрийн хүчийг харийнханд үзүүлж болох бөлгөө. Хэрэв харийнхан зүрх сэтгэлээ хатууруулахгүй аваас, тэд наманчилж мөн надад ирж, мөн миний нэрээр баптисм хүртэж мөн сургаалын минь баттай заалтуудыг мэдэж болох, тэгснээр харийнхан миний хүмүүсийн, ай Израилын угсааны дунд тоологдож болох энэ шалтгааны учир хүчээ үзүүлэх бөлгөө;

7 Мөн та нарын үр удмыг эдгээр зүйлийг мэдэж эхлэхэд хүргэх эдгээр зүйл улиран тохиоход—Израилын угсааных болох хүмүүст өөрийн хийсэн гэрээг гүйцэлдүүлэхээр Эцэгийн ажил аль хэдийн эхэлснийг тэд мэдэж болохын тулд энэ нь тэдэнд тэмдэг байх болно.

8 Мөн тэр өдөр ирэхэд, улиран тохиох дор хаад амаа хамхих болно; учир нь тэдэнд хэлэгдээгүйг тэд үзэх болно; мөн тэдэнд дуулдаагүйг тэд ухаарах болно.

9 Өөрөөр хэлбэл тэр өдөр, миний тусын тулд Эцэг тэдний дунд агуу болон гайхамшигт байх үйлийг үйлдэх болно; мөн хэдийгээр нэгэн хүмүүн үүнийг тэдэнд тунхаглах боловч үүнд итгэхгүй тэдгээр нь тэдний дунд байх болно.

10 Гэвч болгоогтун, миний үйлчлэгчийн амь гарт минь байх болно; тиймийн тул тэдний улмаас тэрбээр зэрэмдэглэгдэх хэдий ч тэд түүнийг гэмтээхгүй болой. Гэсэн хэдий ч би түүнийг эдгээх болно, учир нь миний мэргэн ухаан чөтгөрийн башир аргаас илүү агуу гэдгийг би тэдэнд үзүүлэх болно.

11 Тиймийн тул улиран тохиох дор, Есүс Христ болох миний үгсийг Эцэг харийнханд түүгээр авчруулж, түүнд хүчийг өгснөөр тэрээр харийнханд авчрах болно (энэ нь яг Мосегийн хэлсэнчлэн хийгдэх болно). Миний тэрхүү үгсэд итгэхгүй хэн боловч, тэд гэрээнийх болох миний хүмүүсийн дундаас тусгаарлагдах болно.

12 Мөн Иаковын үлдсэн хүмүүс болох миний хүмүүс харийнхны дунд байх болно, тийм ээ, тэдний дунд хөвч ойн амьтдын дундах арслан адил, хонин сүрэг дундах залуу арслан адил байх болно, хэрэв тэр дундуур нь явах аваас няц гишгэлж мөн хэдэн хэсэг тасчих мөн хэн ч чөлөөлж чадахгүй түүний адил болой.

13 Тэдний гар өрсөлдөгч нарынх нь дээр далайгдаж, мөн тэдний бүх дайсан алагдах болно.

14 Тийм ээ, харийнхан наманчлахгүй аваас тэдэнд халаг болог; учир нь улиран тохиох дор тэр өдөр, Эцэг хэлнэ, би морьдыг чинь та нарын дундаас устгах болно, мөн би тэрэгнүүдийг чинь устгах болно;

15 Мөн би нутгийн чинь хотуудыг тусгаарлана, мөн бүх бат бэх хамгаалалтыг чинь доош унагах болно;

16 Мөн би та нарын нутгаас шулмын илбүүдийг тусгаарлах болно, мөн хойшид та нарт зөгнөн хэлэгч үгүй байх болно;

17 Та нарын зормол шүтээнүүдийг, мөн та нарын дундаас босоо шүтээнүүдийг чинь би түүнчлэн тусгаарлах болно, мөн та нар өөрсдийн гарын ажлуудаа цаашид шүтэх ёсгүй;

18 Мөн та нарын дундаас би ойн төгөлүүдийг чинь суга татах болно; тэрчлэн би хотуудыг чинь устгах болно.

19 Мөнхүү улиран тохиох дор бүх худал, хуурмаг, атаа жөтөө, хэрүүл маргаан, мөн санваарын байр суурийг урвуулан ашиглах явдал, мөн садар самуун эцэслэх болно.

20 Учир нь улиран тохиох дор, Эцэг хэлсэн нь, тэр өдөр наманчлахгүй мөн Хайрт Хүүд минь ирэхгүй хэнийг боловч, тэднийг би өөрийн хүмүүсийн дундаас, ай Израилын угсаанаас тусгаарлах болно;

21 Мөн би тэдний дээр өшөө авалт мөн уур хилэгнэлээ үзүүлэх болно, тэдний сонсож байгаагүйгээр, буруу номтнуудын дээр лугаа буюу.

22 Гэвч хэрэв тэд наманчилж мөн миний үгсийг анхааран сонсож, мөн зүрх сэтгэлээ хатууруулахгүй аваас, би өөрийн сүмийг тэдний дунд байгуулах болно, мөн тэд гэрээнд орж мөн энэ нутгийг өөрсдөд нь өв болгон миний өгсөн, Иаковын энэхүү үлдсэн хүмүүсийн дунд тоологдох болно;

23 Мөн тэд миний хүмүүст, Иаковын үлдсэн хүмүүст, мөн түүнчлэн Израилын угсаанаас ирэх болгонд, тэд Шинэ Иерусалим гэж нэрлэгдэх нэгэн хотыг барьж болохын тулд тэд туслах болно.

24 Мөн тэгээд бүх нутгийн гадаргуу дээр тараагдсан миний хүмүүс Шинэ Иерусалимд цуглан ирж болохын тулд тэд миний хүмүүст туслах болно.

25 Мөн тэгээд тэнгэрийн хүч тэдний дунд бууж ирэх болно; мөн би түүнчлэн дунд нь байх болно.

26 Мөн тэгээд, бүр энэ сайн мэдээ энэ хүмүүсийн үлдэгдлийн дунд номлогдох үед, Эцэгийн ажил тэр өдөр эхлэх болно. Үнэнээр би та нарт хэлнэ, тэр өдөр миний хүмүүсийн тараагдсан бүгдийнх нь, тийм ээ, Иерусалимаас Эцэгийн удирдан гаргасан, бүр алдагдсан овгуудын дунд Эцэгийн ажил эхлэх болно.

27 Тийм ээ, тэд миний нэрээр Эцэгийг дуудаж болохын тулд, тэд надад ирж болох замыг бэлтгэх ажлыг Эцэг тараагдсан миний бүх хүний дунд эхлүүлэх болно.

28 Тийм ээ, мөн тэгээд түүний хүмүүс өөрсдийн өвийн нутаг болох гэртээ цуглуулагдаж болох замыг бэлтгэн, Эцэг бүх үндэстний дунд уг ажлыг эхлүүлэх болно.

29 Мөн тэд бүх үндэстнээс гарч явах болно; мөн тэд яарахгүй бас зугтаж гарахгүй, учир нь би тэдний өмнө явна, мөн би тэдний ар талд байх болно хэмээн Эцэг хэлж байна.