Судрууд
Алма 41


Бүлэг 41

Амилуулалтад хүмүүс төгсгөлгүй аз жаргал эсвээс төгсгөлгүй зовлонгийн байдалд босож ирнэ—Ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй—Биеийн таашаалыг эрхэмлэдэг хүмүүс дэлхийд Бурхангүйгээр байдаг—Хувь хүн болгон зуурдын амьдралд олж авсан зан чанар болон ааш авирыг Сэргээлтээр буцаан авах болно. Ойролцоогоор МЭӨ 74 он.

1 Мөн эдүгээ, хүү минь, яригдсан сэргээлтийн талаар хэлэх зүйл надад байна; учир нь болгоогтун, зарим нь судруудыг гуйвуулсан, мөн энэ зүйлийн учир хол төөрөн одсон бөлгөө. Мөн чиний оюун түүнчлэн энэ зүйлийн талаар зовниж буйг би ухаарч байна. Гэвч болгоогтун, би үүнийг чамд тайлбарлах болно.

2 Би чамд хэлнэ, хүү минь, сэргээлтийн төлөвлөгөө Бурханы шударга ёсны дагуу зайлшгүй юм; учир нь бүх зүйл өөрсдийн зохист ёсоор сэргээгдэх нь зайлшгүй. Болгоогтун, Христийн амилалт болон хүчний дагуу хүмүүний сүнс биедээ сэргээгдэх ёстой нь, мөн биеийн хэсэг болгон үүндээ сэргээгдэх ёстой нь зайлшгүй мөн шударга болой.

3 Мөн хүмүүс өөрсдийн үйлүүдийн дагуу шүүгдэх нь Бурханы шударга ёсны дагуу зайлшгүй юм; мөн хэрэв энэ амьдралд тэдний үйлс сайн байсан, мөн тэдний зүрх сэтгэлийн хүслүүд сайн байсан аваас, тэд түүнчлэн эцсийн өдөр сайн болох түүнд сэргээгдэх ёстой.

4 Мөн хэрэв тэдний үйлүүд хилэнцэт аваас тэдгээр нь хилэнцтээрээ өөрсдөд нь сэргээгдэх болно. Тиймийн тул, бүх зүйл зохист ёсоороо, зүйл бүр өөр өөрсдийн төрөлх байдалдаа сэргээгдэн—зуурдын байдал нь үхэшгүй байдалд, ялзрал нь ялзаршгүй байдалд босгогдож—Бурханы хаант улсыг өвлөн төгсгөлгүй аз жаргалд, эсвээс чөтгөрийн хаант улсыг өвлөн төгсгөлгүй зовлонд босгогдох болно, нэг нь нэг талд, нөгөө нь нөгөө талд байх болно—

5 Өөрийн аз жаргалыг хүссэнийхээ дагуу нэг нь аз жаргалд, эсвээс сайныг хүссэнийхээ дагуу сайнд; мөн нөгөө нь хилэнцийг хүссэнийхээ дагуу хилэнцэд босгогдоно; учир нь тэр бүх өдрийн турш хилэнцийг хийхээр хүссэнчлэн түүнчлэн шөнө ирэхэд тэрээр өөрийн шагнал болгон хилэнцийг авна.

6 Мөн нөгөө талд ч үүний адил бөлгөө. Хэрэв тэр нүглүүдээ наманчилж, мөн өдрүүдийнхээ эцсийг хүртэл зөв шударгыг хүссэн бол, тэрчлэн тэрээр зөв шударгад шагнагдах болно.

7 Эд нар нь Их Эзэнээр гэтэлгэгдэх тэд билээ; тийм ээ, эд нар нь ангижруулагдаж, төгсгөлгүй шөнийн харанхуйгаас чөлөөлөгдөх тэд бөлгөө; мөн тийн тэд босно эсвэл унана; учир нь болгоогтун, тэд сайныг эсвэл мууг хийх эсэхээ өөрсдөө шүүгчид билээ.

8 Эдүгээ, Бурханы тогтоолууд нь өөрчлөгдөшгүй юм; тиймийн тул, хүссэн хэн боловч түүгээр алхаж мөн аврагдах тэрхүү зам бэлтгэгдсэн билээ.

9 Мөн эдүгээ болгоогтун, хүү минь, чи одоог хүртэл нүгэл үйлдэн аз туршсан, сургаалын хэсгүүд дээр Бурханыхаа эсрэг үйлдэн дахин бүү аз турш.

10 Сэргээлтийн талаар яригдсан учир чи нүглээс аз жаргалд сэргээгдэх болно гэж бүү бод. Болгоогтун, би чамд хэлнэ, ёс бус байдал хэзээ ч аз жаргал байгаагүй.

11 Мөн эдүгээ, хүү минь, эгэл байдалд байгаа, эсвэл би өөрөөр хэлбэл зуурдын байдалд буй бүх хүн шаналлын гүн мөн алдсын хүлээсэнд байгаа; тэд дэлхийд Бурхангүй байж, мөн тэд Бурханы шинж чанарын эсрэг явсан билээ; тиймийн тул, тэд аз жаргалын шинж чанарын эсрэг байдалд байдаг.

12 Мөн эдүгээ болгоогтун, сэргээлт гэдэг үгийн утга нь төрөлхийн шинж чанартай зүйлийг авч мөн төрөлхийн бус шинж чанарт үүнийг байрлуулдаг, эсвээс үүний төрөлх шинж чанарынх нь эсрэг шинж чанарт үүнийг тавьдаг гэсэн үг үү?

13 Ай, хүү минь, тийм биш юм; харин сэргээлт гэдэг үг нь хилэнцтийн хариуд хилэнцийг, эсвээс зуурдын хариуд зуурдыг, эсвээс чөтгөрийнхийг чөтгөрийнхөд нь—сайн болох түүний хариуд сайныг; зөв шударга болох түүний хариуд зөв шударгыг; шударга болох түүний хариуд шударгыг; нигүүлсэнгүй болох түүний хариуд нигүүлсэнгүйг дахин буцаан авчирдаг гэсэн утгатай бөлгөө.

14 Тиймийн тул, хүү минь, өөрийн ах дүүст нигүүлсэнгүй байхаа мэд; шударгаар харьц, зөв шударгаар шүү, мөн үргэлж сайныг үйлд; мөн хэрэв чи эдгээр бүх зүйлийг хийвэл чи шагналаа хүлээн авах болно; тийм ээ, чамд нигүүлсэл буцаан сэргээгдэх болно; чамд шударга ёс бас буцаан сэргээгдэх болно; чамд зөв шударга шүүлт буцаан сэргээгдэх болно; мөн чамд сайн нь буцаан шагнагдах болно.

15 Учир нь чиний бий болгосон нь чамд буцаж ирнэ, мөн сэргээгдэх болно; тиймийн тул, сэргээлт гэдэг үг нүгэлтнийг илүү бүрэн дүүрнээр буруутгаж, мөн түүнийг огтхон ч үл зөвтгөх бөлгөө.