Судрууд
Алма 2


Бүлэг 2

Амлисай хаан болохыг эрэлхийлж мөн хүмүүсийн саналаар эсэргүүцэгдэв—Дагалдагчид нь түүнийг хаан болгов—Амлисайчууд нифайчуудтай дайтаж мөн ялагдав—Леменчүүд мөн амлисайчууд хүчээ нэгтгэн мөн ялагдав—Алма Амлисайг хөнөөв. Ойролцоогоор МЭӨ 87 он.

1 Мөнхүү улиран тохиох дор тэдний засаглалын тав дахь жилийн эхэнд хүмүүсийн дунд нэгэн зөрчилдөөн гарч эхлэв; учир нь, Амлисай гэдэг нэртэй нэгэн хүн, тэрээр машид зальжин эр, тийм ээ, энэ дэлхийн мэргэн ухааны хувьд ухаалаг хүн байв, Гидеоныг илдээр алж, хуульд заасны дагуу цаазлагдсан тэр хүний жаягийн дагуу байв—

2 Эдүгээ сайхь Амлисай заль мэхээрээ олон хүнийг өөрийн араас дагуулав; бүр маш олон хүн байснаас тэд ихэд хүчтэй болж эхлэв; мөн тэд Амлисайг уг хүмүүсийг захирах хаан болгохыг оролдож эхлэв.

3 Эдүгээ энэ нь сүмийн хүмүүсийг, мөн түүнчлэн Амлисайн ятгалгад автагдаагүй тэдгээр бүх хүнийг сандаргав; учир нь тэдний хуулийн дагуу ийм зүйлс хүмүүсийн саналаар тогтоогдох ёстойг тэд мэдэж байв.

4 Тиймийн тул, хэрэв Амлисай хүмүүсийн саналыг авах нь боломжтой байсан бол, тэрээр, ёс бус хүмүүн байсан учир, сүмийнх нь эрх болон боломжуудыг тэднээс булааж авах байлаа; учир нь Бурханы сүмийг устгах нь түүний зорилго байв.

5 Мөнхүү улиран тохиох дор хүмүүс бүх нутаг даяар, Амлисайг дэмжсэн, эсэргүүцсэн аль аль нь, хүн бүр өөрийн бодлын дагуу, хэсэг хэсгээр нэгдэн цугларав, мөн тэд нэг нэгэнтэйгээ ширүүн маргаан болон гайхам их зөрчилдөөн гаргав.

6 Мөн уг хэргийн талаар саналаа өгөхөөр тэд тийн өөрсдөө нэгдэн цугларцгаав; мөн саналууд нь шүүгчдийн өмнө толилуулагдав.

7 Мөнхүү улиран тохиох дор хүмүүсийн санал Амлисайн эсрэг ирсэн учир тэрээр хүмүүсийн дээрх хаанаар тохоогдсонгүй.

8 Эдүгээ энэ нь түүний эсрэг байсан тэдний зүрх сэтгэлд маш их баяр хөөр авчрав; гэвч Амлисай өөрийнхөө талд байсан тэднийг өөрийнх нь талд байгаагүй тэдний эсрэг уурлуулахаар өдөөн хатгав.

9 Мөнхүү улиран тохиох дор тэд өөрсдөө цугларцгааж, мөн Амлисайг хаанаа болгохоор томилон адислав.

10 Эдүгээ Амлисай тэдний дээрх хаанаар тохоогдмогцоо тэрээр ах дүүсийнхээ эсрэг зэвсгээ агсахыг тэдэнд зарлиглав; мөн тэрээр тэднийг өөртөө харьяалуулж болохын тулд үүнийг хийсэн болой.

11 Эдүгээ Амлисайн хүмүүс амлисайчууд гэж нэрлэгдэн, Амлисайн нэрээр ялгагдах болов; мөн үлдсэн нь нифайчууд буюу Бурханы хүмүүс хэмээн нэрлэгдэж асан бөлгөө.

12 Тиймийн тул нифайчуудын хүмүүс амлисайчуудын зорилгыг мэдэж байв, мөн тиймийн тул тэдэнтэй тулгарахаар тэд бэлтгэл хийв; тийм ээ, тэд өөрсдийгөө сэлэм, илд, мөн нум, сум, чулуу, дүүгүүр, мөн зүйл бүрийн дайны зэвсгээр, төрөл бүрээр нь зэвсэглэв.

13 Мөн амлисайчуудыг ирэх үед нь тэдэнтэй тулгарахаар тэд тийн бэлтгэсэн байв. Мөн ахмадууд, дээд ахмадууд мөн ерөнхий ахмадуудыг тооных нь дагуу томилсон байв.

14 Мөнхүү улиран тохиох дор Амлисай өөрийн эрчүүдийг олон зүйлийн төрөл бүрийн дайны зэвсгээр зэвсэглэв; мөн хүмүүсийнхээ дээр, тэднийг ах дүүсийнх нь эсрэг дайнд удирдах захирагч мөн толгойлогчдыг тэр түүнчлэн томилов.

15 Мөнхүү улиран тохиох дор амлисайчууд Зарахемла нутгийн дэргэдүүр урсдаг Сидон голын зүүн талд байх тэр Амнайхү гүвээн дээр ирж, мөн тэнд тэд нифайчуудтай дайтаж эхлэв.

16 Эдүгээ Алма, Нифайн хүмүүсийн ерөнхий шүүгч мөн засаглагч байсан учир, тиймийн тул тэрээр амлисайчуудын эсрэг дайтахаар өөрийн хүмүүстэй, тийм ээ, ахмадууд болон ерөнхий ахмадуудтайгаа, тийм ээ, их цэргийнхээ тэргүүнд явав.

17 Мөн тэд Сидоны зүүн талын гүвээн дээр амлисайчуудыг хөнөөж эхлэв. Мөн амлисайчууд нифайчуудтай агуу хүчээр тэмцэж, үүний хэрээр нифайчуудын олон нь амлисайчуудын өмнө унасан болой.

18 Гэсэн хэдий ч Их Эзэн нифайчуудын гарыг хүчирхэгжүүлснээр, тэд их хөнөөлөөр амлисайчуудыг хөнөөсөн тул тэд нь тэдний өмнө зугтаж эхэлсэн болой.

19 Мөнхүү улиран тохиох дор нифайчууд бүхэл өдөр амлисайчуудыг мөшгөн, мөн их хөнөөлөөр тэднийг хөнөөв, үүний хэрээр амлисайчуудаас хөнөөгдсөн нь арван хоёр мянга таван зуун гучин хоёр бодгаль байв; мөн нифайчуудын зургаан мянга таван зуун жаран хоёр бодгаль хөнөөгдсөн байв.

20 Мөнхүү улиран тохиох дор амлисайчуудыг цааш мөшгөх боломжгүй болоод Алма өөрийн хүмүүсийг, Нихорын гараар илдэнд алагдсан Гидеоны нэрээр нэрлэгдсэн уг хөндий болох Гидеоны хөндийд майхнуудаа босгохоор болгов; мөн энэ хөндийд нифайчууд шөнө хоноглохоор майхнуудаа босгосон ажээ.

21 Мөн Алма амлисайчуудын төлөвлөгөөнүүд болон хуйвалдааныг мэдэхийн тулд тэдний үлдэгдлийг дагах тагнуулуудыг илгээв; тэгснээр тэр өөрийгөө тэднээс хамгаалж болох, өөрийн хүмүүсийг устгагдахаас хамгаалан үлдэж болох болой.

22 Эдүгээ амлисайчуудын буудлыг ажиглахаар түүний гадагш илгээсэн тэднийг Зерам, Амнор, Мантай, Лимхер гэж нэрлэдэг байв; эдгээр нь амлисайчуудын буудлыг тандахаар эрчүүдтэйгээ явсан тэд байв.

23 Мөнхүү улиран тохиох дор маргааш нь тэд ихэд гайхан цочирдон, мөн үлэмж айснаас балмагдан, нифайчуудын буудалд ихэд яаравчлан эргэж ирээд, хэлрүүн:

24 Болгоогтун, бид амлисайчуудын буудлыг дагалаа, мөн бид Зарахемла нутгийн дээрх Минон нутагт, Нифайн нутагт очих замд, леменчүүдийн олон тооны их цэргийг харсан нь гайхлыг маань ихэд төрүүлэв; мөн болгоогтун, амлисайчууд тэдэнтэй нэгдсэн бөлгөө;

25 Мөн тэд уг нутаг дахь ах дүүсийн маань дээр байна, мөн ах дүүс маань тэдний өмнө мал сүрэг, мөн эхнэр, хүүхдүүдтэйгээ манай хотын зүг зугтаж явна; мөн хэрэв бид яарахгүй аваас тэд хотыг маань эзэмшилдээ авч, мөн бидний эцгүүд, мөн эхнэр, хүүхдүүд маань алагдах болно.

26 Мөнхүү улиран тохиох дор Нифайн хүмүүс майхнуудаа авч, мөн Гидеоны хөндийгөөс гарч хот руугаа, Зарахемла хотын зүг одов.

27 Мөн болгоогтун, тэднийг Сидон голыг гаталж байх зуур, бараг л тэнгисийн элс мэт олон, тоолшгүй олон лемен үндэстэн мөн амлисайчууд тэднийг устгахаар тэдэн рүү дайрав.

28 Гэсэн хэдий ч, нифайчууд Их Эзэний мутраар хүчирхэгжив, тэрээр өөрсдийг нь дайснуудынх нь гараас чөлөөлөөсэй хэмээн түүнд хүчтэйгээр залбирсан байсан болой, тиймийн тул Их Эзэн тэдний гуйлтыг сонсож, мөн тэднийг хүчирхэгжүүлэн, мөн леменчүүд болон амлисайчууд тэдний өмнө унасан болой.

29 Мөнхүү улиран тохиох дор Алма Амлисайтай илдээр халз тулалдав; мөн тэд өөр хоорондоо хүчтэйгээр тэмцэлдэв.

30 Мөнхүү улиран тохиох дор Алма Бурханы хүн байсан учир, их итгэлдээ хөтлөгдсөн учир гуйж, хэлрүүн: Ай Их Эзэн, би таны мутарт энэ хүмүүсийг аварч мөн хамгаалан үлдэх зэмсэг байж болохын тулд, нигүүлсэж мөн амийг минь хэлтрүүлээч.

31 Эдүгээ Алма эдгээр үгийг хэлээд тэрээр Амлисайтай дахин тулалдав; мөн тэрээр хүчирхэгжсэн байв, үүний хэрээр тэр Амлисайг илдээр хөнөөв.

32 Мөн түүнчлэн тэр леменчүүдийн хаантай тулалдав; гэвч леменчүүдийн хаан Алмагаас ухран зугтаж мөн Алматай тулалдуулахаар харуулуудаа илгээв.

33 Гэвч Алма, харуулуудынхаа хамт, леменчүүдийн хааны харуулуудыг хөнөөж мөн буцаан ухраатлаа тэрээр тэдэнтэй тэмцэлдсэн бөлгөө.

34 Мөн түүний хүмүүс голыг гатлан, леменчүүд болон амлисайчуудтай Сидон голын баруун эрэг дээр тэмцэлдэж болохын тулд, алагдсан леменчүүдийн цогцсыг Сидоны усанд хаяж, уг газрыг өөрөөр хэлбэл Сидон голын баруун эргийг тэрээр тийн цэвэрлэв.

35 Мөнхүү улиран тохиох дор тэд бүгд Сидон голыг гаталсны дараа леменчүүд болон амлисайчууд, тоологдсон байхын аргагүй тийм олон тоотой байсан хэдий ч тэдний өмнө зугтаж эхлэв.

36 Мөн тэд өрнөд болон умард зүгт, уг нутгийн хилийн чанад дахь аглаг буйдын зүг чиглэн нифайчуудын өмнө зугтав; мөн нифайчууд тэднийг чадлаараа мөшгөж, мөн тэднийг хөнөөв.

37 Тийм ээ, тэд өрнөдөд, мөн умардад тараагдах хүртлээ, тэд Хермаунтс гэж нэрлэгдсэн аглаг буйдад хүрэх хүртлээ, зүг бүрээсээ тэд тулгарч, мөн алагдаж, туугдаж байв; мөн аглаг буйдын тэр хэсэг нь зэрлэг бөгөөд өлсгөлөн араатнуудаар эзлэгдсэн хэсэг байсан болой.

38 Мөнхүү улиран тохиох дор тэдний олон нь шархнаасаа болж аглаг буйдад үхээд, мөн тэдгээр араатан мөн түүнчлэн тэнгэрийн тас шувуудад цөлмүүлсэн болой; мөн тэдний яс нь олдож, мөн газар овоологдсон байв.