Судрууд
Алма 47


Бүлэг 47

Амаликая леменчүүдийн хаан болохын тулд урвалт, аллага мөн нууц явуулга хэрэглэв—Нифай үндэстний тэрслэгчид леменчүүдээс илүү ёс бус мөн хэрцгий догшин байв. Ойролцоогоор МЭӨ 72 он.

1 Эдүгээ бид Амаликая болон түүнтэй хамт аглаг буйд тийш зугтсан тэдний цэдэгт эргэн орцгооё; учир нь, болгоогтун, тэрээр өөртэйгөө явсан тэднийг авч, мөн Нифайн нутагт леменчүүдийн дунд одсон байв, мөн Нифайн хүмүүсийн эсрэг уурлуулахаар леменчүүдийг өдөөн хатгав, үүний хэрээр леменчүүдийн хаан өөрийн бүх нутаг даяар, өөрийн бүх хүний дунд, тэд нифайчуудын эсрэг тулалдахаар явахын тулд дахин нэгдэн цугларцгаах ёстой хэмээн зар илгээв.

2 Мөнхүү улиран тохиох дор тэдний дунд зар түгэхэд тэд үлэмж айв; тийм ээ, тэд хааны дургүйцлийг хүргэхээс айж байв, мөн түүнчлэн тэд амиа алдах болов уу хэмээн Нифайчуудын эсрэг тулалдахаар явахаасаа айсан ажээ. Мөнхүү улиран тохиох дор тэд, тодруулбал тэдний ихэнх хэсэг нь хааны зарлигуудыг дагах хүсэлгүй байв.

3 Мөн эдүгээ улиран тохиох дор тэдний дуулгаваргүй байдлын учир хаан хилэгнэв; тиймийн тул тэрээр өөрийн зарлигуудад дуулгавартай байсан их цэргийнхээ тэр хэсгийн удирдлагыг Амаликаяд өгч, мөн явж мөн тэднийг зэвсэглэхэд албадахыг түүнд зарлиглав.

4 Эдүгээ болгоогтун, энэ нь Амаликаягийн хүсэл байв; учир нь тэр хилэнцийг хийхдээ маш зальтай хүн байсан учир, тиймийн тул леменчүүдийн хааныг сэнтийнээс нь буулгах төлөвлөгөөг тэр зүрх сэтгэлдээ агуулж байв.

5 Мөн эдүгээ тэрээр хааны талд байсан леменчүүдийн тэдгээр хэсгийн удирдлагыг авав; мөн тэр дуулгаваргүй байсан тэдний тааллыг олохыг эрэлхийлэв; тиймийн тул леменчүүд бүгд тийшээ зугтсан учир, Онида гэж нэрлэгдсэн газар тэрээр очив; тэд их цэрэг ирж явааг олж мэдсэний учир, мөн өөрсдийг нь устгахаар тэд ирж буй хэмээн бодоод, тиймийн тул тэд Онидагийн зүг, зэвсэгт газрынхаа зүг зугтсан ажээ.

6 Мөн тэд өөрсдийн дээр хаан мөн удирдагч байх хүнийг томилсон байв, тэд нифайчуудын эсрэг явахад албадуулагдахгүй хэмээн сэтгэл оюундаа хатуу шийдэмгийгээр шийдсэн байсны учир болой.

7 Мөнхүү улиран тохиох дор тэд тулалдаанд бэлтгэхээр Антипас гэж нэрлэгдсэн уулын орой дээр өөрсдөө цугларцгаасан байв.

8 Эдүгээ хааны зарлигийн дагуу тэдэнтэй тулалдах нь Амаликаягийн хүсэл биш байв; гэвч болгоогтун, тэрээр өөрийгөө тэдний толгойлогч болгож мөн хааныг сэнтийнээс нь буулгаж, бас хаант улсыг эзэмшилдээ авахын тулд леменчүүдийн их цэргийн тааллыг олох нь түүний хүсэл байжээ.

9 Мөн болгоогтун, улиран тохиох дор тэрээр өөрийн их цэргийг Антипас уулын ойролцоох хөндийд майхнуудаа босгох болгов.

10 Мөнхүү улиран тохиох дор тэрбээр, уулан дээр байсан тэдний удирдагч Лихонтай гэгчээс, тэр түүнтэй ярихыг хүссэн тул уулын бэл рүү доош бууж ирэхийг хүсэн, нууц элчийг Антипас ууланд шөнөөр илгээв.

11 Мөнхүү улиран тохиох дор Лихонтай уг захиаг хүлээж аваад тэрээр уулын бэл рүү бууж зүрхэлсэнгүй. Мөнхүү улиран тохиох дор Амаликая хоёр дахь удаагаа хүн илгээж, түүнийг доош бууж ирэхийг хүсэв. Мөнхүү улиран тохиох дор Лихонтай тэгэхийг хүссэнгүй; мөн тэрээр дахин гурав дахь удаагаа илгээв.

12 Мөнхүү улиран тохиох дор Лихонтайг уулаас буулган ирж чадахгүйгээ Амаликая мэдээд, тэрээр уул өөд гарч, Лихонтайн буудалд нь дөхөж очив; мөн түүнийг бууж ирэхийг хүсэн тэрээр Лихонтайд дахин, дөрөв дэх удаагаа захиаг илгээж, өөртэйгөө хамт харуулуудаа авч ирэхийг түүнээс хүсэв.

13 Мөнхүү улиран тохиох дор Лихонтай харуулуудтайгаа хамт бууж Амаликая дээр ирэхэд, Амаликая түүнээс шөнийн цагаар их цэргээ аван бууж ирээд, мөн хааны өөрт нь захиргааг нь өгсөн, буудалд байгаа тэднийг бүслэн авахыг хүсэж, мөн хэрэв тэр өөрийг нь (Амаликаяг) бүх цэргийн дээрх хоёр дахь удирдагч болговол тэр тэднийг Лихонтайгийн гарт оруулна хэмээв.

14 Мөнхүү улиран тохиох дор Лихонтай эрчүүдтэйгээ бууж ирээд мөн Амаликаягийн эрчүүдийг бүслэв, иймээс тэд үүрээр сэрэхээсээ өмнө Лихонтайгийн их цэрэгт бүслэгдсэн байв.

15 Мөнхүү улиран тохиох дор тэд бүслэгдсэнээ хараад, тэд устгагдахгүй байж болохын тулд ах дүүстэйгээ нэгдэхийг зөвшөөрөхийг тэд Амаликаягаас гуйв. Эдүгээ Амаликаягийн хүссэн чухам тэр зүйл нь энэ байв.

16 Мөнхүү улиран тохиох дор тэр хааны зарлигуудын эсрэгээр, өөрийн хүмүүсийг мэдэлд нь өгөв. Эдүгээ хааныг сэнтийнээс нь буулгах аргаа тэрээр хэрэгжүүлж болохын тулд, Амаликаягийн хүссэн тэр зүйл нь энэ байв.

17 Эдүгээ хэрэв тэдний ерөнхий удирдагч нь алагдвал, хоёр дахь удирдагчийг өөрсдийн ерөнхий удирдагчаар томилох нь леменчүүдийн дундах заншил байв.

18 Мөнхүү улиран тохиох дор Амаликая өөрийн зарц нарын нэгээр Лихонтайд бага багаар хор өгүүлж, ингээд тэр үхэв.

19 Эдүгээ, Лихонтайг үхсэний дараа, леменчүүд Амаликаяг өөрсдийн удирдагч бөгөөд ерөнхий захирагчаа байхаар томилов.

20 Мөнхүү улиран тохиох дор Амаликая их цэрэгтэйгээ (тэр хүслээ гүйцээсэн учир) Нифайн нутаг тийш, төв хот асан тэр Нифай хотын зүг хөдлөв.

21 Мөн хаан түүнтэй уулзахаар харуулуудтайгаа гарч ирэв, учир нь тэр Амаликаяг өөрийнх нь зарлигуудыг биелүүлсэн, мөн Амаликая нифайчуудын эсрэг тулалдахаар явах их цэргийг маш агуу олноор нэгтгэн цуглуулсан хэмээн боджээ.

22 Гэвч болгоогтун, хаан түүнтэй уулзахаар гарч ирэхэд Амаликая зарц нараа хаантай уулзуулахаар явуулав. Мөн тэд очиж мөн хааны өмнө, түүний агуу ихийн учир түүнийг бишрэн хүндэтгэх мэт бөхийв.

23 Мөнхүү улиран тохиох дор тэдний нифайчуудаас авсан заншил болох леменчүүдийн заншлаар, амар амгалангийн тэмдэг болгож тэднийг босгохоор хаан гараа урагш сунгав.

24 Мөнхүү улиран тохиох дор тэрээр эхний хүнийг газраас босгомогц, болгоогтун тэрээр хааныг зүрхэнд нь хутгалав; мөн хаан газар унав.

25 Эдүгээ хааны зарц нар зугтав; мөн Амаликаягийн зарц нар дуугаа өргөн хашхирч, хэлсэн нь:

26 Болгоогтун, хааны зарц нар түүнийг зүрхэнд нь хутгалав, мөн тэр унаж мөн тэд зугтав; болгоогтун, ирж мөн хар.

27 Мөнхүү улиран тохиох дор Амаликая өөрийн их цэргийг урагш алхалж мөн хаанд юу тохиолдсоныг хар хэмээн зарлиглав; мөн тэд уг газар ирээд, мөн хаан цусандаа хутгалдан хэвтэж буйг олоход, Амаликая хилэгнэж буй дүр үзүүлж, мөн хэлэв: Хаанд хайртай байсан хэн боловч, явж мөн түүний зарц нар алагдаж болохын тулд тэднийг мөрдөн хөөг.

28 Мөнхүү улиран тохиох дор хааныг хайрладаг байсан тэд эдгээр үгийг сонсоод урагшилж мөн хааны зарц нарын араас мөшгөн хөөв.

29 Эдүгээ хааны зарц нар их цэрэг тэдний араас мөрдөн айсуйг хараад, тэд дахин айж, аглаг буйд тийш зугтав, мөн Зарахемла нутагт ирж мөн Аммоны хүмүүстэй нэгдэв.

30 Мөн тэдний араас мөрдсөн их цэрэг, тэдний араас үр дүнгүй мөрдөөд буцаж ирэв; мөн тийн Амаликая заль мэхээрээ хүмүүсийн зүрх сэтгэлийг татав.

31 Мөнхүү улиран тохиох дор маргааш нь тэр Нифайн хотод их цэргийнхээ хамт орж, мөн уг хотыг эзэмшилдээ авав.

32 Мөн эдүгээ улиран тохиох дор хатан, хаан алагдсаныг сонсоод—учир нь хаан зарц нартаа алагдаж, Амаликая тэднийг их цэрэгтэйгээ мөрдсөн боловч энэ нь үр дүнгүй байж мөн тэд оргон зайлж амжсаныг түүнд мэдээлэн тэрээр хатанд элч илгээсэн байв—

33 Тиймийн тул, хатан энэ мэдээг хүлээн аваад Амаликаяд илгээж, хотын хүмүүсийг хэлтрүүлэхийг түүнээс хүсэв; мөн түүнчлэн хатан түүнийг өөр дээрээ ирэхийг хүсэв; мөн түүнчлэн хааны үхлийн талаар гэрчлэх гэрчүүдийг өөртэйгөө хамт авчрахыг хатан түүнээс хүсэв.

34 Мөнхүү улиран тохиох дор Амаликая хааныг алсан тэрхүү зарцыг, мөн түүнтэй хамт байсан тэд бүгдийг авч, мөн хатан дээр, түүний сууж байсан газар очив; мөн хаан зарц нартаа алагдсаныг тэд бүгд түүнд гэрчлэв; мөн түүнчлэн тэд хэлэв: Тэд зугтсан; энэ нь тэдний эсрэг гэрчлэхгүй байна гэж үү? Мөн хааны үхлийн талаарх хатны эргэлзээг тэд тийн арилгав.

35 Мөнхүү улиран тохиох дор Амаликая хатны тааллыг эрэлхийлж, мөн түүнийг өөртөө эхнэр болгон авав; мөн тийн заль мэхээрээ, мөн хууран мэхлэгч зарц нарынхаа туслалцаатайгаар, тэр хаант улсыг эзэмшив; тийм ээ, тэр бүх нутаг даяар, леменчүүд, лемүелчүүд мөн ишмэилчүүдээс мөн Нифайн засаглалаас одоог хүртэлх нифайчуудын бүх тэрслэгчээс бүрдсэн тэр леменчүүдийн бүх ард түмний дунд хаан хэмээн хүлээн зөвшөөрөгдөв.

36 Эдүгээ эдгээр тэрслэгч нь, нифайчуудын нэгэн адил заавар мөн нэгэн адил мэдээллийг авсан байв, тийм ээ, Их Эзэний тухай нэг адил мэдлэгт сургагдсан байлаа, гэсэн хэдий ч тэрсэлснийхээ дараа тэд тун удалгүй леменчүүдээс ч илүү хатуу мөн гэмшдэггүй, мөн илүү зэрлэг, ёс бус мөн догшин хэрцгий болцгоосон байсан нь хачирхалтай юм—леменчүүдийн зан заншилд уусаж; залхуу байдалдаа мөн бүх төрлийн тачаангуйлалд автагдсан байв; тийм ээ, Их Эзэн Бурханаа бүрмөсөн мартсан байв.