Судрууд
Алма 38


Хүү Шиблондоо өгсөн Алмагийн зарлигууд оршвой.

38-р бүлэгт агуулагдав.

Бүлэг 38

Шиблон зөв шударгын төлөө хавчигдав—Дэлхийн амь ба гэрэл болох Христэд аврал байдаг—Бүхий л дур хүслээ хазаарла. Ойролцоогоор МЭӨ 74 он.

1 Хүү минь, миний үгсэд чих тавь, учир нь би чамд Хиламанд хэлсний адил хэлнэ, чи Бурханы зарлигуудыг сахихынхаа хэрээр уг нутагт дэгжих болно; мөн чи Бурханы зарлигуудыг сахихгүй байхынхаа хэрээр түүний оршихуйгаас тусгаарлагдах болно.

2 Мөн эдүгээ, хүү минь, чиний гуйвшгүй байдал мөн Бурханд үнэнч байдлын чинь төлөө би чиний улмаас маш ихээр баясна гэдэгтээ найдаж байна; учир нь чи залуудаа Их Эзэн Бурхандаа хандаж эхэлсэн шигээ, тэрчлэн би чамайг түүний зарлигийг сахихаа үргэлжлүүлнэ хэмээн найддаг; учир нь эцсээ хүртэл тэвчих тэр нь адислагддаг болой.

3 Би чамд хэлнэ, хүү минь, би аль хэдийн чамд маш ихээр баярласан, учир нь зорамчуудын ард түмний дундах чиний үнэнч байдал мөн хичээнгүй чанар, мөн чиний тэвчээр мөн тэсвэрийн чинь учир буюу.

4 Учир нь чамайг хүлүүлсэн байсныг би мэднэ; тийм ээ, мөн түүнчлэн чи үгийн төлөө чулуугаар шидүүлснийг би мэднэ; мөн Их Эзэн чамтай хамт байсан учир чи энэ бүгдийг тэвчээртэйгээр хүлцсэн; мөн Их Эзэн чамайг чөлөөлснийг чи эдүгээ мэднэ.

5 Мөн эдүгээ Шиблон, хүү минь, чи Бурханд найдлага тавихын хэрээр өөрийн бэрхшээл, зүдгүүр, мөн зовлонгуудаасаа ангижруулагдаж мөн эцсийн өдөр өргөгдөх болно гэдгийг чамайг санаасай хэмээнэ би.

6 Эдүгээ, хүү минь, эдгээр зүйлийг би өөрөө олж мэдсэн хэмээн би чамайг бүү бодоосой гэнэ, харин эдгээр зүйлийг надад мэдүүлдэг нь надад орших Бурханы Сүнс юм; учир нь хэрэв би Бурханаас төрөөгүйсэн бол эдгээр зүйлийг мэдэхгүй байх байсан.

7 Гэвч болгоогтун, Их Эзэн агуу нигүүлсэлдээ өөрийн хүмүүсийн дундах устгалын ажлыг би зогсоох ёстой хэмээн надад тунхаглуулахаар тэнгэр элчээ илгээсэн юм; тийм ээ, мөн би тэнгэр элчийг нүүр тулан харж, мөн тэрээр надтай ярьсан, мөн түүний дуу хоолой аянга мэт байж, мөн энэ нь бүх газрыг доргиосон бөлгөө.

8 Мөнхүү улиран тохиох дор би гурван өдөр мөн гурван шөнө сүнсний хамгийн зовиуртай өвдөлт болон шаналалд байв; мөн би Их Эзэн Есүс Христэд нигүүлслийн тул залбиран гуйх хүртлээ нүглүүдийнхээ ангижралыг хүлээн аваагүй билээ. Гэвч болгоогтун, би түүнээс залбиран гуйж мөн өөрийн бодгальд амгаланг олсон билээ.

9 Мөн эдүгээ, хүү минь, чи мэргэн ухааныг сурч болохын тулд, зөвхөн Христийн улмаас мөн Түүгээр дамжуулан бус аваас хүмүүн аврагдаж чадах өөр зам эсвээс арга үгүй гэдгийг чи надаас суралцаж болохын тулд би үүнийг чамд хэлэв. Болгоогтун, тэр бол дэлхийн амь ба гэрэл билээ. Болгоогтун, тэр бол үнэний болон зөв шударгын үг билээ.

10 Мөн эдүгээ, чи үгийг зааж эхэлсэн шигээ, тэрчлэн би чамайг үргэлжлүүлэн заагаасай хэмээнэ; мөн чамайг бүх зүйлд хичээнгүй мөн өөрийгөө захирдаг байгаасай хэмээнэ би.

11 Бардамналд хөөрөхгүйгээ мэд; тийм ээ, өөрийн мэргэн ухаанд, бас өөрийн их хүчээр сагсуурахгүй байхаа мэд.

12 Зоригтой бай, гэвч бүү түрэмгий бай; мөн түүнчлэн чи хайраар дүүргэгдэж болохын тулд бүх хүслээ хазаарлахыг мэдээрэй; чи залхаг байдлаас татгалзахыг мэдээрэй.

13 Зорамчуудын адил бүү залбир, учир нь тэд хүмүүнд сонсгохоор мөн өөрсдийн мэргэн ухааныг магтуулахаар залбирдгийг чи харсан болой.

14 Ай Бурхан, бид ах дүүсээсээ илүү учир танд би талархая гэж бүү хэл; харин оронд нь: Ай Их Эзэн, миний зохисгүйг өршөөгөөч, мөн ах дүүсийг минь нигүүлсэлдээ санаач—хэмээн хэл, тийм ээ, Бурханы өмнө зохисгүй байдлаа цаг үргэлж хүлээж бай.

15 Мөн Их Эзэн бодгалийг чинь адисалж мөн өөрийн хаант улсад чамайг амгалан суулгахаар эцсийн өдөр хүлээн авах болтугай. Эдүгээ явагтун, хүү минь, мөн энэ хүмүүст үгийг заагтун. Чанд байгтун. Хүү минь, салах ёс гүйцэтгэе.