Судрууд
Алма 6


Бүлэг 6

Зарахемла дахь Сүм цэвэршигдэж мөн журам тогтоогдов—Алма номлохоор Гидеонд очив. Ойролцоогоор МЭӨ 83 он.

1 Мөн эдүгээ улиран тохиох дор Алма Зарахемла хотод байгуулагдсан байсан сүмийн хүмүүст ярихаа төгсгөл болгосны дараа, тэрээр сүмийн дээр тэргүүлэх мөн харж хамгаалах пристүүд болон ахлагчдыг, Бурханы жаягийн дагуу гараа тавин томилов.

2 Мөнхүү улиран тохиох дор сүмд харьяалагдаагүй байсан, нүглээ наманчилсан болгон нь, наманчлалын төлөө баптисм хүртэж, мөн сүмд хүлээн авагдав.

3 Мөн түүнчлэн улиран тохиох дор сүмд харьяалагдаж байсан ч өөрсдийн ёс бусыг наманчлаагүй мөн Бурханы өмнө өөрсдийгөө даруусгаагүй хэн боловч—зүрх сэтгэлийн бардамналдаа хөөрсөн тэднийг би хэлж байна—мөнхүү тэд нь татгалзагдаж, мөн зөв шударгыг үйлдэгчдийн дунд тоологдохгүйн тулд тэдний нэрс хасагдсан бөлгөө.

4 Мөн тэд тийн Зарахемла хотод сүмийн жаягийг тогтоож эхлэв.

5 Эдүгээ Бурханы үг бүгдэд чөлөөтэй байсныг, Бурханы үгийг сонсохоор хамтран чуулах хэний ч боломж булаагдаагүйг та нар ойлгоосой хэмээнэ би.

6 Гэсэн хэдий ч Бурханы хүүхдүүд ойр ойрхон нэгдэн цугларцгааж, мөн Бурханыг мэддэггүй тэдний бодгалиудын сайн сайхны төлөө мацаг барих болон хүчирхэг залбиралд нэгдэхээр зарлигдуулсан байв.

7 Мөн эдүгээ улиран тохиох дор Алма эдгээр зохицуулалтыг хийгээд тэрээр тэднээс, тийм ээ, Зарахемла хотод байсан тэр сүмээс гарч мөн Сидон голын зүүнтээ, Гидеоны хөндийд очлоо, тэнд Нихорын гараар илдэнд хөнөөгдсөн тэр хүний нэрээр Гидеон гэж нэрлэгдсэн тэр хөндийд, Гидеон хот гэж нэрлэгдсэн нэг хот баригдсан байсан буюу.

8 Мөн Алма явж мөн эцэг өвгөдөөрөө яригдсан тэрхүү үг үнэн гэсэн илчлэлийн дагуу, мөн нүглүүдээс нь өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр ирэх Бурханы Хүү, Есүс Христийн талаарх гэрчлэлийн дагуу, өөрт нь байх тэрхүү бошиглолын суу билгийн дагуу, мөн өөрийн дуудагдсан тэр ариун жаягийн дагуу Бурханы үгийг Гидеоны хөндийд байгуулагдсан сүмд тунхаглаж эхлэв. Мөн тийн бичигдсэн болой. Амен.