Бүлэг 28
Леменчүүд аймшигт тулаанд ялагдав—Хэдэн арван мянга нь алагдав—Ёс бусыг үйлдэгчид төгсгөлгүй гаслангийн байдалд хуваарилагддаг; зөв шударгыг үйлдэгчид хэзээ ч үл төгсөх аз жаргалд хүрэх болно. Ойролцоогоор МЭӨ 77–76 он.
1 Мөн эдүгээ улиран тохиох дор Аммоны хүмүүс Жершоны нутагт суурьшиж, мөн түүнчлэн Жершоны нутагт сүм байгуулагдаж, мөн нифайчуудын их цэрэг Жершоны нутгийн эргэн тойронд, тийм ээ, Зарахемла нутгийн бүх хилийг хүрээлэн байрлуулагдсаны дараа; болгоогтун леменчүүдийн их цэрэг ах дүүсээ аглаг буйдад мөрдсөн байсан ажээ.
2 Мөн тийн аймшигт тулаан болов; тийм ээ, бүр Лихай Иерусалимыг орхисон тэр цагаас уг нутагт бүх хүмүүний дунд хэзээ ч мэдэгдэж байгаагүй тийм тулалдаан болов; тийм ээ, мөн леменчүүдийн хэдэн арван мянга нь алагдан мөн тараан сарниулагдав.
3 Тийм ээ, мөн түүнчлэн Нифайн хүмүүсийн дунд ч аймшигт аллага болов; гэсэн хэдий ч, леменчүүд туугдан мөн сарниулагдаж, мөн Нифайн хүмүүс нутагтаа эргэж ирэв.
4 Мөн эдүгээ энэ нь бүх нутаг даяар, Нифайн хүмүүсийн бүгдийн дунд агуу гашуудал болон харуусал сонсогдсон үе байв—
5 Тийм ээ, бэлэвсэн эхнэрүүд нөхрүүдийнхээ төлөө, мөн түүнчлэн эцгүүд хөвгүүдийнхээ төлөө, мөн охид ах нарынхаа төлөө, тийм ээ, хөвгүүд нь эцгүүдийнхээ төлөө гашуудах уйлаан буюу; мөн алагдсан төрөл төрөгсдийнхөө төлөө гашуудах нь, тэд бүгдийн дунд гашуудан уйлах нь тийн сонсогдож байв.
6 Мөн эдүгээ энэ нь гарцаагүй эмгэнэлт өдөр байв; тийм ээ, гунигт цаг үе, мөн их мацаг барилт болон залбирлын үе байв.
7 Мөн тийн Нифайн ард түмний дээрх шүүгчдийн засаглалын арван тав дахь он төгсөв;
8 Мөн энэ нь Аммон болон түүний ах дүүсийн, Нифайн нутаг дахь тэдний аялал, уг нутаг дахь тэдний зовлон, тэдний харуусал, мөн зүдгүүрүүдийн, мөн төсөөлшгүй их баяслынх нь, мөн Жершоны нутаг дахь ах дүүсийнх нь хүлээн авалт мөн аюулгүй байдлын шастир болой. Мөн эдүгээ бүх хүмүүний Гэтэлгэгч, Их Эзэн тэдний сүнсийг үүрд адислах болтугай.
9 Мөн энэ нь нифайчуудын дундах дайнууд болон зөрчилдөөнүүдийн, мөн түүнчлэн нифайчууд болон леменчүүдийн хоорондох дайнуудын шастир болой; мөн шүүгчдийн засаглалын арван тав дахь он төгсөв.
10 Мөн анхны жилээс арван тав дахь жилийг хүртэлх хугацаанд олон мянган амийн устгал улиран тохиожээ; тийм ээ, цус урсалтын аймшигт явдлууд улиран тохиожээ.
11 Мөн олон мянгын цогцос газар дээр овоорон ялзарч байхад олон мянгын цогцос газар дор булшлагдсан байв; тийм ээ, мөн олон мянга нь төрөл төрөгсдөө алдсандаа гашуудаж байгаа буюу, учир нь Их Эзэний амлалтуудын дагуу, тэд төгсгөлгүй гаслангийн байдалд тохоогджээ хэмээн айх шалтгаан тэдэнд буй.
12 Өөр олон мянга нь төрөл төрөгсдөө алдсандаа үнэхээр гашуудан байсан хэдий ч тэд Их Эзэний амлалтуудын дагуу Бурханы баруун гар талд, хэзээ ч төгсөхгүй аз жаргалын байдалд оршихоор босгогдсон гэсэн найдвартаа тэд баясан мөн хөөрч, мөн бүр мэдэж байв.
13 Мөн тийн хүмүүний зүрх сэтгэлийг урхидахаар зохиосон түүний зальт төлөвлөгөөнүүдээр ирэх тэр нүгэл болон зөрчлийн, мөн чөтгөрийн хүчний учир хүмүүсийн тэгш бус байдал ямар агуу байдгийг бид харлаа.
14 Мөн тийн Их Эзэний жимсний талбайнуудад хөдөлмөрлүүлэхээр хүмүүсийг шаргуу байдалд дуудах агуу дуудлагыг бид харлаа; мөн тийн харууслын болон түүнчлэн баяслын агуу шалтгааныг бид харлаа—хүмүүний дундах үхэл болон устгалаас харуусал үүдэхийг, түүнчлэн амь амьдралд хүргэх Христийн гэрлээс баясал үүдэхийг харлаа.