Түүний хайрын гэрэл
Сүмийн Боловсролын Системийн сургалтын шууд нэвтрүүлэг • 2019 оны 6-р сарын 12 • Сүмийн удирдах албаны байрын төв тэнхим
Ах, эгч нар аа, би өнөөдөр та нартай хамт байгаадаа маш их баяртай байна.
Бид Чад Вэбб ахын үгсийг сонсох боломжоор адислагдлаа. Их Эзэн биднийг ямар их хайрладаг нь гайхалтай. Хайрын энэ сэдэв Чад Вэбб ахын болон миний зүрх сэтгэлд гүн сэтгэгдэл төрүүлсэн. Энэ талаар ийм уялдаа холбоотой ярих гэж байгаа маань сонирхолтой байна. Тиймээс та нар цаг гарган, хайрын сэдвээр өнөөдөр төрсөн зарим сэтгэгдлээ зүгээр л бичээрэй. Би бас өсвөр үеийнхнийг хүчирхэгжүүлэхийг үргэлж залбиран, гуйхдаа Сүнсний удирдамжийг дагадаг байсан ахлагч Ким Б.Кларк, Чад Вэбб ах хоёрт талархлаа илэрхийлмээр байна. Биднийг гэрт төвлөрсөн сайн мэдээний сургалтад анхаарлаа хандуулах бошиглолыг хүлээн авахад энэ итгэлтэй ах нар “Гэр орноо хүчирхэгжүүлэхэд өсвөр үеийнхэн хэрхэн агуу зэмсэг болж болох вэ?” гэж асуусан билээ. Дараа нь юу болсныг та нар бүгдээрээ мэдэж байгаа. Тэд семинарын ангиудыг “Ирээд, Намайг дага” сургалтын хөтөлбөрт жил тутам ашигладаг судрын номуудтай тохируулахаар дэлхий даяарх арван нэгэн сургуулийн хуваарьтай ажилласан. Энэ гайхалтай өөрчлөлтийг гайхамшиг гэхээс аргагүй!
Өсвөр үеийнхэн болон залуучуудыг ангид сурсан сайн мэдээний үнэнээ гэртээ авчирч байгааг төсөөлөхөд сэтгэл минь ихэд хөдөлдөг. Тэд өөрсдийн ойлголтод болон сайн мэдээг хуваалцах чадавхдаа илүү их итгэлтэй болно. Аврагчийн үнэнийг өөрсдийн үгээр тунхаглахыг сонсох нь гэрчлэлийг хөгжүүлэх хүчирхэг арга зам байсаар байх болно.
Сайн мэдээний сэргээлт, өсөлтийн энэхүү гайхамшигт цаг үед би маш их талархаж байна.
Гайхалтай сайн багш та нарыг дэмждэг, хичээлийн санааг тань сонсдог, хувийн түүхээ хуваалцуулдаг (та нарын зөвшөөрөлтэй гэж найдаж байна), үзүүлэн бүхий хичээлд ашиглах зүйлсийг гал тогоо, гаражаа онгичуулан хайж олуулдаг эхнэр, нөхөрт болон өөр бусад хүнд би талархлаа илэрхийлмээр байна. Та нар өөрсдийн үзүүлж чадах нөлөөг хэзээ ч дутуу үнэлдэггүй байх гэж би найдаж байна.
Гэрлэлт бол … бүх заах нөхцөл байдлаас хамгийн зайлсхийж болдоггүй нөхцөл нь юм. … Нэг үгээр хэлбэл, хүмүүс гэрлэснээр бие биенээсээ суралцахаа хүлээн зөвшөөрч байгаа хэрэг.”1 Миний нөхөр Дэрэк өнөөдөр энд байхгүй, зааж сургах үед хажууд байх нь ховор ч гэлээ тэр миний итгэлт дэмжигч, нөлөө үзүүлэгч билээ. Гэхдээ та нар хамтдаа зөвлөлдөж, суралцах юм бол таны үзүүлсэн нөлөө залуучууд, өсвөр үеийнхэн болон тэдний гэр бүлийнхнийг адислах болно. Та бол энэ агуу ажлын чухал хэсэг юм.
[гэртээ суралцаж буй гэр бүлийн хосын зургийг оруулна уу]
Би өнөөдрийн захиасаа Хүүхдийн хэсгийн танил дууны нэг мөрөөр эхлүүлье. Би эхлүүлье, та нар үргэлжлүүлэн дагаж дуулаарай. За, “Хайрын гэрэлд байхыг ...”
... надад заагаач.”2
“Гэрэлд нь алхахыг надад заагаач.” Өнөөдрийг та нартай хамт өнгөрүүлэх талаар тунгаан бодох үед гэрэл ба хайр гэсэн хоёр зарчим миний бодлоос салаагүй. Энэ хоршоо үг ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэн үгийн эхний мөрөнд бас орсон байдаг. Тэрээр: “Өнөөдөр бид бүгдээрээ Бурханаас хайр, гэрэл мэдрэх байх гэж би найдаж байна”3 хэмээн хэлсэн. Хичээл бүрээ эхлүүлэх ямар энгийн бөгөөд хүчирхэг хүсэл вэ. Суралцагч бүр Бурханы хайр болон гэрлийг мэдэрнэ байх гэж би найдаж байна. Тэд Түүний гэрэл болон хайрын талаар суралцахад мөнхийн агуу амлалтууд тэднийг болон гэр бүлийнхнийг нь хүлээж байгаа.
Би өөрийн хүү Даллингаас “Семинарын юу нь чиний санаанд хамгийн тод үлдсэн бэ?” гэж асуусан. Төгс эзэмших сургаалыг эсвэл Мормоны Номыг уншиж дуусгах гэх мэт хариултуудыг өгнө гэж би хүлээж байлаа. Гэтэл түүний хэрсүү хариулт намайг гайхшируулсан юм.
“Багш нар.”
“Багш нар аа?” гэж би асуув.
Тэр надад “Зарим багш биднийг үнэхээр хайрладаг нь харагддаг” гэж тайлбарлав.
Энэ үйл явдал хайр хүний зүрх сэтгэлд хэрхэн урт хугацаанд нөлөөлдгийг надад баталсан.
Та нар Сүмийн гайхалтай өсвөр үеийнхэн болон залуучуудад зааж, Бурханы хайрыг тэдэнд гэрчилснээр баяр баясгаланг мэдэрдэг. Би тэдэнд хайртай, та нарыг ч гэсэн тэдэнд хайртайг би мэднэ. Тэд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэнчлэн, үнэхээр “Тэнгэрлэг Эцэг маань Өөрийн хамгийн нэр төртэй суутнуудаас … шилдэг багаа энэхүү сүүлчийн шатанд зориулан [авч үлдсэн]”4
Хэдэн жилийн өмнө надад хэсэг хугацаанд семинарын багшаар ажиллах боломж олдсон юм. Та нар миний зүрх сэтгэлд онцгой байр суурь эзэлдэг бөгөөд би та бүхний үүрэг хариуцлагыг бага ч болов ойлгодог. 2008 онд би Ютад өглөөний семинарын багшаар дуудагдсан. Гадасны ерөнхийлөгчийг намайг дуудахад, би “Юта мужид энэ ажлыг бүрэн цагаар хийдэг хүмүүс байдаггүй бил үү?” гэж бодож билээ. Аз болоход би бодлоо илэрхийлсэнгүй. Би өглөө бүр семинарын байрыг 5:45-д онгойлгох түлхүүрийг үүрэг хариуцлагын хамт хүлээн авсан юм. Ютагийн өвөл өглөөний 5:45-д ямар айхтар хүйтэн байдгийг би хэлмээр байна.
Семинар заах явцад, Их эзэн Өөрийн суралцагчдыг ямар их хайрладгийг надад нотлон харуулсан юм. Зарим өсвөр үеийнхэнд итгэлтэй, хайраар дүүрэн эцэг эх байгаа нь ямар аз завшаантай зүйл болохыг би ухаарсан. Зарим өсвөр үеийнхэн хангалттай хайр, анхаарал халамж хүртдэггүй ба үүнийг маш ихээр хүсэмжилдгийг нь бас би олж харсан. Залуучууд ч гэсэн яг ийн хайрыг мэдрэхийг хүсдгийг бид мэднэ.
Багшийн хамгийн чухал шинж чанаруудын нэг бол хайрлах буюу Иоханы хэлсэн тэр хайраар хайрлах чадвар юм. Тэр: “Бие биенээ хайрлацгаая. Учир нь хайр бол Бурханаас ирдэг. Хайрладаг хүн бүр Бурханаас төрсөн бөгөөд Бурханыг таньдаг. Эс хайрлагч нь Бурханыг таньдаггүй”5 хэмээн хэлжээ.
Багшийн хувьд бид Бурханыг хайрлах хайраа өсгөн нэмэгдүүлж, дараа нь заахаар дуудагдсан өсвөр үеийнхэн болон залуучуудад Бурханы хайрыг мэдрүүлэхийг эрмэлзэх ёстой.
Бурханы хайранд асар их хүч агуулагддаг. Би тэр хайрыг бидний амьдрал дахь хайр, бидний гэр доторх хайр, бидний анги доторх хайр хэмээн гурван хүрээнд авч үзье.
Нэгдүгээрт, бидний хувийн амьдрал дахь хайрын хүч. Бурхан биднийг хайрладаг гэдэгт итгэж, найдах нь амин чухал. Бид эхлээд өөрсдөө Их Эзэний хайрыг мэдрэхгүй бол суралцагчид маань Их Эзэний хайрыг биднээс мэдрэхгүй. “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн”6 гэсэн судар надад гайхамшигтай санагддаг. Бид энэхүү хайр ямар агуу болохыг тунгаан бодож, мэдэрч байсан уу? Заримдаа надад бид энэ хайрыг мэдрэхсэн гэж хангалттай сайн эрэлхийлдэг болов уу ч гэж бодогддог. Бид хэн гэдгээ, хэнийх гэдгээ мэддэг үү?7 Би та нарыг Түүний бурханлаг хайрыг мэдрэхэд туслахыг чин сэтгэлээсээ хүсэн, Түүнд хандан даруухнаар залбирахад урьж байна.
Дэлхий уруудан доройтуулж, анхаарлыг сарниулж, шахан шаарддаг тул зоргоороо дур чөлөөтэй байж, өөрийн мэдэлгүй автомат жолоодлогод шилжих амархан. Бид Түүний буулгыг дуртайяа өөр дээрээ авч, 8 Түүний хайрыг мэдрэхийг эрэлхийлэх нь нэн чухал юм. Ийм хүчин чармайлт гаргах юм бол Тэрээр хайраа бидний дээрээс харамгүй цутгах болно.
Хоёрдугаарт, Бурханы хайр гэр оронд оршиж байх ёстой. Энэ зарчмыг нэгэн түүхээр дамжуулан тайлбарлахыг зөвшөөрнө үү. Нэгэн орой манай нөхөр Дэрэк бид хоёр нэгэн асуудал дээр санаа зөрөв. Бид асуудлаа шийдэлгүй орондоо орсон бөгөөд би өөрийнхөө зөв байсныг мэдэж байлаа.
[гэртээ суралцаж буй гэр бүлийн хосын зургийг оруулна уу]
Маргааш өглөө нь би семинарын хичээлээ заахаар бэлдэж байхдаа, Сүнсийг элбэг дэлбэг байлгахыг гуйн өвдөг сөгдөн залбирсан юм. Өсвөр үеийнхэн Их Эзэний хайрыг надаар дамжуулан мэдрээсэй гэж би гуйлаа. Тэрхүү өдөрт бэлдэж байх зуур өнгөрсөн шөнийн маргаан ахин дахин бодолд орж ирж байв. Миний зөв юм чинь гэж бардам бодсоор машинд орохдоо би сүнсээр зааж хайрлаж чадна хэмээн өөрөө өөртөө учирлалаа. Би семинарын байр луу машинаа жолоодон явах зуураа тэнгэрлэг удирдамжийг үргэлжлүүлэн гуйж залбирав. Би тэр хүртэл, өөрөө өөрийгөө илт зөвтгөсөөр, тасралтгүй сонсогдох Сүнсний дуу хоолойг дарах гэж цөхрөлтгүй оролдож билээ. Хэдийгээр өөрийгөө зөвтгөх шалтгаан хэчнээн сайн үндэслэлтэй байсан ч Сүнс надад “Буц. Намайг уучлаарай гэж хэл. Хэний зөв байх нь хамаагүй. Наманчилж, буруугаа залруул” гэж шивнэсэн юм.
Би “За, за!” гээд дуртай дургүй машинаа эргүүлэв. Би унтлагын өрөө рүүгээ ороод, өглөөний 5:20 болж байгааг харсан ба хайрт Дэрэк минь унтаж байлаа. Өлмий дээрээ чимээгүйхэн алхах үед миний зүрх сэтгэл зөөлөрч, “Дэрэк, өчигдөр оройны явдалд намайг уучлаарай” гэлээ. Дэрэк өөрийн зангаар “Би аль хэдийн уучлаад мартчихсан шүү дээ” гэж тайван хариулсан юм. Миний зүрх сэтгэл хайраар бялхаж, Их Эзэний агуу нигүүлслийг мэдэрсэн.
Тэр өдөр анги маань хайр болон сүнсээр бялхаж байлаа. Гэр доторх хайр гэрээс гадуур ч бас нөлөөлдөг.
Гуравдугаарт, семинар, институтын багш нарт Бурханы хайрыг хуваалцах онцгой боломж байдаг. Танай анги тэрхүү онцгой нэгнийг хайрлах боломжийг олгодог. Би 34 хүнтэй ангид заадаггүй, харин 34 хүнд заадаг байсан. Миний хүү Даллин ангийнхныг нийтэд нь хайрласан хайрыг биш, харин хэн гэдгийг нь мэддэг, хувь хүнийх нь хувьд хайрладаг хайрыг л мэдэрсэн байх. Учир нь Тэнгэрлэг Эцэг тэгж л хайрладаг. Суралцагчдаа үнэхээр хайрлая гэвэл, тэднийг Аврагчийн адил харах хэрэгтэй. Тэрээр юунд нь болж тэднийг хайрладаг вэ? Тэр тэдэнд ямар бэлэг өгсөн бэ? Тэдний ямар чадварыг Тэр олж харсан бэ? Бид чин сэтгэлээсээ хайрласнаар тэднийг Аврагчид авчирдаг.
Христ бол бүх хайрын эх булаг гэдгийг санах үед бид хувийн амьдрал, гэр орон, ангидаа ч гэсэн хайрыг нэмэгдүүлэхээр Түүнд ханддаг. Бид хайрыг бүтээж чадахгүй. Энэ хайр зөвхөн Христээс бидэнд ирж, биднээр дамжин бусдад очдог. Моронай номд “Иймийн тул, хайрт ах дүүс минь, та нар түүний Хүү Есүс Христийн үнэн дагалдагчид бүгдийн дээр түүний цутгасан хайраар дүүргэгдэж болохын төлөө зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан залбирагтун”9 хэмээн бидэнд заадаг. Бидний хүн нэг бүр Моронайн урилгыг хүлээн аваасай хэмээн би залбирч байна.
Ерөнхийлөгч Айринг “Бурханы хайр болон гэрлийг аль алиныг нь мэдрэх”10 урилгыг өгсөн. Зөвхөн Тэр бүх хайрын эх үүсвэр бөгөөд Тэр бол гэрэл гэдгийг санах юм бол хайр, гэрэл хоёрыг хамтад нь авч үзэхэд хялбар. Есүс Христ Өөрөө “Би бол дэлхийн гэрэл ба амь мөн”11 хэмээн гэрчилсэн. Биднийг Түүнд ойртох тусам Тэр илүү их гэрэл, үнэн, хайрыг илчилдэг.
[Саймон Дьювий, Энэрэлт Гэрэл минь намайг хөтлөөч зургийг оруулна уу]
Одоо бүгдээрээ авч хэлэлцсэн хайрын гурван хүрээг эргэж хараад, хайр, гэрэл хоёрын аль алиных нь нөлөөг бодоцгооё.
-
Амьдралдаа Бурханы хайрыг мэдрэхэд ямар гэрэл танд ирсэн бэ? Ямар үзэгдэл, ойлголтыг та өөртөө олж авсан бэ?
[Энэрэлт Гэрэл минь намайг хөтлөөч, Саймон Дьювий]
-
Бурханы хайр, гэрэл өсөн нэмэгдэхийг мэдрэх тусам таны гэрлэлт болон гэр бүлд ямар өсөлт гарсан бэ?
[Бурханы таалалд өссөн, Саймон Дьювий]
-
Танай ангийн хувьд, суралцагчид тань танаар дамжуулан Бурханы хайрыг мэдрэх үед тэдний амьдралд ямар гэрэл ирсэн бэ? Тэд хэрхэн өсөж хөгжин, өөрчлөгдөх вэ? Тэд гэрлийг өөрсдөө таньж мэдэн, эрэлхийлснээр ямар харанхуйг зайлуулж чадах вэ?
[Саймон Дьювийгийн Та нар бол дэлхийн гэрэл мөн зургийг оруул]
[Саймон Дьювийгийн Харцгаа, Тэр ирлээ зургийг оруул]
Манай бошиглогч Рассэлл М.Нэлсон биднийг “илчлэлт хүлээн авах сүнслэг чадавхаа нэмэгдүүлэхэд”12 урьсанд гайхах хэрэггүй биз ээ. Бурханы хайрыг мэдрэх үед бид Түүний гэрэл, найдвараар дүүрдэг. Бурханы гэрэл, сүнслэг удирдамжийг эрэлхийлэх үед бид Түүний агуу хайрыг мэдэрдэг. Ямар хүчирхэг холбоо вэ!
Би Жон Ланд гэдэг нэгэн итгэлтэй эрэгтэйтэй хамт өглөөний семинар заадаг байв. Сүнслэг байдлаараа (болон биеэрээ) аварга энэ эр надад хайр, гэрэл хэмээх хамтрагчдын талаар зарим нэгэн зүйлийг зааж өгсөн юм. Хоёрхон жишээ буюу түүхийг өнөөдөр та нартай хуваалцъя.
[Кордон эгч, Жон Ланд хоёрын зургийг оруул (хувийн зураг)]
Өглөөний семинарын ангид нэг хэцүү хүүхэд байдаг байлаа. Би байнга л нүдээ эргэлдүүлдэг байсан байх. Харин Жон гэрлийг эрэлхийлж, хайрлахаар шийдсэн байв. Биднийг энэ суралцагчийн талаар зөвлөлдөхөөр цуглах үед Жон “Би өнгөрсөн шөнө түүний төлөө залбирсан” гэж хэлэн, яриаг эхлүүллээ. Ийм, бараг энгийн гэмээр үгсээр эхэлсэн явдал намайг бодолд оруулав. Жон энэ залуу эрэгтэйн нэрийг гэр орондоо, хайр энэрэл бялхаж байдаг газарт авчирч, энэ суралцагчийг илүү хэрхэн сайн таньж мэдэн, ойлгож болохыг Тэнгэрлэг Эцэгээс асуусан байлаа. Суралцагчдаа хайрлах, ялангуяа Их Эзэний адил хайрлахын тулд эрэлхийлж, илчлэлт хүлээн авах хэрэгтэй байдаг.
Би хоёр дахь түүхийг Жоны үгээр хуваалцъя.
“Их Эзэн Өөрийн суралцагчдыг сайн мэддэг. Асуудалтай тулгарсан нэгэн залуу эрэгтэйг би санаж байна. Би түүний тохуурхахыг олон сарын турш тэвчсэн хэдий ч үнэндээ тэр зовж байсан юм.
Би нэгэн хичээл бэлдэж, бүх зүйл сайхан явагдаж байгаад их сэтгэл хангалуун байв. Би бүр үзүүлэнт хичээлээ үнэхээр гайхалтай сайн болно гэж бодож байлаа. Семинарын байранд хүрч ирэх үед Сүнс намайг нудран, ‘Жон чи залбирлын талаар заах хэрэгтэй’ гэж хэлэв. Залбирал аа? Би өөрийн лаг гоё хичээлийг заахыг үнэхээр хүсэж байлаа. Надад залбирлын талаар заах бэлдсэн хичээл байсангүй.
Би ангийнхныхаа өмнө зогсоод, ‘Өнөөдөр хэнд хэрэгтэйг нь би мэдэхгүй. Гэхдээ би заах хичээлээ өөрчлөхөөр шийдлээ. Бид бүгдээрээ энэ өрөөнд байгаа хэн нэгэнд зориулаад, залбирлын талаар ярилцах хэрэгтэй байна’ гэв. Энэ энгийн хичээл ‘Бидэнд яагаад залбирал хэрэгтэй вэ?’ гэсэн асуултаар эхэлсэн.”
Тэр шөнө хэн нэгэн Жоны хаалгыг тогшжээ. Түүний хаалган дээр яриагүй үлдсэн түүхийн эзэн зогсож байв. Тэр залуу Сүм үнэн эсэхийг мэдэхгүй үнэхээр шаналж байгаагаа Жонд тайлбарлажээ. Тиймээс уг залуугийн найз охин Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм үнэн эсэхийг мэдэхийн тулд залбир хэмээн урьсан байв. Тэр охины урилга дээр Жоны урилга буюу залбирлын тухай төлөвлөөгүй хичээл нэмэгдсэн нь энэ залууг үйлдэл хийхэд хүргэжээ. Цаг хугацаа өнгөрч, Жон уг залуу эрэгтэйг сэргээгдсэн сайн мэдээний талаар бат бөх гэрчлэлтэй болж өөрчлөгдөхийг мөн эцэстээ түүнд итгэж, урам зориг өгдөг байсан найз охинтойгоо ариун сүмд лацдан холбогдохыг харсан юм.
Ийм мэдрэмж яагаад төрдгийг бид бараг мэддэггүй. Гэхдээ бид суралцагчдыг маань хайрлах Их Эзэний хайранд итгэх юм бол хүчирхэг илчлэлтийн дагуу үйлдэж, Түүний гэрлийг Түүний хайрт хүүхдүүдэд өгч чадна.
Бурханы адил хайрлахын төлөө илчлэлт эрэлхийлбэл бид суралцагчдадаа нэг нэгээр нь хүрч, зааж чадна. Үр дүн нь маш хувийн шинж чанартай байдаг. Нифайг ялтаснуудыг авахыг эрэлхийлэх үед Их Эзэн энэхүү хувь хүнд тааруулан зохицуулах арга барилыг харуулсан. Нифай “Би хийвэл зохих зүйлүүдийг урьдаас мэдэхгүй байсны учир бибээр Сүнсэнд хөтлөгдөн байлаа. Гэсэн хэдий ч би урагшлан явав”13 хэмээн гэрчилсэн.
[ялтас барьсан Нифайн зураг]
Лебен Нифай, ялтаснууд хоёрын дунд зогсож байлаа. Их Эзэн Нифайд Лебеныг алахыг зааварлав. Ихэд шаналсан ч тэр дуулгавартай дагасан юм. Тэр шөнө Зорам ч бас Нифай, ялтаснууд хоёрын дунд зогссон. Тэгвэл яагаад Нифай Лебений талаар хүлээн авсан илчлэлтээ Зорамд хэрэглээгүй юм бол? Яагаад Нифай илдээ дахин ил гаргаагүй юм бол?
Их Эзэн Зорамыг мэддэг байсан бөгөөд Нифай Их Эзэнийг мэддэг, Сүнсний удирдамжид итгэдэг байв. Их Эзэн Зорамыг “Нифайд үнэнч анд байх болно”14 гэдгийг мэдэж байсан. Нифай эхнээсээ хувийн илчлэлт эрэлхийлж, “Сүнсээр удирдуулсан” гэдэгт бид баярлах ёстой биш гэж үү?15
Багшийн хувьд суралцагч бүрийг хайрлах Бурханы хайрыг мэдрэх, хүн нэг бүрд хэрхэн туслах талаар илчлэлт хүлээн авах үүрэг хариуцлага сүрдмээр байдаг. Бид өөрсдийн дуудлага, үүрэг хариуцлагыг Христтэй хамт байж үүрдэг гэж бодоход миний сэтгэл амардаг.
Ахлагч Холланд биднийг “Бид Бурхан Эцэгтээ залбиралд хариулах, тайтгаруулах, нулимс хатаах, тамирдсан өвдөгнүүдийг хүчирхэгжүүлэх агуу том даалгавраа гүйцэтгэхэд нь гар сунган тусалж, усан үзмийн талбайн Их Эзэнтэй мөр зэрэгцэн хөдөлмөрлөх болтугай. Бид ийн үйлдсэнээр, өөрсдийн ямар байвал зохих тийм л Христийн жинхэнэ шавь [мөн багш] нар болох болно”16 хэмээн урьсан байдаг.
Манай өсвөр үеийнхэн, залуучууд Их Эзэний хайр болон гэрлийг мэдэрч, мэдэж авч, итгэж найдах хэрэгтэй. Таныг боломж олгох юм бол Аврагчийн хайр та нараар дамжин суралцагчид тань очих болно. Харин суралцагчид тань Түүний хайрыг мэдэрснээр хувийн илчлэлтийг таньж мэдэн, хүлээн авах болно. Тэд “хайраараа түүний гэрэлд алхах”17 гэдэг нь юу гэсэн үг болохыг олж мэднэ. Энэ хайр болон гэрэл тэдэнд бидний Тэнгэр дэх Эцэг, хайрт Аврагчтай адилхан болж, тэдэнд буцаж очих гэрээний замаар явахад нь туслах болно. Би Есүс Христийн нэрээр ийнхүү гэрчилж байна, амен.
© 2019 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. Хувилбар: 5/19. “In the Light of His Love”-ийн орчуулга. Mongolian. PD60009021 363