Хувийн илчлэлтийн хүч
2019 Сүмийн Боловсролын Системийн сургалтын шууд нэвтрүүлэг • 2019 оны 6-р сарын 12 • Сүмийн удирдах албаны байр 1-р давхрын танхим
Би өнөөдөр яриагаа эхлүүлэхийн өмнө хайрлаж, талархаж явдгаа илэрхийлмээр байна. Есүс Христийн сайн мэдээнээс гүн гүнзгий суралцахад нь өсвөр үеийнхэнд туслах агуу ажилд та бүхэнтэй хамт гар бие оролцох нь баяр баясгаланг авчирдаг. Би та нарт хайртай бөгөөд Их Эзэн таныг болон танай гэр бүлийнхнийг адислаасай гэж залбирдаг.
Би өнөөдөр Мормоны Ном дахь хувийн илчлэлтийн гурван загварын тухай яримаар байна.
Нэгдүгээрт, Есүс Христ болон Эцэгийн төлөвлөгөөний талаар гэрчилдэг ариун цэдгүүд Хоёрдугаарт, Есүс Христэд итгэх итгэлийг хүчирхэгжүүлж, хөрвөлтийг гүнзгийрүүлдэг Ариун Сүнсний гэрч Гуравдугаарт, Есүс Христийн талаар гэрчилж, хилэнцийн эсрэг зогсдог амьд бошиглогчид
Эдгээр загвар нь өнөө үед Есүс Христэд итгэх итгэлийг нэмэгдүүлж, хөрвөлтөө гүнзгийрүүлэхэд маш чухал, бүр амин чухал үүрэг гүйцэтгэдэг учраас тэдгээрийн талаар Мормоны Номд маш тодорхой, хүчтэй өгүүлсэн байдаг.1
Бид муу муухай, төөрөлдсөн эрэгтэй, эмэгтэй хүмүүс сайныг муу, мууг сайн гэж өсвөр үеийнхэнд ятган ойлгуулахын тулд чадах бүхнээ хийж байгаа цаг үед амьдарч байна. Тэд Мормоны Номон дахь Шерем, Нихор, Корихор нарын адил Бурхан бидний хоорондын харилцаа, хайр, хүлээцтэй байдал, гэрлэлт, мөнхийн мөн чанар, гэр бүл зэрэг өөр олон зүйлийн талаар хуурамч сургаалыг зохиохын тулд зальхай тайлбар, сэтгэл татам санаа, сайтар бодож өгсөн нэр, зураг дүрс зэргийг ашигладаг. Хүмүүний эдгээр санаа, сургаалын олон нь “тэд [бүгдээрээ] бурханлиг байдлын дүртэй боловч, түүний хүчийг үгүйсгэдэг.”2
Бидний суралцагчдыг өдөр бүрийн мөч тутамд иймэрхүү захиасаар бөмбөгддөг ба тэдэнд Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлж, хөрвөлтөө гүнзгийрүүлэхэд хувийн илчлэлт хэрэгтэй. Та нарыг хувийн илчлэлтийн дараах загваруудад сайн суралцахад нь суралцагчдадаа туслахын тулд чадах бүхнээ хийнэ гэдэгт би найдаж мөн залбирч байна.
Есүс Христийн талаар гэрчилдэг ариун цэдгүүд
Би эхлээд Есүс Христийн тухай гэрчилдэг ариун цэдгүүдийн талаар ярья. Энэ сэдвийн талаар Мормоны Номд тэр чигт нь өгүүлсэн байдаг. Энэ нь гуулин ялтаснуудаас эхэлдэг.3
Кордон эгчийн ярьсан Лебентэй холбоотой олж авсан Нифайн туршлага түүний амьдралд тохиолдсон маш чухал үйл явдал байсан юм. Нифай эдгээр цэдэг өөрт нь төдийгүй гэр бүлийнхэнд нь ямар чухал болохыг мэдэж авсан. (эшлэл) “Эцэг өвгөдийн хэлийг үр хүүхдүүддээ хадгалуулан үлдээхийн тулд бид энэхүү цэдгүүдийг олж авах нь Бурханы мэргэн ухаан буюу. …Мөн … бүх ариун бошиглогчдын амаар тэдэнд хэлэгдсэн … тэдгээр үгсийг өвлүүлэн үлдээхийн тулд болой.”4
Гуулин ялтаснууд нифайчуудын сүнслэг болоод шашны мөн нийгмийн хөгжилд маш том нөлөө үзүүлсэн юм. Тэдгээр нь хувийн илчлэлтийн болон Бурханы Хүү, Израилын Ариун Нэгэний ирэлтийн талаарх сүр жавхлант бошиглолуудын эх үүсвэр болсон. Тэдгээр нь бас Эцэгийн авралын гайхамшигт төлөвлөгөөний талаар хүчтэй гэрчлэлийг хуваалцсан юм. Гуулин ялтаснууд дээр бичиглэсэн ариун бошиглогчид Мессиаг дэлхийнхний нүглийн төлөө цагаатгал үйлдэж, зовж, үхэн мөн нүгэл болон үхлийг ялан дийлж, дахин босох болно гэдгийг гэрчилсэн.5
Түүнчлэн гуулин ялтаснуудад Эцэгийн Абрахамтай болон Израилын бүх угсаатай байгуулсан гэрээнүүд багтдаг. Лихай өөрийгөө Иосефын удам байсныг мөн түүний үр удам гэрээний хүүхдүүд; Бурханы Абрахамд өгсөн, үүнд хожмын өдрүүдэд Израилыг цуглуулна гэсэн амлалтын өв залгамжлагчид болохыг олж мэдсэн.
Лихай гуулин ялтаснуудыг ашиглан Аврагчийн талаар мөн Эцэгийн Израилын угсаатай байгуулсан гэрээний талаар заасан. Нифай, түүний дүү Иаков хоёр тэрхүү уламжлалыг үргэлжлүүлж, хожим нь Их Эзэнээс ирсэн зарлигийн дагуу өөрсдийн цэдгийг нэмжээ.6 Нифай ялангуяа ариун нандин, усташгүй цэдгүүдийг хөтлөхийн ач холбогдолд хөрвөгдсөн нэгэн байсан юм.7
Амлагдсан нутагт ирсэн эхний өдрүүдээс эхлэн нифайчууд цэдгийг бичиж, уншиж мөн заахыг ариун нандин, эрхэм дээд үүрэг хариуцлага хэмээн үздэг соёл уламжлалыг бий болгосон байна. Есүс Христэд итгэх итгэлийг болон үгсийг нь хайрлаж, хадгалахыг өөрсдийн үүрэг болгосон нифайчууд ариун нандин цэдгийг хөтөлж, уншиж, заадаг нийгмийг бий болгож чадсан.8 Албан ёсны цэдгүүдийг ялтаснууд дээр хөтөлдөг байсан ч цаг хугацааны явцад нифайчууд хэвлэх системийг хөгжүүлж, улмаар ариун цэдгүүдийг арай хөнгөн материал дээр хуулбарлан бичиж, өргөнөөр тараах боломжтой болжээ.9
Ариун цэдгүүдийг өргөнөөр тарааж байсан нь эцэг эхчүүдэд Их Эзэний зарлигуудыг хүүхдүүддээ заах, хүүхдүүдэд нь өөрсдийн үр хүүхдүүдэд заах маягаар зуун зууныг дамжуулан үлдээх боломжийг олгосон юм.10 Мозаягийн хөвгүүд гэх мэт номлогчид цэдгийг авч яван, леменчүүдэд заахдаа ашиглаж, гайхалтай сайхан үр дүнд хүрч байлаа.11 Алмагийн Хиламанд зааснаар ариун нандин цэдгүүд нь (эшлэл) “энэ хүмүүсийн оюун ухааныг тэлж, тийм ээ, мөн … Их Эзэн Бурханых нь мэдлэгт мөн Есүс Христ өөрсдийн Гэтэлгэгчдээ баясахад [олон мянган леменчүүдийг] хүргэсэн болой.”12
Амилсан Аврагч Өгөөмөр нутаг дахь ариун сүмд хүмүүст үзэгдэх үед энэ баяр хөөр оргилдоо хүрсэн юм.13 Өнөөдөр бидэнд Бурханы нигүүлсэл, бэлэг, хүчээр дамжуулан Мормоны Номын амьд Христийн цагаатгагч золиослол болон сүр жавхлант амилалтын гайхамшигт, хүчтэй гэрч байгаа билээ.14 Нифайчуудад байсны адил мөн тэдний ачаар Есүс Христийн талаар гэрчилдэг Эцэгийн авралын ариун нандин цэдгүүд бидэнд байгаа. Олон жилийн тэртээ Алма өөрийн хүү Хиламанд бошиглосончлон, Их Эзэн (эшлэл) “тэрээр өөрийн хүчийг ирээдүйн үеийнхэнд үзүүлж болохын тулд, өөрт буй мэргэн зорилгын улмаас эдгээр зүйлийг хадгалан үлдээ[сэн].”15
Тэр ирээдүй нь одоогийн бидний цаг үе юм. Их Эзэн өсөж буй залуу үеийнхэнд Өөрийн хүч чадлыг гайхамшигт арга замаар үзүүлж байна. Биднийг Мормоны Номон дахь Есүс Христийн сайн мэдээний бүрэн дүүрэн байдлын талаар заахад суралцагчид маань тэр хүчийг нь мэдэрдэг. Бидний суралцагчид Мормоны Номын үгэн дээр найрлах замаар хувийн илчлэлтийг эрэлхийлэх юм бол энэ нь гуулин ялтаснууд нифайчуудын хувьд ямархуу зүйл байсантай адил буюу Есүс Христ, Түүний гэтэлгэгч хүчийн гэрч мөн хувийн илчлэлт, баяр баясгалангийн ундарга болох болно.
Есүс Христэд итгэх итгэлийг хүчирхэгжүүлж, хөрвөлтийг гүнзгийрүүлдэг Ариун Сүнсний гэрч
Бид одоо Арин Сүнсэнд ханддаг. Амлагдсан нутгийг зүглэсэн Лихайн аян бол сүнслэг хүчийн аян байсан юм. Энэ бол Их Эзэн сүнслэг өдөөлт, зүүд, үзэгдэл, Өөрийн дуу хоолой болон тэнгэрлэг элчүүдийн айлчлалаар дамжуулан Лихай, Сариа хоёрт болон тэдний бүх хүүхдэд Ариун Сүнсний хүчээр зааж, тэднийг удирдан залж, тайтгаруулж байсан цаг үе байв. Нифай сүнслэг хүчийн эдгээр адислал (эшлэл) “түүнийг хичээнгүйлэн хайгч хэн бүхэнд Бурханы бэлэг болох Ариун Сүнсний хүчээр”16 ирсэн хэмээн тунхагласан.
Нифай Их Эзэнийг үнэхээр эрэлхийлж, Ариун Сүнсээр дамжуулан агуу илчлэлтүүдийг хүлээн авсан. Түүний өөрийн биеэр олж мэдэх гэсэн хүсэл эрмэлзэл бидний Мормоны Номын туршид хардаг загварыг бий болгосон юм. Нифай “Бурханы нууцыг мэдэх асар их хүсэлтэй байлаа.”17 Тэрхүү хүсэл нь түүнд нөлөөлж, тэр чин хүсэлтэйгээр “Их Эзэнд хандаж гуйн залбир[сан].”18 Түүний эрэл хайгуулын талаар Их Эзэн Нифайд (эшлэл): “Адислагдсан буюу чи, Нифай, итгэлийнхээ учир, зүрх сэтгэлийн номхон байдалд байж, намайг хичээнгүйлэн эрэлхийлсний учир болой”19 хэмээн хэлсэн.
Тиймээс энэ загвар нь мэдэхийг хүсэх, зүрх сэтгэлээсээ хичээнгүйлэн залбирах, даруу байх, Есүс Христэд итгэх итгэлтэйгээр хичээнгүйлэн эрэлхийлэх мөн Ариун Сүнсний бэлэг зэрэг юм.20 Бид энэхүү загварыг Инос, Алма нар болон Мозаягийн хөвгүүд, Лемонай хаан болон түүний аав, Аммоны хүмүүс, Хиламан болон түүний зоригт дайчид, бусад олон хүний амьдралаас хардаг.21 Нифайчууд болон леменчүүд зөв шударга байсан цаг үед Ариун Сүнсээр дамжуулан хувийн илчлэлт хүлээн авах явдал тэдний дунд өргөн тархсан байв.22
Итгэлтэй нифайчууд болон леменчүүд Ариун Сүнсний өөрсдөд нь илчилсэн зүйлсийн дагуу үйлдэж мөн тэдгээрийг бичиж авах бүрийд Их Эзэн тэднийг илүү ихээр адисалж байсан. Тэд Их Эзэний өөрсдөд нь өгсөн зүйлсийг эрхэмлэн нандигнасан учраас 23 Тэрээр тэднийг Өөрт нь итгэх илүү их итгэл, илүү гүн хөрвөлт, илчлэлтийн суу билгээр адисалсан. Тэдний Ариун Сүнсний хүчээр илчлэлт хүлээн авах чадавх өсөн нэмэгдсэн.
Алмагийн туршлага энэ загварын сайхан жишээ юм. Та нар санаж байгаа байх, тэр тэнгэр элчүүдийг харж, гайхалтай үзэгдлүүдийг хүлээн авсан ч Их Эзэнээс Сүнсний гэрчийг эрэлхийлэхээ болиогүй. (эшлэл) “Болгоогтун, миний ярьсан эдгээр зүйлүүд үнэнийг би мэднэ хэмээн би та нарт гэрчилж байна. Мөн би тэдгээрийн гарцаагүйг яахан мэдэх билээ хэмээн та нар бодож байна уу ?
Болгоогтун, би та нарт хэлнэ тэдгээр нь Бурханы Ариун Сүнсээр надад мэдүүлэгдсэн билээ. Болгоогтун, би өөрөө эдгээр зүйлийг мэдэж болохын тулд олон хоног мацаг барьж бас залбирсан. Мөн эдүгээ би өөрөө тэдгээр нь үнэнийг мэднэ; учир нь Их Эзэн Бурхан өөрийн Ариун Сүнсээр надад тэдгээрийг үзүүлсэн юм; мөн энэ нь надад байгаа тэрхүү илчлэлтийн суу билэг бөлгөө.”24 (эшлэл төгсөв)
Ариун Сүнсний гэрч нифайчуудад болон тэдний амьдарч байсан нийгэмд маш их нөлөөлсөн.25 Аврагчийг төрөхөөс 91 жилийн өмнө Мозаягийн хөвгүүдийн леменчүүдэд хийсэн номлолоос илүү сайн жишээ байхгүй. Судруудыг хичээнгүйлэн судалж, мацаг барин, залбирснаар тэр номлогчдод “бошиглолын суу билэг, мөн илчлэлтийн суу билэг байлаa.”26
Леменчүүдийн дунд хийсэн тэдний ажил нифайчууд, леменчүүдийн түүхэн замналд хүчтэй нөлөөлсөн юм. 500 жилийн туршид анх удаа “мянга мянга[н] [леменчүүд] Их Эзэний мэдлэгт авчрагдав, … мөн тэд … тэрхүү цэдгүүд хийгээд бошиглолуудад сургагдав.”27 Энэхүү явдлын талаарх Мормоны дүрслэл Ариун Сүнсээр дамжуулан хувийн илчлэлт хүлээн авах загварыг эрэлхийлдэг Бурханы хүүхдүүдэд юу тохиох тухай бошиглолын амлалт юм. (эшлэл) “Аммон болон түүний ах дүүсийн номлолоор, илчлэлт хийгээд бошиглолын суу билгийн, мөн тэднээр дамжуулан гайхамшгуудыг үйлдэх Бурханы хүчний дагуу үнэний мэдлэгт авчрагдсан болгон нь, Их Эзэнд хөрвүүлэгдсэн …болгон …хэзээ ч итгэл алдраагүй.”28 (Эшлэл дуусав.)
Ах эгч нараа, энэ нь Есүс Христэд итгэх итгэлийг хүчирхэгжүүлж, хөрвөлтийг гүнзгийрүүлдэг Ариун Сүнсний гэрч болон хүч юм.
Есүс Христийн талаар гэрчилж, хилэнцийн эсрэг зогсдог бошиглогчид
Хувийн илчлэлтийн гурав дахь загвар бол “Их Эзэн ийн хэлж байна” гэж бүх хүнд шууд хэлэх хүч чадал болон эрх мэдлийг хүртсэн амьд бошиглогчид юм. Энэхүү агуу бошиглолын загварыг бид Мормоны Номын туршид хардаг. Тухайлбал: бошиглогчид Есүс Христийн талаар гэрчилж, Түүний сайн мэдээг заан, хүмүүсийг наманчлалд дуудан мөн өөрсдийн цаг үеийн хилэнцийн эсрэг сэрэмжлүүлж, зогсдог.29 Илчлэлтээр, ялангуяа тэнгэр элчүүдээс ирсэн илчлэлтээр дамжуулан Мормоны Номын бошиглогчид Есүс Христ, Түүний сургаал болон Цагаатгалын талаар гүн гүнзгий, гайхамшигт мэдлэгийг бидэнд өгсөн билээ.30
Бошиглогчид хүмүүсийг наманчлалд дуудахдаа шулуун, зоригтой байсан. Тиймээс бидэнд Мормоны Номон дахь Нифай, Иаков, Бенжамин хаан, Алма, Амюлек, Мозаягийн хөвгүүд, Ахмад Моронай, Мормон, Моронай нарын наманчлалын талаарх гайхалтай сургаалууд байдаг.31 Эдгээр агуу бошиглогч тодорхой, шуудхан мөн хайр, найдвараар заасан. Тэдний сургаалууд одоо ч гэсэн Ариун Сүнсний хүчээр бидний чихэнд сонсогдсоор байгаа билээ.
-
“Та нар сүнслэг байдлаараа Бурханаас төрсөн үү?”32
-
“Хэрэв та нар гэтэлгэх хайрын дууг дуулмаар санагдсан бол … та нар одоо тийн мэдэрч чадна уу?”33
-
“Болгоогтун, та нар бардамналаасаа ангижирсан уу?”34
-
“Наманчлагтун, наманчлагтун, учир нь Их Эзэн Бурхан үүнийг ярьсан билээ! … тэрээр бүх хүмүүнд урилга илгээдэг, учир нь нигүүлслийн мутар тэдний зүг сунгагдаж, мөн тэрээр: Наманчлагтун, мөн би та нарыг хүлээн авах болно хэмээн хэлэх болно.”35
Мормоны Номын бошиглогчид хүмүүсийг Есүс Христээс холдуулж, Түүний Сүмийг устгахыг эрэлхийлж байсан хилэнцэт хүмүүсийн эсрэг зогссон. Шерим, Нихор, Амлисай, Корихор, Амаликая болон өөр бусад хүн дайсанд хөтлөгдөн, маш чадварлагаар будилуулж, хууран мэхэлж байсан.36 Тэд хэл ярианы асар их мэдлэгтэй байсан бөгөөд мууг сайн, сайныг муу гэж санагдуулахын тулд зальт арга мэтийг эсвэл тайлбар хэрэглэдэг байсан.
Тэр хүмүүст долигонож, тэдний хий хоосон байдал, бардамнал, хүч чадалд шунах, өөрсдийн хүслийг хангах хүсэлд тааруулдаг байсан. Сударт тэд (эшлэл) “чөтгөрийн хүчний дагуу ярих ихээхэн хүчийг”37 (эшлэл төгсөв) ашиглаж мөн (эшлэл)“дуу хадаан ярив”38 (эшлэл төгсөв) хэмээн бичсэн байдаг. Хэдийгээр тэрхүү заасан сургаал, тайлбар, амлалтууд бүгд хуурамч байсан ч бүгд эгэл хүний сэтгэлийг ихэд татдаг байсан бөгөөд олон хүн Сүмээс холдсон ба бошиглогчдыг хилэнцийг зэмлэн, эсэргүүцэх хүртэл төөрөлдсөн хэвээр байв.39
Харин, үг нь хангалттай сайн үйлчлэхгүй бол тэр хилэнцэт хүмүүс аймшигт зүйл, аллага, дээрэм үйлдэж, өөрсдийн хилэнцэт үйлийг нуухын тулд нууц хуйвалдаануудыг зохион байгуулсан.40
Бошиглогчид хилэнцийн эдгээр хэлбэрийн эсрэг Бурханы энгийн, тодорхой үгсээр, Ариун Сүнсний хүчээр үүссэн гэрчлэлээр мөн Их Эзэний мутраар авчрагдсан гайхамшгуудаар дамжуулан эсэргүүцэн зогссон. Иаковын Шеримтэй уулзахдаа хэлсэнчлэн (эшлэл) “Их Эзэн Бурхан өөрийн Сүнсийг миний бодгальд юүлж, үүний хэрээр би түүний бүх үгсийнх нь тул түүнийг ичгүүрлэсэн бөлгөө.”41 (эшлэл төгсөв)
Амьд бошиглогчид өнөө үед Их Эзэний өмнөөс ярьдаг. Бид тэдний үгсийг Сүнсээр сонссоноор хувийн илчлэлтийг шууд хүлээн авч, бошиглогчдын ярьсан зүйлс үнэн гэдгийг баталсан илчлэлтийг хүлээн авдаг.42 Бид асуултынхаа хариултыг амьд бошиглогчдын үгсээс эрэлхийлэхийг суралцагчдадаа заахдаа, тэднийг илчлэгдсэн үнэний агуу эх үүсвэр рүү хөтөлдөг. Биднийг Есүс Христийн талаар гэрчилж, хилэнцийн эсрэг зогсдог амьд бошиглогчдыг дагах үед хувийн илчлэлт амьдралд маань урсан орж ирдэг гэдгийг суралцагчид маань мэдэж авдаг.43
Хувийн илчлэлтийн зарчмыг сайн сурах
Ах, эгч нар аа, бид ариун нандин цэдгүүд, Ариун Сүнсний гэрч мөн амьд бошиглогчдын Мормоны Номд хүчирхгээр өгүүлсэн хувийн илчлэлтийн талаар хамтдаа авч үзсэн.44 Бид тэдгээрийг тус тусад нь авч үзсэн ч тэдгээр нь хоорондоо нарийн уялдаа холбоотой. Үнэхээр тэдгээр нь “бүх юмсыг Христ дотор нэгтгэ[х]”45 сүүлийн эрин үеийн нэгэн хэсэг юм.
Хувийн илчлэлтийн эдгээр загвар хамтдаа Есүс Христийг гэрчилж, Түүнд итгэх итгэлийг хүчирхэгжүүлж, хөрвөлтийг гүнзгийрүүлдэг. Манай суралцагчид хувийн илчлэлтийн зарчим гэж юу болохыг мэдэж, оюун ухаан, зүрх сэтгэлдээ ойлгохын тулд үүнийг сайн суралцах хэрэгтэй. Тэд үүнийг олж авахын тулд хэрхэн шударга үйлдлийг үр дүнтэй хийхээ мэдэж, илчлэлтийн зарчимд өсөн хөгжиж, Аврагч Есүс Христтэйгээ улам адил болохын тулд хувийн илчлэлтийн зарчмыг гүн гүнзгий судлах хэрэгтэй.
Харин би одоо бидний буюу та нарын суралцагчдыг хувийн илчлэлтийн мөнхийн зарчмыг гүн гүнзгий суралцахыг эрэлхийлэх явцад нь та нарыг тэдэнд заагаасай гэж хүсэж байгаа хэдэн зүйлийг зөвлөх гэсэн юм.
Нэгдүгээрт, хувийн илчлэлт бол хувийн шинж чанартай зүйл юм.
Хэрвээ суралцагчид маань зүрх сэтгэл, оюун ухаанаа Есүс Христэд болон Түүний сэргээгдсэн сайн мэдээн дээр төвлөрүүлэх юм бол тэд Түүний хайрыг мэдэрч, Сайн мэдээнд нь баясаж, Түүнд илүү ойртох болно. Түүний дуу хоолойг сонсож, гэрлийг нь хүлээн авах тэдний хүсэл өсөн нэмэгдэнэ. Хувийн илчлэлт бол хувийн шинж чанартай зүйл юм. Их Эзэн суралцагчдыг маань хувь хүнийх нь хувьд сайн мэддэг. Тэр тэдэнд төгс хайр, өрөвдөх сэтгэл болон хэрэгтэй мэдлэгээр хувь хүнийх нь хувьд хандан ярих болно. Илчлэлт Ариун Сүнсээр дамжин ирдэг ч Их Эзэний үгс юм. Тэр хайрлаж, ярьж, удирдан залж мөн хамгаалдаг. Энэ бол хувийн шинж чанартай зүйл юм.
Хоёрдугаарт, бүх суралчагчид маань хувийн илчлэлт хүлээн авах чадавхтай.
Хувийн илчлэлт Сүнснээс сүнсэнд ирдэг ба энэ нь Ариун Сүнс суралцагчдын маань мөнхийн сүнстэй харилцдаг тэнгэрлэг харилцаа юм.46 Суралцагчид маань Бурханаас хувийн илчлэлт хүлээн авах төрөлхийн чадавхтай. Энэ нь тэнгэрлэг хуулийн дагуу ажилладаг. Үүний тулд залбирах, мацаг барих, суралцах, сонсох, бичих мөн Есүс Христэд итгэх зэргээр цөхрөлтгүй илчлэлт эрэлхийлэх шаардлагатай. Ийнхүү хийх нь буюу хувийн зөв шударга байдал тэдний хүн нэг бүрд байдаг хувийн илчлэлтийн сувгийг нээж өгдөг юм.
Гуравдугаарт, суралцагчдын маань илчлэлт хүлээн авах чадавх өсөн нэмэгдэх боломжтой бөгөөд өсөн нэмэгдэх ч ёстой.
Суралцагчдын маань хувийн илчлэлт хүлээн авах чадавх өсөн нэмэгдэх боломжтой. Үнэндээ тэд сүнслэг байдлын хувьд амьд үлдэж, мөнх амьдралыг хүлээн авах гэж байгаа бол үүнийг өсөн нэмэгдүүлэх ёстой. Энэ нь бидний хувьд ч боломжтой. Тиймээс ерөнхийлөгч Нэлсон тэднээс (мөн биднээс) “илчлэлт хүлээн авах сүнслэг чадвараа нэмэгдүүлэхийг”47 хүссэн. Бошиглогч Иосеф “Бурханы Сүнсийг мэддэг ойлгодог болсноор, [суралцагчид маань] Христ Есүст төгс болох хүртлээ илчлэлтийн зарчмыг эзэмшиж болно”48 хэмээн заасан.
Эцэст нь, бошиглогчийг дагаснаар ирэх илчлэлтийн хүчийг хэзээ ч бүү дорд үз.
Суралцагчид маань гайхалтай бөгөөд хүнд хэцүү цаг үед амьдарч байна. Хэрэв тэд Их Эзэний бошиглогчийн зөвлөгөө, урилгыг дагах юм бол хамгаалагдан, адислагдах ба амьдралд нь илчлэлт урсан орж ирэх болно. Бошиглогч Их Эзэний өмнөөс ярьдаг. Сүүлийн үеийн нэг жишээг авч үзье. Ерөнхийлөгч Нэлсон суралцагчдад маань хандан “Өмнөх үеийнхнээс илүү дэлхийнхэнд нөлөөлж чадах та нарын чадвар Есүс Христэд үнэнч байх түвшнээс тань бүрэн хамааралтай. Та нарын хүн нэг бүр хамт амьдардаг хүмүүстээ сайн мэдээг зааж туслах үүрэгтэй. Семинар, институт нь гэр орноо итгэлийн дуган буюу Есүс Христийн сайн мэдээг зааж, судалж, үүний дагуу амьдарч, хайрладаг газар болгон өөрчлөхөд тань туслах болно”49 хэмээн бичсэн.
Ах эг нар аа, бошиглогчийг дагахад нь суралцагчдадаа туслаарай. Гэр орноо сайн мэдээнээс суралцах төв болгоход эцэг эхдээ дэмжин туслах талаар тэдэнд заагаарай. Бас тэдэнд гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө Их Эзэнийг болон Түүний сайн мэдээг хайрлах хайраа хуваалцах тухай заагаарай. Тэд ийн үйлдсэнээр “баяр хөөрийг авчирдаг, амьдралыг авчирдаг … [ба] илчлэлт дээр илчлэлт” 50 хүлээн авна. Тэд Хиламаны их цэргийн адил өөрсдийн мэддэг бүх хүнд, ялангуяа гэр орныхондоо сүнслэг өдөөгч нь байх болно.
Гэрч
Хайрт ах, эгч нар аа, биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэгийнхээ талаар би гэрчилж байна. Тэр амьд. Есүс бол Христ, бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч. Тэр амьд гэдгийг би мэднэ. Ариун Сүнс бидний амьдралд ажилладаг. Тэнгэрийн үүд нээлттэй байгаа. Энэ бол гайхамшгуудын, “Эцэгийн тааллаар түүний Хүү Есүс Христээр дамжуулан урагш илгээгдсэн … Сүнс”-ний 51 хүчээр ирдэг илчлэлтийн өдөр билээ. Би үүнийг үнэн гэдгийг мэднэ. Бидний хүн нэг бүр энэ агуу зарчмыг гүн гүнзгий суралцаж мөн амьдралдаа одоо төдийгүй мөнхөд хувийн илчлэлт хүлээн авахад нь суралцагч бүрдээ туслахын тулд Их Эзэнээс илчлэлт эрэлхийлэх болтугай.
Есүс Христийн ариун нэрээр, амен.
© 2019 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. Хувилбар: 5/19. “The Power of Personal Revelation”-ийн орчуулга. Mongolian. PD60006021 363