2010–2019
Илчлэлт үргэлжлэн ирсээр байгаа
Аравдугаар сар 2014


17:30

Илчлэлт үргэлжлэн ирсээр байгаа

Амьдралд хамгийн их хамааралтай асуултууддаа хариулт авахад хүний оюун ухаан, логик сэтгэлгээ хангалтгүй юм. Тиймээс бидэнд Бурханаас ирэх илчлэлт хэрэгтэй билээ.

Өнөөдөр бид бүгдээрээ Бурханаас хайр, гэрэл мэдрэх байх гэж би найдаж байна. Өнөөдөр биднийг сонсож байгаа олон хүн хайрт Тэнгэрлэг Эцэгээсээ хувийн илчлэлтийн адислал авах зайлшгүй хэрэгцээтэйгээ мэдэрдэг.

Энэ нь номлолын ерөнхийлөгчдийн хувьд хичээн чармайж буй номлогчоо хэрхэн урамшуулах тухай мэдэхийг гуйх залбирал ч байж болно. Мөн энэ нь дайнд сүйтгэгдэж буй газарт байдаг аав, ээжийн хувьд гэр бүлээ аюулгүй газарт нүүлгэх үү, эсвэл байгаа газартаа үлдэх үү гэдгээ мэдэхийг хүссэн цөхөрсөн гуйлт ч байж болох юм. Зуу зуун гадасны ерөнхийлөгч ба бишоп алдагдсан хонио аврахад Их Эзэнд хэрхэн туслахаа мэдэхийг хүсэн, өнөөдөр залбирч байгаа. Бошиглогчийн хувьд энэ нь Их Эзэн түүнийг Сүмд болон үймээн самуунтай дэлхийд хандан юу хэлүүлэхийг хүсч байгааг мэдэх гэсэн хүсэл байдаг.

Амьдралд хамгийн их хамааралтай асуултууддаа хариулт авахад хүний оюун ухаан, логик сэтгэлгээ хангалтгүй гэдгийг бид мэднэ. Тиймээс бидэнд Бурханаас ирэх илчлэлт хэрэгтэй билээ. Бидний сэтгэл хямрах тохиолдол бүрд илчлэлт хэрэгтэй биш, харин байнга шинэчлэгдэж байдаг илчлэлтийн урсгал бидэнд хэрэгтэй юм. Бидэнд тайвшралын болон гэрлийн ганцхан гялсхийлт биш, харин Бурхантай харилцах тасралтгүй адислал хэрэгтэй.

Нэгэн хөвгүүн энэ нь үнэн гэдгийг олж мэдсэнээр сүм оршин тогтнох эхлэл тавигдсан юм. Залуу Иосеф Смит аль сүмд нэгдэхээ өөрөө шийдэж чадахгүй гэдгээ мэдэж байсан. Тиймээс тэр Иаковын номонд хэлсэнчлэн, Бурханаас асуусан. Бурхан Эцэг, Түүний хайрт Хүү хоёр ойн төгөлд үзэгдэж, Иосефийн хүч чадлаас давсан тэрхүү асуултад нь хариулсан юм.

Тэрээр Есүс Христийн үнэн сүмийг байгуулахаар Бурханаар дуудагдаад зогсохгүй, Бурханы илчлэлтийг үргэлжлүүлэн авчрах Ариун Сүнсний хүчийг сэргээсэн билээ.

Ерөнхийлөгч Боид К.Пакэр үнэн сүмийн таних тэмдгүүдийг тодорхойлохдоо: “Сүмд илчлэлт үргэлжлэн ирсээр байгаа. Бошиглогч Сүмийнхээ төлөө; ерөнхийлөгч гадас, номлол, чуулгынхаа төлөө; харин бишоп тойргийнхоо төлөө болон эцэг нь гэр бүлийнхээ, хувь хүмүүс нь өөрсдийнхөө төлөө гэх мэтээр илчлэлтийг хүлээн авсаар байна”1 гэжээ.

Илчлэлтийн тэрхүү гайхамшигт үйл явц нь бид хувийн илчлэлтээ хүлээн авснаар эхэлж, дуусаж мөн үргэлжилдэг. Лихайн хүү болох агуу Нифайг жишээ болгон авч үзье. Түүний эцэг нь зүүд зүүдэлсэн. Харин Нифайн гэр бүлийн зарим хүн Лихайн зүүдийг оюун ухааны самуурал гэж үздэг. Энэ зүүдээр Бурхан амлагдсан нутаг руу аялахдаа авч явахад хэрэг болох Бурханы үг бүхий ялтсуудыг авахаар Иерусалим руу буцаж очих эрсдэлтэй алхам хийхийг Лихайн хөвгүүдэд тушаасан юм.

Эцэг нь тэднийг Иерусалим руу буцаж очихыг хүсэхэд Нифайн хийсэн зоригтой тунхаглалыг бид ихэнхдээ эш татдаг. “Би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно”2 гэдэг үгсийг та нар мэднэ.

Нифайн эдгээр үгийг Лихай сонсоод, “тэр туйлаас баярлав”3 гэж сударт бичсэн байдаг. Нифай эцгийнхээ зүүдийг Бурханаас ирсэн үнэн харилцаа байсан гэдгийг батлах илчлэлтээр адислагдсан байсныг мэдээд, Лихай баярласан юм. Нифай “Би явж бас эцгийн минь надад хэлсэн зүйлүүдийг биелүүлэх болно” гэж хэлээгүй. Харин тэрээр “Би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно” гэж хэлсэн.

Өөрийнхөө гэр бүлийн туршлагаас хараад, та Лихайг яагаад “туйлаас баяртай” байсныг мэдэх болно. Нифай илчлэлтийн баталгааг хүлээн авсан гэдгийг мэдсэнээр л түүнд баяр баясгалан ирсэн юм.

Олон эцэг эх өсвөр насны хүүхдээ гэртээ оройтож ирэх үед гэр бүлийн дүрэм зохиодог. Тэгвэл хэдхэн долоо хоногийн өмнө гэрээсээ нүүж явсан хүүхэд нь өөртөө хязгаар тавьсан цаг тогтоогоод зогсохгүй, яг л гэртээ байхдаа заалгаж байсан шигээ ариун өдрийг ариунаар нь хадгалж байгааг мэдээд, эцэг эх нь хэчнээн их баярлахыг бодоод үз дээ. Эцэг эхийн хүлээж авдаг илчлэлт хүүхдүүдийнх нь амьдралд үргэлжлэн ирэх илчлэлтүүдэд үргэлж нөлөө үзүүлдэг.

Миний ээж илчлэлтийн зарчмыг ойлгосон байсан юм. Би хүүхэд байхдаа гэртээ оройтож ирэхээрээ хойд хаалгаар чимээгүйхэн орж ирдэг байсан. Өрөө рүүгээ орохын тулд би ээжийнхээ унтлагын өрөөний хажуугаар гарах хэрэгтэй болдог байв. Би хэчнээн өлмий дээрээ чимээгүй явсан ч, түүний өрөөний хагас онгойлгосон хаалганы хажуугаар гарах үед “Хал, наашаа ороод ир дээ” гэх ээжийнхээ дууг сонсдог байв.

Би өрөөнд нь орж, орных нь өнцөгт суудагсан. Өрөө нь харанхуй байдаг байлаа. Хэрэв та сонссон бол биднийг амьдралын тухай тун найрсаг ярилцаж байна даа гэж бодох байсан. Харин ээжийн хэлсэн үгс патриархын адислалаа уншихад мэдэрдэг шиг тийм хүчтэйгээр өнөөдөр ч гэсэн бодолд минь орж ирдэг юм.

Тэр үдшүүдэд намайг хүлээж суухдаа ээж минь юу гэж гуйн залбирч байсныг би мэдэхгүй. Миний аюулгүй байдлын төлөө л залбирдаг байсан байх гэж би таамаглаж байна. Патриарх хүн адислал өгөхийн өмнө залбирдаг шиг ээж минь залбирч байсан гэдэгт би итгэлтэй байна. Патриархын үгс нь хүлээн авч буй хүндээ түүнийх биш, харин Бурханы үгс болж хүрэхийн төлөө тэрээр залбирдаг. Өөрийн бус, харин Бурханы үгээр хандахыг хичээсэн ээжийн минь залбирлууд хариулт болон надад хүрдэг байсан юм. Ээж минь сүнсний дэлхий рүү яваад 40 гаруй жил болж байна. Би түүний залбирлын гуйлтаар, мөн түүний зөвлөмжөөс Бурханы тушаалыг олж сонсохоор адислагдсанд ээж минь туйлаас баярлаж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Ээжийнхээ хүсэж байсных нь дагуу явж, мөн биелүүлэхийг би хичээсэн юм.

Сүмийн гадасны ерөнхийлөгч, бишопуудад үүнтэй яг адил илчлэлт үргэлжлэн ирсээр байгааг би харсан. Мөн гэр бүлийн удирдагчид ирдэг илчлэлт үнэн байдагтай адил удирдагдаж буй хүмүүс нь илчлэлтийн баталгааг хүлээн авах эсэхээс шалтгаалан, илчлэлт нь утга учиртай болдог юм.

1976 онд Айдахогийн Титон далан нурсны дараахь үйл явдлын үеэр би илчлэлтийн гайхамшгийг харсан. Юу болсон талаарх түүхийг та нарын ихэнх нь мэдэж байгаа. Гэсэн ч илчлэлт ирсээр байгааг илтгэх, нэгэн гадасны ерөнхийлөгчийн үзүүлсэн жишээ ирээдүйд биднийг адисалж мэдэх юм.

Гэр орон нь сүйтгэгдсэнээс болж, мянга мянган хүн нүүлгэн шилжүүлэгдсэн билээ. Тусламж хүргэх ажлыг удирдах үүрэг орон нутгийн нэг гадасны ерөнхийлөгч болох нэгэн фермийн эзэнд оногджээ. Би гамшиг болсноос хэдэн өдрийн дараа Рикс Коллежийн нэгэн ангид байв. Улсын гамшгаас хамгаалах товчооны удирдагч ирсэн байлаа. Гадасны ерөнхийлөгчийн бүрдүүлснээр, бишопууд ба орон нутгийн бусад шашны бүлгийн хэдэн тэргүүнүүд цуглаад байсан том өрөөнд тэрээр ерөнхий туслахтайгаа хамт орж ирэв. Ерөнхийлөгч хийж байсан коллежийн байрнуудад маань амьд үлдэгсдийг байрлуулж байсан болохоор би тэнд байсан юм.

Хурал эхлэнгүүт Улсын гамшгаас хамгаалах товчооны төлөөлөгч босоод, эрх мэдэлтний дуугаар юу хийх хэрэгтэй байгааг зааж эхлэв. Хамгийн чухал гэж үзсэн тав, зургаан зүйлээ хэлснийх нь дараа манай гадасны ерөнхийлөгч “Бид аль хэдийн наадхыг чинь хийчихсэн” гэж зөөлхөн хариулав.

Хэдэн хором өнгөрсний дараа Улсын гамшгаас хамгаалах товчооны хүн “За тэгвэл, би суугаад, харж байя даа” гэлээ. Тэрээр туслахтайгаа хамт ахлагчдын чуулгын ерөнхийлөгчид ба бишопуудын хийсэн зүйлсээ тайлагнахыг сонсов. Тэд удирдагчдаасаа ямар удирдамж аваад, түүнийгээ хэрхэн дагасан тухайгаа ярьж байлаа. Мөн тэд гэр бүлүүдийг олж, тэдэнд туслах удирдамж аваад явж байхдаа юу хийх мэдрэмж төрж байсан тухайгаа ярьж байв. Энэ үед цаг нэлээн орой болчихсон байсан юм. Тэд хүмүүст хайраас өөр сэтгэлийн хөдлөлөө харуулж чадахааргүй болтлоо ядарсан байв.

Гадасны ерөнхийлөгч сүүлийн хэдэн заавраа бишопуудад өгчихөөд, маргааш өглөө эрт дахин уулзаж, тайлагнах цагаа товлож билээ.

Маргааш өглөө нь Улсын гамшгаас хамгаалах товчооны удирдагч хурал болохоос 20 минутын өмнө ирсэн байлаа. Би хажууд нь зогсож байсан ба түүнийг гадасны ерөнхийлөгчөөс “Ерөнхийлөгч өө, надаар болон манай багийнхнаар юу хийлгэмээр байна?” гэж зөөлхөн асууж байхыг нь сонссон юм.

Би тэр хүний харсантай адил зүйлийг дэлхий даяарх гай гамшиг, сорилтын үеүдээр ч мөн харж байсан. Ерөнхийлөгч Пакэр зөв хэлсэн юм. Өөрийнх нь оюун ухаан, хүчин чадлаас давсан илчлэлт гадасны ерөнхийлөгчид ирсээр байгаа билээ. Мөн цаашлаад, Их Эзэн тушаалууд нь төгс бус хүн төрөлхтөнд зориулан, Бурханаас Ариун Сүнсээр дамжин, ерөнхийлөгчийн удирдаж байгаа хүмүүст ирдэг гэдгийг батлах гэрчийг өгдөг.

Би амьдралынхаа ихэнх хэсэгт, сүнслэгээр удирдагддаг удирдагчдыг дагахаар дуудагдан адислагдсан юм. Цэл залуу байхдаа би ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөхөөр дуудагдаж байсан. Дараа нь би дүүргийн хоёр ерөнхийлөгчийн зөвлөх, Сүмийн Тэргүүлэх бишоп, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн, мөн Сүмийн хоёр ч ерөнхийлөгчийн зөвлөхөөр дуудагдсан билээ. Тэдэнд илчлэлт өгөгдөхийг, дараа нь энэ нь тэднийг дагагчдад батлагдаж байхыг би харсан.

Бидний хүсдэг, хүлээн авах хувийн илчлэлт тийм ч амархан ирдэггүй бөгөөд зүгээр асууснаар ч ирдэггүй юм. Бурханаас ийм гэрчүүдийг хүлээн авахад шаардагдах жишгүүдийг Их Эзэн бидэнд өгсөн юм. Хувийн илчлэлт хайж байгаа ямар ч хүнд энэ нь удирдамж болдог. Бид бүгдээрээ түүнийг хайх ёстой.

“Хэвлий дотор чинь тэрчлэн бүх хүмүүнд, мөн итгэлийн тогтмол байдалд энэрлээр дүүрэн байг, мөн бодол санааг чинь ариун журам зогсолтгүй чимэн гоёг, тийнхүү итгэлтэй байдал чинь Бурханы оршихуйд хүчтэй байх болно, мөн санваарын номлол тэнгэрээс буух шүүдэр лугаа адил чиний сүнсэн дээр намуухан буух болно.

“Ариун Сүнс чиний байнгын хамтрагч … байх болно.”4

Эндээс миний сурч авсан зүйл бидэнд, бүгдэд нь хамаатай. Бурханы бошиглогчийг хайрлах мэдрэмжиндээ бүү хөнгөн хандаарай. Аль ч сүмд очиход, мөн ямар ч бошиглогчийн үед байсан бай, гишүүд надаас “та сүмийн удирдах алба руугаа буцахаараа бид түүнд хэчнээн их хайртайг бошиглогчид уламжилж өгөөрэй” гэж хүсдэг.

Тэр нь хааяа баатарлаг хүмүүсийг, эсвэл алдартай хүмүүсийг шүтэн бишрэхэд бидэнд төрдөг мэдрэмжээс хамаагүй илүү мэдрэмжийг төрүүлдэг юм. Энэ бол Бурханаас өгсөн бэлэг. Түүнийг Их Эзэний бошиглогчийн хувьд болон үүргийнхээ дагуу үг хэлэх үед та илчлэлт ирсээр байгааг илтгэх бэлгийг илүү хялбархан хүлээж авна. Таны мэдрэх тэр хайр нь Өөрийг нь төлөөлж буй хэнд ч зориулсан Их Эзэний хайр юм.

Их Эзэн бошиглогчоос ихэвчлэн хүмүүс хүлээж авахад хэцүү зөвлөмжүүд өгөхийг хүсдэг учраас энэ байдлыг байнга мэдэрнэ гэдэг тийм ч амар зүйл биш юм. Бодгалийн минь дайсан биднийг гомдол руу хөтөлж, бошиглогчийн дуудлага Бурханаас ирсэн гэдэгт эргэлзээ төрүүлэх гэж оролддог.

Илчлэлтийн баталгааг хүлээн авсан Есүс Христийн даруухан дагалдагчийг хамгаалахын тулд Ариун Сүнс хэрхэн зөөлөн зүрх сэтгэлтэй хүмүүст нөлөөлж чаддагийг би харсан.

Нэгэн алс хол жижигхэн хотод амьдардаг эрэгтэй хүнд ариун лацдах хүчийг олгуулахаар бошиглогч намайг явуулсан юм. Зөвхөн Бурханы бошиглогч л Их Эзэнээр ахлах төлөөлөгч Петрт өгөгдсөн ариун хүчийг хэн хүлээж авч болохыг шийдэх түлхүүрийг эзэмшдэг. Би үүнтэй адил лацдалтын хүчийг хүлээж авсан бөгөөд ганцхан сүмийн ерөнхийлөгчийн удирдлаган дор л бусдад хүртээдэг.

Тэгээд Солт Лэйкээс хамаагүй хол байдаг ариун ёслолын нэгэн танхимд би лацдах хүчийг өгөхөөр бошиглогчийн сонгосон хүний толгой дээр гараа тавьсан юм. Түүний гар тарчигхан амь зуулгынхаа төлөө газар хагалдаг байсныг нь харуулж байлаа. Түүний жаахан эхнэр хажууд нь сууж байлаа. Тэр эмэгтэй нөхөртэйгөө хамт хүнд хэцүү ажил олон жил хийж байсан нь илэрхий харагдаж байв.

Би бошиглогчийн өгсөн үгсийг хэлэхдээ: Энэ цаг үед дэлхий дээрх бүх санваарын түлхүүрийг атгагч “бошиглогчийн нэр”-ээр, “надад эрх мэдэл өгөгдсөний учир би лацдан холболтын хүчийг танд олгож байна” гээд, би түүний нэрийг хэлж, дараа нь түүний үйлчлэх ариун сүмийн нэрийг бас хэлсэн юм.

Түүний хацрыг даган нулимс урсахыг, мөн эхнэр нь ч бас уйлж байхыг би харсан. Би тэднийг тайвширтал хүлээсэн юм. Эхнэр нь босон, алхаж ирээд, над руу харснаа, баяртай мөртлөө гунигтай байгаагаа зориг муутайхан хэлж билээ. Тэр эмэгтэй ариун сүм рүү нөхөртэйгөө хамт явах дуртай байдаг байсан. Харин одоо, Бурхан нөхрийг нь гайхамшигтай, ариун итгэлээр сонгосон болохоор түүнд нөхөртэйгөө хамт явах ёсгүй мэт санагдсан байжээ. Тэрээр уншиж, бичиж чаддаггүй учраас ариун сүмд ханьтайгаа хамт ороход тохиромжгүй мэт мэдэрсэн тухайгаа дараа нь бидэнд хэлсэн юм.

Нөхөр нь ариун сүмд эхнэрийнхээ агуу сүнслэг хүчтэй хамт байхыг эрхэмлэх болно гэдгийг би түүнд батлан хэлэв. Тухайн хэлний өчүүхэн мэдлэгээ ашиглаад, би түүнд Бурхан дэлхийн бүхий л боловсролоос хавьгүй их зүйлийг түүнд илчилсэн болохыг хэлж билээ.

Бурхан хайртай нөхөрт нь бошиглогчоороо дамжуулан ер бусын итгэл хүлээлгэж байгааг тэрээр Сүнсний бэлгээр мэдсэн ажээ. Лацдалтын хүчийг олгодог түлхүүр нь түүний харж, уулзаж байгаагүй хүн болох Бурханы амьд бошиглогчид л байдаг гэдгийг тэрээр мэдэж байсан. Ямар ч амьд гэрчүүдээр хэлүүлэлтгүй, бошиглогч нөхрийнх нь нэр дээр залбирч байсан гэдгийг, мөн Бурхан тэр дуудлагыг өгсөн гэдгийг тэр мэдэж байсан юм.

Тэрээр нөхрийнх нь гүйцэтгэх ёслолууд хүмүүсийг селестиел хаант улсад мөнхөд холбох болно гэдгийг ч бас мэдэж байсан. “Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно”5гэсэн Их Эзэний Петрт өгсөн амлалт сүмд үргэлжилсээр байгаа гэдэг нь түүний зүрх сэтгэл, оюун ухаанд батлагдсан байлаа. Үүнийг тэр Бурханы илчлэлтээр өөрөө мэдсэн билээ.

Одоо эхлэл рүүгээ буцаж очьё. “Сүмд илчлэлт үргэлжилсээр байгаа. Бошиглогч Сүмийн төлөө; ерөнхийлөгч гадас, номлол, чуулгынхаа төлөө; бишоп тойргийнхоо төлөө болон эцэг нь гэр бүлийнхээ, хувь хүмүүс өөрсдийнхөө төлөө илчлэлтийг хүлээн авсаар байна.”6

Би энэ үнэн гэдгийг гэрчилж байна. Тэнгэрлэг Эцэг таны залбирлыг сонсдог. Тэр танд хайртай. Тэр таны нэрийг мэддэг. Есүс бол Христ, Бурханы Хүү, мөн бидний Аврагч билээ. Тэр таны ойлгож чадахаас ч илүүтэйгээр таныг хайрладаг.

Бурхан илчлэлтийн адислалыг Ариун Сүнсээр дамжуулан хүүхдүүд дээрээ асгадаг. Тэр дэлхий дээрх өнөөдрийн бошиглогч Томас С.Монсонд хандан ярьдаг. Тэрээр дэлхий дээрх санваарын бүх түлхүүрийг эзэмшдэг гэдгийг би гэрчилж байна.

Та энэхүү чуулганаар Бурханаас дуудагдан, Түүнийг төлөөлөн үг хэлэх хүмүүсийн үгсийг сонсохдоо, лацдан холбогдсон мөнхийн гэр бүлээрээ Түүнтэй хамт байхын тулд гэртээ буцаж очих замаа олох илчлэлтийн баталгааг хүлээн авах болтугай хэмээн би залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.