2010–2019
Гэрэл ба үнэний талаарх гэрчлэлийг хүлээн авах нь
Аравдугаар сар 2014


18:9

Гэрэл ба үнэний талаарх гэрчлэлийг хүлээн авах нь

Гэрэл ба үнэний талаарх таны гэрчлэл таныг болон таны үр удмыг энэ амьдралд адислаад зогсохгүй, мөнх амьдралын турш тань ч хамт дагалдах болно.

Би онгоцны нисгэгч байхдаа шөнийн түнэр харанхуйд тив, далайг гатлан; олон цагийн нислэг хийж байсан. Нисгэгчийн бүхээгээс шөнийн тэнгэрийг ширтэн харах болгонд, тэр тусмаа тэнгэрийн заадсыг харахад Бурханы бүтээл хэчнээн өргөн цар хүрээтэй, гүн гүнзгий болохыг, мөн сударт дүрслэгдсэн шиг “тоо томшгүй олон дэлхий”1 байдгийг гайхширан, бахархах сэтгэл төрдөг байлаа.

Ихэнх одон орон судлаач тэнгэрийн заадсыг цорын ганц одны аймаг хэмээн таамагладаг байсан цагаас хойш хагас зуун жил хүрэхгүй хугацаа өнгөрчээ.2 Тэд манай одны аймгаас цааш од эрхэс, гэрэл гэгээ, амь амьдрал гэж байхгүй бөгөөд эзэнгүй, хүйтэн, юу ч үгүй, эцэс төгсгөлгүй хоосон орон зай л байдаг хэмээн төсөөлж байлаа.

Дуран авай улам хөгжин, боловсронгуй болж, түүнийг сансрын уудамд хөөргөснөөр, одон орончид гайхамшигтай бөгөөд хүн ойлгон хүлээн авахад ч бэрх үнэнийг буюу орчлон ертөнц нь бидний итгэж, таамаглаж байснаас ч илүү, хүний оюун ухаанд багтамгүй асар том болох тухай; мөн сансар огторгуй нь тэртээ хол орших, хэдэн зуун тэрбум од эрхсээс болон тоо томшгүй, түм буман одны аймгаас бүрддэг тухай ойлгож эхэлжээ.3

Орчлон ертөнцийн тухай бидний ойлголт маш богино хугацаанд эрс өөрчлөгдсөн юм.

Өнөөдөр бид асар хол орших тэдгээр одны аймгаас заримыг нь харах боломжтой болжээ.4

Тэнд үнэхээр одны аймгууд байгаа гэдгийг бид мэднэ.

Эдгээр одны аймгууд байгаа газартаа маш урт удаан хугацааны турш оршсоор ирсэн юм.

Гэхдээ хүн төрөлхтөн тэнгэр дэх гэрлийг хурааж, одны аймгийг харах боломж олгодог хүчирхэг төхөөрөмжүүдийг зохион бүтээхээс өмнө бид сансрын уудамд одны аймгууд байдгийг огт мэддэггүй байлаа.

Орчлон ертөнц гэнэт асар том болж өөрчлөгдөөгүй, харин энэхүү үнэнийг харж ойлгох бидний чадвар л ихээхэн өөрчлөгдсөн юм. Тэрхүү илүү агуу гэрлийн ачаар урьд өмнө төсөөлж ч байгаагүй гайхамшигт боломж хүн төрөлхтөнд нээгдсэн билээ.

Харахгүй байгаа зүйлдээ итгэх нь хэцүү

Та өөрийгөө цаг хугацааг буцааж, мянга юм уу зуун жилийн өмнөх хүмүүстэй уулзаж учрах чадвартай гэж төсөөлөн бод доо. Мөн та өөрийгөө бидний энэ үед өргөн хэрэглэгдэж байгаа орчин үеийн техник технологийг тэдэнд дүрслэн тайлбарлах гэж байна гэж бод. Жишээ нь, бид тэдэнд бага оврын нисэх онгоц, богино долгионы зуух, өргөн хүрээтэй цахим сан бүхий хэрэгслүүдийн тухай болон сая сая хүнтэй шууд хуваалцаж болдог, бидний ач зээ нарын тоглодог видео тоглоомын талаар ярьж өгвөл тэр хүмүүс бидний талаар юу гэж бодох бол?

Зарим нь бидэнд итгэх байх л даа. Харин олонх нь биднийг дооглон тохуурхаж, үгүйсгэж, мөн бидний амыг таглах гэж оролдох юм уу зодож цохиж ч магадгүй. Зарим нь биднийг төөрөгдөлд орсон, ухаан мулгуу эсвэл бүр аюултай хүмүүс хэмээн нотлох гэж өөрсдийн мэдэх логик, учир шалтгаан, баримт сэлтийг ашиглах гэж оролдох байх. Тэд биднийг бусдыг төөрөгдүүлэх гэж байна хэмээн буруутгаж ч магадгүй юм.

Мэдээж, тэр хүмүүс бидний талаар буруу ойлголттой байгаа нь үнэн. Гэхдээ тэд бидэнд сайныг хүсэж, чин сэтгэлээсээ хандсан байж ч болно. Тэд өөрсдийнхөө үзэл бодлыг туйлын үнэн хэмээн бодож байгаа шүү дээ. Шулуухан хэлэхэд, тэд илүү бүрэн дүүрэн үнэний гэрлийг одоогоор олж аваагүй байгаа учраас бидний хэлсэн зүйлийг тодорхой харж, ойлгох боломжгүй юм.

Гэрэл өгөгдөх тухай амлалт

Буруу байсан ч зөв хэмээн бодох нь хүмүүний нэгэн зан чанар болов уу. Хэрвээ тийм л юм бол итгэл найдвар бидэнд ямар хэрэгтэй юм бэ? Хоорондоо зөрчилтэй өдий төдий үзэл бодол байдаг учраас, мөн бид зөвхөн өөрсдийн ойлголт, итгэл дээр тулгуурлан, үнэнийг мэдэхгүйгээр амьдарч болно гэж үү?

Үнэнийг олж мэдэх боломжтой юу?

Энэ бүхнийг та бүхэнтэй хуваалцсан миний зорилго бол бүх үнэнийг мэддэг Түмэн цэргийн БУРХАН Эзэн Өөрөө, бид үнэнийг өөрсдөө олж мэдэх боломжтой гэсэн амлалтыг үр хүүхдүүддээ өгсөн тухай баярт мэдээг тунхаглах явдал юм.

Энэхүү амлалтын ач холбогдлын талаар эргэцүүлэн бодно уу.

Үүрдийн бөгөөд Бүхнийг Чадагч Бурхан, энэхүү өргөн уудам орчлон ертөнцийг Бүтээгч нь Түүнтэй чин сэтгэлээсээ, шийдвэр төгс хандсан хүмүүстэй ярьдаг.

Тэрээр тэдэнтэй зүүд, зөн билэг, бодол санаа, зүрх сэтгэлд нь ярих болно.

Тэрээр хэрхэвч алдаж будилахын аргагүй, хүмүүний төсөөлөлд багтаж ч байгаагүй тийм арга замаар ярьдаг. Тэрээр тэдний хувийн амьдралд хамаатай бурханлаг заавар, хариултыг өгөх болно.

Мэдээж, ийм зүйл байх боломжгүй, Бурхан гэж байдаг л юм бол Түүнд ганц нэг хүний залбирлыг сонсож хариулахаас илүү чухал ажил байдаг байлгүй дээ хэмээн элэглэн дооглох хүмүүс ч гарч ирж магадгүй юм.

Гэхдээ би та нарт: Бурхан таны төлөө санаа тавьдаг. Тэрээр таныг сонсдог бөгөөд хувийн асуултуудад тань хариулах болно. Таны залбирлын хариу Түүний арга замаар, Түүний цагт ирэх учир та Түүний дуу хоолойг сонсож сурах хэрэгтэй. Бурхан танаас Түүн рүү буцаж очих замаа олоосой гэж хүсдэг бөгөөд тэр зам нь Аврагч мөн болой.5 Бурхан та бүхнийг Түүний Хүү, Есүс Христийн талаар олж мэдэн, бурханлаг шавь байх замыг дагаснаар танд ирэх амар амгалан, баяр баяслыг мэдрээсэй хэмээн хүсдэг.

Миний хүндэт найз нөхөд өө, үүнийг шалгаж үзэх гэсэн эрэгтэй, эмэгтэйчүүд, хүүхдүүд зэрэг хүн бүхэнд зориулсан Бурханы амлалт бүхий энгийн нэгэн туршилтын талаар эртний судраас олж уншиж болно:

Нэгдүгээрт, Та Бурханы үгийг эрэлхийлэх ёстой. Энэ нь судруудыг уншиж, эртний болон орчин үеийн бошиглогчдын Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний талаарх үгсийг үгүйсгэж маргах зорилгоор бус, харин үнэнийг олж мэдэх гэсэн чин сэтгэлээр судлахыг хэлдэг. “Өөрт тань мэдрэгдэх зүйлсийн талаар эргэцүүлж, үнэнийг хүлээн авахын тулд оюун санаагаа бэлтгэ.6 “…Бүр та нарт итгэх хүслээс илүү нь байхгүй ч гэсэн, энэ хүслийг өөрсөддөө хөгжихийг, бүр … та нар [Бурханы үгийг] өөртөө байрлуулж чадахаар итгэтлээ зөвшөөр.”7

Хоёрдугаарт, Адамын үеэс өнөөдрийг хүртэл Их Эзэн үр хүүхдүүддээ нигүүлсэнгүй хандаж, Өөрийн Сүмийг удирдан биднийг Түүн рүү буцаж очиход туслах бошиглогч, үзмэрч, илчлэгчдийг өгснийг та анхааралдаа авч, тунгаан бодож, зоригтой итгэхийг хүсэж,8 талархах ёстой.

Гуравдугаарт, та Тэнгэрлэг Эцэгээс Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаарх үнэнийг танд илчлэхийг Түүний Хүү, Есүс Христийн нэрээр асууж хүсэх ёстой. Тэгэхдээ Есүст итгэж; чин сэтгэл, үнэн хүсэлтэйгээр асуух ёстой билээ.9

Үүнээс гадна Аврагчаас бидэнд өгсөн дөрөв дэх үе шат бий: “Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсэж байвал тэр нь энэ сургаал Бурханаас ирсэн үү, эсвэл би Өөрөөсө ярьж байна уу гэдгийг мэднэ.”10 Өөрөөр хэлбэл, хэрвээ та сайн мэдээний зарчмыг шалгая гэвэл, эхлээд түүний үгийн дагуу амьдрах ёстой гэсэн үг. Сайн мэдээний сургаалыг болон Сүмийн заадаг зүйлсийг амьдралдаа хэрэгжүүлж, шалгаад үз. Үүнийг чин сэтгэлээсээ, Бурханд итгэх гуйвшгүй итгэлээр хийгээрэй.

Хэрвээ та энэ бүхнийг хийж чадвал Бурхан--Өөрийн үгээр11 үүрэг хүлээн авч, Ариун Сүнсний хүчээр үнэнийг үзүүлнэ хэмээн амласан билээ. Тэрээр харанхуйг нэвт харах хүчийг өгөгч илүү агуу гэрлийг танд соёрхсоноор та мөнх бус амьдралдаа төсөөлшгүй гайхамшигт дүр зургийг гэрчлэх болно.

Зарим хүн эдгээр шатлалыг дэндүү хэцүү эсвэл иймэрхүү хүчин чармайлт гаргах нь шаардлагагүй зүйл хэмээн хэлж болох юм. Гэхдээ сайн мэдээний тухай болон Сүмийн талаар хувийн гэрчлэлтэй болох нь таны энэ амьдралдаа олж авах ёстой хамгийн чухал зүйл мөн гэдгийг би та бүхэнд хэлмээр байна. Энэхүү гэрчлэл нь таныг зөвхөн энэ амьдралын тань турш адисалж, удирдаад зогсохгүй, таны мөнх амьдралтай ч мөн шууд холбоотой юм.

Сүнслэг зүйлсийг зөвхөн Сүнсээр л ойлгох боломжтой

Үнэнийг улам бүрэн дүүрэн ойлгоход туслах, илүү агуу гэрлийг хурааж цуглуулах боломжтой, боловсронгуй төхөөрөмжүүд бий болох хүртэл эрдэмтэн мэргэд орчлон ертөнцийн цар хүрээг ойлгох гэж ихээхэн хичээл зүтгэл гаргасан билээ.

Төлөөлөгч Паул үүнтэй адил, сүнслэг мэдлэгийн талаарх зарчмыг заасан юм. Тэрээр коринтчуудад “Харин төрөлх хүн Бурханы Сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй. Учир нь тийм хүн эдгээрийг ойлгож чадахгүй. Яагаад гэвэл эдгээр нь сүнслэгээр үзэгддэг”12 хэмээн бичжээ.

Өөрөөр хэлбэл, хэрвээ та сүнслэг үнэнийг олж танихыг хүсвэл зөв хэрэгсэл ашиглах ёстой. Та сүнслэг үнэнийг олж мэдрэх боломжгүй хэрэгслээр түүнийг олж мэдэх нь үгүй.

Аврагч бидний үед “Бурханаас буй нь гэрэл юм; мөн гэрлийг хүлээн авдаг мөн Бурханд үлддэг тэр нь илүү их гэрэл хүлээн авдаг; мөн тэрхүү гэрэл төгс өдрийг хүртэл улам улам хурц болон өсдөг”13 хэмээн хэлсэн байдаг.

Бид зүрх сэтгэл, оюун ухаанаа Бурхан руу хэчнээн их хандуулна, тэнгэрлэг гэрэл бидэн дээр төчнөөн ихээр хуралдах болно. Мөн бид тэрхүү гэрлийг сайн дураараа, чин сэтгэлээсээ эрэлхийлэх болгондоо илүү их гэрлийг хүлээн авахад бэлэн байгаагаа Бурханд нотлон харуулдаг. Урьд нь бүдэг бүрхэг, тас харанхуй, асар хол мэт байсан зүйлс танил бөгөөд тод томруун болж ирдэг.

Түүнчлэн, хэрвээ бид өөрсдийгөө сайн мэдээний гэрлээс холдуулбал, бидний гэрэл ганц хоногт юм уу, нэг долоо хоногийн дотор ч биш, харин аажим аажмаар бүдгэрч, нэг л өдөр эргэж харахдаа сайн мэдээ үнэн гэдэгт яагаад ингэтлээ их итгэж байснаа ойлгохоо больсон байдаг. Өмнө нь маш тодорхой байсан зүйлс эргээд тодорхой бус, бүдэг бүрхэг, хол хөндий болж; бидний урьд нь мэддэг байсан юмс мунхаг зүйл мэт бодогдох болсон байна.

Иймээс Паул сайн мэдээний захиас нь мөхөгсдийн хувьд мунхаг зүйл мэт боловч “аврагдаж байгаа бидний хувьд Бурханы хүч мөн”14 гэж хэлсэн.

Түвшин тогтоох шалгалт гэж байдаггүй

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүийн Сүм нь олон янзын гэрчлэлтэй хүмүүст зориулагдсан Сүм юм. Сүмийн зарим гишүүний гэрчлэл ямар ч эргэлзээгүй ба дотор сэтгэлд нь тодоос тод гэрэлтэж байдаг. Зарим хүн өөрөө олж мэдэхийн тулд эрэлхийлсээр л байдаг. Сүм нь хүмүүсийн гэрчлэл хэр гүн эсвэл хэр зэрэг өндөр түвшинд байгаагаас үл шалтгаалан хүн бүхний гэр орон нь болдог. “Та ийшээ орохын тулд гэрчлэл тань өндөр түвшинд хүрсэн байх ёстой” гэсэн тэмдэг өлгөсөн цуглааны байрыг би мэдэхгүй.

Сүм нь зөвхөн төгс хүмүүст биш, харин “Христэд ирж, мөн түүгээр төгөлдөржих”15 хүсэлтэй хүн бүхэнд зориулагдсан юм. Сүм нь тан шиг, мөн над шиг хүмүүсийнх. Сүм нь хүмүүсийг салган холдуулж, шүүмжилдэг биш, харин нөхөрсгөөр угтан авч, өргөн дэмжиж, тэтгэдэг газар билээ. Энэ бол хүн бүр бурханлаг үнэнийг эрэлхийлэх явцдаа нэг нэгнийгээ урамшуулж, сэтгэлийн дэм өгч, дэмжин тусалдаг газар юм.

Эцэст нь хэлэхэд, бид бүгд шавь болох аян замдаа Бурханы гэрлийг эрэлхийлж буй аянчид билээ. Бид бусдыг тэдэнд байгаа болон байхгүй гэрлийнх нь хэмжээгээр буруутган шүүмжилдэггүй, харин бүх гэрлийг цэвэр, тод томруун, үнэн зөв болтол нь тэжээн тэтгэж, урамшуулан дэмждэг.

Бүгдэд өгөгдсөн амлалт

Гэрчлэлтэй болох нь нэг минут, нэг цаг эсвэл нэг өдрийн ажил биш гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ нь нэг удаагийн оролдлогоор л бүтчихдэг зүйл биш юм. Сүнслэг гэрлийг цуглуулах үйл явц бол амьдралын туршид үргэлжлэх эрэл хайгуул мөн.

Амьд Бурханы Хүүгийн тухай гэрчлэл, түүнчлэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол Түүний сэргээгдсэн Сүм мөн гэсэн гэрчлэл таны хүссэнээр хурдан ирэхгүй байж болох ч та хийх ёстой зүйлээ хийсэн байхад гэрчлэл тань ирнэ гэдгийг би амлаж байна.

Мөн тэрхүү гэрчлэл тань гайхамшигтай байх болно.

Сүнслэг үнэн нь таны зүрх сэтгэлийг дүүргэж, бодгальд тань гэрэл авчрах болно гэсэн гэрчлэлээ би хуваалцах гэсэн юм. Тэрээр танд гайхамшигт баяр баясал, тэнгэрлэг амар амгалантай хамт цэвэр оюун ухааныг нээж өгнө. Би үүнийг Ариун Сүнсний хүчээр өөрийн биеэр мэдэрсэн.

Эртний сударт бидэнд амласнаар Бурханы Сүнсний нөхөрлөл таныг гэтэлгэх хайрын дууг дуулж,16 мэлмийгээ тэнгэр өөд чиглүүлэн, Хамгийн Дээд Бурханд буюу ирээдүйд өөрийн амьдрах газар, мөн өөрийн Найдвар ба өөрийн Хамгаалагч болох Эцэгтээ дуу хоолойгоо өргөн; Түүнийг магтан дуулахад хүргэх юм. Аврагч бидэнд хичээнгүйлэн эрэлхийлэгтүн, мөн та нар олох болно хэмээн амласан билээ.17

Би үүнийг үнэн гэдгийг гэрчилж байна. Хэрвээ та бүхэн одоогоор бүдэг бүрхэг, сүүмийх төдий, хүршгүй хол мэт санагдаж буй Бурханы үнэнийг эрэлхийлэн хайх юм бол Түүний энэрлийн гэрлийн ачаар энэ нь аажим аажмаар нээгдэж, тодрон томорч, зүрх сэтгэлд тань ойр болох болно гэдгийг би гэрчилж байна. Хүмүүний нүдэнд үл үзэгдэх өргөн цар хүрээтэй гайхамшигт сүнслэг байдлын дүр төрх танд илчлэгдэх болно.

Сүнслэг гэрэл нь Бурханы бүх хүүхдийн гар хүрэх газарт байгаа гэдгийг би гэрчлэх гэсэн юм. Тэр таны оюун ухааныг гэгээрүүлэн, зүрх сэтгэлийг тань илааршуулж, таны өдрүүдийг баяр баяслаар дүүргэх болно. Хайрт найзууд аа, Бурханы тэнгэрлэг ажлын тухай, тэр тусмаа гэрэл ба үнэний ажлын талаарх өөрийн гэрчлэлийг эрэлхийлж, хүчирхэгжүүлэх боломжийг бүү хойшлуул.

Гэрэл ба үнэний талаарх таны гэрчлэл таныг болон таны үр удмыг энэ амьдралд адислаад зогсохгүй, эцэс төгсгөлгүй олон дэлхийн дунд, мөн мөнх амьдралд тань ч хамт дагалдах болно. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Мосе 1:33.

  2. Марша Бартушак, The Day We Found the Universe (2009), xii-ыг үзнэ үү. Бид гаргасан дүгнэлтдээ үргэлж итгэлтэй байж чаддагт би гайхдаг. Заримдаа бид бүх үнэнийг мэднэ хэмээн өөртөө хэт итгэдэг. Жишээ болгон, энд нэг үйл явдлыг эш татъя: Арван есдүгээр зууны сүүлээр Америкийн одон орон судлалын тэнхимийн захирал байсан Саймон Ньюком 1887 онд, од эрхсийг ажиглах төвийн нээлт дээр хэлсэн үгэндээ: “Одон орон судлалын хувьд ... бид мэдлэгийнхээ хязгаарт тун хурдацтай ойртож байна. Иймээс одон орон судлаачдын анхаарал үнэн хэрэгтээ шинэ нээлт хийхэд биш, харин өмнө нь олж илрүүлсэн зүйлсээ задлан шинжлэхэд чиглэж байна’” гэжээ (Бартушак, xv).

  3. Сүүлийн үеийн “нээлтүүд” дээр үндэслэн Мосе 1:33, 35-ыг авч үзэхэд маш сонирхолтой зүйлсийг мэдэж болно. Агуу Үнэт Сувд дээрх Мосегийн ном нь Эдвин Хаббл алс хол орших од эрхсийг олж нээснээ зарласнаас бараг зуун жилийн өмнө, 1830 оны зургаадугаар сард бошиглогч Иосеф Смитэд илчлэгдсэн билээ.

  4. Тухайлбал, heritage.stsci.edu/gallery/gallery.html дээрээс Hubble Heritage Image Gallery-ийг үзнэ үү.

  5. Иохан 14:6-г үзнэ үү.

  6. 3 Нифай 17:3-ыг үзнэ үү

  7. Алма 32:27.

  8. Сургаал ба Гэрээ 67:3-ыг үзнэ үү.

  9. Моронай 10:3–5-ыг үзнэ үү.

  10. Иохан 7:17; мөн Дуулал 25:14; Иохан 3:21-ийг үзнэ үү.

  11. Сургаал ба Гэрээ 82:10-ыг үзнэ үү.

  12. 1 Коринт 2:14.

  13. Сургаал ба Гэрээ 50:24.

  14. 1 Коринт 1:18.

  15. Моронай 10:32; мөн Сургаал ба Гэрээ 20:59-ийг үзнэ үү.

  16. Алма 5:26-г үзнэ үү.

  17. Сургаал ба Гэрээ 88:63-ыг үзнэ үү.