2010–2019
Хэзээ ч мэдэгдээгүй тийм маягаар бэлтгэсэн байв
Аравдугаар сар 2014


10:11

Хэзээ ч мэдэгдээгүй тийм маягаар бэлтгэсэн байв

Аврах ёслолуудыг дусал дуслаар зохистой хүлээн авч, түүнтэй холбоотой гэрээнүүдийг бүрэн сэтгэлээсээ сахихад бид бэлтгэх болтугай.

Бага охиноо сургуульд орсон эхний өдөр хичээлээ тараад, гэртээ ирэхэд нь “За, ямар байв?” гэж би асуулаа.

Тэрээр “Зүгээр ээ, дажгүй байсан” гэж хариулсан юм.

Гэтэл маргааш өглөө нь охиноо сургуульд нь явуулахаар сэрээхэд, охин маань гараа цээжиндээ тэврээд, “Би сургуульд явчихсан шүү дээ!” гэж билээ. Сургуульд явна гэдэг нь ганц удаагийн үйл явдал биш, харин олон жилийн туршид, долоо хоногт таван удаа явах ёстой зүйл гэдгийг би охиндоо тайлбарлаж хэлээгүй буюу түүнийг бэлтгээгүй байсан ажээ.

Та бүхэн бэлтгэлтэй байх зарчмын талаар бодох үедээ дараах үйл явдлыг надтай хамт төсөөлөн бодно уу. Та ариун сүмийн селестиел өрөөнд сууж байхдаа, энэ амьдралд болон үүрд мөнхөд гэрлэхээр хүлээнгээ хүндэтгэлтэй байдалтай орж гарч буй хэд хэдэн сүйт бүсгүйг болон сүйт залууг харж байна. Селестиел өрөөнд хайртай залуутайгаа хөтлөлцөн орж ирж байгаа нэгэн сүйт бүсгүйг төсөөлөн бодъё. Тэр гоёмсог боловч тун энгийн ариун сүмийн даашинз өмссөн бөгөөд нүүрэндээ амар тайван, халуун дотно инээмсэглэл тодруулжээ. Тэр сайхан харагдаж байгаа ч тэгтлээ анхаарал татахааргүй байна. Тэр бүсгүй суугаад, эргэн тойрноо ажиглаж байснаа гэнэт сэтгэл нь хөдөлж, өөрийнхөө байгаа газрыг болон хайртай хүнийх нь хамт түүнийг хүлээж буй ариун нандин ёслолыг аль алиныг нь бишрэн хүндэтгэсэндээ нулимс урсгаж байгаа нь харагдана. Түүний байгаа байдал нь “Би өнөөдөр Их Эзэний өргөөнд байж, дэлхий дээрх хэн бүхнээс ч илүү хайртай залуутайгаа мөнхийн аянаа эхлэхэд бэлэн байгаадаа хэчнээн их талархалтай байна гээч!” гэж хэлэх мэт. Тэр зөвхөн ганц удаагийн үйл явдалд биш, бүр илүү их зүйлд бэлтгэгдсэн нь илэрхий харагдана.

Миний нэг ач охин саяхан дэрэн дээр маань нэгэн зурвас үлдээсэн байсан бөгөөд түүн дээр “Ариун сүмд ороход надад мэдрэгддэг зүйлсийн нэг нь амар амгалан болон хайр юм… Хүмүүс сүнслэг удирдамж хүлээн авахын тулд ариун сүм рүү явж болно” 1 гэж бичсэн байв. Ач охины маань зөв юм. Бид ариун сүмээс сүнслэг удирдамж ба илчлэлтийг, бас амьдралын сорилт бэрхшээлүүдийг даван туулах хүчийг олж авч чадна. Ач охин маань өөрийн гэр бүлийнхний нэрсийг авч, ариун сүмийн баптисм хийлгэн, ариун сүнсний бэлэг хүртээлгэхэд оролцохдоо сурч авч байгаа зүйлс нь, өөрийн төлөө болон хөшигний нөгөө талд байгаа тэдгээрийн төлөө ариун сүмийн нэмэлт ёслолууд, гэрээнүүд болон адислалуудыг хүлээн авахад түүнийг бэлтгэх болно.

Ахлагч Рассэлл М.Нэлсон “Ариун сүмүүд нь хүмүүст зориулагдан бэлтгэгддэгийн адил, хүмүүс ч бас өөрсдийгөө ариун сүмд ороход бэлтгэх ёстой” 2 хэмээн заасан билээ.

Би Мормоны Номоос ахмад Моронайн талаар дахин уншиж байхдаа Моронай леменчүүдийн сүрдэм их цэргийн эсрэг зогсохдоо нифайчуудын хянамгай бэлтгэл нь түүний агуу амжилтуудын нэг болохыг мэдэж авсан юм. Тэр хүмүүсээ маш сайн бэлтгэсэн байсан бөгөөд “Болгоогтун, [леменчүүдийг] бүрмөсөн гайхан цочирдуулсан нь, тэднийг ирэхэд [нифайчууд] … хэзээ ч мэдэгдээгүй тийм маягаар бэлтгэчихсэн байв3 хэмээн бид уншдаг.

“Хэзээ ч мэдэгдээгүй тийм маягаар бэлтгэчихсэн байв” гэдэг үгс нь миний анхаарлыг ихэд татсан юм.

Бид ариун сүмийн ариун нандин адислалуудыг авахын тулд хэрхэн илүү сайн бэлтгэж чадах вэ? Их Эзэн “Мөн дахин, … бибээр та нарт бүх зүйлд загвар өгнө” 4 хэмээн заасан. Биднийг сайн бэлтгэхэд тусалж чадах сүнслэг загварын талаар бодоцгооё. Моронайн дайснуудынхаа эсрэг бэлтгэсэн бэлтгэл нь агуу их төлөвлөгөө, нөр их хөдөлмөр ба итгэлтэй хичээнгүй байдлыг шаардсан ба энэ загвар нь үүнтэй адил зүйлийг шаардах болно.

Таван ухаалаг, таван мунхаг охины тухай Аврагчийн хэлсэн сургаалт зүйрлэлээс би хэзээ ч залхдаггүй. Энэ сургаалт зүйрлэл нь Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлэн байхтай зүйрлэдэг ч, бид бас үүнийг сайнаар бэлтгэсэн хүмүүст сүнслэг зоог мэт байх ариун сүмийн адислалуудад бэлэн байхтай зүйрлэж болно.

Матайн 25-р бүлгээс бид:

“Мөн тэнгэрийн хаанчлал нь шинэ хүргэнийг угтахаар дэнлүүгээ аваад гарсан арван охинтой төстэй юм.

“Тэдний тавь нь мунхаг, тав нь ухаалаг болой. …

“Ухаалгууд нь дэнлүүгээ тос хийсэн савны хамт авсан байлаа.

“Хүргэн ирэхгүй удсан тул, тэд бүгд үүрэглэж унтаж эхлэв.

“Гэтэл шөнө дөлөөр хашхирах дуун гарч “Хараач, хүргэн байна. Түүнийг угтаж авцгаа” гэлээ.

“Нөгөө охид бүгдээрээ босож, дэнлүүгээ бэлдэв.

“Мунхгууд нь ухаалаг охидод “Бидэнд тосноосоо өгөөч. Бидний дэнлүү бөхөх нь,” гэсэнд

ухаалагууд нь “Бидэнд ч, та нарт ч огт хүрэлцэхгүй. Оронд нь худалдаачин руу очиж, тос худалдаж ав” гэжээ.

“Тэднийг худалдаа хийхээр явсан хооронд хүргэн ирээд, бэлэн болсон хүмүүс хүргэний хамт хуримын найрт оров. Тэгээд хаалгаа хаажээ.

“Дараа нь бусад охид нь ирж “Эзэн, эзэн, бидэнд онгойлгож өгөөч” гэхэд

харин тэр хариуд нь “Үнэнээр би та нарт хэлье. Би та нарыг танихгүй”5 гэв.

Эдгээр мунхаг охидын төлөө гунихардаггүй хэн ч, ялангуяа нинжин сэтгэлтэй хэн ч өрөвдөхгүй байна гэж байхгүй биз ээ. Бас бидний зарим нь бусад охинд нь хандан “Та нар хуваачихаж болохгүй байгаа юм уу, тэгвэл бүгдээрээ баяртай болох юм биш үү? гэж хэлмээр санагддаг. Гэхдээ бодоод үз дээ. Энэ нь Аврагчийн өгүүлсэн түүх бөгөөд Тэрээр тэдний тавыг нь “ухаалаг”, тавыг нь “мунхаг” хэмээн нэрлэжээ.

Бид энэхүү сургаалт зүйрлэлийг ариун сүмд ороход бэлтгэх бэлтгэлийн загвар гэж үзэхдээ, “сүнслэг байдлын бэлтгэлийн тос нь хуваалцаж болох зүйл биш юм”6хэмээн хэлсэн хожмын үеийн бошиглогчийн үгсийг бодоорой. Ерөнхийлөгч Спэнсэр В. Кимбалл таван “ухаалаг” охин яагаад дэнлүүний тосоо таван “мунхаг” охинтой хуваалцаж чадаагүй талаар тодотгон ийн хэлсэн: “Ариун ёслолуудын цуглаануудад оролцох нь, олон жилийн явцад дэнлүүнд маань дусал дуслаар тос нэмж байдаг юм. Мацаг барих, гэр бүлийн залбирал, гэрийн багшаар багшлах, бие махбодийн хүслээ хянах, сайн мэдээг номлох, судраас суралцах зэрэг чин сэтгэлийн зориулалт, дуулгавартай байдлын үйлдэл бүр нь нэгэн дуслыг нэмж байдаг. Найрсаг үйлдэл, аравны нэг, өргөлийг өгөх, цэвэр ариун бодол, үйлдэл нь  – эдгээр нь ч бас тосонд маань нэмэрлэж байдаг бөгөөд, бид түүгээр шөнө дунд унтарсан дэнлүүгээ асааж чадах юм”7гэж тодорхойлжээ.

Өөрсдийн төлөө болон бусдын төлөө ариун нандин ёслолуудыг хүлээн авахаар бид бэлтгэхдээ бид хэрхэн шургуу байж болох талаар бодоход туслах –дусал дуслаар -- бэлтгэлтэй болох загварыг та нар харж байна уу? Бэлтгэлийнхээ дэнлүүнд сүнслэг дуслын тосыг нэмж болох өөр ямар жижиг бөгөөд энгийн зүйлүүдийг бид хийж болох вэ?

Ахлагч Ричард Г. Скотт “Ариун сүмийн адислалуудыг таашаан эдлэхэд хувь хүний зохистой байдал нь зайлшгүй шаардлагатай. … Зохистой хүн нь Эзэний сургаал дээр үндэслэн байнгын, зөв сонголтуудыг хийснээр бий болдог”8 гэж заажээ. Би байнгын гэдэг үгэнд маш дуртай. Байнга хийнэ гэдэг нь тууштай, тогтмол, хариуцлагатай байна гэсэн үг байдаг. Зохистой байдлын зарчмын ямар сайн тайлбар вэ!

Библийн толь бичигт “Зөвхөн гэр орныг л ариун нандин байдлаар нь ариун сүмтэй зүйрлэж болно”9 гэж бидэнд сануулсан байдаг. Бидний гэр орон буюу орон байр маань энэ тодорхойлолттой нийцэж байна уу? Тойргийн маань нэгэн хөөрхөн охин саяхан манай гэрт ирсэн юм. Түүний ах номлолоосоо эргэж ирээд удаагүй байгааг мэдэж байсан болохоор би түүнээс ах нь гэртээ ирэх ямар байгааг асуув. Тэр охин “сайхан байна аа, гэхдээ ах заримдаа “зохисгүй дуу хөгжим биш байсан ч гэсэн” биднийг хөгжмийнхөө дууг багасга” гэж хэлдэг гэв. Гэр орон маань Сүнсийг мэдрэхэд бэлтгэгдсэн газар мөн эсэхийг мэдэхийн тулд өөрсөддөө үе үе дүгнэлт хийж байх нь зөв юм. Бид гэр орноо Сүнсний айлчлах газар болгон бэлтгэх зуураа, өөрсдийгөө Их Эзэний өргөөнд орохдоо бид өөрсдөө “гэртээ” ирсэн мэт сэтгэгдлийг мэдрэхэд бэлтгэх болно.

Бид ариун сүмд зохистой ороход бэлтгэж, мөн ариун сүмд хийсэн гэрээндээ үнэнч байх аваас Их Эзэн бидний дээр “үй олон адислалыг”10 цутгах болно. Миний сайн найз Бонни Оскарсон саяхан судрын үгсийг дотор нь солиод, “Ихийг шаардах үед, илүү их нь өгөгдөх болно”11 гэж хэлж билээ. Би үүнтэй бүрэн санал нийлж байна! Бид мөнхийн адислалуудаа хүлээн авах гэж ариун сүмд ирдэг. Тиймээс тэдгээр адислалыг хүлээн авахуйц зохистой байхын тулд илүү өндөр жишиг тавигддагт гайхах зүйлгүй юм. Дахиад хэлэхэд, ахлагч Нэлсон “Ариун сүм нь Их Эзэний өргөө болохоор, орж болох хүмүүсийн жишиг нь ч мөн Түүгээр тогтоогдсон юм. Хүмүүс Түүний зочин болж ордог. Ариун сүмийн эрхийн бичигтэй байх нь үнэлж болшгүй эрх бөгөөд Бурханд болон Түүний бошиглогчдод дуулгавартай байдгийн бодит илэрхийлэл юм”12 гэж заажээ.

Дэлхийн шилдэг тамирчид, дэлхийн шилдэг их сургуулиудын докторын зэрэг хамгаалах гэж буй оюутнууд олон цаг, өдөр, долоо хоногууд болон саруудыг, бүр жилүүдийг бэлтгэлд зарцуулдаг. Хамгийн шилдэг байхын тулд тэд өдөр бүр дусал дуслаар бэлтгэсэн байх шаардлагатай байдаг. Үүнтэй адил, селестиел хаант улсад өргөмжлөл хүлээн авахыг хүсэж буй хүмүүс нь дуулгаварт чанарыг өдрөөс өдөрт, дусал дуслаар дадлагажуулснаар ирэх дуулгавартай байдлын илүү өндөр жишгээр амьдрах ёстой болдог.

Бид эдгээр жижиг бөгөөд энгийн зүйлийг хийж, сүнслэг байдлынхаа дэнлүүнд тогтмол байдлаар, хичээнгүйлэн, дусал дуслаар тос нэмэх аваас, бид агуу бэлтгэлтэйгээр өөрсдийн дэнлүүг “бэлдэн мөн асааж”13 байх болно. Манай сайхан нөхөр гадасны ерөнхийлөгч бөгөөд саяхан тэрээр, “хэн нэгэн ариун сүмд орох бэлтгэлтэй, зохистой гэдгийг нь бараг хараад л хэлж чадна, учир нь ариун сүмийн эрхийн бичгийг авахаар ирэхдээ тэд “өрөөг гэрэлтүүлдэг” гэж хэлсэн юм.

Көртландын ариун сүмийг онцгойлон адислах үед бошиглогч Иосеф Смит “Их Эзэний өргөөний хатавчаар орж ирэх бүх хүн таны сүр хүчийг мэдэрч болохын тулд, … тэд танд өсөхийн тулд, мөн Ариун Сүнсний бүрэн байдлыг хүлээн авч, … мөн хэрэгтэй юм болгоныг олж авахад бэлтгэгдэж болохын тулд буюу”14хэмээн Их Эзэнд хандан залбирсан билээ.

Бидний хувьд ариун сүм рүү явна гэдэг нь ганц удаагийн онцгой үйл явдлаас ч илүү утга учиртай байгаасай хэмээн би залбирч байна. Бид аврах ёслолуудыг зохистой байдлаар хүлээн авахад, мөн холбогдох гэрээнүүдийг чин сэтгэлээсээ сахихад дусал дуслаар бэлтгэх болтугай. Бид тийн үйлдэх аваас, гэр орондоо болон хувийн амьдралдаа Ариун Сүнсний бүрэн байдал, Их Эзэний хүч чадлын амлагдсан адислалуудыг хүлээн авахуйц зохистой байх болно гэдгийг би мэднэ. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Айдиа Кэйли Мэлогоос Линда К.Бөртонд зориулсан хувийн зурвас, 2014 оны 8-р сарын 31

  2. Рассэлл М.Нэлсон, “Ариун сүмийн адислалуудыг хүлээн авахад бэлтгэх нь,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 10-р сар, 41

  3. Алма 49:8; тодотгол нэмэгдсэн; мөн 6–7-р шүлгийг үзнэ үү

  4. Сургаал ба Гэрээ 52:14

  5. Матай 25:1–2, 4–11; Иосеф Смитийн орчуулга, Матай 25:12, зүүлт тайлбар а.

  6. Марвин Ж. Аштон, “A Time of Urgency,” Ensign, 1974 оны 5-р сар, 36

  7. Спэнсэр  В. Кимбалл, Faith Precedes the Miracle (1972), 256

  8. Ричард  Г. Скотт, “Receive the Temple Blessings” Ensign, 1999 оны 5 сар, 25; Лиахона, 1999 оны 7 сар, 29.

  9. Библийн толь бичиг, “Ариун сүм”

  10. Сургаал ба Гэрээ 104:2

  11. Бонни  Л.Оскарсон, “Greater Expectations,” (Шашны институт, семинарын хиймэл дагуулын шууд нэвтрүүлэг, 2014 оны 8-р сарын 5); lds.org/broadcasts; мөн Лук 12:48, Сургаал ба Гэрээ 82:3-ыг үзнэ үү

  12. Рассэлл  М.Нэлсон, “Personal Preparation for Temple Blessings”, Ensign, 2001 оны 5-р сар, 33; Лиахона, 2001 оны 7-р сар, 38

  13. Сургаал ба Гэрээ 33:17

  14. Сургаал ба Гэрээ 109:13, 15