2010–2019
Бид бүгд гуйлгачид бус уу?
Аравдугаар сар 2014


15:41

Бид бүгд гуйлгачид бус уу?

Бид ядуу, баян аль нь ч байсан ялгаагүй бусдад тусламж хэрэгтэй үед “хийж чадахаа л хийх” ёстой.

Манай ерөнхий чуулганд гайхамшигтай шинэ хэсэг танилцуулагдлаа. Сайн байлаа, Эдуардо.

Есүсийн тохинууллын эхэн үеийн хамгийн гайхалтай үйл явдал бол Тэрээр төрөлх хот Назарын синагогт очиж, “Эзэний Сүнс Над дээр байна. Учир нь сайн мэдээг ядууст дэлгэрүүл гэж Тэр Намайг тосолсон юм. Тэр Намайг илгээсэн нь ... олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах, дарамтанд байгсдыг чөлөөлөхийн сацуу ... тунхаглахын тулд болой”1 хэмээх Исаиагийн бошиглосон үгсийг уншсан тухай Лукийн сайн мэдээнд цэдэглэгдсэн байдаг.

Аврагч тийнхүү эдгээр үгийг уншсанаараа олны дунд Мессиагийн тохинууллын талаарх анхны тунхаглалаа хийсэн юм. Гэхдээ энэ шүлэг Өөрийн эцсийн цагаатгагч золиослолыг хийж, Мессиагийн хувьд Есүсийн амилах хүртэл хийх ёстой эхний бөгөөд хамгийн чухал үүрэгт ажил бол ядуусыг, тэр тусмаа сүнслэг байдлаараа ядуу зүдүү хүмүүсийг адислах явдал байсныг тод томруун харуулсан байдаг.

Есүс тохинууллынхаа эхэн үеэс ядуусыг болон шоовдорлогдогсдыг ер бусын байдлаар хайрладаг байв. Тэрээр яг тийм хоёр хүний гэрт төрж, мөн тийм нөхцөлд амьдарч байсан бүр ч олон хүмүүсийн дунд өсөж торнисон юм. Бидэнд Түүний ердийн амьдралын талаар бүрэн мэдээлэл байдаггүй ч Тэрээр нэгэн удаа “Үнэг нүхтэй, тэнгэрийн шувууд үүртэй байдаг. Харин Хүний Хүүд толгой хоргодох газар байхгүй …”2 хэмээн хэлсэн байдаг. Үүнээс харахад тэнгэр, газар аль алиныг, мөн “тэнд орших бүх зүйлийг”3 Бүтээгч нас биед хүртлээ, амьдралынхаа туршид адаглаад л гэр оронгүй байсан нь тодорхой байна.

Ядуурал нь эрт дээр үеэс эхлэн, түүхийн туршид хүн төрөлхтний хамгийн том, мөн хамгийн өргөн цар хүрээтэй бөгөөд хамгийн адармаатай бэрхшээл байсаар ирсэн билээ.4 Ядуурлаас үүдэлтэй зовлон зүдгүүр ихэвчлэн бие махбодынх байдаг ч, түүний сүнслэг болоод сэтгэл санааны байдалд учруулдаг хор хөнөөл бүр ч их юм. Ямар ч байлаа гэсэн, биднийг Өөртэйгөө нэгдэж, тэр хүмүүсийн хүнд ачаанаас үүрэлцэхэд уриалсан Гэтэлгэгчийн агуу уриалгаас өөр, илүү чухал тулгамдсан уриа дуудлага гэж байхгүй. Иеховагийн хувьд Тэрээр Израилийн угсааг “ядуусаас дээрэмдсэн олз чинь та нарын гэрт байгаа учраас хатуу шүүнэ гэдгээ хэлсэн.

“Миний ард түмнийг бяцалж, ядуусын нүүрийг нунтаглана гэдэг чинь юу гэсэн үг вэ?”4 хэмээн Тэрээр дуу алдан асуусан байдаг.

Сургаалт үгсийн зохиогч: “Ядуу хүнийг дарладаг нэгэн Бүтээгчийг нь буруутгаж буй хэрэг… Ядуугийн хашхирахыг эс сонсогч нь… нэгэн цагт [бас] өөрөө хашхирах боловч хариуг эс сонсоно 5хэмээн энэ асуудлыг маш тодорхой болгосон юм.

Манай өнөө үед Есүс Христийн сэргээгдсэн Сүмийг нэг жилийнхээ ойд хараахан хүрээгүй байх үед Их Эзэн сүмийн гишүүдэд хандан “ядуус хийгээд гачигдагсдыг харж хандаж, мөн тэд зовохгүй байхын тулд тэднийг хөнгөвчлөхөөр тусламж үзүүлэх ёстой”6 гэж зарлиг болгосон билээ. Судрын энэ хэсэг дэх зарлигийн үг —“ тэд зовохгүй байхын тулд” гэсэн үгс болохыг анхаарна уу. Бурхан ямар нэг чухал зүйлийн тухай энэ мэтчилэн ярьдаг.

Дэлхий дээрх тэгш бус байдлыг даван туулахад асар их бэрхшээл тулгарч байгаа өнөө үед ганц эрэгтэй эсвэл ганц эмэгтэй хүн юу хийж чадах билээ дээ? Эзэн Өөрөө энэхүү асуултад хариу өгсөн байдаг. Хүмүүс Есүсээс урваж, Түүнийг цовдлогдохын өмнө Мариа Түүний тэргүүнийг оршуулгад хэрэглэгддэг их үнэтэй тосоор тослоход Искариотын Иудас үнэтэй тос ашигласныг нь эсэргүүцэж, “тэр эмэгтэйд дургүйцсэн”7 гэдэг.

Есүс

“Түүнийг орхи. Та нар юунд түүнд төвөг удна вэ?

“Тэр хийж чадахаа л хийсэн”8 … гэж хэлжээ.

“Тэр эмэгтэй хийж чадахаа л хийсэн!” Ямар оновчтой, товч тодорхой тайлбар вэ? Нэгэн сэтгүүлч Калькута хотын Тереза гэгч эхээс хотын үгээгүй ядуусыг аврах гэсэн бүтэшгүй үйл хэргийнх нь талаар асуужээ. Сэтгүүлч тоо баримт дээр тулгуурлан ярьсан бол Тереза эх ямар ч асуудлыг шийдвэрлээгүй тухай ярьжээ. Тэрхүү гайхалтай, жижигхэн эмэгтэй өөрийнх нь хийж буй үйлсэд тоо чухал биш, харин хайр чухал хэмээн эрс шийдэмгий хариулсан байна. Хүч чадлаас нь ахадсан хэтэрхий олон ядуу хүн байсан ч, тэрээр тусламж үзүүлэх боломжтой хүмүүст чадах бүхнээрээ тусалснаар Бурханыг болон бусдыг хайрла гэсэн зарлигийг дагах болно гэдгээ хэлжээ. Өөр нэгэн үед тэрээр “Бидний үйл хэрэг далайд дусал мэт өчүүхэн зүйл юм, гэхдээ бид үүнийг хийхгүй бол далай нэг дуслаар дутна шүү дээ”9 гэж хэлсэн байна. Тийнхүү уг сэтгүүлч Христийн шашинтан байх нь яав ч тооны хойноос хөөцөлдсөн хэрэг биш бололтой гэсэн дүгнэлтэд эрүүл ухаанаар хүрчээ. Хэрвээ диваажинд нүглээ наманчлах шаардлагагүй ерэн есөн хүнээс нүглээ наманчилсан нэг хүний төлөө илүү баярлана гэж үзвэл Бурханд тоо огт чухал биш болох нь тодорхой юм гэж тэрээр тайлбарласан юм.10

Тэгэхлээр бид хэрхэн “хийж чадахаа хийх вэ?”

Нэгд, Бенжамин хааны заасанчлан, бид ядуусыг өөрсдийн золгүй нөхцөл байдлыг өөрсдөө л бий болгосон гэж үзэн, тэдэнд туслахаас татгалзах ёсгүй. Магадгүй зарим нь өөрөө өөртөө хүндрэл бэрхшээл бий болгосон байж болох ч бид тэдэнтэй адил зүйл хийдэггүй гэж үү? Тийм учраас л тэрхүү өрөвчхөн сэтгэлт удирдагч биднээс “Бид бүгд гуйлгачид бус уу?”11 хэмээн асуугаагүй гэж үү? Бид тусламж, итгэл найдвар, залбиралдаа хариу өгөхийг гуйдаггүй билүү? Бид гаргасан алдаа дутагдал, учруулсан гай зовлонгоо уучлаач хэмээн гуйдаггүй гэж үү? Ач ивээл нь бидний сул дорой байдлыг нөхөж, нигүүлсэл нь шударга ёсыг ялан дийлээсэй хэмээн бид хүсдэггүй билүү? Бид Бурханаас зөвхөн гуйдаг, Тэрээр харин биднийг өрөвдөн хайрлаж, хариулдаг учраас л бид нүглүүдийнхээ уучлалыг хүлээн авдаг. Гэсэн хэдий ч бид өөрсдөөсөө гуйх ядуусыг өрөвдөж хайрлан, тэдэнд тусалснаар л гагцхүү нүглүүдийнхээ уучлалыг хадгалж үлддэг хэмээн Бенжамин хаан хэлсэнд гайхах зүйл үгүй юм.12

Бид тэдэнд энэрэнгүй сэтгэлээр хандахаас гадна тусламж хэрэгтэй хүмүүсийн төлөө залбирах ёстой. Зорамчууд болон бусад цугларагсад тэднийг судрын хэллэгээр “бузар,” “новш” хэмээн үздэг байсан учраас тэд “хувцасныхаа муугийн учир” залбирлын өргөөнүүдээсээ хөөгдсөн аж. Мормоны хэлснээр тэд “дэлхийн зүйлүүдээр ядуу байв; мөн … зүрх сэтгэлдээ ч ядуу байсан”13— нь үргэлж зэрэгцэн оршдог материаллаг ба сүнслэг байдлын ядуу тарчиг нөхцөлд амьдарч байсных ажээ. Алма, Амюлек хэмээх номлолын хоёр хамтрагч хувцас муутайн улмаас хөөгдсөн тэр хүмүүст та нар ямар ч нөхцөлд байсан талбайдаа болон гэр орондоо, гэр бүлтэйгээ болон зүрх сэтгэлдээ хүссэн үедээ залбирч болно гэдгийг хэлж өгдөг.14

Түүнчлэн Амюлек нөхцөл байдлаасаа болж хөөгдсөн тэрхүү бүлэг хүмүүст хандаж “учир нь [та нар] … [залбирсныхаа ] дараа, хэрэв [та нар] гачигдсаныг, мөн нүцгэрснийг хоосон буцааж, мөн өвдсөн хийгээд зовсонд үл очин, мөн хэрэв [та нарт] буй аваас, хөрөнгөнөөсөө гачигдсан тэдэнтэй эс хуваалцвал—Би та нарт хэлнэ, … залбирал тань хоосон, мөн та нарт ямар ч хэрэггүй байж, мөн та нар сүсэг бишрэлийг үгүйсгэсэн хоёр нүүртэн лугаа адил байх болно”15 гэж хэлсэн байдаг. Бид ядуу эсвэл баян аль нь ч байсан ялгаагүй бусдад тусламж хэрэгтэй үед “хийж чадахаа л хийх” ёстой гэдэг нь ямар гайхалтай сануулга вэ?

Тэгэхлээр, бид ядууст туслахын тулд үрэлгэн атлаа үр ашиг муутай дэлхийг хамарсан хөтөлбөрүүдийг санал болгож байгааг буруутгах гэсэнгүй, эсвээс гудамжинд гуйлга гуйх нь хэрэгтэй зүйл хэмээн мэдэгдэх ч гээгүй байна. Ийм хөтөлбөрүүд нь өөрсдийнхөө талаар сайнаар бодоход л бидэнд тусалдаг бус уу? Харин би ажилсаг зан, арвилан хэмнэлт, биеэ дааж амьдрах чадвар, ажиллах оргилуун хүсэл эрмэлзлийн зарчмуудыг энд сууж байгаа ямар ч эрэгтэй, эмэгтэйчүүдтэй нэгэн адил ихэд эрхэмлэн дээдэлдэг гэдгээ л дахин сануулах гэсэн юм. Бид бусдаас тусламж гуйхаасаа өмнө өөрсдийн хийж чадах бүх зүйлийг хийсэн байх ёстой. Түүнчлэн та нар өөрсдөдөө тусалдаггүй эсвээс туслах чадваргүй хүмүүст туслан, тэднийг дэмжих тус тусын үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлж байгааг би сайн мэдэхгүй. Гэхдээ Бурхан үүнийг мэдэж байгаа гэдгийг би мэднэ. Хэрвээ бид Түүний өгсөн зарлигуудыг биелүүлэх арга замуудыг чин сэтгэлээсээ хайж, залбирч, дахин дахин эрэлхийлбэл Тэрээр та нарт тусалж, та нарыг шавь байх энэрэл хайрын үйлсэд тань удирдан чиглүүлэх болно.

Би Сүмийн гишүүдэд төдийгүй дэлхий даяар тулгарч байгаа нийгмийн хүнд асуудлуудын талаар ярьж байгааг та бүхэн ойлгож байгаа байх. Аз болоход, өөрийн хүмүүст туслах Их Эзэний арга зам амархан юм. Бие бялдрын хувьд эрүүл бүх хүн мацгийн хуулийг дагах ёстой. Энэ талаар Исаиа бичихдээ:

“[Үүний] тулд мацаг барилтыг Би сонгосон бус уу? …

“Өлсгөлөн нэгэнтэй талхаа хуваан, орон гэргүй ядуусыг гэртээ оруулан, нүцгэн нэгнийг хараад хувцаслаж, … буулганы оосрыг тайлан, дарлагдагсдыг чөлөөлж, байх бус уу… ?”16 гэжээ.

Мацгийн хуулийг дагадаг хүмүүст ирдэг материаллаг болон сүнслэг гайхамшгуудын талаар би гэрчилмээр байна. Би мөн өөртөө тохиолдсон гайхамшгуудын талаар гэрчилье. Исаиагийн цэдэглэсний дагуу би мацаг барихдаа залбирсан бөгөөд Бурхан үнэхээр “Би энд байна”17 гэж хариулсныг нь гэрчилмээр байна. Та энэхүү ариун нандин боломжийг хамгийн багадаа сард нэг удаа эрхэмлэн дагаж; нөхцөл байдал, боломжийнхоо хэрээр мацгийн болон бусад өргөлөө хүмүүнлэгийн болон боловсролын санд, мөн номлолын санд хандивлаж байгаарай. Бурхан таныг өгөөмрөөр адислах болно гэдгийг, мөн танаас тусламж авсан хүмүүс таныг адислагдсан нэгэн хэмээн дурсах болно гэдгийг би амлаж байна. Өнгөрсөн жил Сүмийн долоон зуун тавь гаруй мянган гишүүд дуудлагадаа үнэнч үйлчилж буй бишоп болон Халамжийн Нийгэмлэгийн ерөнхийлөгчөөрөө дамжуулан мацгийн өргөлийн сангаас тусламж авчээ. Энэ нь мацгийн сангаас тусламж авсныхаа төлөө баярлаж талархсан хожмын үеийн гэгээнтэн тун олон байгааг харуулж байна.

Ах, эгч нар аа, миний бие амьдралдаа хөдөлмөрлөж олоогүй, өөртөө оногдох ёсгүй зүйлийн төлөө тоо томшгүй олон материаллаг хийгээд сүнслэг адислал авснаа хүлээн зөвшөөрөхийг энэхүү сургаал шаарддаг билээ. Та бүхэнтэй л адил санхүүгийн тал дээр надад асуудал гарч байсан ч би хэзээ ч ядуу зүдүү байгаагүй, тэр байтугай ядуу зүдүү байх нь ямар байдгийг ч мэдэхгүй. Үүнээс гадна дэлхий дээр амьдрах хугацаанд хүмүүний төрөлтийн нөхцөл байдал, эрүүл мэнд, боловсрол болон санхүүгийн боломж яагаад ийм их ялгаатай байдгийн бүх шалтгааныг би мэдэхгүй ч олон хүнд хэрэгцээ шаардлага байгааг хараад, “ингэхлээр би чинь зөвхөн Бурханы ач ивээлээр л явж байгаа”18 юм байна гэдгээ мэддэг юм. Хэдий тийм ч би ахынхаа манаач нь биш, дүү нь гэдгээ, мөн “надад ихийг өгсөн учраас би ч бас мөн адил өгөх ёстой”19гэдгээ мэднэ.

Би үүнтэй холбогдуулан ерөнхийлөгч Томас Спэнсэр Монсонд гүн хүндэтгэлээ илэрхийлмээр байна. Би энэ хүнтэй 47 жилийн турш хамт ажиллах боломжоор адислагдсан бөгөөд тэрээр эдийн засгийн уналтад орсон Зүүн Германд байхдаа өөрийнхөө илүү костюм, цамцнаас гадна өмсөж байсан гутлаа хүртэл тайлж өгсөн учраас гэр рүүгээ нисэхдээ гэрийнхээ углааштай явж байсан түүний дүр зургийг үхэн үхтлээ сэтгэл зүрхэндээ хадгалж явах болно. “Энх амгаланг тунхаглаж, аз жаргалын сайн мэдээг авчран, авралыг зарлаж, “Чиний Бурхан хаанчилна” гэж Сионд өгүүлэх сайн мэдээг дэлгэрүүлэгчийн хөл нь [онгоцны буудал дундуур гэрийн углааштайгаа алхах түүний хөл нь] уулсын дээр ямар үзэсгэлэнтэй вэ?”20 Миний мэдэх хэнээс ч илүү Ерөнхийлөгч Монсон бэлэвсэн эмэгтэйчүүд болон эцэггүй хүүхдүүд, ядуус болон зовсон хүмүүсийн төлөө үргэлж “хийж чадахаа хийсээр” ирсэн бөгөөд түүний хийсэн зүйлс үнэхээр их юм.

1831 онд бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлтэд ядуус хэзээ нэгэн өдөр Бурханы хаант улс “хүч хийгээд агуу алдар суунд ирж,”21 тэднийг аврахыг харах болнохэмээн Их Эзэн хэлсэн байдаг. Бид Есүс Христийн үнэн Сүмийн гишүүнчлэлийнхээ хүч хийгээд алдар суугаар ирсэн бошиглолыг гүйцэлдүүлэхэд тусалж, тэднийг боолчлолд байлгаж мөн олон мөрөөдлийг нь үгүй хийж байгаа ядуурлаас нь, мөн илүү сайн ирээдүйн төлөөх итгэл найдварыг нь үгүй хийж байгаа гачигдал зовлонгоос нь ангижруулахын тулд чадах бүхнээ хийх болно гэдэгт би найдаж, Есүс Христийн нигүүлсэнгүй нэрээр залбирч байна, амен.