Их Эзэнд бидэнд зориулсан төлөвлөгөө бий!
Хэрэв бид одоогийнх шигээ амьдарсаар байвал бидэнд амлагдсан адислалууд биелэгдэх болов уу?
Ерөнхий чуулган дээр үг хэлэх хүмүүс эх хэлээ сонгон ярьж болох энэ түүхэн үеийн нэг хэсэг байх нь ямар гайхалтай боломж вэ. Энэ индэр дээрээс хамгийн сүүлд ярихдаа би англи хэлнийхээ аялгад санаа зовж байлаа. Харин одоо португаль хэлнийхээ хурдан хэллэгт санаа зовж байна. Би доогуур урсаж байгаа үгнээс хурдан ярихыг хүсэхгүй байна.
Бид бүгд амьдралдаа агуу шийдвэрүүд гаргах үеийг туулж өнгөрүүлсэн буюу туулах ч болно. Би энэ ажлыг хийх үү, аль эсвэл өөр ажилд орох хэрэгтэй юу? Би номлолд үйлчлэх ёстой юу? Энэ миний гэрлэх ёстой зөв хүн маань мөн үү?
Эдгээр нь чиглэлийг нь жаахан л өөрчлөх юм бол ирээдүйд асар том үр дагаврыг авчрах амьдралуудын маань өөр өөр хэсэг дэх нөхцөл байдлууд юм. Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф: “Их Эзэнд үйлчилж байгаа эдгээр он жилүүдэд …, би хувь хүмүүс, гэрлэлт, гэр бүлүүд дэх аз жаргал ба гай түйтгэр нь ердөө л нэг жижигхэн алдаанаас болдог гэдгийг мэдсэн” гэж хэлсэн байдаг (“A Matter of a Few DegreesEnsign эсвэл Лиахона,, 2008 оны 5-р сар, 58).
Тооцож үзсэн эдгээр жижиг алдаанаас бид хэрхэн зайлсхийж чадах вэ?
Би захиасаа дүрслэн үзүүлэхийн тулд өөрт тохиолдсон явдлаас жишээ татъя.
1980-аад оны сүүл үед миний залуухан гэр бүлд эхнэр Моника, дөрвөн хүүхдийн маань хоёр нь, мөн намайг оролцуулаад бид дөрвүүлээ байлаа. Бид Бразилийн Сро Паулад амьдарч байсан бөгөөд би сайн компанид ажиллаж байсан юм. Би их сургуулийнхаа хичээлүүдийг дуусган, мөн амьдарч байсан тойргийнхоо бишопын дуудлагаас чөлөөлөгдсөн байлаа. Эртний нэгэн анд маань манайд айлчилж ирэх хүртэл амьдрал маань үнэхээр сайхан, бүх зүйл ийм л байх ёстой мэт санагдаж байв.
Тэрээр айлчлаад буцах үедээ тодорхой тайлбар хэлсний дараа үнэмшлийг минь ганхуулсан нэгэн асуулт тавьж билээ. Тэрээр “Карлос, бүх зүйл чамд болон гэр бүлд чинь, мөн ажилд чинь болон Сүмийн үйлчлэлд чинь сайн сайхан байгаа юм шиг санагдаж байж болно, гэвч…” гэснээ, “Хэрэв чи одоогийнх шигээ амьдарсаар л байвал патриархын адислал дээр амлагдсан адислалууд чинь биелэгдэх болов уу?” гэж нөгөөх асуултаа тавьсан юм.
Би патриархын адислалаа ийм байдлаар өмнө нь хэзээ ч бодож байгаагүй. Би үүнийг үе үе уншдаг байсан ч, ирээдүйд амлагдсан адислалуудаа харах чин зорилготойгоор, мөн өнөөдөр хэрхэн амьдарч байгаагаа дүгнэх гэж хэзээ ч уншиж байсангүй.
Түүнийг буцсаны дараа би патриархын адислалдаа анхаарал хандуулж, “Хэрэв бид одоогийнх шигээ амьдарсаар байвал патриархын адислал дээр амлагдсан адислалууд маань биелэгдэх болов уу?” гэдгийг мэдэхийг хүсэн, түүнийг уншив. Хэсэг эргэцүүлэн бодсоны дараа, би зарим нэг өөрчлөлтийг, ялангуяа боловсрол, мэргэжилтэйгээ холбоотой өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай юм байна гэдгийг мэдэрсэн юм.
Энэ нь зөв, буруу эсэх тухай шийдвэр бус, харин ахлагч Даллин Х.Өүксийн “Бид олон янзын сонголтуудын талаар бодож байхдаа аливаа зүйлс зүгээр л сайн байх нь хангалттай бус юм гэдгийг санах ёстой. Зарим нь илүү сайн байхад өөр зарим нь бүр хамгийн сайн нь байдаг” хэмээн бидэнд заасан, сайн ба илүү сайн хоёрын хоорондох шийдвэр байсан юм (“Good, Better, Best,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 11-р сар, 104–105).
Тэгвэл бид хамгийн сайн шийдвэрийг гаргасан гэдэгтээ хэрхэн итгэлтэй байж чадах вэ?
Энд миний сурсан хэдэн зарчим байна.
1-р зарчим: Бид сонголтуудаа бодож үзэхдээ эцсийн зорилго маань юу билээ гэдгийг санах хэрэгтэй
Амьдралдаа болон хайрладаг хүмүүст маань нөлөөлөх үр дагаврыг нь сайн ойлголгүйгээр шийдвэр гаргах нь зарим эрсдлийг дагуулдаг. Хэдий тийм ч, хэрэв бид эдгээр шийдвэрийнхээ ирээдүйд гарч болох үр дагавруудыг олж мэдвэл, одоо явах хамгийн сайн замыг илүү тодорхой харж чадна.
Бид хэн гэдгээ, яагаад энд байгаагаа болон Их Эзэн энэ амьдралд биднээс юу хүсэж буйг ойлгох нь илүү өргөн алсын хараатай амьдрахад бидэнд тусалдаг.
Бид илүү өргөн алсын хараатай амьдрахын тулд ямар замаар хэрхэн явахыг тодорхой заасан жишээнүүдийг судруудаас олж чадна.
Мосе Их Эзэнтэй нүүр нүүрээ харан ярилцаж, авралын төлөвлөгөөний тухай сурч мэдэн, Израилийн цугларалтын бошиглогчийн хувьд өөрийнхөө үүргийг илүү сайн ойлгосон.
“Мөн Бурхан Мосед ярьж, хэлсэн нь: Болгоогтун, бибээр Их Эзэн Бүхнийг Чадагч Бурхан болой. …
“…мөн бибээр гарынхаа бүтээлийг чамд үзүүлье. …
“Мөн чамд зориулсан ажил надад буй, Мосе, хүү минь” (Мосе 1:3–4, 6).
Ийм ойлголттойгоор Мосе цөлд олон жилийн зовлон зүдгүүрүүдийг тэвчиж, Израилийг гэр рүү нь эргэн хөтөлж чадсан юм.
Мормоны Номын агуу бошиглогч Лихай нэгэн зүүд зүүдэлж, гэр бүлээ амлагдсан нутаг руу удирдах номлолоо зүүднээсээ мэдэж авсан байдаг.
“Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн миний эцэгт, бүр зүүд нойронд нь, тэрээр гэр бүлээ авч мөн аглаг буйд тийш одвол зохино хэмээн зарлиглажээ.
“… Мөн тэр өөрийн гэр, бас өвлөж ирсэн нутгаа, бас алт болон мөнгөө, бас үнэт зүйлсээ орхин … одсон ажгуу” (1 Нифай 2:2, 4).
Лихай Иерусалим дахь амар тайван амьдралаа орхиж, аяллын хүнд бэрхээс халшралгүй, энэ үзэгдэлдээ итгэлтэй хэвээр үлдсэн билээ.
Бошиглогч Иосеф Смит бол өөр нэгэн агуу жишээ юм. Тэрээр Анхны үзэгдлээс эхлээд, олон илэрхийлэлтээр дамжуулан бүх зүйлийг сэргээх номлолоо гүйцэлдүүлж чадсан билээ (Иосеф Смит—Түүх 1:1–26-г үзнэ үү).
Харин бидний тухайд юу гэж хэлэх вэ? Их Эзэн бидний хүн тус бүрээс юу хүлээж байдаг юм бол?
Бид энэ тухай ойлгох гэж тэнгэр элчүүдийг харах хэрэггүй. Бидэнд судрууд, ариун сүм, амьд бошиглогчид, мөн патриархын адислал, сүнслэгээр өдөөгдсөн удирдагчид болон энэ бүгдээс дээгүүр, шийдвэрүүдийг маань чиглүүлж өгөх хувийн илэрхийлэлт хүлээн авах эрх байгаа.
2-р зарчим: Бид учрах сорилтуудад бэлтгэгдсэн байх хэрэгтэй
Амьдрал дахь хамгийн сайн зам хамгийн дардан нь байдаггүй. Ихэнхдээ энэ нь яг эсрэгээрээ байдаг. Бид миний сая дурдсан бошиглогчдын жишээнүүдээс үүнийг харж чадна.
Moсе, Лихай, Иосеф Смит нарын шийдвэрүүд зөв байсан ч, аялал нь тийм ч амар хялбар байгаагүй юм.
Бид шийдвэрүүдийнхээ төлөөсийг төлөх хүсэлтэй байна уу? Бид илүү сайн газарт хүрэхийн тулд тав тухтай бүсүүдээ орхиход бэлтгэгдсэн үү?
Патриархын адислалтай холбоотой туршлага руугаа эргэн ороход, би тухайн үед Америкийн их сургуульд суралцан, нэмэлт боловсрол олж авахыг эрэлхийлж, мөн тэтгэлэг авах хүсэлт гаргах ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Хэрэв би сонгогдвол, ажлаасаа гарч, байгаа бүх зүйлээ зараад, хоёр жилийн турш тэтгэлэгт оюутан болж амьдрахаар Нэгдсэн Улсад ирэх ёстой байлаа.
ТОЕФЛ, ЖиМАТ зэрэг шалгалт нь давах ёстой эхний сорилт болсон юм. Их сургуульд тэнцэх гэж би чилийсэн гурван жилийн туршид бэлтгэж, олон ч удаа үгүй, зарим үед магадгүй гэсэн хариултыг авч байв. Би гурван жил хүлээсний эцэст тэтгэлэг хариуцсан хүнээс хүлээн авсан дуудлагаа одоо ч гэсэн санадаг.
Тэр “Карлос, надад чамд хэлэх зарим сайн, зарим муу мэдээ байна. Сайн мэдээ нь гэвэл, чи энэ жилийн сүүлчийн шатанд шалгарсан гурван хүний нэг болсон.” Тэр үед ердөө ганцхан хүний орон тоо байсан юм. “Муу мэдээ нь гэвэл, өөр нэг нэр дэвшигч нь хэн нэгэн чухал хүний хүүхэд бөгөөд нөгөөх нь бас нэг чухал хүний хүүхэд юм, тэгээд дараа нь чи” гэлээ.
Би тэр даруй “Тэгээд дараа нь би … Би бол Бурханы хүү” хэмээн хариулсан юм.
Аз болоход, дэлхийн эцэг эх маань шийдвэрлэх хүчин байгаагүйгээс би тэр жилдээ, 1992 онд сургуульдаа тэнцсэн билээ.
Бид Бүхнийг Чадагч Бурханы хүүхдүүд. Тэр бидний Эцэг. Тэр биднийг хайрладаг бөгөөд Түүнд бидэнд зориулсан төлөвлөгөө бий. Бид энэ амьдралд цагаа үрж, хөгширч, үхэхээр ирээгүй юм. Бурхан биднээс өсөж хөгжин, чадавхдаа хүрээсэй гэж хүсдэг.
Ерөнхийлөгч Томас С.Монсон “Та нар ганц бие ч бай, гэрлэсэн ч бай хүн тус бүр наснаасаа үл хамааран сурч мөн өсөж хөгжих боломжтой. Тэнгэрлэг чадавхынхаа сүр хүчийг дүүргэхийн тулд шинжлэх ухааны хийгээд сүнслэг байдлын мэдлэгээ хоёуланг өргөжүүл” гэж хэлсэн байдаг (“The Mighty Strength of the Relief Society,” Ensign, 1997 оны 11-р сар, 95).
3-р зарчим: Бид хэтийн төлөвөө хайртай хүмүүстэйгээ хуваалцах хэрэгтэй
Хийж байгаа өөрчлөлтийн чухлыг ойлгоход нь Лeмен, Лемуел хоёрт туслахаар Лихай хэд хэдэн удаа оролдсон юм. Эцэгийнхээ хэтийн төлөвийг ойлгож, санал нэгдээгүй байдал нь тэднийг аяллынхаа туршид бувтнахад хүргэсэн. Харин Нифай эцгийнхээ харсныг харахын тулд Их Эзэнийг эрэлхийлсэн билээ.
“Мөнхүү улиран тохиох дор би, Нифай, эцгийнхээ бүх үгсийг, түүний үзэгдэлд харсан тэдгээр зүйлүүдийн талаар, … Ариун Сүнсний хүчээр эдгээр зүйлийг би … түүнчлэн өөрөө харж бас сонсож, түүнчлэн мэдэхийг хүсч байлаа” (1 Нифай 10:17).
Ийм хэтийн төлөвтэй байсны ачаар Нифай аяллынхаа сорилтуудыг даваад зогсохгүй, шаардлагатай үед нь гэр бүлээ удирдан залж чадсан юм.
Биднийг тодорхой нэгэн замаар явахаар шийдэхэд биднийг хайрладаг хүмүүс үүнд өртдөг бөгөөд зарим нь бүр сонголтын маань үр дүнг хуваалцах нь ч олонтоо тохиолддог. Төгс байдлын үүднээс авч үзвэл, тэд бидний юу харж байгааг харж чадах төдийгүй биднийхтэй адил итгэл үнэмшилтэй болох хэрэгтэй. Энэ нь үргэлж боломжтой байдаггүй ч, хэрэв ийм зүйл тохиолдвол аялал илүү хялбар байх болно.
Тайлбар болгон ашиглаж байгаа хувийн туршлагад эхнэрийн маань дэмжлэг надад хэрэгтэй байсан нь эргэлзээгүй. Хүүхдүүд маань бага байсан учир тэдэнд хэлэх зүйл байгаагүй, харин эхнэрийн маань дэмжлэг тун их хэрэгтэй байлаа. Эхлээд Моника бид хоёр түүнийг таатай мэдрэмжтэй болж, амлалт өгөх хүртэл нь төлөвлөгөөнүүд дэх өөрчлөлтийг хянамгай ярилцах хэрэгтэй байсныг би санаж байна. Энэ хамтын хэтийн төлөв нь тэрээр өөрчлөлтийг дэмжээд зогсохгүй мөн амжилтын маань чухал хэсэг болоход түүнд нөлөөлсөн юм.
Энэ амьдралд бидэнд зориулсан төлөвлөгөө Их Эзэнд байдаг гэдгийг би мэднэ. Тэр биднийг мэддэг. Тэр бидэнд юу хамгийн сайн гэдгийг мэддэг. Бүх зүйл сайн сайхан, дардан байна гэдэг нь илүү сайн зүйл байгаа эсэх тухай үе үе бодох хэрэггүй гэсэн үг биш юм. Хэрэв бид одоогийнх шигээ амьдарсаар байвал бидэнд амлагдсан адислалууд биелэгдэх болов уу?
Бурхан амьдардаг. Тэр бидний Эцэг. Аврагч Есүс Христ амьд бөгөөд Түүний цагаатгагч золиослолоор дамжуулан өдөр тутмын сорилтуудыг давах хүч чадлыг олж чадна гэдгийг би мэднэ. Есүс Христийн нэрээр, aмен.