2010–2019
Бидний найдварын учир шалтгаан
Аравдугаар сар 2014


12:49

Бидний найдварын учир шалтгаан

Гэтэлгэлд найдвар тавих талаарх гэрчлэл нь тоолж эсвэл хэмжиж болдог зүйл биш. Есүс Христ бол итгэл найдварын эх ундарга мөн.

Пакэр эгч бид хоёр хэдэн жилийн өмнө Оксфордын их сургуульд очсон юм. Бид ес дэх үеийн элэнц өвөг эцгийнхөө цэдгийг хайж байлаа. Оксфорд дахь Христийн коллежийн захирал доктор Поппэлвэл, коллежийн архивчаар цэдгүүдийг авчруулсан юм. Тийнхүү бид 1583 оны цэдгүүдээс миний өвөг дээдэс болох Жон Пакэрын нэрийг олж билээ.

Дараа жил нь бид Оксфорд руу Христийн коллежийн номын санд маш нямбайлан нэгтгэсэн судруудыг хандивлахаар буцаж очлоо. Эрдэмтэн Поппэлвэлд энэ нь тийм ч таатай биш санагдсан байх. Магадгүй тэр биднийг Христийн шашинтан биш хэмээн үнэхээр боддог байсан биз ээ. Тиймээс тэрээр судруудыг авахуулахаар тус коллежийн шашны ажилтныг дуудлаа.

Би судруудаа шашны ажилтанд шилжүүлж өгөхөөсөө өмнө Сэдэвчилсэн удирдамжийн 18-р хуудсыг нээж, нэг сэдвийг: ихэд нямбай, шигүүхэн зайтай шивсэн “Есүс Христ” нэртэй сэдвийн эшлэлүүдийн жагсаалтыг түүнд үзүүллээ. Энэ бол Аврагч гэсэн сэдвээр дэлхийн түүхэнд урьд хожид эмхтгэл болон нийтлэгдэж байгаагүй бүх талыг хамарсан судрын эшлэлүүд---Хуучин ба Шинэ Гэрээ, Мормоны Ном, Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувдаас авсан гэрчлэл юм.

Би түүнд “хэрэв та эдгээр эшлэлүүдийг эхнээс нь дуустал, дээрээс нь доош нь, ном болгоныг алгасалгүй, сэдэв бүрээр судалбал эдгээр нь Их Эзэн Есүс Христийн бурханлаг үүрэг зорилго---Түүний төрөлт, амьдрал, сургаал, Түүний цовдлолт, Амилалт ба Цагаатгалын тухай хоорондоо зохицолдсон, нягт уялдаа холбоотой гэрчлэл болохыг олж мэдэх болно” гэж хэллээ.

Би сайхь шашны ажилтантай Аврагчийн зарим сургаалын тухай хуваалцсаны дараа бидний талаарх түүний бодол өөрчлөгдөж, тэрээр биднийг барилга байгууламжаараа оруулж, саяхан газар дороос ухан гаргасан Ромын эзэнт гүрний үед хамаарах хадны зургуудыг үзүүлсэн юм.

Сэдэвчилсэн удирдамжийн жагсаалтад Есүс Христийн бас нэгэн гэрээ---Мормоны Номын “Мөн бидний хүүхдүүд нүглээс ангижрахын тулд ямар сурвалжийг хайж болохыг мэдэж болохын тулд бид Христийн тухай ярьж, бид Христэд баясч, бид Христийн талаар номлож, бид Христийн тухай бошиглож, мөн бид бошиглолуудынхаа дагуу бичдэг болой” (2 Нифай 25:26) гэсэн энэхүү эшлэл багтсан байлаа.

Аврагч “Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй” (Иохан 14:6) хэмээн Өөрийн үгээр тунхаглажээ.

Мөн Тэрбээр Мормоны Номонд тунхаглахдаа: “Болгоогтун, өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр дэлхийн үүслээс бэлтгэгдсэн нь би болой. Болгоогтун, бибээр Есүс Христ. Бибээр Эцэг мөн Хүү. Надаар бүх хүмүүн төрөлхтөн амьдралыг, бүр миний нэрэнд итгэх тэд мөнхийн түүнийг хүртэх болно; мөн тэд миний охид, мөн миний хөвгүүд болох болно” (Ифер 3:14) гэжээ.

Мөнх бус амьдралд төрсөн эсвээс төрөх бүх хүмүүний Гэтэлгэгч Есүс Христийн бурханлаг үүргийг тунхагласан өөр олон эшлэл жишиг бүтээлүүдийн эхнээс аваад дуустал байдаг.

Бид бүгд Есүс Христийн Цагаатгалаар Едений цэцэрлэгт Адам, Ева хоёр хориглогдсон жимснээс хүртсэнээс үүдэлтэй хүмүүний Уналтаас аврагдах бөгөөд Коринтын номонд “Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьдруулагдах болно” (1 Коринт 15:22) хэмээн нотолсон байдаг.

Мормоны Номонд “Учир нь цагаатгал хийгдэх нь зайлшгүй юм; … эс бөгөөс бүх хүн төрөлхтөн гарцаагүй мөхөх ёстой; тийм ээ, бүгд хатуурсан; тийм ээ, бүгд унасан мөн төөрөлдсөн, мөн … хэмжээлшгүй хийгээд мөнхийн золиослол… цагаатгалаар бус аваас мөхөх ёстой” (Алма 34:9–10) хэмээн заажээ.

Бид төгс амьдралаар амьдардаггүй бөгөөд бидний гаргасан алдаа дутагдал бүрд оногдсон шийтгэл байдаг. Гэвч бид энэ дэлхийд ирэхээсээ өмнө Түүний хуулиудад дуулгавартай байж, хуулийг зөрчсөн үедээ шийтгүүлнэ гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.

“Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй;

харин Христ Есүс доторх золилтоор дамжуулан Түүний нигүүлслээр үнэгүй зөвтгөгдсөн билээ” (Ром 3:23–24).

Аврагч биднийг толбогүй цэвэр болох замаар хангаж Цагаатгалыг гүйцэтгэсэн юм. Есүс Христ бол амилсан Христ. Бид Түүний Гетсемани цэцэрлэг болон загалмай дээр бид бүгдийн төлөө зовон тарчилсан болон бидний хүн нэг бүрийн төлөө хүлцэн тэвчсэн зовлон шаналлыг нь ойлгон, Түүнийг бишрэн шүтдэг билээ. Тэрээр энэ бүхнийг агуу даруу байдал болон Өөрийн тэнгэрлэг үүрэг, зорилгыг мөнхөд ойлгосноор гүйцэтгэсэн юм.

Түүний нигүүлсэнгүй мутар бидэнд туслахад бэлэн байдгийг наманчилж, гэм нүглээ орхих хүмүүс олж мэдэх болно. Түүний Өөрийнх нь болон сонгосон үйлчлэгчдийнх нь үгийг сонсож, дагадаг хүмүүс гай зовлон, уй гашуугийн үед ч гэсэн амар амгаланг олох болно. Түүний золиослолын үр дүн нь биднийг нүглийн үр дагавруудаас чөлөөлснөөр аливаа гэм буруу арилж, бид итгэл найдварыг мэдрэх явдал мөн.

Хэрэв Тэрээр Цагаатгалыг гүйцэтгээгүй бол гэтэлгэл гэж байхгүй байх байсан. Хэрэв бидний алдаа дутагдлыг хэзээ ч уучилж өршөөдөггүй, бид өөрсдийгөө хэзээ ч ариусгаж, урагш ахидаггүй байсан бол энэ дэлхий дээр амьдрахад хэцүү байх байсан.

Есүс Христийн нигүүлсэл ба ач ивээл нь буруу зүйл хийдгээс улбаатай нүгэл, мөн зөв зүйлийг хийдэггүйгээс үүдэлтэй нүгэл үйлддэг хүмүүсээр хязгаарлагддаггүй, харин Түүнийг болон Түүний сургаалуудыг хүлээн зөвшөөрч дагах тэд бүгдэд үүрдийн амар амгалангийн амлалтыг өгдөг. Түүний нигүүлсэл хүчирхэг эдгээгч бөгөөд бусдын гэм нүглийн золиос болсон хүмүүсийг ч мөн эдгээдэг.

Би амьдралдаа их зовлон үзсэн ч түүнийгээ даван туулсан нэгэн эгчээс саяхан нэг захиа хүлээн авсан билээ. Тэрээр тодорхой дүрслэн хэлээгүй ч, хэн нэгэн нь түүний эсрэг аймшигт хэрэг үйлдсэн ажээ. Тэр эмэгтэй ихэд хорсон занаж байснаа хүлээн зөвшөөрсөн. Тэрээр уурандаа “Хэн нэгэн нь үүний төлөөсийг төлөх ёстой” хэмээн дотроо хашгирсаар байсан гэнэ. Түүнийг ийнхүү уй гашууд автан, сууж байхад “Хэн нэгэн аль хэдийн төлөөсийг нь төлсөн” гэсэн хариултыг тэр мэдэрсэн гэж бичсэн байлаа.

Хэрэв бид Аврагчийн золиослол бидэнд яаж үйлчилж болохыг мэдэхгүй байсан бол ямар нэг зөв зүйл хийгээгүйнхээ төлөө эсвэл хэн нэгнийг гомдоосныхоо төлөө насан туршдаа харамсал тээж явах байсан биз ээ. Алдаа дутагдлаас үүдэлтэй гэм бурууг арилгаж болно. Хэрэв бид Түүний Цагаатгалыг ойлгохоор эрэлхийлбэл, Их Эзэн Есүс Христ, Түүний дэлхий дээрх тохинуулал болон Аврагчийн хувиар гүйцэтгэсэн Түүний тэнгэрлэг үүрэг зорилгыг гүнээ дээдлэн хүндлэх болно.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм Аврагчийн амьдрал болон сургаалын тухай мэдлэгийг дэлхий даяар дэлгэрүүлэх зорилгоор сэргээгдсэн юм. Энэхүү агуу чуулган хиймэл дагуулаар дэлхийн 102 хэлээр цацагдаж байгаа бөгөөд Сүм оршин байгаа үндэстэн бүр чуулганыг интернэтээр үзэх боломжтой. Манай Сүм 3000 гаруй гадастай. Бүрэн цагийн номлогчдын тоо 88000 гаруй болж, Сүмийн нийт гишүүнчлэл 15 саяас даваад байгаа билээ. Энэхүү тоон үзүүлэлт “Сайн мэдээ өвч дэлхийг дүүргэх хүртлээ гараар урагш өнхрүүлэлгүй уулнаас таслагдсан чулуу лугаа адил, дэлхийн бүх хязгааруудад урагш түгэх болно” (С ба Г 65:2) хэмээн илчлэгдсэний нотолгоо болж байна.

Гэхдээ Сүмийн байгууллага хэр том, хэдэн сая гишүүн бидний эгнээнд нэгдэж, хэдэн тив, хэчнээн улсад манай номлогчид очсон, бид хэдэн өөр хэлээр ярьж байгаа нь хамаагүй, Есүс Христийн сайн мэдээний амжилт нь гишүүн нэг бүрийн сүнслэг байдал хэр зэрэг бат бөх байгаагаар хэмжигддэг. Бидэнд Христийн үнэнч шавь бүрийн зүрх сэтгэлд орших итгэлийн хүч хэрэгтэй байдаг.

Гэтэлгэлд найдвар тавих талаарх гэрчлэл нь тоолж эсвэл хэмжиж болдог зүйл биш. Есүс Христ бол итгэл найдварын эх ундарга мөн.

Бид залуу, настай, гэрлэсэн болон ганц бие бүх хүний гэрчлэлийг хүчирхэгжүүлэхийг хичээдэг. Бид Есүс Христийн сайн мэдээг эрэгтэй, эмэгтэйчүүд, хүүхдүүд, бүх үндэстэн, ястны хүмүүс, баян, ядуу хэнд ч гэсэн заах хэрэгтэй. Бидэнд шинэ хөрвөгчид бас Сүмийн эхэн үеийн анхдагчдаас эхлэн хэдэн үеэрээ гишүүн байгаа хүмүүс хэрэгтэй. Бид сайн мэдээний дагуу амьдрах замаасаа гажсан гишүүдийг хайн олж, гишүүнчлэлдээ эргэн ирэхэд нь туслах хэрэгтэй. Бидэнд хүн нэг бүрийн мэргэн ухаан, зөн билэг, сүнслэг хүч чадал хэрэгтэй. Энэ Сүмийн гишүүн нэг бүр хувь хүнийхээ хувьд Сүмийн бие бүрэлдэхүүний нэн чухал хэсэг билээ.

“Учир нь бие нэг атлаа олон эрхтэнтэй байдаг. Биеийн бүх эрхтнүүд нь хэдийгээр олон боловч нэг бие болдог мэт Христ ч мөн тийм болой.

“Бид бүгдээрээ нэг Сүнсээр нэг бие уруу баптисм хүртсэн. …

“Учир нь бие бол ганц эрхтэн бус, харин олон эрхтэнтэй” (1 Коринт 12:12–14).

Гишүүн бүр Есүс Христийн сургаалын болон амьдралын гэрч юм. Бид Сатаны хүчтэй дайтаж байгаа бөгөөд бидний хүн нэг бүр Аврагчийн биднээр хийлгэх ажилд амжилт гаргах хэрэгтэй.

Та магадгүй “Би ганцхан хүн юм чинь юу хийж чадах вэ дээ?” гэж бодож болох юм.

Иосеф Смит ч заримдаа маш их ганцаардаж байсан шүү дээ. Тэр 14 настай хөвгүүн байхдаа “Эдгээр бүх сүмүүдээс би алинд нь нэгдэх хэрэгтэй вэ?” (Иосеф Смит - Түүх 1:10-ыг үзнэ үү) гэсэн асуулт тавьснаар агуу нэгэн болох эхлэл нь тавигдсан юм. Аврагчийн талаарх Иосефын итгэл болон гэрчлэл нь “шат шатаар, дүрэм дүрмээр, энд бяцхан мөн тэнд бяцханаар” (2 Нифайн 28:30; мөн С ба Г 128:21-ийг үзнэ үү) өссөн бөгөөд биднийх ч мөн тэгж өсөх ёстой. Иосеф залбирахаар өвдөг сөгдөхөд тэрхүү залбирал болон Анхны үзэгдлийн ачаар ямар агуу зүйлс тохиосон билээ!

Би Арванхоёр Төлөөлөгчийн нэгний хувьд Их Эзэн Есүс Христийн талаар гэрчлэлээ хэлж байна. Тэр амьд. Тэрээр бидний Гэтэлгэгч бөгөөд Аврагч. “Есүс Христийн Цагаатгалаар бүх хүн төрөлхтөн аврагдана” (Итгэлийн тунхаг 1:3). Тэрээр энэ Сүмийг тэргүүлдэг. Тэрээр үйлчлэгчдийнхээ хувьд харь хүн биш. Бид ирээдүй рүү итгэлтэй урагш тэмүүлэхэд Түүний Сүнс бидэнтэй хамт байх болно. Үнэнийг хийгээд зөв шударга байдлыг эрж хайдаг хүмүүсийн амьдралыг адислах болон удирдан чиглүүлэх Түүний хүчинд эцэс төгсгөл гэж үгүй. Би Түүний талаарх энэхүү гэрчлэлийг Есүс Христийн нэрээр хэллээ, амен.