Иосеф Смит
Есүс Христ сайн мэдээний сэргээлтийг удирдуулахаар ариун, зөв шударга хүнийг сонгосон юм. Тэрээр Иосеф Смитийг сонгосон билээ.
Иосеф Смитийг 17 настай байхад анх уулзсан, өөрийгөө Моронай хэмээн танилцуулсан тэнгэр элч түүнийг нэрээр нь дуудаж, өөрийгөө Бурханы дэргэдээс илгээгдсэн элч гэдгийг, мөн Бурханд түүгээр хийлгэх ажил бий хэмээн хэлжээ. Түүний нэр “бүх үндэстэн, ястан болон хэлтнүүдийн дунд сайнаар бас муугаар дурсагдах болно”1 гэж тэнгэр элч Иосефт хэлэхэд түүнд юу бодогдсон бол? Иосефын гайхсан харцыг харсан Моронай хүмүүсийн дунд түүний нэр сайн ба муугаар дурсагдах болно гэдгийг давтан хэлсэн байж ч болох юм.2
Иосеф Смитэд сайн нэр удаж байж ирсэн бол, түүний талаарх муу яриа тэр даруй тархаж эхэлдэг байв. Иосеф, “Нэрд гараагүй … хөвгүүн … анхаарал татаж, хамгийн харгис мөрдлөг хавчлаг[ын]… санааг төрүүлсэн нь туйлын хачирхалтай санагда[х] болов”3 хэмээн бичжээ.
Иосефыг хайрлах хүмүүсийн тоо нэмэгдэхийн хэрээр дайсагнасан хүмүүс ч мөн олширч байлаа. Тэрээр 38 насандаа, нүүрээ будсан 150 балмад этгээдийн гарт амиа алдсан билээ.4 Бошиглогчийн амь гэнэт сүйдсэн ч, Иосефын талаарх сайн, муу яриа дөнгөж эхэлж байсан юм.
Түүнийг муулахад бид гайхах ёстой юу? Төлөөлөгч Паулыг ч бас галзуу солиотой гэж дуудаж байсан гэдэг.5 Тэр байтугай бидний хайрт Аврагч, Бурханы Хүүг ховдог, архичин, чөтгөр шүгэлсэн хэмээн нэрлэж байсан юм.6
Их Эзэн Иосефт ирээдүйнх нь талаар зөгнөн:
“Дэлхийн хязгаарууд чиний нэрийг асууж сураглах болно, мөн мунхгууд чамайг элэг доог болгох болно, мөн там чиний эсрэг уурлан хилэгнэх болно;
“Нөгөө талаар зүрх сэтгэлдээ цэвэр ариун, … шударга, мөн ариун журамтай … адислалуудыг чиний гар дороос байнга эрэлхийлэх болно”7 гэж хэлсэн байдаг
Яагаад Их Эзэн хорон муу амтнуудыг сайн хүмүүсийн араас мөшгөж хөөцөлдөхийг нь зөвшөөрдөг юм бол? Бурханы зүйлсийн эсрэг зөрчилдөөн нь хариултаа авахын тулд үнэнийг эрэлхийлэгчдийг өвдөг сөгдөхөд хүргэдэг нь үүний нэг шалтгаан юм.8
Иосеф Смит бол сэргээлтийн бошиглогч билээ. Эцэг, Хүү хоёр түүнд үзэгдэж, сүнслэг ажил эхэлсний дараа олон тооны тэнгэр элч түүн дээр ирсэн билээ. Тэрээр ариун судар, алдагдсан сургаал ба санваарыг сэргээхэд гар биеэрээ оролцсон Бурханы мутар дахь зэмсэг байсан. Иосефын хийж гүйцэтгэсэн ажил ямар чухал болохыг ойлгоход бидэнд оюуны чадамжаас гадна Иосефтай адил “Бурханаас асуух”9 ухаан шаардагдах юм. Сүнслэг асуултанд өгөгдөх сүнслэг хариулт гагцхүү Бурханаас ирэх ёстой билээ.
Сэргээлтийн ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн ихэнх нь тэнгэрлэг элчүүд дэлхий дээрх хүмүүстэй ярьдаг гэдэгт огт итгэдэггүй. Тэнгэр элч алтан ялтсуудыг авчирч, түүнийг Бурханы хүчээр хөрвүүлэх нь яаж ч бодсон боломжгүй зүйл гэж тэд хэлдэг. Энэхүү итгэлгүй байдлаасаа болж тэд Иосефын гэрчлэлийг хүлээн зөвшөөрөлгүй, хурдхан өнгөрөөдөг бөгөөд зарим нь бошиглогчийн амьдралыг ч үгүйсгэж, нэр төрийг нь гутаан доромжлох хүртлээ доошоо ордог нь харамсалтай.
Иосеф Смитийг нэгэн цагт хүндэлж байсан хүн нь хүртэл өөрийн итгэлээс нүүр буруулж, дараа нь бошиглогчийг муулж эхлэхэд бид маш их харуусдаг.10
Ахлагч Нийл А.Максвелл нэгэн удаа “Сүмээс урвасан хүмүүсийн нүдээр сүмийг харах нь Есүсийг ойлгохын тулд Иудастай ярилцлага хийхтэй адил юм. Урвасан хүмүүс орхисон зүйлийнхээ талаар биш, харин өөрсдийнхөө талаар ярих нь л элбэг байдаг”11 хэмээн хэлсэн билээ.
“Та нарыг хараадаг хүмүүсийг ерөө, та нартай буруугаар харьцдаг хүмүүсийн төлөө залбир”12 хэмээн Есүс хэлсэн. Моронай энэ бүхний талаар эртнээс бошиглосон байдгийг санаж, мөн Иосеф бол Бурханы бошиглогч байсан гэдгийг бид зүрх сэтгэлдээ мэдэж байгаа учраас бүгдээрээ Иосеф Смитийг шүүмжилдэг хүмүүст өгөөмөр сайхан сэтгэлээр хандацгаая.
Бошиглогч Иосеф Смитийн талаар сонссон, эсвэл олж уншсан аливаа сөрөг мэдээлэлд эмзэглэж, үнэнийг олж мэдэх хүсэлтэй нэгэнд бид ямар хариулт өгөх ёстой вэ? Мэдээж, бид чин сэтгэлээсээ асуусан, нээлттэй асуултуудад хариулахад хэзээд бэлэн байна.
Иосеф Смитийн зан чанарын талаарх асуултуудад хариулахдаа бид түүнийг сайн таньдаг байсан, бүтээсэн үйлсэд нь амь биеэ зориулсан мянга мянган хүний үгсийг хуваалцаж болох юм. Иосефыг хөнөөсөн танхай балмад этгээдүүдэд дөрвөн удаа буудуулсан Жон Тэйлор “Би Бурхан, тэнгэр элчүүд болон хүмүүсийн өмнө Иосеф бол сайн, нэр төртэй, ариун журамтай хүн байсан бөгөөд тэр ганцаараа, мөн бусадтай байхдаа ч түүний хүн чанар өөгүй цэвэр байсан мөн тэр Бурханы хүний ёсоор амьдарч бас нас барсныг гэрчилж байна” хэмээн дараа нь тунхагласан байдаг.13
Интернэтэд “үнэнийг” шалгах шүүлтүүр байхгүй гэдгийг үнэнийг олж мэдэхийг хүсэгчдэд бид сануулж болох юм. Зарим мэдээлэл хэчнээн үнэмшилтэй ч, шуудхан хэлэхэд үнэн байх нь үгүй билээ.
Би олон жилийн өмнө Time сэтгүүл дээр Мартин Харрисын бичсэн хэмээх захидал олдсон тухай нийтлэлийг олж уншсан юм. Уг захидал нь Мормоны Номын ялтсууд олдсон талаарх Иосеф Смитийн түүхтэй зөрчилдөж байлаа.14
Энэхүү баримтаас болж хэд хэдэн гишүүн Сүмийг орхин одсон юм.15
Харамсалтай нь тэд хэт яарсан байлаа. Хэдэн сарын дараа уг захиа хуурамч болохыг мэргэжилтнүүд олж тогтоосон бөгөөд хуурамчаар үйлдэгч нь буруугаа хүлээсэн юм.16 Та нар хэвлэл мэдээллээр сонссон зүйлсдээ итгэхгүй байж болох ч Бурханы бошиглогчийн гэрчлэлд хэзээ ч эргэлзэх хэрэггүй билээ.
Иосефын талаарх зарим мэдээлэл үнэн байдаг ч тэдгээрийг цаг хугацаа, нөхцөл байдлаас гадуур, тэс өөр агуулгатайгаар танилцуулсан байдгийг үнэнийг олж мэдэх хүсэлтэй хүмүүст сануулах нь зүйтэй болов уу.
Ахлагч Рассэлл М.Нэлсон энэ асуудлыг маш тодорхой тайлбарласан байдаг. Тэрээр: “Би Америкийн Нэгдсэн Улсын Жеоржиа мужийн Атланта хот дахь Эмгэг судлалын үндэсний төвд засгийн газрын зөвлөхөөр ажилладаг байлаа. Би уулзалт дууссаны дараа, онгоцны буудал руу хүргэж өгөх таксигаа хүлээнгээ, ид өвөл болж байгаа Юта руу буцахаасаа өмнө нарны дулаан илчийг хэдхэн хором ч болов мэдрэх гэж зүлгэн дээр хэсэг зуур хэвтсэн юм. … Би хэд хоногийн дараа нэгэн гэрэл зурагчны холоос татаж авсан, зүлгэн дээр хэвтэж байгаа зургаа шуудангаар хүлээж авлаа. Зурагны доод талд ‘Засгийн газрын зөвлөх Үндэсний төвд байгаа нь’ гэсэн тайлбар тавьсан байв. Зураг, тайлбар хоёрын аль аль нь яах аргагүй үнэн байсан ч, үнэн зүйлийг буруу сэтгэгдэл төрүүлэхүйц ашигласан байв.”17 Бид ойлгож ч эхлээгүй байгаа зүйлийн төлөө, мэддэг үнэн зүйлээ хөсөр хаяж болохгүй билээ.
Тэнгэр элчийг айлчлахад Иосеф ганцаараа байгаагүй гэдгийг үнэнийг олж мэдэх хүсэлтэй хүнд бид сануулж болох юм.
Мормоны Номын гэрчүүд, “Мөн Бурханы тэнгэр элч тэнгэрээс доош бууж ирэн, … бид ялтсуудыг үзэж бас харсныг бид чанд үгсээр тунхаглаж байна”18 хэмээн бичсэн байдаг. Үүнээс гадна бид бусад хүний хэлсэн олон ч үгийг эш татаж болох билээ.19
Үнэнийг олж мэдэх хүсэлтэй хүн сэргээгдсэн сургаал дэлхий даяар тархсан явдлыг бошиглогчоороо дамжуулан хийсэн Их Эзэний ажлын үр дүн хэмээн харах ёстой.
Одоо дэлхий даяар 29000 гаруй цуглаан үйл ажиллагаагаа явуулж, 88000 гаруй номлогч сайн мэдээг зааж байна. Сая сая хожмын үеийн гэгээнтэн Есүс Христийг дагаж, нэр төртэй амьдран, ядууст тусалж; цаг зав, авъяас чадвараа бусдад туслахад зориулж байна.
Есүс хэлэхдээ:
“Сайн мод муу үр жимс ургуулж үл чадна, муу мод ч сайн үр жимс ургуулж үл чадна…
…Ийнхүү та нар тэднийг үр жимсээр нь танина”20 гэжээ.
Эдгээр тайлбар үнэмшилтэй байсан ч гэсэн, үнэнийг олж мэдэх хүсэлтэй хүн дан ганц эдгээр баримт дээр суурилан, үнэний эрэл хайгуулаа зогсоож болохгүй юм.
Итгэгч бүр бошиглогч Иосеф Смитийн тэнгэрлэг үйл хэрэг, зан чанарын талаарх сүнслэг баталгааг авах ёстой. Энэ нь бүх үеийн, бүх насны хүмүүст хамаатай. Сүнслэг асуултуудад Бурханаас сүнслэг хариулт өгөгдөх ёстой юм.
Саяхан намайг Америкийн зүүн хэсэгт зочилж байхад нэгэн буцаж ирсэн номлогч бошиглогч Иосеф Смитийн талаарх мэдээллээс болж санаа сэтгэлээр унасан найзынхаа тухай надад ярьсан юм. Тэрээр найзтайгаа хэд хэдэн удаа ярилцсан бөгөөд эцэст нь өөрөө ч бас бага зэрэг эргэлзэж эхэлсэн мэт байдалтай байв.
Найздаа туслахыг хүсэж байгаа тэр залуугийн сэтгэлийг би ойлгож байсан ч, өөрийнхөө гэрчлэлийг алдах вий гэхээс түүнд санаа зовж байлаа. Ах, эгч нар аа, би та нарт нэг зүйлийг анхааруулмаар байна. Та нарын итгэл бат бөх суурилагдаагүй бол та бусдад хангалттай тус хүргэж чадахгүй.
Хэдэн долоо хоногийн өмнө би Өмнөд Америк руу онгоцоор нисэж байлаа. Онгоцны үйлчлэгч биднээс аюулгүйн зааварчилгааны бичлэгт анхаарлаа хандуулахыг хүсэв. “Хэдийгээр ийм зүйл тохиолдох нь ховор ч, бүхээгний агаарын даралт өөрчлөгдөхөд таны суудлын дээрх таг нээгдэж, хүчилтөрөгчийн баг гарч ирнэ. Ингэсэн тохиолдолд та дээр байгаа багийг өөр рүүгээ татаж авах ёстой. Тэгээд ам, хамраа таглан, багийг зүү. Зориулалтын сунадаг уяаг толгойдоо углаж, өөртөө тохируулан чангал” гэсний дараа “Бусдад туслахаасаа өмнө өөрийнхөө багийг зөв өмсөөрэй” гэсэн анхааруулгыг өгсөн юм.
Аврагчийн Хоёр дахь ирэлт ойртохын хэрээр бошиглогч Иосеф Смитийн талаарх сөрөг мэдээлэл улам бүр ихсэх болно. Хагас дутуу үнэн мэдээллүүд болон нарийн заль мэхүүд багасахгүй. Та нарын тусламж хэрэгтэй гэр бүлийн гишүүд, найз нөхөд ч гарч ирэх болно. Үнэнийг эрэлхийлэгчдэд туслахад бэлэн байхын тулд та яг одоо өөрийнхөө хүчилтөрөгчийн сүнслэг багийг зөв тааруулж өмссөн байх ёстой билээ.21
Бошиглогч Иосеф Смитийн талаарх гэрчлэл хүн бүрд өөр өөр арга замаар ирж болно. Та өвдөглөн суугаад, түүнийг жинхэнэ бошиглогч байсан эсэхийг Бурханаас асууж залбирах үед энэ гэрчлэл ирж болох юм. Та бошиглогчийн анхны үзэгдлийн тухай гэрчлэлийг унших үед ч энэ нь ирж магадгүй. Мормоны Номыг дахин дахин унших явцад гэрчлэл нь таны бодгальд дусал дуслаар ирэн, хуримтлагдаж болно. Та индэр дээрээс Иосеф Смитийн талаар гэрчлэлээ хуваалцах үед, эсвэл лацдан холбох хүч Иосеф Смитээр дамжин ирж, дэлхийд сэргээгдсэн гэдгийг ариун сүмд байхдаа ухааран ойлгох тэр мөчид ч энэ гэрчлэл ирж болно.22 Та итгэлтэй бөгөөд чин хүсэл эрмэлзлэлтэй байснаар бошиглогч Иосеф Смитийн талаарх таны гэрчлэл хүчирхэгжинэ. Та хажуу талаас тасралтгүй ширүүхэн ирэх усан бөмбөлгүүдэд хааяа оногдож, норж болох ч, тэдгээр нь хэзээ ч, ямар ч нөхцөлд итгэлийн тань дүрэлзэх галыг унтрааж чадахгүй.
Өнөөдөр бидний үгийг сонсож байгаа, эсвэл хэдэн өдрийн хойно унших өсвөр үеийнхэндээ хандаж хэлэхэд, би бошиглогч Иосеф Смитийн талаар өөрийн гэсэн гэрчлэлтэй болцгоогоорой гэсэн онцгой нэгэн даалгаврыг өгөх гэсэн юм. Бошиглогчийн талаар сайнаар дурсагдах болно гэсэн Моронайн бошиглолын үгс биелэхэд та нарын дуу хоолой туслах болтугай. Би та нарт үүнийг хэрэгжүүлэхэд тань туслах хоёр зүйлийг санал болгоё. Нэгд, та нар гарцаагүй үнэн гэдгийг мэдэрсэн, мэддэг судрынхаа хэсгийг Мормоны Номоос ол. Дараа нь түүнийгээ гэр бүлийн үдэш, семинар, Залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн бүлгийн хичээл дээр хуваалцаж, Иосеф нь Бурханы мутар дахь зэмсэг байсан гэдгийг хүлээн зөвшөөр. Хоёрт, Агуу Үнэт Сувд судраас, эсвэл одоогийн байдлаар 158 хэл дээр орчуулагдан гарсан байгаа энэхүү товхимлоос бошиглогч Иосеф Смитийн гэрчлэлийг олж унш. Та нар түүний гэрчлэлийг интернэт дээрх LDS.org вэбсайтаас, эсвэл номлогчдоос олж авах боломжтой. Энэ нь яг ямар үйл явдал болсон талаарх Иосефийн өөрийнх нь бичсэн гэрчлэл юм. Үүнийг байнга уншиж байгаарай. Иосеф Смитийн гэрчлэлийг өөртөө сонсдохоор уншиж, бичлэг хийснийхээ дараа түүнийгээ байнга сонсож, найз нөхөдтэйгөө хуваалцахыг бодоорой. Бошиглогчийн гэрчлэлийг өөрийнхөө дуу хоолойгоор сонсох нь эрэлхийлж буй гэрчлэл тань танд ирэхэд тус болно.
Бидний өмнө агуу бөгөөд гайхамшигт өдрүүд хүлээж байна. Ерөнхийлөгч Томас С.Монсон “Энэхүү агуу зорилгын төлөө бид үргэлжлүүлэн урагшилж, амьдралуудыг адислан өөрчлөх болно. Бурханы ажлыг энэ дэлхийн ямар ч хүч зогсоож чадахгүй. Юу ч тулгарсан гэсэн энэхүү агуу ажил урагшлах л болно” гэж хэлсэн.23
Би та бүхэнд Есүс бол Христ, бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч мөн болохыг гэрчилж байна. Тэрээр сайн мэдээний сэргээлтийг удирдуулахаар ариун, зөв шударга хүнийг сонгосон юм. Тэр Иосеф Смитийг сонгосон билээ.
Иосеф Смит бол Их Эзэн, Есүс Христийн шавь, шударга, ариун журамт хүн байсан гэдгийг би гэрчилж байна. Бурхан Эцэг мөн Түүний хүү, Есүс Христ түүнд үзэгдсэн билээ. Тэрээр Мормоны Номыг Бурханы бэлэг хийгээд хүч чадлаар орчуулсан юм.
Хөшигний цаана буй газарт очихдоо бид бошиглогч Иосеф Смитийн ариун дуудлага, бурханлаг үйл хэргийн талаар илүү бүрэн дүүрэн ойлголттой болно. Тэрхүү удахгүй ирэх өдөр миний бие, мөн та нар болон “сая сая хүн ‘Иосеф ахыг’ дахин мэдэцгээнэ.”24 Есүс Христийн нэрээр, амен.