2010–2019
Ариун ёслол бол бодгалийг шинэчлэгч
Аравдугаар сар 2014


10:39

Ариун ёслол бол бодгалийг шинэчлэгч

Ариун Сүнс бидний бодгалиудыг эдгээж, шинэчилдэг. Ариун ёслолын амлагдсан адислал нь бид “түүний Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлга[х]” амлалт юм.

Хэсэг залуу эмэгтэй надаас нэг удаа “Та бидний насан дээр, залуу байхдаа юуг мэддэг байсан ч болоосой гэж хүсдэг байсан бэ?” гэж асуусан юм. Хэрэв би одоо энэ асуултад хариулбал ингэж хэлэх байсан: “Би та нарын насан дээр, залуу байхдаа ариун ёслолын ач холбогдлыг илүү сайн ойлгодог байсан ч болоосой гэж хүсдэг. Би ариун ёслолыг ахлагч Жэффри Р.Холландын тодорхойлсон шиг ойлгодог байсан ч болоосой. Тэрээр ‘Ариун ёслолтой салшгүй холбоотой урилгуудын нэг нь энэ ёслолыг жинхэнэ сүнслэг туршлага, ариун харилцаа, бодгалийн шинэчлэл болгох урилга юм’1 гэж тодорхойлсон.”

Ариун ёслол нь хэрхэн долоо хоног бүр “жинхэнэ сүнслэг туршлага, ариун харилцаа, бодгалийн шинэчлэл” байж чадах вэ?

Бид ариун ёслолын залбирлуудыг сонсож, мөн гэрээнүүдээ дагах амлалтыг дахин өгөх үед ариун ёслол нь сүнслэг байдлыг хүчирхэгжүүлэх туршлага болдог. Үүнийг хийхийн тулд бид Христийн нэрийг өөрсөд дээрээ авахад бэлэн байх ёстой.2 Энэ амлалтын талаар ерөнхийлөгч Хэнри Б.Айринг: “Энэ нь бид өөрсдийгөө Түүнийх гэдгийг ойлгох ёстой гэсэн үг юм. Бид амьдралдаа Түүнийг нэгдүгээрт тавих болно. Бид өөрсдөө юу хүсэж байгаагаас, эсвэл дэлхий бидэнд юу хүсэхийг зааж байгаагаас илүү Түүний хүсдэг зүйлийг хүсэх болно”3гэжээ.

Бид ариун ёслолоос хүртэхдээ Есүс Христийг “үргэлж дурсан санах”4 гэрээ хийдэг. Христ цовдлогдохынхоо урд орой нь төлөөлөгчдөө цуглуулаад, ариун ёслолыг танилцуулсан юм. Тэрээр талх авч үйрүүлээд, мөн үүнийг адисалж, “Ав, ид; энэ нь та нарын төлөө төлөөсийг нь би хийсэн миний биеийг төлөөлөн дурсахад байдаг”5 гэж хэлэв. Дараа нь Тэрээр аягатай дарсыг авч талархал өргөөд, үүнийг уулгахаар төлөөлөгчдөдөө өгч, “Учир нь энэ бол миний нэрэнд итгэсэн болгоны … төлөө урссан миний … цусыг төлөөлөн дурсахад байдаг”6 хэмээн хэлсэн билээ.

Нифайчуудын дунд болон хожмын өдрүүд дэх Өөрийн Сүмийн сэргээлтийн үеэр бид Түүнийг төлөөлөн дурсаж, ариун ёслолыг хүртэх ёстой гэдгийг Тэр давтан хэлсэн юм.7

Бид ариун ёслолоос хүртэхдээ Түүний Хүүг зөвхөн ариун ёслолын богинохон хугацааны туршид бус, харин үргэлж дурсан санана гэж Бурханд гэрчилдэг. Энэ нь бид бодол санаа, сонголт ба үйлдлүүдийг маань чиглүүлэх Аврагчийн үлгэр жишээнд болон сургаалуудад үргэлж анхаарал хандуулна гэсэн үг юм.8

Ариун ёслолын залбирал нь бид “түүний зарлигуудыг сахих”9ёстой гэдгийг бидэнд сануулдаг.

Есүс “Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь”10 гэж хэлсэн юм. Ариун ёслол нь хийсэн зүйлүүдээ эргэцүүлэн бодож; зүрх сэтгэл, хүсэл эрмэлзлээ Бурхан руу эргүүлэх боломжийг бидэнд олгодог. Зарлигуудад дуулгавартай байх нь сайн мэдээний хүчийг, мөн илүү агуу амар амгаланг болон сүнслэг байдлыг бидний амьдралд авчирдаг.

Бид Аврагчийн Цагаатгалаар ирдэг гэтэлгэгч, боломжийг олгогч хүчийг тунгаан бодох үед ариун ёслол нь жинхэнэ сүнслэг туршлагатай болох цаг мөч болдог. Бид ариун ёслолоос анхааралтай хүртэх үед хүлээн авдаг хүч чадлын талаар Залуу эмэгтэйчүүдийн бүлгийн нэгэн удирдагч саяхан мэдэж авсан байна. Тэрээр Хувийн хөгжил дэвшлийн нэгэн шаардлагыг гүйцээхээр ажиллаж байхдаа ариун ёслолын дуулал, залбирлуудын үгс дээр анхаарлаа төвлөрүүлэх зорилго тавьжээ.

Долоо хоног бүр тэр залуу эмэгтэй ариун ёслолын үеэр өөртөө дүгнэлт хийдэг байв. Тэрээр хийсэн алдаануудаа санан, ирэх долоо хоногт илүү сайн байх амлалт өгдөг байсан байна. Тэрхүү эмэгтэй зөв зүйлсийг хийж, цэвэр ариун болсондоо талархалтай байсан юм. Тэр энэ явдлыг эргэн дурсахдаа, “Би Цагаатгалын наманчлалтай холбоотой хэсэг дээр үйлдэл хийж байсан” гэж хэлжээ.

Тэр залуу эмэгтэй нэгэн ням гарагт өөртөө дүгнэлт хийгээд; эцэст нь дүнсийн, гунигласан байна. Тэрээр долоо хоног бүр нэг алдаагаа давтаж байгаагаа ойлгосон боловч Цагаатгалын томоохон хэсэг болох Христийн боломжийг олгогч хүчийг анзаарахгүй байна гэсэн онцгой мэдрэмж түүнд төржээ. Тэрээр энэ бүх хугацаанд Аврагч түүнд ямар хүн болох ёстой, тийм хүн болоход нь; мөн өөрийнхөө чадвараас давсан үйлчлэл хийхэд нь тусалж байсныг мартсан байв.

Энэ бүхнийг санан, өнгөрсөн долоо хоногийнхоо тухай тэр эргэцүүлэн бодоод, “Тэр надад олон боломж, чадвар өгсөн гэдгийг анзаарах үед уйтгарт автсан сэтгэл минь баяр хөөртэй болсон. Би хүүхдийн минь хэрэгцээ тодорхой биш байхад хүртэл үүнийг ойлгож чадсанаа анзаарч, талархсан. Мөн би хийх зүйлдээ дарагдан, ямар ч завгүй байсан өдөр найзыгаа хүчирхэгжүүлэх урмын үг хэлэх боломжтой байснаа анзаарсан. Би тэвчээрийг минь шалгадаг зүйлүүд дээр ч тэвчээртэй байж чадсан” гэж хэлсэн юм.

Цааш нь “Би Бурханд хандан, амьдралд минь орж ирсэн Аврагчийн боломжийг олгогч хүчинд талархах үед хийж байсан наманчлалын үйл явцынхаа талаар илүү өөдрөг хандлагатай болсон юм. Би дараа дараагийн долоо хоногуудыг шинэ найдвар тээн угтдаг болсон” гэж хэлжээ.

Ахлагч Mэлвин Ж.Баллард ариун ёслол нь хэрхэн эдгээгч мөн цэвэршүүлэгч туршлага байж чадахыг заасан юм. Тэрээр:

“Нэг хүндэтгэлийн өдрөөс дараагийн хүндэтгэлийн өдрийг хүртэл үг, бодол эсвэл үйлдлээрээ өөрийн сүнсийг шархлуулдаггүй хүн бидний дунд байна уу? Бид харамсаж, өршөөл эрэхэд хүргэдэг зүйлүүдийг хийдэг… Өршөөлийг хүлээн авах арга зам бол … нүглүүдээ наманчилж, хүмүүсийн эсрэг үйлдсэн нүгэл юм уу, зөрчлүүдээ арилгахын тулд тэдний өршөөлийг олж авсны дараа ариун ёслолын ширээний өмнө ирэх явдал юм. Хэрэв бид чин сэтгэлээсээ наманчилж, өөрсдийгөө зохистой байлгаж чадвал өршөөгдөх ба сүнслэг эдгэрэлт бидний бодгалиудад ирэх болно …” гэжээ.

Ахлагч Баллард “Ариун ёслолыг адисалж түгээх үед бодгалийг дээрээс нь доош дулаацуулдаг сүнс байдаг бөгөөд хүн сүнснийх нь шарх эдгээгдэж, ачаа дарамт нь хөнгөрч байгааг мэдэрдэг. Энэхүү сүнслэг хоолыг идэхийг үнэхээр хүсдэг бөгөөд зохистой бодгальд тайтгарал ба аз жаргал ирдэг. Би өөрөө үүний гэрч юм”11 гэж хэлжээ.

Талх ба ус нь бидэнд Аврагчийн бие махбодын болон цусны золиослолыг сануулаад зогсохгүй, эдгээр бэлэгдэл нь Тэрээр үргэлж бидний “амийн талх”12 ба “амийн ус”13 байх болно гэдгийг сануулдаг учраас бидний шархадсан бодгалиуд эдгээгдэж чадна.

Есүс нифайчуудад ариун ёслолыг адислан түгээсний дараа:

“Энэ талхыг идэх тэр нь өөрийн бодгалийн төлөө миний биеийг идэх ажгуу; мөн энэ дарсыг уух тэр нь өөрийн бодгальд миний цусыг уух ажгуу; мөн түүний бодгаль хэзээ ч өлсөж, бас цангахгүй, харин ханасан байх болно.

“Эдүгээ, цугласан олон бүгд идэж мөн уухад, болгоогтун, тэд Сүнсээр дүүргэгдэв.”14

Христ энэ үгсээрээ Сүнс бидний бодгалиудыг эдгээж, шинэчилдэг гэдгийг бидэнд заадаг. Ариун ёслолын амлагдсан адислал нь бид “түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлга[х]”15 амлалт юм.

Би заримдаа ариун ёслолоос хүртэх үедээ биднийг хайрын мутартаа хүлээн авахад бэлэн, амилсан Аврагч гараа дэлгээд зогсож буй уран зургийг оюундаа дүрсэлдэг. Би энэ зурагт хайртай. Ариун ёслолыг адисалж түгээх үедээ би энэ тухай бодоход миний бодгаль өргөгдөж, Аврагчийн: “Болгоогтун, миний нигүүлслийн мутар та нарын зүг сунгаастай байна, мөн ирэх хэнийг боловч, түүнийг би хүлээн авах болно; мөн надад ирэх тэд адислагдсан болой”16 гэсэн үгсийг сонсох шиг болдог.

Аароны санваартнууд ариун ёслолыг бэлтгэж, адисалж, түгээхдээ Аврагчийг төлөөлдөг. Санваартан ах бидний бодгалийн төлөө гараа сунган; бидэнд ариун нандин бэлгэдлийг өгч байгаа нь Аврагч нигүүлслийн мутраа сунгаад, Өөрийнх нь цагаатгагч золиослолоор боломжтой болсон наманчлал, уучлал, тайтгарал ба найдварын үнэ цэнэтэй бэлгүүдийг хүртэхэд биднийг урьж байгаатай адил юм.17

Бид ариун ёслолын ач холбогдлыг тунгаан бодох тусам энэ нь бидний хувьд улам ариун нандин, утга учиртай болдог. 96 настай нэгэн аав хүүгийнхээ асуултад хариулахдаа энэ санааг илэрхийлсэн байна. Хүү нь “Аав аа, та яагаад сүмд очдог юм бэ? Та харж ч, сонсож ч чадахгүй, бас хөл муутай мөртлөө яагаад сүмд очдог юм бэ?” гэж асуухад аав нь “Шалтгаан нь ариун ёслол юм. Би ариун ёслолоос хүртэх гэж л очдог” гэж хариулжээ.

Бидний хүн нэг бүр ариун ёслолд ирэхдээ “жинхэнэ сүнслэг туршлага, ариун харилцаа, мөн бодгалийн шинэчлэлийг”18 мэдрэхээр бэлтгэгдэж ирдэг байх болтугай.

Тэнгэрлэг Эцэг болон бидний Аврагч амьд гэдгийг би мэднэ. Тэдний хайрыг мэдэрч мөн Сүнсийг хүлээн авах боломжийг олгодог ариун ёслолд би талархдаг. Есүс Христийн нэрээр, амен.