Би өөрөө эдгээр зүйлийг олж мэднэ
Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний үнэнийг өөрсдөө олж мэдэх нь энэ амьдрал дахь хамгийн агуу, хамгийн баяр баясгалантай явдал билээ.
Хайрт ах нар аа, ерөнхийлөгч Томас С.Монсоны хувийн үлгэр жишээ болоод санваарын үйлчлэл нь бид бүгдэд үргэлж сүнслэгээр нөлөөлж байдаг билээ. Саяхан хэдэн диконоос “Та нар ерөнхийлөгч Монсоны чухам юуг нь бахдан биширдэг вэ?” гэж асуусан байна. Ерөнхийлөгч Монсон хүүхэд байхдаа ядуу амьдралтай найзууддаа тоглоомоо өгдөг байсан тухай нэгэн дикон ярьсан бол, өөр нэг нь тэрээр тойргийнхоо олон бэлэвсэн эмэгтэйг анхаарч халамжилдаг байсан талаар ярьжээ. Гурав дахь нь түүнийг цэл залуухан насандаа төлөөлөгчөөр дуудагдаж, дэлхий даяар олон хүний амьдралыг адисалсан хэмээн хэлэв. Үүний дараа нэгэн залуу эрэгтэй “Ерөнхийлөгч Монсоны хүчирхэг гэрчлэл нь миний хамгийн их бахдан биширдэг зүйл” гэж хэлсэн юм.
Үнэхээр бид бүгд Аврагч Есүс Христийн талаарх бошиглогчийнхоо онцгой гэрчлэлийг болон Сүнсний өдөөлтүүдийг үргэлж дагахыг эрэлхийлэгч шийдвэр төгс байдлыг нь мэдэрдэг билээ. Ерөнхийлөгч Монсон хуваалцсан захиас бүрээрээ дамжуулан биднийг сайн мэдээний дагуу илүү бүрэн дүүрэн амьдрахад, мөн хувийн гэрчлэлтэй болохыг эрэлхийлж, олж авсан гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд уриалан дууддаг. Тэрээр хэдхэн чуулганы өмнө энэ индэр дээрээс: “Бид хүчирхэг байж, биднийг буруу зам руу түлхэгч бүхий л хүчийг тэсч гарахын тулд … , өөрсдийн гэрчлэлтэй байх ёстой. Та бүхэн 12-той ч байна уу, 112-той ч байна уу, эсвэл энэ хоёрын дундах настай ч байна уу хамаагүй, Есүс Христийн сайн мэдээ үнэн гэдгийг өөрсдөө мэдэж чадна” 1гэж хэлснийг санагтун.
Хэдийгээр миний өнөө оройн захиас 112 настайгаас илүүтэй, 12 настай бүх эрэгтэйд хандсан ч, хуваалцах гэж буй зарчмууд маань хүн бүрд хамаатай юм. Би ерөнхийлөгч Монсоны мэдэгдлийн хариуд, бидний хүн нэг бүр сайн мэдээ үнэн гэдгийг мэдэх үү? гэж асуумаар байна. Бидний хувийн гэрчлэл үнэхээр өөрсдийнх маань гэдгийг бид итгэлтэй хэлж чадах уу? Ерөнхийлөгч Монсоны: “Аврагч болон Түүний сайн мэдээний тухай хүчтэй гэрчлэл нь таныг эргэн тойронд тань байгаа нүгэл хилэнцээс хамгаалах болно… Хэрэв танд эдгээр зүйлийн тухай гэрчлэл байхгүй бол ийм гэрчлэл олж авахын тулд шаардлагатай бүхнийг хий. Бусдын гэрчлэлээр хол явахгүй учраас та өөрийн гэрчлэлтэй байх нь туйлын чухал юм”2 гэсэн үгээс дахин эш татмаар байна.
Би өөрөө эдгээр зүйлийг олж мэднэ
Есүс Христийн сайн мэдээ үнэн гэдгийг бид өөрсдөө олж мэдэх нь бидний амьдрал дахь хамгийн агуу бөгөөд хамгийн баяр баясгалантай туршлагуудын нэг байж чадна. Бид бусдын гэрчлэл дээр суурилан, “Эхчүүд маань үүнийг мэдэж байсан гэдэгт бид эргэлзэхгүй байна”3 гэж залуу дайчдын хэлсэнтэй адил эхэлж болох юм. Ингэж эхлэх нь зохимжтой ч, бид үүн дээр суурилан өөрийн гэсэн гэрчлэлтэй болох ёстой. Бид сайн мэдээний дагуу амьдрахдаа хүчтэй байхын тулд хувийн гэрчлэлээ хүлээн авч, түүнийгээ хүчирхэгжүүлэхээс илүү чухал зүйл гэж үгүй. Бид Алматай адил “Би өөрөө эдгээр зүйлийг мэдсэн”4 хэмээн тунхаглах чадвартай байх ёстой юм.
Алма цааш нь үргэлжлүүлэн, “Би эдгээр зүйлүүдийн тухай өөрөө мэддэг хэмээн та нар бодохгүй байна гэж үү?” “Болгоогтун, би та нарт хэлнэ тэдгээр нь Бурханы Ариун Сүнсээр надад мэдүүлэгдсэн билээ. Болгоогтун, би өөрөө эдгээр зүйлийг мэдэж болохын тулд олон хоног мацаг барьж бас залбирсан. Мөн эдүгээ би өөрөө тэдгээр нь үнэнийг мэднэ”5 гэсэн байдаг.
Би эцгийнхээ үзсэн тэр зүйлийг харах хүсэлтэй байна
Нифай ч бас үнэнийг Алматай адил өөрөө олж мэдсэн юм. Нифай эцгийнхээ сүнслэг туршлагуудаа ярихыг нь сонсоод, аавынхаа мэдсэн зүйлсийг мөн мэдэхийг хүсжээ. Энэ бол зүгээр нэгэн энгийн сониуч зангаас илүү чухал зүйл буюу түүний өлсөж цангахаа ч эс тоон байж хүссэн тийм зүйл байсан юм. Нифай хэдийгээр “үлэмж балчир” байсан ч, “Бурханы нууцыг мэдэх асар их хүсэлтэй байлаа.”6 Тэрээр “Ариун сүнсний хүчээр эдгээр зүйлсийг харж, бас сонсож, түүнчлэн мэдэхийг”7 хүсэж байв.
Нифай “дотроо тунгаан суух зуур … Сүнсэнд автагдан алсад одож, үлэмж өндөр ууланд гарлаа.” Тэнд түүнээс “Юуг хүснэв та?” гэж асуухад тэрээр: “Эцгийнхээ үзсэн тэр зүйлийг би харах хүсэлтэй”8 хэмээн энгийнээр хариулсан байдаг. Нифай итгэгч зүрх, шаргуу хичээл зүтгэлийнхээ ачаар гайхамшигт туршлагаар адислагдсан юм. Тэрээр ирээдүйд тохиох Аврагч Есүс Христийн төрөлт, амьдрал, цовдлолтын тухай гэрчлэлийг хүлээн авч, эцсийн өдрүүдэд Мормоны Ном ирж, сайн мэдээний сэргээлт тохиохыг харсан билээ. Энэ бүхэн бол үнэнийг өөрөө олж мэдэх гэсэн чин сэтгэлийн хүслийнх нь үр дүн байсан юм.9
Их Эзэн эдгээр хувийн туршлагуудаар Нифайг удахгүй ирэх зовлон бэрхшээл, сорилтонд бэлтгэсэн юм. Тэдгээр нь хэдийгээр гэр бүлийнх нь гишүүд зовж зүдэрж байсан ч хүчтэй зогсох боломжийг түүнд олгосон билээ. Тэрээр өөрөө суралцаж мөн өөрөө мэдэж авсан учраас үүнийг хийж чадсан юм. Тэрээр өөрийн гэсэн гэрчлэлээр адислагдсан юм.
Бурханаас гуйг
Бошиглогч Иосеф Смит ч мөн адил “оюуны [сүнслэг үнэнүүдийн тухай] буурь суурьтай бясалгал” хийж байсан тэр үедээ Нифайтай адил “үлэмж балчир” байв. Иосефын хувьд тэр цаг үе бол шашны талаарх ихээхэн зөрчил, будлиантай захиасуудад дарагдсан, “үймээн самуун туйлын их” үе байлаа. Тэрээр аль сүм үнэн болохыг мэдэхийг хүсэж байв.10 Иосеф: “Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал Бурханаас гуйг”11 гэсэн Библийн үгсээр сүнслэгээр өдөөгдөн, хариулт олох алхмаа өөрөө хийсэн юм. Тэрээр 1820 оны хаврын нэгэн сайхан өглөө ойн цоорхойд очиж, өвдөг сөгдөн залбирсан билээ. Иосеф итгэлийнхээ ачаар, бас Бурханд түүгээр хийлгэх онцгой чухал ажил байсан учраас Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрын тухай алдар суут үзэгдлийг хүлээн авч, юу хийх ёстойгоо өөрөө олж мэдсэн юм.
Та нар хувийнхаа гэрчлэлийг олж авах юм уу, түүнийг хүчирхэгжүүлэхийн тулд ашиглаж болох загварыг Иосефын туршлагаас олж харав уу? Иосеф зүрх сэтгэлдээ судрын үгс хүчтэй нөлөөлөх боломж олгосон юм. Тэрээр энэхүү үгсийн талаар гүнзгий тунгаан бодож, өөрийн нөхцөл байдалд тохируулан хэрэглэсэн. Дараа нь тэр сурч мэдсэн зүйлийнхээ дагуу үйлдсэн билээ. Үр дүн нь алдар суут Анхны үзэгдлээр, мөн үүний дараа тохиосон бүх үйл явдлаар цааш өрнөсөн юм. Үнэндээ энэ Сүм нь хүн болгоны хийж чадах, тэр байтугай 14 настай хөдөөний хөвгүүн ч мөн адил хийж чадах “Бурханаас гуйж,” залбиралдаа хариулт авч болно гэсэн зарчим дээр үндэслэгдэн байгуулагдсан билээ.
Тэгэхээр гэрчлэл гэж юуг хэлэх вэ?
Сүмийн гишүүд сайн мэдээний тухай өөрсдийн гэрчлэлийг хамгийн үнэ цэнэтэй зүйл хэмээн хэлэхийг бид олонтоо сонсдог. Энэ бол Ариун Сүнсний хүчээр бидэнд ирдэг Бурханы нандин бэлэг мөн. Энэ бол сайн мэдээг судалж, залбиран, түүний дагуу амьдарснаар бидэнд ирдэг амар амгалангийн мэдрэмж, гарцаагүй үнэн зүйл юм.Энэ бол бид зөв зүйлийг сурч мэдэн, түүн дээрээ үйлдэж байгааг бодгальд маань гэрчилж буй Ариун Сүнсний мэдрэмж юм.
Зарим хүн унтраалга гэрлийг асаадаг, эсвэл унтраадаг гэдэгтэй гэрчлэлийг адилтгаж, танд гэрчлэл байдаг, аль эсвэл огт байдаггүй гэж боддог. Амьдрал дээр гэрчлэл нь өсөлт хөгжлийн олон үе шатыг дамжин ургадаг модтой илүү адилхан. Дэлхий дээрх хамгийн өндөр моддын зарим нь Нэгдсэн Улсын баруун талд орших Улаан модны үндэсний хүрээлэнд байдаг. Та эдгээр аварга модны ёроолд зогсоод, мод тус бүр өчүүхэн жижиг үрээс ургасан гэж бодвол үнэхээр гайхалтай санагдана. Бидний гэрчлэл ч бас үүнтэй адил юм. Бидний гэрчлэл цорын ганц сүнслэг туршлагаас эхэлж болох ч, тасралтгүй арчлан тордсоны үр дүнд болон олон сүнслэг үйл явдал тохиолдсоны үр дүнд цаг хугацаа өнгөрөх тусам улам бүр өсөж хөгждөг билээ.
Иймээс бошиглогч Алма гэрчлэлээ хэрхэн хөгжүүлдэг тухай тайлбарлахдаа мод болтлоо өсөж, томрон ургадаг үрийн тухай ярьсанд гайхах хэрэггүй. Тэрээр “Хэрэв та нар зүрх сэтгэлд тань үр суулгагдаж болохын тулд зай тавьж өгвөөс, болгоогтун, хэрэв энэ нь үнэн үр, эсвээс энэ нь сайн үр аваас, … хэрэв та нар итгэлгүй байдлаараа … үүнийг зайлуулахгүй аваас, ... энэ нь та нарын цээжинд өсөж эхлэх болно; мөн та нар эдгээр өсөлтийг мэдрээд та нар өөрсдөдөө – Энэ нь сайн үр, өөрөөр хэлбэл үг нь сайн байх ёстой, учир нь энэ нь бодгалийг минь тэлж эхлэв; тийм ээ, энэ нь ойлголтыг минь гэгээрүүлж эхлэв хэмээн хэлж эхлэх болно”12 гэж хэлсэн байдаг.
Гэрчлэл нь Бурханы үг үнэн болохыг бидэнд харуулдаг ариун нандин гэгээрлээр болон итгэл үнэмшлийг өгөгч мэдрэмжүүдээр ихэвчлэн эхэлдэг. Эдгээр мэдрэмж хэчнээн сайхан байлаа ч гэсэн, энэ бол дөнгөж эхлэл юм. Газраас анхны бяцхан нахиа соёолон гарч ирэх тэр үеэс эхлэн улаан мод ургаж эхэлдэг шиг, гэрчлэлээ өсгөн хөгжүүлэх таны ажил дуусаагүй байна. Хэрэв бид анхны энэ сүнслэг өдөөлтүүдийг үл тоомсорлон, судруудыг байнга судлах, залбирах зэргээр тэдгээрийг арчлан тордож, сүнслэг туршлагыг илүү шаргуу эрэлхийлэхгүй л бол бидний мэдрэмж сарнин бүдгэрч, гэрчлэл маань алга болно.
Алма үүнийг: “Хэрэв та нар уг модонд хайнга хандаж, мөн үүний арчилгааны талаар эс бодвоос болгоогтун энэ нь үндэслэхгүй байх болно; мөн нарны илч тусаж, мөн түүнийг шарж төөнөхөд үндэсгүйн учир хатан хувхайрч, мөн та нар үүнийг сугалж, тэгээд үүнийг хаях болно”13 хэмээн дүрсэлжээ.
Ихэнх тохиолдолд бидний гэрчлэл мод хэрхэн ургадаг шиг, байнгын бөгөөд шаргуу хүчин чармайлтын үр дүнд аажим аажмаар, бидэнд бараг мэдэгдэхгүйгээр өсөж хөгждөг. Алма “Гэвч хэрэв та нар үгийг арчилбал, тийм ээ, үүнийг ургаж эхлэхэд модыг арчилж, өөрийн агуу шаргуу итгэл хийгээд тэвчээрээр үүнийг хүсэн хүлээх аваас, энэ нь үндэслэх болно; мөн болгоогтун энэ нь үүрдийн амьдралд хүргэх мод байх болно”14 гэж амласан билээ.
Таны цаг бол өнөөдөр, яг одоо юм
Би Мормоны Номон дахь сургаалуудыг судалж, тунгаан бодох явцдаа гэрчлэлтэй болж, энэ нь өсөж хөгжсөн юм. Би Бурханаас асуухаар даруухан залбирч, өвдөг сөгдөх үед уншиж байгаа зүйл маань үнэн гэдгийг Ариун Сүнс бодгальд минь гэрчилсэн. Ийнхүү миний анхны гэрчлэл ерөнхийлөгч Монсоны “Бид Мормоны Ном үнэн гэдгийг мэдсэнээр Иосеф Смит үнэхээр бошиглогч байсан бөгөөд Мөнхийн Эцэг Бурхан, Түүний Хүү Есүс Христ хоёрыг харсан гэдгийг мэдэх болно. Түүнчлэн сайн мэдээ, түүний дотор Аароны болон Мелкизедек санваар хоёул Иосеф Смитээр дамжин хожмын өдрүүдэд сэргээгдсэн нь үнэн болохыг мэднэ”15 хэмээн хэлсэн шиг сайн мэдээний бусад олон үнэний талаар гэрчлэлтэй болоход намайг хөтөлсөн юм. Тэр өдрөөс хойш би Есүс Христ бол дэлхийн Аврагч бөгөөд Түүний сэргээгдсэн сайн мэдээ үнэн гэдгийг надад Ариун Сүнсээр дахин дахин баталсан, олон ариун нандин туршлагыг хуримтлуулсан билээ. Би эдгээр зүйлийг Алматай адил өөрөө олж мэдсэн гэдгээ итгэлтэй хэлж чадна.
Залуу найзууд минь, сайн мэдээ үнэн гэдгийг өөрсдөө олж мэдэх эсвэл дахин батлах цаг үе нь өнөөдөр, яг одоо юм. Бидний хүн нэг бүрд хийх чухал ажил бий. Бид тэрхүү ажлыг хийх болон үргэлж биднийг заналхийлэх дэлхийн уруу таталтаас хамгаалахын тулд Алма, Нифай хоёр шиг, мөн залуу Иосеф Смит шиг хувийн гэрчлэлтэй болж, түүнийгээ хөгжүүлэх ёстой.
Би дээр дурдсан залуу диконтой адил ерөнхийлөгч Монсонг гэрчлэлийнх нь төлөө бахдан биширдэг. Ерөнхийлөгч Монсоны гэрчлэл өндрөөс өндөрт сүндэрлэн ургасан улаан модтой адил боловч тэр ч бас өөрийн гэрчлэлийг удаан хугацааны туршид өсгөж, хөгжүүлсэн юм. Бид Есүс Христ бол бидний Аврагч бөгөөд дэлхийн Гэтэлгэгч, Иосеф Смит бол сэргээлтийн бошиглогч, мөн Бурханы санваарыг сэргээсэн бошиглогч гэдгийг ерөнхийлөгч Монсонтой адил өөрсдөө олж мэдэж чадна. Бид ариун санваарыг атгадаг билээ. Эдгээр зүйлийн тухай бид өөрсдөө сурч мэдээсэй гэж би даруухан залбирч байна. Есүс Христийн ариун нэрээр, aмен.