Ариун нандин зүйлүүдэд бүү хөнгөн хуумгай ханд
“Шийдвэрүүд маань Есүс Христийн сайн мэдээний баялаг хөрсөн дээр бат бөх суулгагдсан уу?” гэж өөрөөсөө асуугаад, хийх сонголтуудаа хяна.
Ах эгч нар аа, бидний энэ амьдралд гаргадаг шийдвэрүүд мөнхийн амьдралын маань замналд ихээхэн нөлөөлдөг. Сонголтуудад маань үзэгдэх мөн үл үзэгдэх хүчний аль аль нь нөлөө үзүүлдэг. Таван жил орчмын өмнө би энэхүү зарчимтай нүүр тулсан бөгөөд энэ нь амин чухал нэгнийг маань салган авах дөхсөн юм.
Манай гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө хамт Оман улсын өмнөд хэсэгт аялж байсан билээ. Бид Энэтхэгийн далайн эрэг дагуух наран шарлагын газар амрахаар шийдсэн юм. Тэнд очоод удаагүй байтал 16 настай Нелли охин маань элсэн дов юмуу, эсвэл элсэн арал хэмээн бодсон зүйл рүү сэлж очиж болох эсэхийг асуулаа. Би усны давалгаа их байгааг анзаараад, аюултай урсгалууд байж магад хэмээн бодоод эхлээд би сэлье гэж түүнд хэлэв.
Би хэсэг сэлснийхээ дараа, эхнэрээ дуудаад элсэн арал руу ойртож очсон эсэхээ асуув. Тэр, “Чи тэрийг аль хэдийн өнгөрчихсөн байна шүү дээ” хэмээн хариулав. Өөрт минь огт мэдэгдэлгүйгээр хүчтэй буцах түрлэгт1 автсан байсан бөгөөд энэ нь намайг далай руу маш хурдтай татаж байлаа.
Би юу хийхээ мэдэхгүй байв. Миний бодож чадаж байгаа цорын ганц зүйл маань эргийн зүг сэлэх байсан. Гэвч энэ нь хамгийн хийж болохгүй зүйл байв. Би яахаа мэдэхгүй байлаа. Миний хянаж чадахаас илүү хүчнүүд намайг далай руу татсаар байсан юм. Байдлыг улам дордуулж байсан зүйл нь миний шийдвэрт найдсан эхнэр маань миний араас дагасан байв.
Ах эгч нар аа, би амьд гарч чадахгүй байж болох өндөр магадлалтай бөгөөд шийдвэрээсээ болоод эхнэрийгээ үхэлд хүргэх нь хэмээн бодсон. Намайг асар их хичээсний эцэст, мөн миний итгэж байгаагаар тэнгэрлэг нөлөөллөөр, бидний хөл яагаад ч юм элсэн дээр хүрч бид найзууд болон охин руугаа аюулгүй очиж чадсан юм.
Энэ дэлхийн амьдралд маш олон түрлэг байдаг—зарим нь аюулгүй байхад зарим нь аюултай. Ерөнхийлөгч Спэнсэр В. Кимбалл бидний амьдралд далайн үл үзэгдэх түрлэг адил хүчирхэг хүчнүүд байдаг тухай заасан.2 Эдгээр хүч нь бодит юм. Бид тэдгээрийг үл тоомсорлож огт болохгүй.
Би та нарт амьдралын маань агуу адислал болсон өөр нэгэн түрлэг болох тэнгэрлэг түрлэгийн тухай ярьж өгье. Би Сүмд хөрвүүлэгдсэн. Хөрвүүлгийн маань өмнө миний хүсэл тэмүүлэл цанаар гулгах байсан бөгөөд үүний дагуу би хүслээ биелүүлэхээр ахлах сургуулиа дүүргээд Европ руу нүүсэн юм. Хүссэн сайхан амьдралаараа хэдэн сар амьдарсны дараа надад явах ёстой гэсэн мэдрэмж төрөв. Тухайн үедээ тэр мэдрэмжийн уг сурвалжийг ойлгоогүй ч би дагахаар сонгосон юм. Би эцэст нь өөртэйгөө адил өөр сүмийн хэдэн сайн нөхөртэй Юта мужийн Прово хотод очив.
Би Провод байхдаа миний амьдралаас маш өөрөөр амьдарч байгаа хүмүүстэй уулзсан юм. Би тэдэнд татагддаг байсан ч яагаад гэдгээ мэдээгүй. Анхандаа, би эдгээр мэдрэмжээ эсэргүүцэж байсан ч, удалгүй өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй амар амгалан хийгээд тайвшралыг олж билээ. Би хайрт Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүү Есүс Христийн тухай ойлголтод намайг авчирсан өөр нэгэн түрлэгийг хүлээн авч эхэлсэн.
Би найзуудтайгаа 1972 онд баптисм хүртсэн билээ. Есүс Христийн сайн мэдээ болох миний дагахаар сонгосон энэ шинэ түрлэг амьдралыг маань чиглэл, утга учиртай болгосон. Хэдий тийм ч, энэ нь сорилтгүйгээр ирээгүй юм. Надад бүх зүйл шинэ байлаа. Заримдаа би төөрч, эргэлзэж байв. Асуулт,сорилтууд найз нөхөд болон гэр бүлийнхний маань аль алинаас нь ирж байлаа.
Би сонголт хийх хэрэгтэй болсон. Тэдний зарим асуулт нь надад эргэлзээ, тодорхой бус байдлыг бий болгож байлаа. Хийх сонголт маань нэн чухал байв. Хариултуудыг нь би хаанаас олох вэ? Аз жаргалын гайхамшигтай эх сурвалж болсон аюулгүйн түрлэгээс минь намайг татаж гаргахаар шийдсэн “хүчтэй буцах түрлэгүүд” буюу олон хүн алдаануудын маань замыг надад итгүүлэхийг хүсч байлаа. Би “бүх зүйлд сөрөг тал” байдаг хэмээх зарчмыг мөн өөрийнхөө төлөө үйлдэх болоод сонгох эрхээ бусдын төлөө алдахгүй байхын чухлыг маш тодорхой мэдэж авсан билээ.3
Би өөрөөсөө, “Ийм агуу тайтгарлыг надад авчирсан зүйлээс би яагаад холдох вэ?” гэж асуусан. Яг л Их Эзэн Оливер Каудрид сануулсан шиг “Энэ асуудлын талаар чиний оюунд амар амгаланг би яриагүй билүү?”4 Миний туршлага ч мөн ийм байв. Тиймээс, би хайрт Тэнгэрлэг Эцэг, судрууд болон итгэлтэй найзууд руугаа илүү итгэл үнэмшилтэй хандсан.
Гэсэн ч хариулагдаагүй олон асуулт надад байлаа. Тэдний бий болгосон эргэлзээтэй байдалд би хэрхэн хандах вэ? Миний амьдралд ирсэн амар амгалан, аз жаргалыг сүйрүүлэхийг тэдэнд зөвшөөрөхийн оронд, Их Эзэн бүх зүйлийг цаг нь болохоор илчлэх байх хэмээн найдан, тэр бүгдийг түр хойш нь тавив. Тэгээд Түүний бошиглогч Иосефт хэлсэн: “Болгоогтун, та нар бяцхан хүүхдүүд, мөн эдүгээ та нар бүх зүйлийг даах нь үгүй болой; та нар ач ивээл хийгээд үнэний мэдлэгт өсөх ёстой”5 гэсэн мэдэгдэлд тайтгарлыг олсон юм. Би үл мэдэгдэх юм уу асуулт бүхий “хүчтэй буцах түрлэг” ч байж болох түрлэгийг дагахгүй, үнэн гэдгийг нь мэддэг зүйлсээ хаяхгүй байхыг сонгосон. Ерөнхийлөгч Н.Элдон Таннэрын зааснаар “сайн мэдээний энгийн үнэнүүдийг хүлээн авах … болон ойлгож чадахгүй тэдгээр зүйлсийг … итгэлээрээ хүлээн авах нь хүмүүнд хэрхэн ухаалаг мөн илүү сайн байх билээ”6 гэдгийг би ойлгож авсан юм.
Энэ нь, чин сэтгэлийн эргэлзээ, асуулт байж болдоггүй гэсэн үг үү? Бүх сүмээс алинд нь нэгдэхээ мэдэхийг хүсэн, ойн нандин цоорхойд, аюулгүй байдлыг эрэлхийлсэн залуу хүүгээс энэ тухай асуу. Сургаал ба Гэрээг гартаа бариад, сүнслэгээр өгөгдсөн энэ цэдэгт илэрхийлэгдсэн зүйлсийн ихэнх нь үнэнийг даруухнаар эрэлхийлсний үр дүнд ирсэн гэдгийг мэд. “Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, … өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно”7 гэдгийг Иосеф олж мэдсэн. Бид чин сэтгэлийн асуултуудыг асууж, тэнгэрлэг хариултуудыг эрэлхийлснээрээ мэдлэг хийгээд мэргэн ухаанд өсөх явцдаа, “шат шатаар, дүрэм дүрмээр”8 суралцдаг.
“Чин сэтгэлийн эргэлзээ, асуулт байж болох уу ?” гэж асуухгүйгээр, харин “Асуултууд гарч ирвэл би үнэнийг хаанаас олох вэ?” юмуу “Би өөртөө гарсан цөөн хэдэн асуултыг үл хайхран, үнэн гэдгийг нь мэдэх зүйлээсээ зуурсаар байх хангалттай ухаалаг байж чадаж байна уу? гэж асуух нь зүйтэй. Би эхлэлээс төгсгөл хүртэл бүх зүйлийг мэддэг Нэгэн болох тэнгэрлэг эх сурвалж байдгийг гэрчилж байна. Бүх зүйл Түүнтэй хамт буй.9 Судрууд Түүнийг “тахиралдсан замуудаар явах нь үгүй …, тэрээр бас хэлснээ өөрчлөх нь үгүй”10 гэдгийг гэрчилдэг.
Энэ мөнх бус аялалдаа хийх бидний сонголтууд зөвхөн бидэнд л нөлөөлдөг гэж хэзээ ч бид бодож болохгүй. Саяхан, нэгэн залуу манай гэрт зочилсон. Тэр надад сайн залуу гэж санагдсан бөгөөд би түүнийг Сүмийн үйл ажиллагаанд бүрэн оролцдоггүйг нь мэдрэв. Тэр сайн мэдээнд төвлөрсөн гэр бүлд өссөн боловч, түүний эцэг эхэд нь үнэнч бус байснаас болж эцэг эх нь салж, түүний ах эгч дүү нар нь Сүмийн тухайд эргэлзэж хөндийрсөн гэж хэлсэн юм. Эцгийнхээ сонголтын нөлөөнөөс болоод өөрийн хүүхдүүд болох эдгээр үнэт сүнсийг Есүс Христийн сайн мэдээний адислалуудын гадна өсгөж байгаа энэ залуухан эцэгтэй ярьж суухдаа би ихэд гуниглан байлаа.
Нэгэнтээ итгэлтэй, Сүмийн гишүүн байсан миний мэдэх өөр нэгэн эр тодорхой сургаалын тухайд асуултуудтай байлаа. Тэр хариултуудыг авахаар Тэнгэрлэг Эцэгээс асуухын оронд удирдамж авахаар зөвхөн шашны бус эх сурвалжуудад найдахаар шийдсэн. Тэр хүмүүсээс хүндэтгэл хүлээхийг эрмэлзэхийн хэрээр түүний зүрх сэтгэл өөр зүгт ханджээ. Тэр бардамналаараа түр зуур сайрхсан ч тэнгэрийн хүчнүүдээс таслагдсан юм.11 Тэр үнэнийг олохын оронд гэрчлэлээ алдаж мөн гэр бүлийнхээ олон гишүүнийг өөртэйгөө авч одов.
Эдгээр эрчүүд үл үзэгдэх хүчтэй буцах түрлэгт автагдсан бөгөөд өөрсөдтэйгөө олныг авч одсон юм.
Үүний эсрэгээр би хэдийгээр дэлхийн эд хөрөнгө гэхээр юмгүй ч хүүхдүүддээ сэргээгдсэн сайн мэдээний цэвэр сургаалыг заагаад зогсохгүй үүнийхээ дагуу амьдралынхаа өдөр бүрийг үүний дагуу амьдарсан, эхнэрийнхээ эцэг эх болох ЛаРю болон Льюс Миллэр нарын тухай бодож байна. Ингэснээрээ тэд үр удмаа сайн мэдээний үр жимс болон мөнхийн амьдралын найдвараар адисалсан юм.
Тэд гэр орондоо санваартнуудыг хүндэтгэдэг, хайр болон эвсэг байдал элбэг дэлбэгээр оршдог мөн сайн мэдээний зарчмууд амьдралыг нь удирддаг загварыг бий болгожээ. Льюс, ЛаРю хоёр Есүс Христийн үзүүлсэн жишээний дагуу амьдрах нь юу гэсэн үг болохыг мөр зэрэгцэн үзүүлсэн. Тэдний хүүхдүүд амьдралын ямар түрлэгүүд нь амар амгалан хийгээд аз жаргал авчирч байгааг тодорхой харж байлаа. Тэгээд тэд үүний дагуу сонгосон юм. Ерөнхийлөгч Кимбалл “Хэрэв бид … зөв шударга амьдралын маань зорилго руу урсах бат бэх түрлэгийг бий болгож чадвал бид ч мөн хүүхдүүд маань ч зовлон зүдгүүр, урам хугаралт, [болон] уруу таталтуудын сөрөг салхинууд байсан ч урагш явсаар байж болох юм”12гэж заажээ.
Бидний сонголтууд чухал уу? Тэдгээр нь зөвхөн бидэнд нөлөөлдөг үү? Бид сэргээгдсэн сайн мэдээний мөнхийн түрлэгт, замналаа бөх бат суурилуулсан уу?
Үе үе, тэр нэгэн дүр зураг намайг айлгасаар байдаг. Хэрэв би есдүгээр сарын тэр нэгэн өдөр Энэтхэгийн Далайн эрэгт амарч байхдаа охин Неллидээ “Тэг, тэг. Элсэн арал руу сэлээд ир” гээд хэлчихсэн бол яах байв? Эсвэл тэр ч бас миний араас дагаад эргэн сэлж гарч ирж чадахгүй болсон бол яах вэ? Хэрэв, миний жишээнээс болоод охин минь хүчтэй буцах түрлэгт автагдан хэзээ ч буцаж ирэхгүйгээр далайд алдсанаа мэдэж байх амьдралаар би амьдрах байсан бол яах вэ?
Бидний дагахаар сонгосон түрлэгүүд чухал уу? Бидний үлгэр жишээнүүд хамаатай юу?
Тэнгэрлэг Эцэг маань бидний сонголтуудыг удирдах Ариун Сүнсний тэнгэрлэг бэлгээр биднийг адисалсан. Бид хүлээн авахдаа зохистой амьдрахын хэрээр Тэр бидэнд илчлэлт илэрхийлэлтийг амладаг. Би та нарыг энэ тэнгэрлэг бэлгийн ашиг тусыг авч, дараах асуултыг өөрөөсөө асууж сонголтуудаа шалгаасай хэмээн урьж байна, “Шийдвэрүүд маань Есүс Христийн сайн мэдээний баялаг хөрсөн дээр бат бөх суулгагдсан уу?” Танд болон таны хайртай хүмүүст зориулсан Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний мөнхийн адислалуудыг баттай болгохын тулд, том ч бай, жижиг ч бай, хэрэгтэй залруулгаа хийхэд та нарыг урьж байна.
Есүс Христ бол бидний Аврагч хийгээд Гэтэлгэгч гэдгийг би гэрчилж байна. Түүнтэй хийдэг бидний гэрээ нь ариун нандин бөгөөд ариун хэмээн би гэрчилж байна. Бид ариун нандин зүйлүүдэд хөнгөн хуумгай хандах ёсгүй.13 Бид үргэлжид итгэлтэй үлдээсэй хэмээн би Есүс Христийн нэрээр залбирч байна, aмен.