Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 6


Хэсэг 6

1829 оны дөрөвдүгээр сард Пеннсильваний Хармонид бошиглогч Иосеф Смит, Оливер Каудери хоёрт өгөгдсөн илчлэл оршвой. Оливер Каудери 1829 оны дөрөвдүгээр сарын 7-нд Мормоны Номын орчуулгад бичээчийн ажлаа эхлэв. Дээр нь Мормоны Номын цэдэг сийлбэрлэгдсэн уг ялтаснуудын талаарх бошиглогчийн гэрчлэл үнэн болох тухай тэнгэрлэг үзүүлэлтийг тэрээр аль хэдийн хүлээн авсан байв. Бошиглогч, Урим ба Туммимаар дамжуулан Их Эзэнээс асууж, мөн энэхүү хариуг хүлээж авчээ.

1–6, Их Эзэний талбайд хөдөлмөрлөгчид авралыг олдог; 7–13, Авралын бэлгээс илүү агуу бэлэг гэж үгүй; 14–27, Үнэний нотолгоо нь Сүнсний хүчээр ирдэг; 28–37, Христэд хандагтун, мөн сайныг байнга үйлдэгтүн.

1 Агуу бөгөөд гайхамшигт ажил хүмүүсийн үрсэд эхлэх гэж байна.

2 Болгоогтун, Би Бурхан билээ; миний үгийг анхаарагтун, амьд бөгөөд хүчирхэг, үе мөчийг болон чөмгийг аль алийг нь хэсэглэн хуваах хоёр талдаа иртэй илдээс илүү хурц түүнийг буюу; тиймийн тул миний үгсэд анхаарал тавигтун.

3 Болгоогтун, талбай нь хадахад бэлэн цагаан байна; тиймийн тул, хураахыг хүсэгч хэн боловч, тэрээр Бурханы хаант улсад бодгалийнхаа төлөө үүрдийн авралыг нөөцөлж болохын тулд, тэрээр өдөр үргэлжлэх явцад, хадуураараа чадлаараа хадаж мөн хурааг.

4 Тийм ээ, хадуураараа хадаж мөн хураах хэн боловч, мөнхүү тэр нь Бурханаас дуудагддаг бөлгөө.

5 Тиймийн тул, чи надаас гуйх аваас чи хүлээж авах болно; хэрэв чи тогших аваас энэ нь чамд нээгдэх болно.

6 Эдүгээ, чи асуусан учир, болгоогтун, би чамд хэлж байна, миний зарлигуудыг сахигтун, мөн Сионы байр суурийг тогтоож мөн төлөвшүүлэхээр эрэлхийлэгтүн;

7 Баялгуудыг бус харин мэргэн ухааныг эрэлхийлэгтүн, мөн болгоогтун, Бурханы нууцууд чамд илчлэгдэх болно, мөн тэгээд чи баян болгогдох болно. Болгоогтун, мөнх амьдралтай тэр нь баян бөлгөө.

8 Үнэнээр, үнэнээр, би чамд хэлнэ, бүр чиний надаас хүсэхийн хэрээр, тийн чамд хийгдэх болно; мөн хэрэв чи хүсэх аваас, чи энэ цаг үед олон сайн зүйлийг хийх арга хэрэгсэл байх болно.

9 Энэ үеийнхэнд наманчлалаас өөр юу ч бүү ярь; миний зарлигуудыг сахигтун, мөн миний зарлигуудын дагуу миний ажлыг бий болгон тогтооход туслагтун, мөн чи адислагдах болно.

10 Болгоогтун чамд бэлэг буй, бэлгийнхээ улмаас чи адислагдсан бөлгөө. Энэ нь ариун нандин бөгөөд дээрээс ирдгийг санагтун—

11 Мөн чи асуух аваас, чи агуу бөгөөд гайхамшигтай нууцуудыг мэдэх болно; тиймийн тул, чи нууцуудыг мэдэхийн тулд, чи үнэний мэдлэгт олныг авчирч, тийм ээ, тэдэнд замынх нь алдааны талаар үнэмшүүлж болохын тулд тулд бэлгээ ашиглагтун.

12 Тэд чамтай итгэл нэгтэй бус аваас өөр хэнд ч чи өөрийнхөө бэлгийг бүү мэдүүл. Ариун нандин зүйлсэд хөнгөн хуумгай бүү ханд.

13 Хэрэв чи сайныг үйлдвээс, тийм ээ, мөн эцсээ хүртэл үнэнчээр үлдэх аваас, чи Бурханы бүх бэлгээс хамгийн агуу нь болох Бурханы хаант улсад аврагдах болно; учир нь авралын бэлгээс илүү агуу бэлэг гэж үгүй билээ.

14 Үнэнээр, үнэнээр, би чамд хэлнэ, чи хийсэн тэр зүйлийнхээ төлөө адислагдсан болой; учир нь чи надаас асуусан билээ, мөн болгоогтун, чи асуух тоолондоо миний Сүнснээс заавар хүлээж авсан бөлгөө. Хэрэв энэ нь ийм байгаагүй аваас, чи энэ цагт өөрийнхөө байгаа тэр газарт ирээгүй байх байсан.

15 Болгоогтун, чи надаас асууснаа мөн бибээр чиний оюуныг гэгээрүүлснийг мэдэж байгаа; мөн чи үнэний Сүнсээр гэгээрснээ мэдэж болохын тулд би эдгээр зүйлийг чамд хэлж байна;

16 Тийм ээ, Бурханаас өөр чиний бодол болон зүрх сэтгэлийн чинь хүсэл эрмэлзлийг мэдэх хэн ч үгүй гэдгийг мэдэж болохын тулд би чамд хэлж байна.

17 Би чамд эдгээр зүйлийг нотолгоо болгон хэлж байна—чиний бичиж буй үгс буюу ажил үнэн гэдгийг буюу.

18 Тиймийн тул хичээнгүй байгтун; энэ үгийн төлөө миний үйлчлэгч Иосефын орж болох аливаа хүнд байдлуудад түүний хажууд үнэнчээр зогсогтун.

19 Түүнийг алдаанд нь зэмлэж байгтун, мөн түүнчлэн түүнээс сануулга зөвлөгөө авч бай. Тэвчээртэй бай; чанд бай; биеэ барьж бай; тэвчээр, итгэл, найдвар болон төгс хайрыг агуул.

20 Болгоогтун, чи бол Оливер, мөн чиний хүслийн учир би чамд ярилаа; тиймийн тул эдгээр үгийг зүрх сэтгэлдээ нандигнан хадгал. Бурханы зарлигуудыг сахихдаа үнэнч бөгөөд хичээнгүй байгтун, мөн би чамайг хайрынхаа мутарт тэврэх болно.

21 Болгоогтун, би бол Есүс Христ, Бурханы Хүү бөлгөө. Би бол өөрийнхөндөө ирсэн тэр бөгөөд өөрийнхөн маань намайг хүлээн авсангүй. Би бол харанхуйд цацрагч гэрэл бөгөөд харанхуй нь үүнийг ухаарах нь үгүй.

22 Үнэнээр, үнэнээр, би чамд хэлнэ, хэрэв чи дахин нэмэлт нотолгоог хүсэх аваас, чи эдгээр зүйлийн үнэний талаар мэдэхийн тулд надад хандан зүрх сэтгэлдээ залбирсан тэр шөнийг оюундаа бодогтун.

23 Энэ асуудлын талаар чиний оюунд амар амгаланг би яриагүй гэж үү? Бурханаас ирэхээс илүү агуу ямар нотолгоо чамд байж болох билээ?

24 Мөн эдүгээ, болгоогтун, чи нотолгоог хүлээж авлаа; учир нь би чамд ямар ч хүмүүний үл мэдэх тэр зүйлсийг ярьсан бол, чи нотолгоог хүлээж аваагүй гэж үү?

25 Мөн, болгоогтун, хэрэв чи надаас хүсэх аваас, бүр миний үйлчлэгч Иосефынхтой адил орчуулах бэлгийг би чамд өгөх болно.

26 Үнэнээр, үнэнээр, би чамд хэлнэ, хүмүүсийн ёс бусын улмаас нууцлагдсаар буй, миний сайн мэдээнээс ихийг агуулдаг цэдгүүд буй;

27 Мөн хэрэв чамд зөв сайн хүслүүд—тэнгэрт өөрийнхөө төлөө баялаг хураах хүсэл—бий аваас, тэгвэл алдсын улмаас нуусан байгаа миний судруудын тэрхүү хэсгүүдийг гэрэлд гаргахад чи өөрийнхөө бэлгээр туслах болно хэмээн би чамд эдүгээ зарлиглаж байна.

28 Мөн эдүгээ, болгоогтун, би энэхүү тохинууллыг гэрэлд гаргах энэ бэлгийн түлхүүрүүдийг чамд, мөн түүнчлэн өөрийн үйлчлэгч Иосефт өгнө; мөн хоёр юм уу гурван гэрчийн амаар үг болгон тогтоогдох болно.

29 Үнэнээр, үнэнээр, би та хоёрт хэлнэ, хэрэв тэд миний үгсийг, мөн миний сайн мэдээний мөн тохинууллын энэ хэсгийг эсэргүүцэх аваас, та хоёр адислагдсан болой, учир нь тэд надад хийснээс илүүг та хоёрт хийж чадах нь үгүй.

30 Мөн бүр тэд надад хийсний адилаар та хоёрт хийх аваас, та хоёр адислагдсан болой, учир нь та хоёр надтай хамт сүр жавхланд орших бөлгөө.

31 Харин тэд өгөгдөх гэрчлэлээр батлагдах миний үгсийг үл эсэргүүцэх аваас, тэд адислагдсан болой, мөн тэгвэл та хоёр хөдөлмөрийнхөө үр шимд баяртай байх болно.

32 Үнэнээр, үнэнээр, би та хоёрт хэлнэ, би шавь нартаа хэлж байсны адилаар, миний нэрээр хоёр эсвэл гурваараа, ямарваа нэг зүйлийн талаар хамтдаа цугларсан тэнд, болгоогтун, би тэдний дунд байх болно—би та хоёртой хамт байгаагийнхаа адилаар буюу.

33 Сайныг үйлдэхээс бүү ай, хөвгүүд минь, учир нь та нар юу тарина, та нар үүнийг түүнчлэн хурааж авах болно; тиймийн тул, хэрэв та нар сайныг таривал та нар түүнчлэн шагнал болгон сайныг хурааж авах болно.

34 Тиймийн тул, бүү ай, бяцхан сүрэг минь; сайныг үйлдэгтүн; дэлхий болон там та нарын эсрэг нэгдэг, учир нь хэрэв та нар миний хадан дээр баригдсан байх аваас, тэд дийлж чадах нь үгүй.

35 Болгоогтун, би та хоёрыг буруутгах нь үгүй; өөрсдийнхөө замаар явж мөн цаашид нүглийг бүү үйлд; та хоёрт миний зарлигласан ажлыг чанд гүйцэтгэгтүн.

36 Бодол болгондоо надад хандагтун; бүү эргэлз, бүү ай.

37 Миний хавирган талыг цоо хатгасан шархыг, мөн түүнчлэн миний гар мөн хөлөн дэх хадаасны ормуудыг болгоогтун; үнэнч байгтун, миний зарлигуудыг сахигтун, мөн та хоёр тэнгэрийн хаант улсыг өвлөх болно. Амен.

Хэвлэх