Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 129


Хэсэг 129

1843 оны хоёрдугаар сарын 9-нд Иллинойн Наувуд, тохинуулагч тэнгэр элч нар болон сүнснүүдийн мөн чанар ялгагдан танигдаж болох гурван их түлхүүрийг мэдүүлэн, бошиглогч Иосеф Смитээр өгөгдсөн зааврууд оршвой.

1–3, Амилуулагдсан бөгөөд сүнсэн биес аль аль нь тэнгэрт буй; 4–9, Хөшигний цаадах элч нар танигдаж болох түлхүүрүүд өгөгдөв.

1 Тэнгэрт хоёр төрлийн биет байдаг, тодруулбал: Амилуулагдсан хүмүүн болох махан ба ясан бие бүхий тэнгэр элч нар буй—

2 Жишээ нь: Надад гараа хүргэж мөн үзэгтүн, учир нь та нарын надад буйг харж байгаа шиг мах ба яс нь сүнсэнд байдаггүй болой хэмээн Есүс хэлжээ.

3 Хоёрдугаарт: төгс болгогдсон шударга хүмүүсийн сүнснүүд, тэд амилуулагдаагүй боловч мөнхүү сүр жавхланг өвлөдөг болой.

4 Элч ирж, өөрийгөө Бурханаас захиас авчирлаа хэмээн хэлэхэд, түүнд гараа өгч мөн өөртэйгөө гар барихыг түүнээс хүс.

5 Хэрэв тэрбээр тэнгэр элч байх аваас, тэрээр үүнчлэн үйлдэх болно, мөн та нар түүний гарыг мэдрэх болно.

6 Хэрэв тэрбээр төгс болгогдсон шударга хүний сүнс байх аваас, тэрбээр өөрийн сүр жавхланд ирэх болно; учир нь энэ бол түүний үзэгдэж болох цорын ганц зам болой—

7 Өөртэйгөө гар барихыг түүнээс хүс, харин тэрээр хөдлөхгүй байх болно, учир нь шударга хүн хууран мэхлэх нь тэнгэрийн тогтсон журамд харш бөлгөө; гэсэн хэдий ч тэрбээр захиасаа хүргэх болно.

8 Хэрэв чөтгөр гэрлийн тэнгэр элч мэтээр ирэх аваас, та нар гар барихыг түүнээс хүсэхэд, тэрбээр та нарт гараа өгөх болно, мөн та нар юу ч мэдрэхгүй байх болно; тиймийн тул та нар түүнийг ялган таньж болох бөлгөө.

9 Эдгээр нь аливаа зочлол Бурханаас эсэхийг та нар мэдэж болох гурван их түлхүүр бөлгөө.

Хэвлэх