Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 96


Хэсэг 96

1833 оны зургаадугаар сарын 4-нд Охайогийн Көртланд дахь Сионы хот буюу гадасны дэг журмыг Көртланд дахь гэгээнтнүүдэд жишээ болгон үзүүлж, бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэл оршвой. Уг үйл явдал нь дээд пристүүдийн чуулган байсан бөгөөд хэлэлцсэн үндсэн гол асуудал нь Көртландын ойролцоо Сүмийн эзэмшдэг байсан Френчийн эдлэн хэмээгддэг байсан хэсэг газрыг зарах явдал байв. Уг эдлэнг хэн хариуцах ёстой талаар чуулган санал нэгдэж чадаагүй учраас уг асуудлын талаар Их Эзэнээс асуухаар бүгд санал нэгдэв.

1, Сионы Көртланд гадас хүчтэй болгогдох ёстой; 2–5, Бишоп гэгээнтнүүдэд зориулан өвүүдийг хуваах ёстой; 6–9, Жон Жонсон нэгдсэн журмын гишүүн байх ёстой.

1 Болгоогтун, би та нарт хэлж байна, энэ асуудлын талаар та нар хэрхэн үйлдэхийг мэдэж болох мэргэн ухааныг өгье, учир нь Сионы хүчирхэгжилтийн тулд миний үндэслэсэн энэ гадас хүчтэй болгогдох ёстой нь надад зүйтэй байна.

2 Тиймийн тул, өөрийн ариун өргөөг дээр нь барихаар миний төлөвлөж буй, та нарын дунд нэрлэгдсэн тэр газрыг миний үйлчлэгч Ньюел К.Витней хариуцаг.

3 Мөн түүнчлэн, мэргэн ухааны дагуу, өвүүдийг эрэлхийлж буй тэдний ашиг тусын тулд, энэ нь та нарын дундах зөвлөлөөр шийдэгдсэний дагуу хэсэг газруудад хуваагдаг.

4 Тиймийн тул, та нар энэ асуудлыг шийдэж, мөн миний үгийг хүмүүсийн үрсэд урагш авчрах зорилгын төлөө миний журамд туслахад шаардагдах хувийг шийдэхээ мэдэгтүн.

5 Учир нь болгоогтун, үнэнээр би та нарт хэлнэ, та нарын сайн сайхны төлөө хүмүүсийн үрсийн зүрх сэтгэлд нөлөөлөх зорилгын тулд миний үг хүмүүсийн үрсэд урагш одох ёстой нь надад нэн зүйтэй байна. Бүр тийм буюу. Амен.

6 Мөн түүнчлэн, үнэнээр би та нарт хэлж байна, энэ нь мэргэн ухаан бөгөөд надад зүйтэй болой, өргөлийг нь би хүлээн авсан, мөн залбирлыг нь би сонссон, энэ цагаас хойш зарлигуудыг минь сахихын хэрээр мөнх амьдралын амлалтыг түүнд би өгсөн миний үйлчлэгч Жон Жонсон—

7 Учир нь тэрээр Иосефын удам мөн түүний өвөг дээдэст хийгдсэн адислалуудыг хүртэгч билээ—

8 Үнэнээр би та нарт хэлж байна, тэрээр миний үгийг хүмүүсийн үрсэд урагш авчрахад тусалж болохын тулд уг журмын гишүүн байх ёстой нь надад зүйтэй байна.

9 Тиймийн тул, та нар түүнийг энэ адислалд томилох болно, тэрээр тэнд амьдарч болохын тулд мөн та нарын дунд нэрлэгдсэн өргөөний өр, барьцааг үгүй болгохоор хичээнгүйлэн эрэлхийлэх ёстой. Бүр тийм буюу. Амен.