Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 67


Хэсэг 67

1831 оны арван нэгдүгээр сарын эхээр Охайогийн Хайрамд бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Тусгай чуулганы үйл явдал болж байв, мөн Их Эзэнээс аль хэдийн бошиглогчоор дамжуулан хүлээн авсан илчлэлүүдийг хэвлэх явдлыг авч хэлэлцсэн бөгөөд шийдвэрлэв (хэсэг 1-ийн оршлыг үз). Виллям В.Фелпс Миссурийн Индепенденст Сүмийн хэвлэлийн газрыг байгуулаад удаагүй байв. Чуулганаас Book of Commandments (Зарлигуудын ном) дахь илчлэлүүдийг хэвлэхээр мөн 10000 хувийг хэвлэхээр шийдэв (хожим нь гэнэтийн бэрхшээлээс болж тоог нь бууруулан, 3000 хувийг хэвлэхээр болжээ). Ах нараас олон нь өөрсөд дээр нь юүлэгдсэн Ариун Сүнсээр гэрчлэгдсэнээр, нийтлэхээр эмхэтгэл болгосон байсан илчлэлүүдийг үнэхээр үнэн хэмээн чандаар гэрчлэв. Хэсэг 1 хэмээх тэрхүү илчлэлийг хүлээн авсны дараа, илчлэлд хэрэглэсэн хэлний талаар зарим нэг яриа гарсан хэмээн Иосеф Смитийн түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Энэ илчлэл дагалдан иржээ.

1–3, Их Эзэн Өөрийн ахлагчдын залбирлуудыг сонсож мөн тэднийг харж хамгаалдаг болой; 4–9, Тэрээр хамгийн мэргэн хүнийг, Өөрийнх нь илчлэлийн хамгийн багыг нь дуурайлгахад басав; 10–14, Итгэлтэй ахлагчид Сүнсээр амьдруулагдаж мөн Бурханы нүүрийг харах болно.

1 Болгоогтун, мөн анхаарагтун, ай миний сүмийн ахлагчид та нар, өөрсдийгөө хамтад нь цуглуулсан, мөн залбирлуудыг нь бибээр сонссон, зүрх сэтгэлийг нь бибээр мэдэх, мөн хүслүүд нь миний өмнө ирсэн та нар.

2 Болгоогтун, мөн харагтун, миний мэлмий та нар дээр байна, мөн тэнгэр болон дэлхий миний мутарт байна, мөн үүрд мөнхийн баялгуудыг би өгөх болой.

3 Та нарт өргөсөн адислалыг хүлээн авах болно гэдэгтээ та нар итгэхийг хичээлээ; гэвч болгоогтун, зүрх сэтгэлд чинь айдсууд байсныг би та нарт үнэнээр хэлнэ, мөн үнэнээр, энэ бол та нар хүлээж аваагүйн шалтгаан бөлгөө.

4 Мөн эдүгээ, та нарын өмнө тавигдсан эдгээр зарлигийн үнэний тухай гэрчлэлийг Их Эзэн бибээр та нарт өгч байна.

5 Та нарын нүд миний үйлчлэгч Бага Иосеф Смит дээр байсаар байна, мөн та нар түүний хэлийг мэддэг болсон, мөн түүний төгс бишийг та нар мэддэг болсон; мөн та нар түүний хэл ярианаас илүү дээрээр илэрхийлж болохын тулд зүрх сэтгэлдээ мэдлэгийг эрэлхийлэх боллоо; үүнийг та нар тэрчлэн мэдэх бөлгөө.

6 Эдүгээ, та нар Зарлигуудын номоос, бүр тэдгээрийн дундаас хамгийн багыг нь хайгтун, мөн та нарын дунд хамгийн мэргэн нь болох түүнийг томилогтун;

7 Эсвээс, хэрэв та нарын дунд үүнтэй адил нэгийг бичих хэн нэгэн нь байх аваас, тэгвэл эдгээрийг үнэн гэдгийг та нар мэдэх нь үгүй хэмээн хэлэхэд та нар зөвтгөгдөх болой;

8 Гэвч хэрэв та нар үүнтэй адил нэгийг бичиж үл чадах аваас, хэрэв та нар тэдгээрийг үнэн хэмээн үл гэрчилбээс, та нар буруутгал дор байх бөлгөө.

9 Учир нь тэдгээрт зөв шударга бус зүйл үгүй гэдгийг, мөн зөв шударга нь дээрээс, гэрлүүдийн Эцэгээс доош ирдэг гэдгийг та нар мэдэх бөлгөө.

10 Мөн түүнчлэн, энэ нь та нарын онцгой боломж гэдгийг үнэнээр би та нарт хэлнэ, мөн би энэхүү тохинуулалд томилогдсон та нарт нэгэн амлалтыг өгч байна, та нар өөрсдийгөө атаа жөтөө болон айдсаас ангид байлгахын хэрээр мөн та нар хангалттай даруу биш байгаа учраас өөрсдийгөө миний өмнө даруусгахын хэрээр, хөшиг урагдаж мөн та нар зуурдын ч биш, бас эгэл ч биш, харин сүнслэг оюунаар намайг харж мөн намайг байдаг гэдгийг мэдэх болно хэмээх амлалтыг буюу.

11 Учир нь ямар ч үед Бурханы Сүнсээр амьдруулагдахаас бусдаар Бурханыг маханбодод харсан ямар ч хүмүүн үгүй бөлгөө.

12 Бас ямар ч эгэл хүмүүн Бурханы оршихуйд тэсэж чадах нь үгүй, бас зуурдын оюунтай хэн ч чадахгүй.

13 Эдүгээ та нар Бурханы оршихуйд ч, мөн тэнгэр элч нарын тохинуулалд ч тэсэж чадах нь үгүй; иймийн тул, та нар төгөлдөржих хүртлээ тэвчээрт үргэлжлүүл.

14 Оюун санаагаа бүү буцаа; мөн та нар зохистой байхад миний өөрийн тогтоосон цагт, миний үйлчлэгч Бага Иосеф Смитийн гараар та нар дээр хүртээгдсэн тэрнийг та нар харж мөн мэдэх болно. Амен.

Хэвлэх