Хэсэг 14
1829 оны зургаадугаар сард Нью-Йоркийн Фэйетэд бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Давид Витмерт өгөгдсөн илчлэл оршвой. Витмерийн гэр бүл Мормоны Номын орчуулгыг нэн их сонирхож байлаа. Бошиглогч, Ахмад Петр Витмерийн гэрт байрлаж, энд тэрээр орчуулгын ажил дуусаж, номын хэвлэлийн эрхийн баталгаатай болох хүртэл амьдарч байв. Витмерийн хөвгүүдээс гурав нь уг ажлын жинхэнэ байдлын талаар тус бүрдээ гэрчлэл хүлээн авсан байсан ба өөр өөрийнхөө үүргийн асуудалд гүнээ санаа зовох болов. Энэ илчлэл болон дараах хоёр илчлэл нь (хэсэг 15 ба 16) Урим ба Туммимаар дамжуулан тавьсан асуултад хариу болон өгөгдсөн ажгуу. Хожим нь Давид Витмер Мормоны Номын Гурван гэрчийн нэг болсон билээ.
1–6, Жимсний талбайд хөдөлмөрлөгчид авралыг олох болно; 7–8, Мөнх амьдрал бол Бурханы бэлгүүдээс хамгийн агуу нь юм; 9–11, Христ тэнгэрүүдийг болон дэлхийг бүтээжээ.
1 Агуу бөгөөд гайхамшигт ажил хүмүүсийн үрсэд тохиох гэж байна.
2 Болгоогтун, бибээр Бурхан билээ; миний үгийг анхаарагтун, амьд бөгөөд хүчирхэг, үе мөчийг болон чөмгийг аль алийг нь хэсэглэн хуваах хоёр талдаа иртэй илдээс илүү хурц түүнийг буюу; тиймийн тул миний үгсэд анхаарал тавигтун.
3 Болгоогтун, талбай нь хадахад бэлэн цагаан байна; тиймийн тул, хураахыг хүсэгч хэн боловч, тэрээр Бурханы хаант улсад бодгалийнхаа төлөө үүрдийн авралыг нөөцөлж болохын тулд, тэрээр өдөр үргэлжлэх явцад, хадуураараа чадлаараа хадаж мөн хурааг.
4 Тийм ээ, хадуураараа хадаж мөн хураах хэн боловч, мөнхүү тэр нь Бурханаас дуудагддаг бөлгөө.
5 Тиймийн тул, чи надаас гуйх аваас хүлээж авах болно; хэрэв чи тогших аваас энэ нь чамд нээгдэх болно.
6 Миний Сионы байр суурийг тогтоож мөн төлөвшүүлэхээр эрэлхийлэгтүн. Бүх зүйлд миний зарлигуудыг сахигтун.
7 Мөн, хэрэв чи миний зарлигуудыг сахиж мөн эцсээ хүртэл тэвчих аваас, Бурханы бүх бэлгээс хамгийн агуу бэлэг болох мөнх амьдралыг авах болно.
8 Мөнхүү улиран тохиох дор, хэрэв чи итгэх итгэлтэйгээр миний нэрээр Эцэгээс асуух аваас, чи сонсох мөн үзэх зүйлсийнхээ аль алиных нь талаар гэрч болон зогсож болохын тулд, мөн тэрчлэн чи энэ үеийнхэнд наманчлалыг тунхаглаж болохын тулд хэлэх үгийг өгдөг Ариун Сүнсийг чи хүлээн авах болно.
9 Болгоогтун, би бол тэнгэрүүдийг болон дэлхийг бүтээсэнЕсүс Христ, амьд Бурханы Хүү, харанхуйд далдлагдаж эс чадах гэрэл билээ;
10 Иймийн тул, би өөрийн сайн мэдээний бүрэн байдлыг харийнхнаас Израилын угсаанд гарган авчрах ёстой.
11 Мөн болгоогтун, чи бол Давид, мөн чи туслахаар дуудагдсан болой; хэрэв чи уг зүйлийг хийж, мөн үнэнч байх аваас сүнслэг байдлын мөн эд зүйлсийн хувьд аль алинаар нь адислагдах болно, мөн шагнал чинь агуу байх бөлгөө. Амен.