Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 77


Хэсэг 77

1832 оны гуравдугаар сар орчимд Охайогийн Хайрамд бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэл оршвой. Иосеф Смитийн түүхэнд “Судруудыг орчуулахтай холбогдуулан, Гэгээнтэн Иоханы Илчлэлийн талаар дараах тайлбарыг би хүлээн авсан билээ” хэмээн бичжээ.

1–4, Амьтад сүнстэй бөгөөд мөнхийн аз жаргалд орших болно; 5–7, Энэ дэлхий 7,000 жилийн хугацаанд оршин тогтнох бөлгөө; 8–10, Олон өөр тэнгэр элч нар сайн мэдээг сэргээж мөн дэлхий дээр тохинуулдаг; 11, 144,000-ын тамгалалт; 12–14, Христ долоон мянга дахь жилийн эхэнд ирэх болно; 15, Иудей үндэстний тул хоёр бошиглогч бэлтгэгдэх болно.

1 Асуулт. Илчлэлийн 4-р бүлэг, 6-р шүлэгт Иоханы өгүүлсэн шилэн тэнгис юу вэ?Хариулт. Энэ бол дэлхий, өөрийн ариусгагдсан, үхэшгүй, мөн мөнхийн байдалдаа бөлгөө.

2 А. Энэ шүлэгт өгүүлэгдсэн дөрвөн амьтныг бид юу гэж ойлгох ёстой вэ?Х. Тэдгээр нь тэнгэр, Бурханы диваажин, хүмүүний мөн амьтдын, мөн мөлхөгч зүйлсийн, мөн огторгуй дахь жигүүртнүүдийн аз жаргалыг дүрслэхэд Илчлэгч Иоханы хэрэглэсэн далд утгатай хэллэгүүд болой; сүнсэн биет нь зуурдын биеийн байдалтай адил төстэй хэмээн; мөн зуурдын зүйл нь сүнслэг зүйлийн байдалтай адил төстэй хэмээн; хүмүүний сүнс нь өөрийн биеийн адил төстэй байдалтай хэмээн, тэрчлэн бас амьтны сүнс, мөн Бурханы бүтээсэн бусад амьд болгоных хэмээн буюу.

3 А. Мөнөөх дөрвөн амьтан нэг нэг тусгай амьтныг төлөөлдөг үү, эсвэл тэд бүлгүүд юм уу ангиллыг төлөөлдөг үү?Х. Тэдгээр нь Иоханд үзүүлэгдсэн дөрвөн тусгай амьтныг төлөөлдөг, тогтоосон журам буюу бүтээлтийн хүрээн дэх өөрсдийн мөнхийн аз жаргалд баясдаг зүйлсийн ангиллуудын сүр жавхланг төлөөлөхөөр буюу.

4 А. Амьтдад байсан нүднүүд болон далавчуудыг бид юу гэж ойлгох ёстой вэ?Х. Тэдгээрийн нүд гэрэл ба мэдлэгийг төлөөлдөг, тодруулбал тэдгээр нь мэдлэгээр дүүрэн; мөн тэдгээрийн далавч нь хөдлөх, үйлдэх гэхчлэн хүчийг төлөөлж буй.

5 А. Иоханаар өгүүлэгдсэн хорин дөрвөн ахлагчийг бид юу гэж ойлгох ёстой вэ?Х. Иоханы харсан эдгээр ахлагч бол тохинууллын ажилд итгэлтэй байсан бөгөөд нас нөгчсөн ахлагчид; долоон салбарт харьяалагддаг байсан бөгөөд дараа нь Бурханы диваажинд байсан тэд хэмээн бид ойлгох ёстой.

6 А. Иоханы харсан, ар тал дээрээ долоон лацаар лацдагдсан байсан тэр номыг бид юу гэж ойлгох ёстой вэ?Х. Энэ нь Бурханы илчлэгдсэн таалал, нууцууд, мөн ажлуудыг; энэ дэлхийг наслалтынх нь буюу цаг зуурын оршин тогтнолынх нь долоон мянган жилийн турш түүний хянан зохицуулах нууцлаг зүйлсийг агуулдаг хэмээн бид ойлгох ёстой.

7 А. Энэ нь лацдагдсан тэрхүү долоон лацыг бид юу гэж ойлгох ёстой вэ?Х. Эхний лац нь эхний мянган жилийн зүйлсийг, мөн хоёр дахь нь тэрчлэн хоёр дахь мянган жилийнхийг, мөн долоо дахийг хүртэл энэчлэн агуулдаг хэмээн бид ойлгох ёстой.

8 А. Илчлэлийн 7-р бүлгийн 1-р шүлэгт өгүүлэгдсэн дөрвөн тэнгэр элчээр бид юуг ойлгох ёстой вэ?Х. Тэд бол Бурханаас урагш илгээгдсэн, газар дэлхийн дөрвөн зүг дээр амьдралыг аврах болон устгах хүч өгөгдсөн дөрвөн тэнгэр элч хэмээн бид ойлгох ёстой; эдгээр нь үүрдийн сайн мэдээг бүх үндэстэн, ястан, хэлтэн болон ард түмэнд итгэмжлэх тэд; тэнгэрүүдийг хаах, амьдралд лацдах, эсвээс харанхуйн газруудад доош хаях хүчтэй тэд болой.

9 А. Илчлэлийн 7-р бүлгийн 2-р шүлэг дэх дорнодоос дээшилж буй тэнгэр элчийг бид юу гэж ойлгох ёстой вэ?Х. Дорнодоос дээшилж буй тэнгэр элч нь Израилын арван хоёр овгийн дээрх амьд Бурханы лац өгөгдсөн тэрбээр юм хэмээн бид ойлгох ёстой; иймийн тул, тэрбээр үүрдийн сайн мэдээ бүхий дөрвөн тэнгэр элчид: Бид Бурханыхаа үйлчлэгчдийн духанд нь тамга дарсан байх хүртэл дэлхийг, мөн тэнгис далайг ч, мөн моддыг ч бүү гэмтээ. Мөн, хэрэв та нар үүнийг хүлээн авах аваас, энэ нь Израилын овгуудыг хамтад нь цуглуулж мөн бүх зүйлийг сэргээхээр ирэх байсан Елиа болой хэмээн тунхагладаг буюу.

10 А. Энэ бүлэгт өгүүлэгдсэн зүйлсийн гүйцэлдэх цаг нь хэзээ вэ?Х. Тэдгээр нь зургаа дахь мянган жилд буюу зургаа дахь лацын нээлтэд гүйцэлдэх ёстой.

11 А. Израилын бүх овгоос нэг зуун дөчин дөрвөн мянгын, овог бүрээс арван хоёр мянгын тамгалалтыг бид юу гэж ойлгох ёстой вэ?Х. Тамгалагдсан тэд нь үүрдийн сайн мэдээг гүйцэтгэхийн тулд Бурханы ариун жаягт томилогдсон дээд пристүүд хэмээн бид ойлгох ёстой; учир нь тэд бол Ууган Хүүгийн сүмд ирэх болгоныг авчрахаар газар дэлхийн үндэстнүүдийн дээрх хүч өгөгдсөн тэнгэр элч нараар, бүх үндэстэн, ястан, хэлтэн болон ард түмнээс томилогдсон тэд билээ.

12 А. Илчлэлийн 8-р бүлэгт дурдагдсан бүрээнүүдийн дууг бид юу гэж ойлгох ёстой вэ?Х. Бурхан зургаан өдөрт дэлхийг бүтээж, мөн долоо дахь өдөр нь тэрээр ажлаа дуусгаж, мөн үүнийг ариусгаж, мөн тэрчлэн газрын тоосноос хүнийг бий болгосон юм, үүний адилаар долоо дахь мянган жилийн эхэнд Их Эзэн Бурхан дэлхийг ариусгаж, мөн хүмүүний авралыг дүүргэн, мөн бүх зүйлийг шүүх болно, мөн тэрээр бүх зүйлийн төгсгөл хүртэл бүх зүйлийг лацадсан байх тэрхүү үедээ тэрээр өөрийн хүчин дор эс тавьснаас бусад бүх зүйлийг гэтэлгэх болно хэмээн бид ойлгох ёстой; мөн долоон тэнгэр элчийн бүрээн дуу нь долоо дахь мянган жилийн эхлэлд түүний ажлын бэлтгэл болон төгсгөл—түүний ирэлтийн цагийн өмнөх замын бэлтгэл болой.

13 А. Илчлэлийн 9-р бүлэгт бичигдсэн зүйлс хэзээ гүйцэлдэх ёстой вэ?Х. Тэдгээр нь Христийн ирэлтийн өмнө, долоо дахь лац нээгдсэний дараа гүйцэлдэх ёстой.

14 А. Илчлэлийн 10-р бүлэгт дурдагдсан, Иоханы идсэн бяцхан номоор бид юуг ойлгох ёстой вэ?Х. Израилын овгуудыг цуглуулах нь түүний үүрэг даалгавар, мөн ёслол байсан гэдгийг бид ойлгох ёстой; болгоогтун, энэ нь бичигдсэнчлэн, ирж мөн бүх зүйлийг сэргээх ёстой Елиас бөлгөө.

15 А. Илчлэлийн арван нэгдүгээр бүлэг дэх хоёр гэрчээр юу ойлгогдох ёстой вэ?Х. Тэд бол эцсийн өдрүүдэд, сэргээлтийн цагт Иудей үндэстний тулд бэлтгэгдэх, иудейчүүд цугларагдаж, мөн өвөг дээдсийнхээ нутагт Иерусалим хотыг байгуулсны дараа тэдэнд бошиглох хоёр бошиглогч болой.

Хэвлэх