Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 11


Хэсэг 11

1829 оны тавдугаар сард Пеннсильваний Хармонид бошиглогч Иосеф Смитээр дамжуулан түүний ах Хайрум Смитэд өгөгдсөн илчлэл оршвой. Энэхүү илчлэл нь Иосефын даруухан залбирал болон хүсэлтийн хариу болж Урим ба Туммимаар дамжин хүлээн авагджээ. Энэхүү илчлэл Аароны санваар сэргээгдсэний дараа хүлээн авагдсан хэмээн Иосеф Смитийн түүхэнд өгүүлдэг.

1–6, Жимсний талбайд хөдөлмөрлөгчид авралыг олох болно; 7–14, Мэргэн ухааныг эрэлхийлэгтүн, наманчлалыг тунхагла, Сүнсэнд найд; 15–22, Зарлигуудыг сахь, мөн Их Эзэний үгийг судал; 23–27, Илчлэлийн болон бошиглолын суу билгийг бүү үгүйсгэ; 28–30, Христийг хүлээн авдаг тэд Бурханы хүүхдүүд болдог.

1 Агуу бөгөөд гайхамшигт ажил хүмүүсийн үрсийн дунд тохиох гэж байна.

2 Болгоогтун, бибээр Бурхан билээ; миний үгийг анхаарагтун, амьд бөгөөд хүчирхэг, үе мөчийг болон чөмгийг аль алийг нь хэсэглэн хуваах хоёр талдаа иртэй илдээс илүү хурц түүнийг буюу; тиймийн тул миний үгсэд анхаарал тавигтун.

3 Болгоогтун, талбай нь хадахад бэлэн цагаан байна; тиймийн тул, хураахыг хүсэгч хэн боловч, тэрээр Бурханы хаант улсад бодгалийнхаа төлөө үүрдийн авралыг нөөцөлж болохын тулд, тэрээр өдөр үргэлжлэх явцад, хадуураараа чадлаараа хадаж мөн хурааг.

4 Тийм ээ, хадуураараа хадаж мөн хураах хэн боловч, мөнхүү тэр нь Бурханаас дуудагддаг бөлгөө.

5 Тиймийн тул, чи надаас гуйх аваас хүлээж авах болно; хэрэв чи тогших аваас энэ нь чамд нээгдэх болно.

6 Эдүгээ, чи асуусан учир, болгоогтун, би чамд хэлж байна, миний зарлигуудыг сахигтун, мөн Сионы байр суурийг тогтоож мөн төлөвшүүлэхээр эрэлхийлэгтүн.

7 Баялгуудыг бус харин мэргэн ухааныг эрэлхийлэгтүн; мөн, болгоогтун, Бурханы нууцууд чамд илчлэгдэх болно, мөн тэгээд чи баян болгогдох болно. Болгоогтун, мөнх амьдралтай тэр нь баян бөлгөө.

8 Үнэнээр, үнэнээр, би чамд хэлж байна, бүр чи надаас хүсэхийн хэрээр, тийн чамд хийгдэх болно; мөн хэрэв чи хүсэх аваас, чи энэ цаг үед олон сайн зүйлийг хийх арга хэрэгсэл байх болно.

9 Энэ үеийнхэнд наманчлалаас өөр юу ч бүү ярь. Миний зарлигуудыг сахигтун, мөн миний зарлигуудын дагуу миний ажлыг бий болгон тогтооход туслагтун, мөн чи адислагдах болно.

10 Болгоогтун, чамд бэлэг буй, эсвээс, хэрэв чи шударга зүрх сэтгэлтэйгээр, Есүс Христийн хүчинд буюу чамд ярьдаг миний хүчинд итгэн, надаас итгэлтэйгээр хүсэх аваас чи бэлгийг хүлээж авах болно;

11 Учир нь, болгоогтун, ярьж буй тэр нь би бөлгөө; болгоогтун, би бол харанхуйд цацрагч гэрэл билээ, мөн би өөрийн хүчээр эдгээр үгийг чамд өгч байна.

12 Мөн эдүгээ, үнэнээр, үнэнээр, би чамд хэлнэ, сайныг үйлдэхэд—тийм ээ, шударгаар үйлдэхэд, даруухнаар алхахад, зөв шударгаар шүүхэд хөтөлдөг тэр Сүнсэнд найдвараа тавигтун; мөн энэ нь миний Сүнс бөлгөө.

13 Үнэнээр, үнэнээр, би чамд хэлнэ, оюуныг чинь гэгээрүүлж, бодгалийг чинь баяраар дүүргэх Сүнснээсээ би чамд мэдүүлэх болно;

14 Мөн зөв шударга ёсны зүйлсэд хамаарах юуг ч бай, бүх зүйлийг чи хүлээж авна гэсэн итгэлээр итгэн надаас хүсвэл чи тэгэхэд мэдэх болно, өөрөөр хэлбэл чи үүгээр мэдэх болно.

15 Болгоогтун, чи дуудагдах хүртлээ номлохоор дуудагдсан гэж бодох хэрэггүй хэмээн би чамд зарлиглаж байна.

16 Миний сургаалыг баттайгаар чи мэдэж болохын тулд, миний үг, миний хад, миний сүм, мөн миний сайн мэдээг чи хүлээн авах хүртлээ ахиад жаахан хүлээгтүн.

17 Мөн тэгээд, болгоогтун, хүслүүдийн чинь дагуу, тийм ээ, бүр итгэлийн чинь дагуу чамд хийгдэх болно.

18 Миний зарлигуудыг сахигтун; дуугүй бай; миний Сүнсэнд хандаж хүсэгтүн;

19 Тийм ээ, яригдсан тэдгээр зүйлийг, тийм ээ, миний ажлын орчуулгыг гэрэлд авчрахад чи тусалж болохын тулд бүхий л зүрх сэтгэлээрээ надад үнэнч байгтун; үүнийг гүйцээх хүртлээ чи тэвчээртэй бай.

20 Болгоогтун, бүх чадавх, оюун ухаан болон хүч чадлаараа миний зарлигуудыг сахих нь, тийм ээ, энэ нь чиний ажил бөлгөө.

21 Миний үгийг тунхаглахыг бүү эрэлхийл, харин эхлээд миний үгийг олж авахыг эрэлхийл, мөн тэгэхэд хэл чинь чөлөөтэй ярих болгогдоно; тэгээд, хэрэв чи хүсэх аваас, миний Сүнс мөн миний үг, тийм ээ, хүмүүсийг итгүүлэх Бурханы хүч чамд байх болно.

22 Харин эдүгээ дуугүй бай; тийм ээ, энэ үе дэх хүмүүсийн үрсэд миний өгөх тэр бүгдийг чи олж авах хүртлээ хүмүүсийн үрсийн дунд илгээгдсэн миний үгийг судал, мөн тэрчлэн хүмүүсийн үрсийн дунд гарч ирэх миний үгийг буюу эдүгээ орчуулагдаж байгаа түүнийг судал, мөн тэгээд бүх зүйл үүн дээр нэмэгдэх болно.

23 Болгоогтун, чи бол Хайрум, миний хүү; Бурханы хаант улсыг эрэлхийлэгтүн, мөн бүх зүйл шударга болох тэрний дагуу нэмэгдэх болно.

24 Миний сайн мэдээ болох миний хадан дээр баригтун;

25 Илчлэлийн суу билгийг, бас бошиглолын суу билгийг бүү үгүйсгэ, учир нь эдгээр зүйлийг үгүйсгэх түүнд халаг;

26 Тиймийн тул, миний мэргэн ухааны дагуу чиний явах тэр цаг нь иртэл зүрх сэтгэлдээ нөөцлөгтүн.

27 Болгоогтун, зөв сайн хүсэлтэй, мөн хураахын тулд хадуураараа хаддаг тэд бүгдэд би ярьж байна.

28 Болгоогтун, би бол Есүс Христ, Бурханы Хүү. Би бол дэлхийн амь ба гэрэл билээ.

29 Би бол өөрийнхөндөө ирсэн мөнхүү тэр нь бөгөөд өөрийнхөн маань намайг хүлээн аваагүй;

30 Гэвч үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, намайг хүлээж авах болгонд, тэдэнд, бүр миний нэрэнд итгэх тэдэнд Бурханы хүүхдүүд болох хүчийг би өгөх болно. Амен.

Хэвлэх