Хэсэг 87
1832 оны арван хоёрдугаар сарын 25-нд Охайогийн Көртланд орчим бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн дайны тухай илчлэл болон бошиглол оршвой. Энэ үед боолчлолын талаар болон Өмнөд Каролина муж улсаас улсын гаалийн татварыг хүчингүй болгосон талаарх зөрчилдөөнт асуудлууд Нэгдсэн Улсад олныг хамарч байв. Иосеф Смитийн түүхэнд “улсуудын хоорондох зөрчилдөөнт байдал” нь “Сүм өөрийн аяныг аглаг буйдаас гарган эхэлсэн цаг үеэс хойш” бошиглогчид “илүү илэрхий” болж байсан гэж өгүүлжээ.
1–4, Умард мужууд болон Өмнөд мужуудын хоорондын дайн зөгнөн хэлэгдэв; 5–8, Агуу сүйрэл дэлхийн бүх оршин суугч дээр буух болно.
1 Олон бодгалийн үхэл бөгөөд зовлонгоор эцэстээ дуусах Өмнөд Каролины бослогоор эхлэн, удахгүй тохиох дайнуудын талаар Их Эзэн ийн үнэнээр хэлж байна;
2 Мөн энэ газарт эхлэн, бүх үндэстэн дээр дайн юүлэгдэх тэр цаг ирэх болно.
3 Учир нь болгоогтун, Өмнөд мужууд Умард мужуудын эсрэг хуваагдах болно, мөн Өмнөд мужууд, бусад үндэстнийг, бүр Их Британи гэж нэрлэгддэг үндэстнийг дуудах болно, мөн тэд өөрсдийгөө үндэстнүүдийн эсрэг хамгаалахын тулд бусад үндэстнийг дуудах болно; мөн тэгээд дайн бүх үндэстэн дээр юүлэгдэх болно.
4 Мөнхүү улиран тохиох дор, олон өдрийн дараа дайны тулд дайчлагдан мөн сургуулилсан эздийнхээ эсрэг боолчууд босох болно.
5 Мөнхүү улиран тохиох дор тэрчлэн уг нутагт үлдсэн тэрхүү хүмүүс өөрсдийгөө дайчлах болно, мөн үлэмж их ууртай байх болно, мөн харийнханд гашуун шаналал учруулах болно.
6 Мөн ийн илдээр мөн цус урсгалтаар дэлхийн оршин суугчид гашуудах болно; дэлхийн оршин суугчид өлсгөлөн, тахал, газар хөдлөлт, тэнгэрийн аянга мөн тэрчлэн хурц болон догшин гялбаагаар, тогтоогдсон устгал бүх үндэстний бүрэн төгсгөлийг бий болгох хүртэл, Бүхнийг Чадагч Бурханы мутрын хилэгнэл мөн зэвүүцэл, мөн зэмлэлийг мэдрэхээр болгогдох болно;
7 Гэгээнтнүүдийн мөн гэгээнтнүүдийн цусны хашхираан өөрсдийн дайснуудаас өшөөг авахуулахаар, Сабаотын Их Эзэний чихэнд газраас ирэхээ болихын тулд болой.
8 Иймийн тул, ариун газруудад зогсогтун та нар, мөн Их Эзэний өдөр ирэх хүртэл бүү хөдөл; учир нь болгоогтун, энэ нь даруй ирэх болой хэмээн Их Эзэн хэлэв. Амен.