Хэсэг 53
1831 оны зургаадугаар сарын 8-нд Охайогийн Көртландад бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Алжернон Сидней Гилбертэд өгөгдсөн илчлэл оршвой. Бошиглогч, Сидней Гилбертийн хүсэлтээр Сүм дэх Гилберт ахын ажил болон томилолтын талаар Их Эзэнээс асуужээ.
1–3, Сүм дэх Сидней Гилбертийн дуудлага болон сонгогдсон байдал нь ахлагчаар томилогдох явдал мөн; 4–7, Тэрчлэн тэрээр бишопын төлөөний хүнээр үйлчлэх ёстой.
1 Болгоогтун, залбирлуудыг чинь би сонссон хэмээн өөрийн үйлчлэгч Сидней Гилберт чамд би хэлж байна; мөн эцсийн энэ өдрүүдэд Их Эзэн миний босгосон сүм дэх өөрийн дуудлага болон сонгогдсон байдлын талаар Их Эзэн Бурханаас чинь чамд мэдүүлэгдээсэй хэмээн чи намайг дуудсан билээ.
2 Болгоогтун, дэлхийн нүглүүдийн төлөө цовдлогдсон Их Эзэн бибээр, чи дэлхийнхний зүйлсийг орхих ёстой хэмээх нэгэн зарлигийг чамд өгч байна.
3 Миний үгийн дагуу, итгэл, наманчлал мөн нүглүүдийн ангижралын талаар мөн гар тавилтаар Ариун Сүнсийг хүлээн авдаг талаар номлохын тулд миний томилолтыг, бүр ахлагчийн томилолтыг өөр дээрээ авагтун;
4 Мөн тэрчлэн үүнээс хойш өгөгдөх зарлигуудын дагуу, бишопын томилох тэр газарт энэ сүмд төлөөний хүн байгтун.
5 Мөн түүнчлэн, үнэнээр би чамд хэлнэ, чи миний үйлчлэгч Бага Иосеф Смит, Сидней Ригдон хоёртой хамт аян замдаа гарах ёстой.
6 Болгоогтун, эдгээр нь чиний хүлээж авах анхны ёслолууд болой; мөн миний жимсний талбай дахь хөдөлмөрийн чинь дагуу, хойшдын цагт үлдсэн нь мэдүүлэгдэх болно.
7 Мөн түүнчлэн, зөвхөн эцсээ хүртэл тэвчдэг тэр нь аврагддаг гэдгийг чи сураасай хэмээнэ би. Бүр тийм буюу. Амен.