Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 99


Хэсэг 99

1832 оны наймдугаар сарын 29-нд Охайогийн Хайрамд бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Жон Мурдокт өгөгдсөн илчлэл оршвой. Жон Мурдок, эхнэр Жулиа Клапп нь 1831 оны дөрөвдүгээр сард нас барсны дараа өнчин хүүхдүүдээ Охайо дахь өөр өөр гэр бүлд үлдээгээд, жил гаруй сайн мэдээг номлож байв.

1–8, Жон Мурдок сайн мэдээг тунхаглахаар дуудагдав, мөн түүнийг хүлээн авдаг тэд Их Эзэнийг хүлээн авч мөн нигүүлслийг хүртэх болно.

1 Болгоогтун, өөрийн үйлчлэгч Жон Мурдокт хандан, Их Эзэн ийн хэлж байна—чи дорнод мужууд руу явж, хавчлага болон ёс бус байдлын дунд, айлаас айлд, тосгоноос тосгонд, мөн хотоос хотод, тэдгээрийн оршин суугчдад миний үүрдийн сайн мэдээг тунхаглахаар дуудагдлаа.

2 Мөн чамайг хүлээж авдаг тэрээр намайг хүлээж авдаг; мөн миний Ариун Сүнсний үзүүлэлттэйгээр миний үгийг тунхаглах хүч чамд байх болно.

3 Мөн чамайг бяцхан хүүхэд адилаар хүлээн авдаг тэрээр миний хаант улсыг хүлээж авдаг; мөн адислагдсан болой тэд, учир нь тэд нигүүлслийг хүртэх болно.

4 Мөн чамайг эсэргүүцдэг хэн боловч миний Эцэг мөн түүний өргөөнөөс эсэргүүцэгдэх болно; мөн чи зам зуураа далдлагдсан газруудад тэдний эсрэг гэрчлэл болгон хөлөө цэвэрлэх ёстой.

5 Мөн болгоогтун, мөн харагтун, номын ботид миний талаар бичигдсэнчлэн, миний эсрэг тэдний үйлдсэн бурханлаг бус үйлүүдийнх нь талаар бүгдэд нотлохоор би даруй шүүлтэд ирэх бөлгөө.

6 Мөн эдүгээ, үнэнээр би чамд хэлж байна, хүүхдүүд чинь хангагдаж мөн Сионы бишопт халамжлагдан илгээгдэх хүртэл чи явах нь шаардлагатай бус байна.

7 Мөн хэдхэн жилийн дараа, хэрэв чи надаас хүсэх аваас, өөрийн өвийг эзэмшихээр сонгомол газар луу чи тэрчлэн явж болох авай;

8 Эс бөгөөс, чи авагдах хүртлээ миний сайн мэдээг тунхаглахаа үргэлжлүүлэх болно. Амен.